2005 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийн явцын тухай (2005.09.20)

A- A A+
2005 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийн явцын тухай (2005.09.20)

2005 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийн явцын тухай (2005.09.20) 

2005 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 60 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр байгаагаас 89 хувийг хөрөнгө оруулалтад, долоон хувийг их засварт, дөрвөн хувийг төсөвт байгууллагуудад тоног төхөөрөмж худалдан авахад зориулан зарцуулна. Үүнээс 36,8 хувийг зам, тээвэр, аялал жуулчлалын салбарт, 26 хувийг түлш, эрчим хүчинд, 19,1 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд, 1,7 хувийг барилга, нийтийн аж ахуйн салбарт, 4,3 хувийг батлан хамгаалах, хил хамгаалал, хууль, нийгмийн хэв журам сахиулахад, 12,1 хувийг төсвийн байгууллагууд  бусад зардалд зарцуулна хэмээн Сангийн яамны Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга Ю.Галсан “Өдрийн сонин”-д /¹226/ ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрбээр 2005 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын талаар тодруулга хийжээ.

Сангийн яамны Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга Ю.Галсангийн ярьснаас үзвэл түлш, эрчим хүчний салбарт 15,6 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт байгаагаас 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр-Баянтээг-Баянхонгор хүртэл 110 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр Баянхонгор аймгийн төвийг эрчим хүчний төвлөрсөн системд холбосны дээр төсвөөс 5,5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэн 600 км урт цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад оруулж арваад сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангасан байна. 2005 онд Ховд аймгийн Үенчийн Усан цахилгаан станц, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын Дулааны станцын шинэчлэлийн ажлыг дуусган ашиглалтад оруулна. Мөн гадаадын зээлийн хөрөнгөөр "Авто зам хөгжүүлэх гурав дахь төсөл"-ийг шинээр эхэлсэн бөгөөд Налайх-Чойрын чиглэлийн 200 км хатуу хучилттай зам, Дэлхийн банкны "Тээврийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Арвайхээр-Ховдын чиглэлийн 93 км хэсэгчилсэн замыг ашиглалтад оруулах юм байна.
Тэрчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2005 онд Азийн замын сүлжээнд хамрагдсан замаас Өлгий-Цагааннуурын 50 км, Улаанбаатар-Хандгайтын чиглэлийн 58 км хатуу хучилттай замуудыг үргэжлүүлэн барьж, Ховдын Булган-Ярантын 65 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулна гэж Ю.Галсан хэлжээ. 7,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговьд 928 суудал бүхий сургууль, Говь-Алтай, Булган, Дундговь, Увс, Ховд аймагт 830 суудал бүхий таван соёлын төв барих ажээ.

Харин 2006 онд Чойр-Замын-Үүдийн 448 км хатуу хучилттай замын барилгын ажил эхэлж, Эрдэнэт-Булган-Уньтын 146 км хатуу хучилттай замын төсөл, Эрдэнэсант-Улаанбаатарын 176 км замын шинэчлэлт үргэлжлэн хийгдэх аж. Мөн ирэх оноос шинээр "Баруун бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл", Хархорин-Хөшөө цайдамын чиглэпийн 46 км хатуу хучилттай замын барилгын ажил, зүүн чиглэлиин гол авто зам барих төсөл тус тус хэрэгжиж эхлэх юм байна. Бас "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын ажлын дэд бүтцийг өргөтгөн сайжруулах, бүсийн тулгуур төв хотуудын шугам сүлжээг сайжруулах зэрэгт голлон анхаарч ажиллана гэж Ю.Галсан мэдэгджээ. Боловсролын салбарт Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Улаанбаатарт нийлбэр хүчин чадлаар 4160 суудал бүхий долоон сургууль, цэцэрлэг, зарим сургуулиудын компьютерийн хангамжид зориулж төсвөөс хөрөнгө гаргахаар төлөвлөж байгаа ажээ.