2005 оны эхний долоон сарын байдлаар инфляци 13.8 хувьтай байна (2005.09.20)
2005 оны эхний долоон сарын байдлаар инфляци 13.8 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Наймдугаар сарын байдлаар тооцоолоход инфляци 10 хувьд хүрчээ. Иифляци буурахад махны үнэ 9.9, хүнсний ногооны үнэ 30.1 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. 10 хувь бол тайвшрах тоо биш. Бид ойрын гурван жилд инфляцийн төвшинг зургаан хувьд барихаар тооцоолж байна хэмээн Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Н.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр 2005 оны эхний найман сарын Монголын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг Үндэсний статистикийн газраас гаргасантай холбогдуулан манай улсын эдийн засгийн байдал, инфляцийн төвшний талаар “Зууны мэдээ” сонинд /¹223/ ярилцлага өгчээ. Түүний ярьснаас үзвэл наймдугаар сард буурсан махны үнэ энэ сард малын өвчнөөс шалтгаалаад эргээд өсөх хандлагатай, мөн усны хэрэглээний үнэ бага зэрэг нэмэгдсэн, газрын тосны үнэ буурах хандлагагүй байгаа нь инфляцид нөлөөлөх төлөвтэй байна. Тэрчлэн шатахууны үнэ 2005 оны эцэс гэхэд одоогийнхоос 10 орчим хувиар нэмэгдэж болзошгүй байгаа аж. Учир нь ОХУ хоёр сар тутам экспортын татвараа нэмэх эсэх талаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Өнгөрсөн зургаа, наймдугаар сард татвараа харьцангуй гайгүй нэмсэн бол ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж түүхий нефтиэс болон нефть бүтээгдэхүүнд ногдуулах экспортын татвараа 30 доллараар нэмэхээр шийдвэрлэсэн байна. Нефть бүтээгдэхүүний импорт манай улсын гадаад худалдааны 23-25 хувийг эзэлдэг юм байна.
Энэ ярилцлагаас үзвэл 2005 оны найман сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 872.1 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 6.6, цахилгаан, эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 2.6 хувиар өсч, харин боловсруулах үйлдвэрлэлийнх 27.3 хувиар буурсан дүн гарчээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувь, 2004 оны жилийн эцсээс 10 хувиар өссөн байна. Гэхдээ наймдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг долдугаар сарынхтай харьцуулахад 3.3 хувиар буурсан аж. Энэ нь долдугаар сард өссөн байсан хүнсний барааны үнэ наймдугаар сард 7.0 хувиар буурсантай холбоотой гэж Н.Энхбаяр мэдэгджээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2005 оны эхний найман сарын байдлаар 515.1 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 448 тэрбум төгрөг болж тэнцэл нь 67.1 төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 дахин буюу 54.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Валютын ханшны тухайд наймдугаар сарын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1205 төгрөг байсан нь өмнөх сараас нэг хувиар суларсан байна. Энэ оны долдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 1040.1 тэрбум төгрөг болж, өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар өсчээ. Инфляцын төвшинд голлон нөлөөлдөг нөөц мөнгө 298.4 тэрбум төгрөг болж, өмнөх сартай харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нөөц мөнгөний нэг хэсэг болох банкнаас гадуурх мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 85.7 хувийг эзэлж байгаа ажээ.
2005 оны хоёрдугаар сарын байдлаар нэг өрхийн сарын дундаж зарлага 171.8 мянга, үүнээс мөнгөн зарлага 154.4 мянган төгрөг байна гэсэн дүн гарсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өрхийн сарын дундаж зарлага 18.8 хувиар, мөнгөн зарлага 14.5 хувиар өссөн байна. Түүнчлэн өрхийн сарын дундаж орлого 179.7 мянга, үүнээс мөнгөн орлого 162.2 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс нийт орлого 11.0, мөнгөн орлого 6.6 хувиар өссөн байгаа юм. Өрхийн зарлагын өсөлтийн дундаж орлогын өсөлтөөсөө 1-8 пунктээр түрүүлээд байгаад анхаарал хандуулж ажиллах болно гэж Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Н.Энхбаяр хэлжээ.
Манай улс жижиг эдийн засагтай учир нэг томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бусад иэг томоохон үйлдвэрлэгчийн үйлдвэрлэл, олборлолт нэмэгдэхэд нийт эдийн засагт хурдан нөлөөлж, мэдрэгддэг онцлогтой. Гэхдээ Оюутолгой зэрэг том уурхайг тооцоололгүйгээр нэг их өөдрөг бишээр төсөөлөхөд 2006-2008 онд манай улсын эдийн засаг 6-7 хувийн өсөлттэй байх тооцоотой байгаа гэж тэрбээр ярьжээ.