З.Энхболд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн талаар тус шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргав (2005.09.22)

A- A A+
З.Энхболд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн талаар тус шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргав (2005.09.22)

З.Энхболд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн талаар тус шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргав (2005.09.22)

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч  З.Энхболд Улсын Дээд шүүхийн /УДШ/ Ерөнхий шүүгч Ч.Ганбатын талаар тус шүүхийн Сахилгын хороонд хандан гомдол гаргажээ. Тэрбээр Ерөнхий шүүгч Ч.Ганбатыг шүүгчийн ёсзүйг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Энэ учраа тэрбээр тайлбарлахдаа, “ УИХ-ын ээлжит сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт явагдсан санал хураалтын талаарх маргааныг  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2004 оны долдугаар сарын 9-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2004 оны есдүгээр сарын 6-ны өдрийн  17дугаар шийдвэр болон  УДШ-ийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлал, 2005 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоол  зэргээр нийт дөрвөн удаа  З. Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг хүлээн зөвшөөрсөн боловч МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор 2005 оны тавдугаар сарын 16-ны өдөр УДШ-д хандан УДШ-ийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2005 оны 11 дүгээр тогтоолын талаар гомдол гаргасан ба УДШ хэргийг 2005 оны тавдугаар сарын 18-ны өдөр хүлээн авчээ. Ийнхүү УДШ-ийн танхимын тогтоолд гомдол гаргасан тохиолдолд уг гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргах эрхийг зөвхөн УДШ-ийн Ерөнхий шүүгч эдлэх ба тухайн гомдлыг хуульд заасан хугацаанд хянаж хариу өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл Ерөнхий шүүгч дээрх гомдолд ямар нэг хариу өгөөгүй ба тухайн гомдлыг хүлээн авснаас хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байна” гэжээ.

УДШ-д хяналтын журмаар гаргасан аливаа гомдолтой хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан төдийгүй "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 30 хоногт багтаан хариу өгөх үүргийг төрийн албан тушаалтны хувьд УДШ-ийн Ерөнхий шүүгч хүлээх ёстой.  Гэтэл Ерөнхий шүүгч Ч.Ганбат гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөхгүй, хэргийг удаашруулж байгаа нь Монгол Улсын Шүүгчийн ёсзүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн З.Энхболд үзэж  байна. Иймд тэрбээр шүүгч Ч.Ганбатын дээрх үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн шалгахыг хүсчээ.