Д.Жаргалсайхан: Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилвөл хөрөнгө оруулагчдыг алдаж мэднэ (2005.09.26)
Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Гэхдээ хөрөнгө оруулалт маш ихээр орж ирж байгаа өнөө үед хуулиа өөрчилвөл гадаадын сонирхогч болон үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдыг алдаж мэднэ” хэмээн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Д.Жаргалсайхан үзэж байна. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд /¹227/ ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл Монгол уул уурхайн салбарын оролцоотойгоор үсрэнгүй хөгжилд хүрэхэд тун ойрхон байгаа аж. Ийм үед бодлогын алдаа гаргаж боломгүй гэж ноён Д.Жаргалсайхан хэлжээ.
Саяхан болж өнгөрсөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “ Discover mongolia”олон улсын чуулга уулзалтад оролцогчдоос энэ хуулийг өөрчлөх, шинэчлэх талаар санал тавьсан хүн байхгүй хэмээн АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Жаргалсайхан мэдэгдээд харин уг хуулийг тогтвортой байлгаж өгөхийг хүссэн гэжээ.
Тэрбээр тус газрын дарга Лу. Болдыг уг хуулийг өөрчлөх нэг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгааг буруутгасан байна. Энэ тухай Д.Жаргалсайхан хэлэхдээ “АМГТХЭГ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Бид хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Харин өнөөдөр тэр үүрэг байна алдагдаад байх шиг” гэжээ.