БиЭйчПи (BHP) өртөг өсгөж болзошгүй хуулийн өөрчлөлтийн эсрэг байна
2005 оны 9-р сарын 20 (Блумберг)
Роберт Деланийн өгүүллийг Блумбергийн вэб хуудсаас авав.
Монголын уул, уурхайн хуульд санал болгоод байгаа өөрчлөлтүүдийг оруулахын эсрэг тэмцэл хийж буй компаниудын дотор БиЭйчПи Биллитон, Вале до Рио Досе зэрэг томчууд орж байна. Эдгээр компаниуд хуульд оруулахаар санал болгож буй өөрчлөлтүүд нь өртөг өсөхөд нөлөөлж, хайгуулын хуучин байгууламжийн идэвхтэй үйл ажиллагааг хязгаарлана гэж үзэж байгаа ажээ. Хайгуулын зөвшөөрлөөр наймаа хийхийг таслан зогсоох, ядууралтай хийх тэмцэлд санхүүгийн эх үүсвэртэй болох, байгаль орчноо хамгаалах үүднээс ийм өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа гэж хуульд өөрчлөлт оруулах Парламентын ажлын хэсгийн ахлагч, хууль боловсруулагч Рагчаагийн Бадамдамдин Монголын Засгийн газрын 9-р сарын 15-ны хуралдаан дээр хэлжээ.
Уул уурхайн дэлхийн хамгийн том компани БиЭйчПи, Осакагийн Иточу корпорац, Рио де Жанейрогийн Вале болон тэдний өрсөлдөгчид зэс, ган, нүүрсний хамгийн том хэрэглэгч, Монголтой хөрш зэргэлдээ Хятадын түүхий эдийн асар их хэрэгцээг хангахын тулд Монголын эрдэс баялагийн нөөцөөс олон тэрбум доллар олох арга зам хайж байна. Монголын Засгийн газрын хувьд улсынхаа уул уурхайн баялагаас ядуусдаа илүү хүртээхийг шаардсан шахалт улам ихэсчээ. “Олон нийтийн зүгээс энэ бүхэн бидний амьдралд яаж нөлөөлөх вэ?” гэж асуух болов гэж Үндэсний татварын ерөнхий газрын дарга Лувсандашийн Зориг 9-р сарын 14-д Улаанбаатарт болсон уул уурхайчдын тусгай зөвлөгөөн дээр хэлсэн байна. “Амьжиргааны төвшинг дээшлүүлэх явдал Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг” гэж тэрээр хэлэв.
Нэг хүнд ноогдох ДНБ-ийхээ хэмжээг 450 доллараас эрс өсгөхийн тулд 2.8 сая хүн амтай, зөвхөн хуурай газраар хүрээлэгдсэн Монголд уул уурхайн үйлдвэрлэлдээ гадаадын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа юм.
“Үр өгөөж”
Нэг боломж бол “нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаадад тэдний нутагт явуулж буй уул уурхайн үйл ажиллагаанаас илүү үр өгөөж олох боломж олгох явдал. Та бүхэн энэ зорилтыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэж хууль боловсруулагч Бадамдамдин зөвлөгөөний үеэр гадаадын компануудад хандан хэлэв.
Монголын хууль боловсруулагчид хуульд оруулах өөрчлөлтийн эцсийн хувилбарыг ирэх сард нээгдэх чуулганаараа хэлэлцtнэ гэж Бадамдамдин мэдэгдсэн боловч уг өөрчлөлт хэзээнээс хүчин төгөлдөр үйлчлэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Чуулгах ирэх оны 2-р сард завсарлана.
Зөвлөгөөн дээр “Өөрчлөлтийг хийхэд анхаарвал зохих асуудал бол өмнө яригдаж байсан эрхийн хугацааны асуудал буюу хөрөнгө оруулагчдад хайгуул явуулах хангалттай хугацаа, итгэл найдвар олгох явдал” гэж Мельбурнд төвтэй БиЭйч Пи-гийн бизнесийн хөгжлийн газрын дэд ерөнхийлөгч Дэвид Руделл хэлж байв. Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж, Бадамдамдин нар компануудтай уулзалт хийхдээ Засгийн газар эцсийн санал боловсруулах үедээ тэдний саналыг харгалзан үзнэ гэсэн байна. “Хөрөнгө оруулагчдын хувьд хийвэл зохих нэлээд ажил бий. Гэхдээ бид эрдэс баялагийн хуульд эцэстээ хэт их өөрчлөлт орохгүй болов уу гэсэн итгэлтэй байгаа” гэж Хойт Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жим Дуайер хэлжээ.
БиЭйчПи, Вэйл
БиЭйчПи, Вэйл, Торонтогийн Сентерра Гоулд Инк. зэрэг компани Монголд хайгуулын ажлаа эрдэс баялагийн хууль хэрэгжиж эхэлсэн 1997 онд эхэлжээ. Уг хууль хөрөнгө оруулагчдыг бага хураамж, жижигхэн улаан туузаар татах зорилготой байв. Одоогийн хууль хайгуулийн лиценз эзэмшигчдэд лицензээ уул уурхайн зөвшөөрөл болгох эрх олгодог бөгөөд өргөдөл гаргагсдад лиценз авах ижил, тэгш боломж олгож, хөрөнгө оруулагчид ямар хэмжээний хөрөнгөтэй байх талаар аливаа хязгаарлалт тавьдаггүй.
Засгийн газраас компануудын хайгуулийн эрх хадгалах хугацааг хязгаарлах авч үзэж буй гэж Монголын Үйлдвэр, Худалдааны сайд Сүхбаатарын Батболд уулзалт дээр хэлэв. Одоогийн хуулиар бол компанууд хураамжаа төлж байгөө л бол хайгуулын эрхээ өөрсдийн үзэмжээр хэд л бол хэдэн жил хадгалж болох аж. Засгийн газрын мэдээгээр бол Монгол эхний жилд хайгуул хийх га тутамд 5 цент, хоёр, гуравдахь жилд га тутамд 10 центийн хураамж авч, хайгуулын лицензийн хураамж зургаа дахь жилдээ га тутамд 1.5 долларт хүрдэг байна.
Хайгуул
БиЭйчПи 8-р сарын 10-нд Айвенхоу Майнз болон өнгөрсөн онд Монголд нүүрсний хайгуулын ажлаа эхэлсэн Вэйл мэтийн өрсөлдөгч нартайгаа хамтран Хятадын ойролцоох Монголын Өмнөговьд хайгуулынхаа ажлыг дахин сэргээнэ гэж мэдэгдэв. БиЭйчПи, Айвенхоу Майнз, Эйша Гоулд Корп., Бэйфийлд Венчарс компануудтай хамтран 11.3 сая долларын өртөгтэй хайгуулын ажил гүйцэтгэнэ гэж мэдэгдэхдээ эдгээр компани чухам ямар эрдэс баялаг хайж буйг хэлсэнгүй. Тэрбумтан Роберт Фрийдландын хяналтад байдаг Айвенхоу Майнз 5-р сард нэгэн бие даасан судалгааны дүнгээр Монголын Оюу Толгойн зэсийн нөөц өмнө тооцоолж байснаас дөрөв дахин илүү нөөцтэй гарсан гэж мэдэгдсэн. Канадын АМЕК Америкас ХХК-ийн судалгаагаар Хятадын хилээс 80 хүрэхгүй км-ийн зайтай энэ ордын “хэмжиж тогтоогдсон” нөөц 32.9 тэрбум фунт хүрсэн гэж Ванкувэрт төвтэй Айвенхоу Майнз 5-р сарын 3-нд мэдэгджээ. АМЕК-ийн өнгөрсөн оны 8-р сарын тооцоогоор энэ тоо 7.2 тэрбум фунт байсан юм. Алтны хэмжээний урьдчилсан
тооцоо 86 хувь өсч, 17.3 сай унц хүрсэн гэж энэ компани мэдэгдэв.
Батболдын өнгөрсөн 11-р сард нэгэн ярилцлагад хэлснээр бол БиЭйч Пи, Вэйл хоёр Хятадын хилээс 150 километрийн зайд зургаан тэрбум тонн нүүрсний орд эзэмшдэг Улаанбаатарын Эрчим Хүчний Нөөц компанитай хэлэлцээ хийж байгаа аж.
Бороо Гоулд
Сеитерра Гоулдийн Бороо Майн өнгөрсөн онд энэ орны алт гаргалтыг 73 хувиар өсгөсөн нь дэлхийн энэ үнэт металл үйлдвэрлэгчдийн дотроос хамгийн түргэн өсөлттэй нь болжээ. Иточу Холдинг (Хятад) компанийн металл, эрдэс баялаг, нүүрсний газрын менежер Шимицу Эйжи, Айвенхоу Майнзын дэд захирал Лэйтон Крофт нар Засгийн газрын зөвлөгөөн дээр мөн үг хэлэв. “Бид хөрөнгө оруулалтаа өөрчлөн өргөжүүлж, Австралиас өөр газар найдвартай нөөц илрүүлэхээр эрмэлзэж байна” гэж Иточугийн Эйжи ярьж байна. “Монгол энэ үйл хэрэгт найдвар төрүүлсэн зорилт байж болх юм” гэж Айвенхоугийн Крофт санаа нэмэрлэв.
БиЭйчПи-гийн хувьцаа Австралийн хөрөнгийн бирж дээр өнөөдөр 14 фентээр буюу 0.7 хувь өсч хаалтын дүн нь 21.53 австрали доллар хүрсэн нь дээд амжилт болов. Сүүлийн 12 сарын хугацаанд зэс, газрын тосны үнэ дээд цэгтээ хүрэхэд тэдний хувьцаа 55 хувь өссөн ажээ.