Улстөрийн намын тухай хуулийн хоёр заалт Үндсэн хуулийг зөрчжээ (2005.09.30)
Үндсэн хуулийн Цэцээс Улстөрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн гурав дахь болон наймдугаар зүйлийн зургаа дахь заалт Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзсэн шийдвэрийг өчигдөр болсон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргажээ. Уг хурлаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х.Сэлэнгээгийн гаргасан өргөдлийг хянан хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдаанд Цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан, гишүүн П.Очирбат, Ч.Дашням, Ж.Болдбаатар нар болон өргөдөл гаргагч Х.Сэлэнгээ, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр болон, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар оролцжээ.
Иргэн Х.Сэлэнгээ Улстөрийн намын тухай хуулийн зургаан заалт Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн гэж үзэж өргөдөл гаргасан боловч Цэцийн дунд суудлын хуралдаанаар нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулсан, түүнийг тараасан тохиолдолд нэрийг нь 24 жилийн турш хэрэглэхийг хориглоно, шинээр байгуулсан нам Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа сонгуульд оролцох эрхтэй гэсэн хоёр заалт л Үндсэн хуульд харшилж буй эсэхийг хурлаар хянан хэлэлцсэн байна. Бусад дөрвөн заалтыг Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж Цэцийн гишүүд өргөдөлтэй танилцах үедээ шийдсэн аж.
Х.Сэлэнгээ үзэхдээ, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн Үндсэн хуулийн заалтыг Улстөрийн намын тухай хуулийн нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг бусад нам 24 жилийн тур хэрэглэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн гэжээ. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа, нам бүр өөрийн үзэл, баримтлал, онолтой. Үзэл баримтлалдаа үнэнч байх үүднээс сонгогдох эрхээ ч хангалттай эдлэх ёстой. Тэрчлэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь заавал намаар дамжих ёстой юу гэсэн асуултад Х.Сэлэнгээ хариуулахдаа төр энэ эрхийн боломжийг хангаж өгөх ёстой гэжээ. Цэцийн дарга яагаад заавал 24 жил гэсэн хугацааг сонгосон, 30 эсвэл гурван жил байвал яасан юм бэ гэж хууль тогтоогчдоос асуухад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “алив байгууллага үйл ажиллагаагаа зогсоосноос хойш олонд танил байх үе шатыг тооцоолсон” гэж хариулжээ. Иргэн Х.Сэлэнгээ улстөрийн намуудын гол зорилго нь засгийн эрхийн төлөө тэмцэх явдал атал энэ эрхийг нь хязгаарлавал намын үндсэн эрхийг хязгаарлаж буй хэрэг гэж үзэж байна. Цэцийн гишүүн П. Очирбат шинэ нам байгуулсанаас хойш 18 сарын дараа сонгуульд оролцох эрхтэй гэсэн заалтыг хуульд оруулахдаа юуг үндэслэл болгосон талаар УИХ-ын гишүүдээс асуухад УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хариулахдаа, улстөрийн намуудын төлөвшилт удаан байгаа, иргэд үзэл бодолдоо үнэнч байж улстөрийн эрхээ эдлэх тал дээр ч хангалтгүй боловсорсон гэж үзснээс ийнхүү хуульчилсан гэж тайлбарлажээ. Ийм заалт оруулснаар иргэд улстөрийн амьдралд оролцохдоо итгэл үнэмшилтэй, ултай хандах боломжтой болно гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тайлбарласан аж.
Ийнхүү Цэцийн дунд суудлын хуралдаанаас намын нэрийг 24 жилийн турш өөр нам дахин хэрэглэхийг хориглоно гэсэн заалт /Улстөрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн гурав дахь/ нь Үндсэн хуулийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзжээ. Мөн нам Улсын дээд шүүхэд үүсэн байгуулагдсан тухайгаа бүртгүүлснээс хойш 18 сарын дараа сонгуульд оролцож болно гэсэн заалт / наймдугаар зүйлийн зургаа дахь заалт/ нь Үндсэн хуулийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.