Ж.Ядамсүрэн: Сонгуулийн ямар маргаан, зөрчлийг ямар шүүхээр шийдэхийг нарийн хуульчлах хэрэгтэй (2005.10.06)

A- A A+
Ж.Ядамсүрэн: Сонгуулийн ямар маргаан, зөрчлийг ямар шүүхээр шийдэхийг нарийн хуульчлах хэрэгтэй (2005.10.06)

Ж.Ядамсүрэн: Сонгуулийн ямар маргаан, зөрчлийг ямар шүүхээр шийдэхийг нарийн хуульчлах хэрэгтэй (2005.10.06) 

УИХ-ын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэсэн хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь зохимжгүй хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн үзэж байна. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж гэж буйтай холбогдуулан шинэ төслийн талаар “Өнөөдөр” сонин түүнээс /¹235/ ярилцлага авахад тэрбээр ийнхүү хэлжээ. Ж.Ядамсүрэн үүнийгээ тайлбарлахдаа, сонгуулийн байгууллагад ажиллаж буй хүмүүс тухайн сонгуульд нэрээ дэвшүүлж  болдоггүй хуультай. Гэтэл сонгуулийг төр, засагт алба хааж буй хүмүүс зохион байгуулдгийн зэрэгцээ орон нутгийн ИТХ-ын сонгуульд ихэнхдээ төр, засгийн байгууллагын ажилтнууд нэрээ дэвшүүлж өрсөлддөг гэжээ. Үүнээс гадна хоёр сонгуулийн хамтад нь явуулбал  сонгогчид саналаа өгөхөд хүндрэл гарна гэж тэр үзэж байгаа юм. Учир нь нэг хүн олон саналын хуудас бөглөх тул будилах боломжтой төдийгүй  сонгуулийн дүнг гаргахад нэлээд цаг хугацаа шаардах ажээ.
Харин сонгуулийн хуулийн шинэ төсөлд сонгуулийг  мажоритар болон пропорциональ гэсэн холимог хувилбараар явуулах тухай заасан талаар Ж.Ядамсүрэн хэлэхдээ, парламентын 76 гишүүний 38-ыг нь тойрогт нэрийг нь дэвшүүлэн өрсөлдүүлж сонгох " /мажоритар/  38-ыг нь намуудын гаргасан нэрийн жагсаалтаар авсан тоогоор "томилох / пропорциональ/ гэсэн энэ хоёр тогтолцооны аль алинд нь сайн, муу, эерэг, сөрөг талууд бий. Гэхдээ сонгуулийн талаар мэргэшсэн хүмүүс мажоритар тогтолцоогоо хадгалж байхыг зөвлөж захьдаг гэжээ. Түүний хэлснээс үзвэл пропорциональ тогтолцоотой байснаа мажоритар руу шилжих нь ихээхэн төвөгтэй байдаг  аж. Ардчилал өндөр хөгжсөн орнуудаас Герман ийм алхам хийх гэж хоёроос гурван удаа оролдоод чадахгүй байна гэжээ. Харин мажоритар тогтолцоог пропорциональ болгож солиход хялбар. Япон улс ингэж сольсон ажээ.

Сонгууль зарласнаас хойш санал авах өдөр хүртэлх хугацааг богиносгож 45 хоног болгохоор төсөлд тусгасан тухайд Ж.Ядамсүрэн ярихдаа, энэ нь сонгуулийн байгууллагад ч, намуудад ч хүндрэлтэй гэжээ. Түүнийхээр төсөлд тавьсан тоотой хугацааг нь аваад үзвэл сурталчилгаанд ердөө долоо орчим хоног  ногдох бөгөөд хэрэв тойргоо томсгож, нэг аймгийг нэг тойрог болгох юм бол ийм хугацаанд сурталчилгаа явуулах хэцүү гэж тэр хэлжээ. Түүнчлэн сонгуулийн бэлтгэл ажлын хугацаа ч их давчуу болох тул СЕХ энэ хугацааг олон хувилбараар төлөвлөж үзээд 55-60-аас доошгүй хоног байх нь зохимжтой гэсэн саналыг хууль санаачилагчдад хүргүүлсэн байна. Санал хураахаас ийм хугацааны өмнө сонгуулийн товыг зарлавал сурталчилгаанд 14 хоног ногдоно гэж ноён Ж.Ядамсүрэн хэлжээ.

Сонгуультай холбогдож гарсан маргааныг хэрхэн  шийдэх тухайд СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн өгүүлэхдээ, ямар зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлэх, тэр ч байтугай ямар зөрчлийг ямар шүүхээр шийдвэрлэхийг нь нарийн ялган салгаж  зааж өгөх нь зүйтэй гэжээ.  Тухайлбал, хэргийнх нь байдлаар, өөрөөр хэлбэл, захиргааны, эрүүгийн... гэх мэтээр салгаж шүүхэд харьяалуулах нь чухал гэж тэрбээр үзэж байна.