Сонгуулийн хуулийн талаарх улстөрчдийн байр сууриас (2005.10.12)

A- A A+
Сонгуулийн хуулийн талаарх улстөрчдийн байр сууриас (2005.10.12)

Сонгуулийн хуулийн талаарх улстөрчдийн байр сууриас (2005.10.12)

УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан сонгуулийг холимог хувилбараар явуулах тухай заалт хууль тогтоогчдын дунд нэлээд маргаан өрнүүлж байна. Тухайлбал, УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаас сонгуулийн холимог хувилбараар явуулахыг гишүүд нь дэмжээгүй  бөгөөд Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж зарим гишүүн үзэж буй ажээ. Энэ асуудлаарх улстөрчид, судлаачдын байр суурийг “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэхээр болжээ. Тус сонины 244 дүгээр дугаарт мэдээлснээр УИХ-ын гишүүн Р.Рааш /МАХН/  сонгуулийг  томсгосон тойрогтой мажоритар системээр явуулах нь  зөв гэж үзэж байна.  Тэрчлэн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд /МАХН/ Ц.Шаравдорж  мөн энэ системийг дэмжиж байгаа ажээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд заасан холимог систем нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээн тэрбээр мэдэгдээд үүнийгээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүн ард түмнээс шууд сонгогдох ёстой гэж заасантай холбон тайлбарлажээ. Холимог системээр бол гишүүдийн  38-ыг нь намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийг зөрчинө гэж Ц.Шаравдорж үзэж байна.

Харин УИХ дахь бусад намын гишүүд ерөнхийдөө сонгуулийг холимог хувилбараар явуулах зүйтэй хэмээж байгаа юм. Энэ удаа УИХ-ын гишүүн С.Отгонбаяр /Эх орон нам/ болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг /Ардчилсан нам/ нарын байр суурийг “ЗМ” сонин сонирхсон байна. Ноён С.Отгонбаяр холимог системийг дэмжиж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ, улстөрийн хүчнүүд эхлээд сонгуулийн тогтолцоогоо тохироод дараа нь бусад зүйлийг авч үзэх хэрэгтэй гэжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үзэхдээ, холимог систем нь мажоритар болон пропорциональ системийн сул талыг нөхдөг бөгөөд улстөрийн талбарт олон намын төлөөлөл байлгах үүднээс ихэнхи орнууд холимог системийг сонгодог хэмээн мэдэгджээ. Ц.Ганхуяг хэлэхдээ мажоритар системийг ашигласнаар засгийн эрх барьж байгаа юмуу, эсвэл нөлөө бүхий улстөрийн хүчин олонхи болдог төдийгүй нэг тойрогт 3-4 хүн нэр дэвшсэнээр иргэдийн шууд сонголтод эсрэг нөлөөлдөг бөгөөд ард түмний сонголтыг бүрэн илэрхийлж чаддаггүй гэжээ.