“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийг олон нийтэд танилцуулав (2005.10.24)

A- A A+
“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийг олон нийтэд танилцуулав (2005.10.24)

“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийг олон нийтэд танилцуулав (2005.10.24)

Үйлдвэр, худалдааны яамнаас “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх болсон байна. Энэ төслийн хүрээнд бизнесийг хөгжүүлэх бүс нутгийн стратегийн төв болох “Enterprise Mongolia” төвүүдээр шалгарсан байгууллагуудыг олон нийтэд зарласан хэвлэлийн бага хурлыг тус яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газартай хамтран 10 дугаар сарын 21-нд зохион байгуулав. Төсөлд шалгарсан байгууллагуудыг ҮХЯ нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд нийт 12 аймгаас 28 байгууллага оролцохыг хүссэн тендерийн материалаа ирүүлжээ. Эдгээрээс төвийн бүсэд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Итгэл-Ажил олгогч эздийн холбоо, хангайн бүсэд ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн их сургууль, зүүн бүсэд Хэнтий аймгийн Хэрлэн бизнесийг дэмжих нийгэмлэг, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн “Залуучуудын хөгжлийн Полиси төв ба Бизнес эрхлэлтийг дэмжих хүрээлэн” тус тус шалгарсан байна. Харин баруун бүсэд хэрэгжүүлэх байгууллагын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа учир ялагч нь одоогоор тодроогүй байгаа ажээ .

“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийг орон нутагт хэрэгжүүлэх “Enterprise Mongolia” бизнесийг дэмжих төвийн байршлыг Монгол Улсын бүсчилсэн хөжлийн үзэл баримтлалын дагуу сонгосон гэж Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд мэдэгджээ. Түүний хэлснээр төслийн гол зорилго нь хөдөө, орон нутагт, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, тэдгээрийн эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ойртуулахад оршиж байгаа аж. Энэ төслийн хүрээнд “Орон нутгийн бүлгийг бий болгох хөтөлбөр”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр нь орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготойгоор дэлхий даяар хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд анх Япон улсын Ойто мужид 1980 оноос нэвтэрч эхэлжээ. Одоо дэлхийн 20 гаруй оронд хэрэгжиж хүрээ хязгаараа тэлжээ. Нэг газар нэг бүтээгдэхүүнээрээ л алдартай байхыг хэлсэн уг хөтөлбөрт хамрагдсан Баянхонгор аймгийнхан “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод ҮХЯ-ны санаачлагын дагуу гаргажээ. Уг төслийг удирдаж буй Үйлдвэр худалдааны дэд сайд Ц.Энхтүвшингийн хэлснээс үзвэл “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн”–д хамрагдах бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, хүний анхаарлыг татахаас гадна өрсөлдөх чадвартай, дотоодын төдийгүй олон улсын зах зээлд гарах боломжтой, орон нутгийн иргэд өөрсдөө сонгон дэмжих зэрэг шалгуурыг хангах ёстой ажээ.