Нээлттэй Нийгэм Форумаас 2003 оны 11-р сарын 12-д “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийн талаарх Олон нийтийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Алтайн тавьсан илтгэл |
|
Өнөөгийн Улсын Их Хурлын хувьд Монгол улсад ардчилсан парламентыг хөгжүүлж төлөвшүүлэх чиглэлээр нилээд ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2001 оноос Ардчилсан Парламентыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхлэн Монгол Улсад ардчилсан парламентыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг УИХ 2002 оны хавар батлав. 2002-2005 онд УИХ, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран манай парламентыг хөгжүүлэх 3 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Хүний аюулгүй байдлыг хангах-Сайн Засаглал” хөтөлбөрийг НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр, төсөл хэрэгжсэнээр Монголын парламентын ил тод байдал, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо, түүнд итгэх итгэлийг сайжруулахын зэрэгцээ хууль тогтоох үйл явцад олон нийтийн үүрэг оролцоо нэмэгдэж, УИХ-ын гишүүдээс сонгогчдод үйлчлэх асуудалд ахиц гарч, хуулийн төсөл боловсруулах дэг журам ба хууль тогтоомж гаргах тогтолцоог стандартчилах, парламентын дэг журмын талаарх зохицуулалт боловсронгуй болж нэг үгээр хэлбэл манай парламентын хөгжилд чухал алхмууд болно. Сүүлийн үед хэрэгжиж буй ажлаас дурьдвал УИХ-ын Мэдээллийн төвүүд нээгдэж, Байнгын Хороодод тодорхой хуулийн төсөл, бодлогын талаар Нээлттэй хэлэлцүүлэг явагдаж эхэллээ. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна Соросын Сангийн Нээлттэй Нийгэм Форумаас улс төрчдийн ёс зүйн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж буй нь бодлого боловсруулах үйл явц болон парламентын мэтгэлцээнд иргэд, иргэний нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн чухал ажил гэж үнэлж байна. Ёс зүйн асуудлаархи дүрмийн үзэл баримтлал, төслийн танилцуулга УИХ-ын гишүүний болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмүүдийг боловсруулж батлах нь Монголд ардчилсан парламент, сайн засаглал төлөвшүүлэх, төрийн албаны нэр хүндийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас Монгол орны улс төр, нийгэм-эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон хуулийг парламент батлан гаргасан. 1995 онд “Төрийн албаны тухай” хууль анх батлагдсан ба 2001 онд энэ хууль шинэчлэгдсэн. Мөн “УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай”, “УИХ-ын тухай”, “УИХ-ын сонгуулийн тухай”, “Авилгалын эсрэг” хууль болон “УИХ-ын хуралдааны дэгийн тухай” тогтоол зэрэгт УИХ-ын гишүүний болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлын зарим зохицуулалт тусгагдаж ирсэн. Гэхдээ ёс зүйн асуудлаархи бие даасан хууль, дүрэм өдий хир гараагүй байна. 2001 оны III сард УИХ-ын нэр бүхий гишүүд Ёс зүйн асуудлаар 2 хуулийн /”Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай”/ төслийг өргөн барьсан юм. 2001 оны XII сард эдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд энэ асуудлыг хууль бус дүрмээр зохицуулая, ёс зүйн асуудлаар иж бүрэн цогцолбор дүрэм журмыг (УИХ-ын гишүүний болон ТӨАТушаалтны ёс зүйн хэм хэмжээ, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм) боловсруулж хэлэлцэе гэсэн шийдвэрийг гаргасан юм. Үүний дагуу 2002 оны III сард Ёс зүйн асуудлаархи цогцолбор иж бүрэн дүрэм журмыг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос байгуулсан юм. Ажлын хэсгийн зарим гишүүд (УИХ-ын гишүүн Д.Алтай, Г.Төртогтох, Д.Сугар) 2003 оны IX сард “УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэм”, “УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм” болон эдгээртэй холбоотой бусад 6 хуулинд орох нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын даргад өргөн барьсан. Мөн Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийг хамтад нь боловсруулсан ба дээрхи хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас санал авч хамтад нь шийдвэрлэх юм. Ёс зүйн дүрэм, журмыг боловсруулахдаа ажлын хэсэг танин мэдэхүйн болон судалгаа, лавлагааны шинжтэй нилээд ажлыг хийсэн ба АНУ, БНХАУ, БНПАУ, Франц, Англи, Ирланди, Болгар, ХБНГУ, Энэтхэг, Канад, БНСУ, ОХУ, Япон зэрэг 15 орны парламентаас ёс зүйн асуудлаархи гаргасан хууль тогтоомжийг харьцуулан судалсан юм. Мөн ёс зүйн асуудлаар мэргэшсэн гадны эксперт-зөвлөхтэй хамтран ажилласан. Тухайлбал АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын Ёс зүйн хорооны зөвлөх Рид Слак 2001 онд анх ирж зөвлөлгөө өгсөн ба 2003 оны хавар АНУ-ын ОУБНХүрээлэнгийн шугамаар дахин ирж Ёс зүйн ажлын хэсэгтэй 7 хоног ажилласан. Тодорхой санал зөвлөмж өгсөн, түүнийг ажлын хэсэг дүрмийн төсөлдөө тусгасан болно. Энэхүү дүрмийг боловсруулсан үзэл баримтлалыг нэгтгэж хэлвэл: -нийгмийн бодит хэрэгцээнд үндэслэсэн УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний болон Ёс зүйн дэд хорооны дүрэм Аливаа улсын хууль тогтоох дээд байгууллага авилгалын эсрэг үр нөлөөтэй тэмцэх, тэр тусмаа парламентын гишүүдийг Үндсэн хууль, бусад холбогдох хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд ажиллуулахад нь чиглэгдсэн хууль тогтоогчдын ёс зүйн талаар баримтлах зарчим, хэм хэмжээний нийтлэг зорилго, үүргийг тодорхойлсон ёс зүйн Кодекс, эсхүл Ёс зүйн дүрэм (журам) баримтлан ажилладаг ба үүгээрээ тэдний нэр төрийг хамгаалах зорилго тавьдаг байна. УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэмд УИХ-ын гишүүн хүн, өндөр албан тушаалтны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, чанд сахин биелүүлэх, холбогдох хууль тогтоомжоор хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх, тэдний өндөр нэр хүндийг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалтыг хийсэн. УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг тогтоохдоо албан ажлаа гүйцэтгэх явцдаа баримтлах ёс зүй, хууль бус нөлөөлөлд автахгүй байх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах, орлого шагнал, албан томилолт болон бэлэг дурсгалын зүйл хүлээн авах, сонгуулийн кампанит ажил болон ТББ-тай харилцах зэрэг асуудалтай холбоотой зохицуулалтыг тодорхойлж өгсөн юм. УИХ-ын гишүүн хувь хүний хувьд ёс зүйн доголдол гаргах явдлаас урьдчилан сэргийлэх хэм хэмжээг мөн тусгасан болно. Гадаад орны нийтлэг жишгээс харахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь тус тусдаа төрийн өндөр албан тушаалтныхаа ёс зүйн асуудлыг хянаж, хариуцлага тооцдог, зөвлөлгөө өгдөг бүтэцтэй байна. Энэ нь Ёс зүйн хороо эсвэл Комисс, Сахилгын хороо гэх мэт янз бүрийн нэртэй байдаг. Харин тухайн төрийн албан тушаалтан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол эрүүгийн болон бусад холбогдох хуулиар хариуцлага хүлээж шүүхээр шийтгэгддэг байна. УИХ-ын хувьд Ёс зүйн дэд хорооны дүрмийг боловсруулахдаа түүний бүтэц зохион байгуулалт, бүрэн эрх, гишүүдийн үүрэг, үйл ажиллагааны үндсэн журам, хариуцлага ногдуулах механизм зэрэг асуудлын хүрээнд бэлтгэсэн юм. Үүнд: -Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд парламентад байгаа олонхи, цөөнхийн төлөөллийг тэнцүү байлгах Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм ТӨАТушаалтны ёс зүйн дүрмийн агуулга, үзэл баримтлал нь УИХ-ын гишүүний ёс зүйн хүрээний асуудалтай үндсэндээ ижил юм. Гэхдээ энэ хүрээнд хамрагдах албан тушаалтан нь өөрийн албаны эрх хэмжээний хүрээнд бие даасан шийдвэр гаргадаг тул энэ онцлогтой холбоотой зарим өвөрмөц зохицуулалтыг тусгасан. Тухайлбал шийдвэр гаргахдаа мэргэжлийн түвшинд боловсруулсан санал зөвлөмж, иж бүрэн үндэслэлийг тооцон, гарч болзошгүй эерэг, сөрөг талыг анхааран судлах, бодлогын шийдвэр нь хууль тогтоомжинд бүрэн нийцсэн байх зэрэг үндэслэлийг баримталж байх зэрэг заалтыг оруулсан. Энэхүү дүрэмд төрийн өндөр албан тушаалтан албаны эрх, үүргийн хүрээнд баримтлах ёс зүй, албан тушаалтны орлого, шагнал, томилолт, бэлгийн талаархи баримтлах хэм хэмжээ, ТББ-дтай харьцах болон сонгуулийн кампанит ажлын үеэр баримтлах ёс зүйн хэм хэмжээ, мөн ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох субьект болон тодорхой механизмыг заасан зохицуулалтыг хийсэн. Энэ дүрмийн зохицуулалтанд нийтдээ 210 гаруй хүн хамрагдаж байна. 2 бүлэг хүмүүс багтана. Нэгд, Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүд /76/, Монгол Улсын Ерөнхийлөгч (1), Ерөнхий сайд, сайд нар (12), Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд (9), Дээд Шүүхийн дарга ба Дээд шүүхийн шүүгч (11), Улсын Ерөнхий прокурор (1), Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын ТГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн Яамдын дэд сайд зэрэг зарим нь улс төрийн албан тушаалтан нийт 120 орчим хүн байна. Хоёрт, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтан гэдэгт Нийслэл болон аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нар, УИХ-аас томилогддог өндөр албан тушаалтан: тухайлбал, Ерөнхий аудитор ба түүний орлогч, ТАЗөвлөлийн дарга ба орон тооны гишүүн (2), Монголбанкны Ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга ба дэд дарга, Үндэсний Статистикийн газрын дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч (2), Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга ба гишүүн /2/, Ерөнхийлөгчийн зөвлөх (5), УИХ-ын даргын зөвлөх (3), Ерөнхий сайдын зөвлөх (5) нар болон Засгийн газраас томилогддог агентлагийн дарга нар зэрэг 23 төрлийн албан тушаалд хамрах 84 хүн багтаж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хариуцах ба дээр дурьдсан албан тушаалтны ёс зүйн асуудлыг Засгийн газар (Төрийн Албаны Зөвлөл) болон шүүх эрх мэдлийн байгууллагын Сахилгын Хороо хариуцахаар болж байна. Ёс зүйн асуудлаархи иж бүрэн, цогцолбор дүрмийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гүйцэтгэх болон шүүх засаглалын хүрээнд Ёс зүйн асуудлаар мэргэшсэн Хороо, Комисс зэрэг субьектын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хариуцлагын механизм зэрэг асуудлууд дахин боловсруулагдаж, нэгдмэл шаардлага, загвартай байх чиглэлээр өөрчлөгдөн сайжрах болов уу. Та бүхэн чөлөөтэй саналаа хэлнэ гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. |