Сонгуулийн бас нэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд очих болов. (2005.11.15)

A- A A+
Сонгуулийн бас нэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд очих болов. (2005.11.15)

Сонгуулийн бас нэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд очих болов. (2005.11.15)

Нийслэлийн Иргэдийн төлеөлөгчдийн хурлын 31 дүгээр тойрогт болох нөхен сонгуульд Ардчилсан нам, ИЗ-БНН хамтран нэр дэвшүүлсэн Л.Болдыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр 15 цагт гаргасан байна. Энэ явдлыг “АЭ”, “Өдрийн  сонин” зэрэг сонин өрсөлдөгчгүй явуулах санаархал хэмээн дүгнэж байна. 
Баянзүрх дүүргийн иргэн, Нийслэлийн ардчилсан намын гишүүн П.Дэлгэрсайханы ирүүлсэн гомдлыг үндэслэн ийм шийдвэр гаргасан ажээ.   Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гаргасан шийдвэрийнхээ талаар өчигдөр сэтгүүлчдэд тайлбарлахдаа Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн "нэр дэвшүүлэхдээ намын доод шатны байгууллагын саналыг үндэслэсэн байвал зохино" гэсэн заалтыг нэр дэвшүүлсэн субъектүүд зөрчсөн гэж мэдэгджээ.
Харин Л.Болдын сонгуулийн штабынхан мөн өдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, "Намын доод шатны байгууллага гэдэг бол энэ тохиолдолд тухайн намын дүүргийн хороо мөн. Л.Болдыг нэр дэвшүүлэхдээ Ардчилсан нам, ИЗ-БНН тус бүрийн Чингэлтэй дүүргийн намын хороод шийдвэр гаргаж тамга тэмдгээр баталгаажуулан сонгуулийн хороонд өгсөн гэж мэдэгджээ.  Лу.Болдын сонгуулийн менежер, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр сонгуулийн хороо хуульд заагаагүй баримт, материалыг шаардаж байна гээд улмаар Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэр хуульзүйн үндэстэй эсэхийг Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдүүлнэ хэмээн мэдэгджээ.

"Л.Болдыг энэ сонгууль өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлэхдээ хууль зөрчсөн" хэмээх иргэн П.Дэлгэрсайханы гомдлыг энэ сарын 13-аас 14-нд шилжих шөнө Нийслэлийн сонгуулийн хороо хянаж үзээд олонх нь буюу 11 хүний долоо нь тухайн иргэний гомдол нэр дэвшигчийг жагсаалтаас хасах үндэслэл болж чадахгүй гэж үзсэн боловч хэдхэн цагийн дараа уг шийдвэрээсээ буцжээ. “АЭ” сонинд мэдээлснээр бол Монголын ногоонтны намаас тус сонгуулийн хороонд ажиллаж байсан З.Ганбаатар Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг булхайтай болсон гэж үзэж байна. Тэрбээр энэ хороонд ажиллаж байгаа  нам бус таван гишүүн нь шөнө өгсөн саналаа өдөр нь хүчингүй болгож байгаад гайхаж буйгаа илэрхийлсэн байна.