Лицензийг тойрсон зарим баримт (2008-01-30)

A- A A+
Лицензийг тойрсон зарим баримт (2008-01-30)

ЛИЦЕНЗИЙГ ТОЙРСОН ЗАРИМ БАРИМТ (2008-01-30)

Н. Дорждарь (ННФ-н менежер)

“Ил тод байдал” сангийнхан “Ил тод уул уурхай” хэмээх сэтгүүлдээ Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 5273 лицензийг 2007 оны 11 сарын байдлаар хүчинтэй байсныг бүрэн эхээр нь нийтэлжээ. Үүнээс хойшхи хугацаанд лицензийн тоо хэмжээнд тодорхой өөрчлөлтүүд орсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч олон хуудсанд багтаасан дээрх мэдээллийг шинжлэн үзвэл зарим нэгэн сонирхолтой тоо баримт гарч байгааг та бүхэнтэй хуваалцахаар шийдэв. Цаашид ч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар лицензийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэснээр иргэд компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, уг салбарын орон нутаг, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх боломжийг олгох нь гарцаагүй.  

Уг мэдээллийн санг авч үзэхэд цөөн тооны лицензийн мэдээллийг давхардуулан оруулсан байсан тул тэдгээрийг хасахад нийт 5268 лицензийн мэдээлэл бүрэн байсныг шинжилсэн болно.

Аймгууд
Газар зүйн хувьд Монгол улсын бүх аймагт лиценз олгогджээ. Нийт лицензийн 80 гаруй хувь нь буюу 4205 нь хайгуулын, харин үлдсэн 20 гаруй хувь буюу 1063 нь ашиглалтын лиценз байна. Нэг аймагт дунджаар 239 лиценз ногдож байгаагийн 48 нь ашиглалтынх байна. Хамгийн их тооны лиценз Төв, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын газар нутагт олгогджээ. Эдгээр аймгуудад тус бүр 494-585 лиценз хүчинтэй байна. Хайгуулын лиценз хамгийн их олгогдсон аймагт 450 гаруй лиценз олгогдоод байгаа Дорноговь, Өмнөговь аймгууд орж байна. Харин ашиглалтын лицензээр Төв, Сэлэнгэ аймгууд тус бүр 170, 163 лицензтэйгээр тэргүүлж байгаа бол Улаанбаатар 112 лицензтэйгээр удаалж байгаа нь анхаарал татаж байв. Аймгуудад хайгуулын лиценз ашиглалтынхаасаа хавьгүй илүү буюу дунджаар 7 дахин их байдаг байна. Харин Улаанбаатарын хувьд ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа ойролцоогоор 2 дахин илүү байна. Хамгийн цөөн тооны лицензтэй аймгаар 20 орчим лицензтэй Орхон, Говьсүмбэр аймгууд жагсаж байгаа бол бусад бүх аймаг, мөн Улаанбаатарт лицензийн тоо 100-600-ийн дотор эргэлдэж байна.   

Сумд
Нийт 265 суманд ямар нэгэн лиценз олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, лиценз олгогдсон сумдын хувьд дунджаар 20 орчим лиценз сумынх нь нэрний ард бичигдсэн байна. Эдгээрээс 10 ба түүнээс доош тооны лиценз олгогдсон 117 сум байдаг байна. Харин хамгийн олон лиценз тараагдсан сумдад Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорноговийн Даланжаргалан, Төв аймгийн Заамар, мөн Сэлэнгийн Мандал нар шалгарч байна. Эдгээр сумдад 102-137 лиценз олгогдсон байна. Хамгийн олон ашиглалтын лицензтэй сумаар 80 лицензээр Заамар шалгарч байна. Мөн Ерөө суманд 58 ашиглалтын лиценз байгаа бол Налайх дүүрэгт 55 байна. Хайгуулын лицензийн хувьд Даланжаргалан 111 лицензтэйгээр тэргүүлж байгаа бол Төв аймгийн Баян, Ерөө, Дорноговийн Айраг сумд тус бүр 80 орчим лицензтэйгээр удаалж байна.

Ашигт малтмал
Лицензийн бүртгэлд ашигт малтмалын төрлийг зөвхөн ашиглалтын лицензийн хувьд бүртгэдэг бололтой. Учир нь хайгуулын лицензийг тодорхой нэг ашигт малтмалаар авдаггүй байна (нүүрс хайна гэж бүртгүүлсэн нэг л лиценз байв). Харин ашигт малтмалын төрлийг нь тэмдэглэсэн 1049 лиценз байгаагийн 498 нь буюу бараг тэн хагас нь алтны лиценз байна.  Мөн барилгын материал (173), нүүрс (146), жоншны (117) ашиглалтын лиценз байдаг нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өнгийг тодорхойлж байна. Мөн эмчилгээний шавар, болор, бүр урааны хоёр ашиглалтын лиценз байдаг нь ч сонирхол татаж байв.

Зураг 1

Талбай
Хамгийн бага талбайд олгогдсон лиценз 0.2 га, харин хамгийн их талбай бүхий лиценз 400 орчим мянган га талбайг хамарч байна. Нэг лицензийн хамрах дундаж талбай 9400 мянган га байв. Хамгийн том талбай бүхий лицензийг АМГТХЭГ хадгалж үлджээ. Харин цаашилбал Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдыг хамарсан нийт 376 гаруй мянган га талбайд Эм Би Жи Эйч Эл гэх этгээд лиценз эзэмшдэг юм байна. Нийт 41 сая гаруй га талбайд лиценз олгогджээ. Энэ нь Монгол улсын нийт газар нутгийн 26.2 хувьтай тэнцүү байна.

Компани
Нийт 1564 лиценз эзэмшигч байгаагаас 50-иас дээш лицензтэй компаниудыг дараахь Хүснэгт 1-д жагсаав. Гэхдээ АМГТХЭГ-ын лицензийн бүртгэлд олон сумдыг хамарсан лицензийг давхар бүртгэсэн байдаг нь жагсаалтад бага зэргийн өөрчлөлт оруулж магадгүй. Хүснэгтээс харахад Фабио Мазотти хэмээх этгээдийн бүртгүүлсэн Тефис Майнинг ХХК хамгийн олон лицензтэй ч хамгийн том хэмжээний газар нутгийг хамран хайгуул, ашиглалт явуулах эрх авсан компани нь Пол Чэр гэгч бүртгүүлсэн Айвенхоу Майнз компани байна.

Хүснэгт 1

Компани

Лицензийн тоо

Тефис майнинг

130

Айвенхоу майнз монголия инк

100

Гобикоул энд энержи

91

Бату майнинг монгол

78

Сентеррагоулд монголия

67

Азиагоулд монголиа

66

Булгангоулд

65

Алтандорнод монгол

63

Кью Жи Экс монгол

58

Саусгоби сэндс

57

Адамасмайнинг

56

Монголросцветмет

54

Зараяа холдингс

51

Харин дараагийн хүснэгтэд нийт 500 мянгаас дээш га талбайд лицензтэй компаниудыг жагсаав.

Хүснэгт 2

Компани

Нийт эзэмшдэг талбай, га-гаар

Айвенхоу майнз монголия инк

2371037

Гобикоул энд энержи

1993411

Саусгоби сэндс

1567364

Зараяа холдингс

1460154

Азиагоулд монголиа

1149220

Бату майнинг монгол

1145701

Тефис майнинг

1045836

Булгангоулд

817885

Троймонголиа-Алт Ресорсиз

814700

Эм Би Жи Эйч Эл

756174

Гурвансайхан

684058

Риотинто монголиа

618028

100 мянган га-гаас их талбай бүхий нийт 79 лиценз байгааг 29 этгээд эзэмшиж байна. Ер нь 20-иос дээш тооны лиценз эзэмшдэг 30 компани байдаг юм байна. Түүнчлэн АМГТХЭГ-ын Геологийн хэлтэст 122 лиценз байна.

Огноо
Харин дээрх 5268 лиценз хэзээ олгогдсоныг сонирхвол үндсэндээ 2001 он хүртэл багахан хэсэг нь буюу 6.4 хувь нь, харин үлдсэн ихэнх хэсэг нь түүнээс хойш олгогджээ. Ялангуяа 2004-06 онуудад 60 гаруй хувь нь буюу жил бүр 1000-аас илүү тооны лиценз олгогджээ. Үүнийг дараах графикаас тод харж болох юм. Гэхдээ энэ тооцоонд олгогдоод, цуцлагдсан буюу хураалгасан лицензийн тоо ороогүй болохыг анхаарна уу.

Зураг 2

2002 оны 12-р сарын 28-ны өдөр хамгийн олон буюу 48 лиценз олгогджээ. Мэдээж энэ нь он солигдохын өмнөхөн байгаа нь анхаарал татаж байв. Мөн энэ өдөр хагас сайн байсан нь тохиолдлын зүйл биш бололтой. Учир нь 144 лиценз хагас сайн өдөр, 32 лиценз бүр бүтэн сайн өдөр олгодсон байх юм. 2004 оны 9-р сарын 13, 15 гэсэн хоёр өдөр нийт 77 лиценз олгосон байгааг ч анзаарахгүй өнгөрөх аргагүй байв. Ер нь бүртгэлд байгаа лиценз 1140 өөр өдөр олгогдсон байгаагаас өдөрт ганцхан лиценз олгох тохиолдол 375 удаа тохиосон байна. Харин хэрэв лицензэд тухайн өдөр гарын үсэг зурсан бол дунджаар 5 лицензийг нэг дор зурж байж.

Хүн ам, газар нутагтай хамаарах нь
Эцэст нь тухайн аймагт олгогдсон лицензийн тоо аймгийн газар нутаг, хүн амын тоотой ямар нэгэн байдлаар уялдсан уу гэж үзэхэд аймгийн газар нутаг томрох тусам олгогдсон лицензийн тоо нэмэгдэж байгааг Зураг 3-аас харж болно. Харин хүн амын тоотой лицензийн тоо бага зэрэг урвуу хамааралтай байгаа нь ч Зураг 4-өөс харагдав. Энд Улаанбаатарын тоо баримтыг тооцож үзээгүйг анхаарна уу. 

Зураг 3. Тухайн аймагт олгогдсон лицензийн тоо, газар нутгийн хэмжээ хоёрын хамаарал

Зураг 4. Тухайн аймгийн лицензийн тоо, хүн амын хамаарал

 

Ашигласан материал

Ил тод уул уурхай сэтгүүл, Ил тод байдал сан, 2007
Статистикийн эмхтгэл-2006, Үндэсний Статистикийн Газар, 2007