Нөхөн сонгуулийн маргаан даамжирч байна (2005.11.16)

A- A A+
Нөхөн сонгуулийн маргаан даамжирч байна (2005.11.16)

Нөхөн сонгуулийн маргаан даамжирч байна (2005.11.16)

Ардчилсан нам, ИЗБНН-аас НИТХ-ын 31 дүгээрт тойрогт нэр дэвшигч Л.Болдыг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хорооноос гаргасан нь энэ нөхөн сонгуулийг ихээхэн дуулиантай болгож байна. 
Энэ шийдвэрийг эсэргүүцэн  нэр дэвшүүлсэн хоёр нам Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр ханджээ. Ардчилсан нам болон ИЗБНН дүүргийн намуудын хороо нэр дэвшүүлэх хамтарсан саналыг гаргахдаа өөрсдийн намын дүрмийг зөрчөөгүй гээд Нийслэлийн сонгуулийн хороо нь уг саналыг гаргасан хурлын протокол шаардаж байгаа нь хуульзүйн үндэслэлгүй хэмээн үзэж байгаа ажээ. Тэрчлэн  УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн иргэн Батж.Батбаяр Нийслэлийн сонгуулийн хороонд хандан өргөдөл гаргажээ.  Тэрбээр МАХН-аас нэр дэвшигч Д.Ганболдыг Сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна.

Түүнээс гадна Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн Ж.Лхаасүрэн МАХН-аас нэр дэвшигч Д.Ганболдыг сурталчилгааны ажлаа тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзан дайллага цайллага хийхдээ тэнд оролцсон иргэдийн саналыг худалдаж авахыг оролдсон хэмээн үзэж хууль зөрчсөн тухай гомдлыг өчигдөр Нийслэлийн сонгуулийн хороонд мөн өгсөн байна.  Тэрбээр уг өргөдөлдөө "МАХН-аас нэр дэвшигч Д.Ганболд сонгогчдыг 11 дүгээр сарын 13 -ны 10 цаг 30 минутад Нийслэлийн хүүхэд залуучуудын ордонд хүүхдүүдийн хамт ир гэсэн урилга өгсөн. Очиход нэр дэвшигч Д.Ганболд байсан. Мөн Чингэлтэй дүүргийн болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар байсан. Урлагийн тоглолт үзүүлж, 600 хүүхдэд солонгос пүүз өгсөн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зургадугаар заалтыг зөрчсөн» гэж мэдэгджээ. Д.Ганболд болон Засаг дарга нар хууль зөрчсөн учир хариуцлага тооцож, нэрийг нь татах арга хэмжээ авч өгнө үү хэмээн иргэн Ж.Лхаасүрэн хүссэн ажээ.  Харин Нийслэлийн сонгуулийн хороо энэ  өргөдлийг өчигдөр авч хэлэлцсэн боловч дээрх зөрчлийг гаргасан гэдгийг шүүхээр тогтоогоогүй учир шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна. Дээрх арга хэмжээний үеэр сонгогчдод Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат пүүзийг гардуулан өгсөн бөгөөд тэрбээр МАХН-аас нэр дэвшигч Д.Ганболдын сонгуулийн менежер юм байна. Тэгэхээр сонгогчдод бэлэг тараасан дээрх явдлыг нэр дэвшигчийн зүгээс санал худалдан авах зорилгоор хууль зөрчсөн үйлдэл гэж иргэн Ж.Лхаасүрэн үзэж байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны энэ бүх шийдвэр, үйл ажилагааг өдөр тутмын зарим сонинууд, тухайлбал, «Зууны мэдээ» /¹274/, «Адрын эрх» /¹225/ зэрэг сонин   МАХН сонгуульд өрсөлдөгчгүйгээр оролцох бодлого баримталж байна хэмээн дүгнэжээ. Тэрчлэн «АЭ» сонины өгүүлснээр Лу.Болдыг нэр дэвшигчдийн бүртгэлээс хассантай холбоотойгоор зарим нэр дэвшигч нэрээ татаж байгаа бололтой. Тухайлбал, МУНН-аас нэр дэвшигч  Л.Хатанбаатарын сонгуулийн менежер Л.Жаргалсайхан тус сонинд ярилцлага өгөхдөө  МУНН нөхөн сонгуулийг шударга болно гэдэгт итгэхгүй байгаа учраас тус намын тэргүүлэгчид хуралдаад нөхөн сонгуульд оролцохгүй байх шийдвэр гаргалаа гэж мэдэгджээ.  Нөгөө нэг нэр дэвшигч болох О.Бум-ялагч /Монголын ногоон нам/ мэдэгдэхдээ нэр дэвшигч Лу.Болдыг нэр дэвших эрхийг нь хязгаарласан нь Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзэж байна.