Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төслийг Монголын уул уурхайн ассоциаци дэмжихгүй байна. (2005.11.24)

A- A A+
Ашигт малтмалын тухай хуулийн  шинэ төслийг Монголын уул уурхайн ассоциаци дэмжихгүй байна. (2005.11.24)

Ашигт малтмалын тухай хуулийн  шинэ төслийг Монголын уул уурхайн ассоциаци дэмжихгүй байна. (2005.11.24)

Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан  Монголын уул уурхайн үндэсний ассоциациас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэжээ.  Хуулийг өөрчилж, төрийн оролцоог нэмэгдүүлэх гэж байгаа нь зах зээлийн эдийн засагт нийцэхгүй, бизнесийн орчныг боомилсон бодлого болно гэж тэд үзэж байна. УИХ-д өргөн бариад буй Засгийн газрын болоод УИХ-ын зарим гишүүний санал болгож буй төслүүдэд Монголын уул уурхайн ассоциацынхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.

Тус  ассоциацийн хүндэт ерөнхийлөгч П.Очирбатын мэдэгдснээр бол Монголын төсвийн 30-аад хувийг буюу 270 орчим тэрбум төгрөгийг уул уурхайн салбар оруулдаг байна. Гэтэл  ард түмэнд энэ мөнгөнөөс ганц ч төгрөг хүртэхгүй байгаагийн бурууг  тэрээр Сангийн яаманд тохов. П.Очирбат ярихдаа, ашигт малтмалаас хурааж буй бүх төрлийн татвар, хураамжийг бүхэлд нь төсөвт төвлөрүүлж, орон нутагт зөвхөн газар, ус ашигласны бага зэрэг мөнгө төлдөг. Ашигт малтмалын хуульд ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилах ёстой гэсэн заалтыг  Сангийн яам хэрэгжүүлэхгүй байна гэжээ.

Хуульд өөрчлөлт оруулахдаа уул уурхайн салбар их эрсдэлтэй салбар гэдгийг бодолцох зайлшгүй шаардлагатай учраас хуулийн шинэ төслийг уул уурхайн ассоциаци дэмжихгүй байна хэмээн мэдэгджээ. Хэвлэлийн бага хуралд тус ассоциацийн Ерөнхийлөгч, "Монголросцветмет" нэгдлийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, гишүүн Н.Алгаа, П.Очирбат нар оролцжээ.