Ашигт малтмалын хуульд орох өөрчлөлтөөс их зүйлийг хүлээж байна (2005.11.25)

A- A A+
Ашигт малтмалын хуульд орох өөрчлөлтөөс их зүйлийг хүлээж байна (2005.11.25)

Ашигт малтмалын хуульд орох өөрчлөлтөөс их зүйлийг хүлээж байна (2005.11.25)

Уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн асуудлаар  Байгаль орчны сайд У.Барсболд “Өнөөдөр”-ийн уншигчидтай шууд ярилцахдаа ийнхүү мэдэгджээ.  Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөлд Байгаль орчны яам саналаа бичээд Yйлдвэр, худалдааны яаманд өгсөн боловч Засгийн газрын  хуралдаанд тэр санал орж ирээгүй учраас бид Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлтийг буцаалгасан гэж тэрбээр хэлжээ. Бид саналаа оруулахын төлөө ярилцаж тэмцэж байна гэж Байгаль орчны сайд У.Барсболд мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, уул уурхайн бүх компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн БОЯ-аар батлуулах ёстой. Гэтэл  үнэлгээ хийлгээгүй олон компани ажиллаж байгаа.Энэ нь ашигт малтмалын лиценз олгохдоо БОЯ-наас асуухгүйгээр олгож буйтай холбоотой гэж сайд У.Барсболд үзэж байна. Тиймээс уул уурхайн асуудалд Байгаль орчны яамны оролцоог нэмэгдүүлмээр байна. Бид лиценз өгөх гээд байгаа юм биш,  өгч болох уу үгүй юү гэдгийг хэлж баймаар байна гэж тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл ердөө 100 кг, зарим үед 20 кг алтны төлөө бүхэл бүтэн талыг сэндийлж, урсч байгаа голыг боогоод ширгээдэг байна. Алтны уурхай тухайд 40-50 тн-оос дээш хэмжээний нөөцтэй орд газрыг ашиглаж харин бага нөөцтэйг нь ач, гуч бүр жичийн маань үед ч хамаагүй, алт ашигладаг нарийн технологи гарч иртэл  хадгалах нь зүйтэй гэж сайд У.Барсболд үздэг ажээ.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол төсөл хэрэгжүүлж байгаа уул уурхайн компани нөхөн сэргээлтийг хийж, түүнд нь орон нутаг хяналт тавина гэсэн заалттай. Гэтэл хуулийн цоорхойг ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхидог тул үүнээс гарах арга замыг эрэлхийлж Экологийн хохирлыг барагдуулах хуулийн төслийг Байгаль орчны яамнаас санаачилан боловсруулаад байгаа ажээ. Энэ онд багтаад УИХ-аар орох юм байна. Байгаль орчны яам уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар анх удаа дуугарч байгаа юм биш. 2001, 2002 онд Ашигт малтмалын хуулийг өөрчлөх асуудлыг тухайн үеийн Засгийн газар, УИХ-д оруулаад   4-5 удаа хэлэлцэгдээд буцсан. Тэр үеэс хойш ярьсан ч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Одоо харин хүмүүсийн нүдэн дээр байгаль сүйдээд ирэхээр ойлгож байх шиг байна гэж сайд У.Барсболд хэлжээ.
Байгаль орчны сайдын ярьснаас үзвэл Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээг хийхээр тус яамнаас эрх авсан мэргэжлийн байгууллага хийж эхлээд гурав дахь жилээ үзэж байгаа боловч өнөөг хүртэл тайлангаа ирүүлээгүй байгаа ажээ. Харин Таван толгойн орд газрын тухайд бол  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй тул  Таван толгойд хийж байгаа олборлолт хууль бус ажээ. Тиймээс тэндээс нэг ч тн нүүрсийг экспортлох эрх байхгүй гэж Байгаль орчны яам үзэж байна.
Сайд У.Барсболд ярихдаа, гар аргаар алт олборлодог нинжа нар  газар өгөхийг бид эрс эсэргүүцдэг. Тэр ч байтугай ийм хуулийн төсөл явж байгааг ч эсэргүүцдэг. Нинжа бол Монголын төр дархлаагүй болсны шинж. Иргэдээ нинжа болгож, түүнийг зогсоож дийлдэггүй Засгийн газар, өөрийнхөө нутгийг хамгаалж чадаагүй аймаг, сумын Засаг дарга нар хариуцлага хүлээх учиртай. Сумын Засаг дарга мэтийн хүмүүст хамаг эрхийг өгөөд Засгийн газар ямар ч мэдэлгүй үлдэж байна.  Сумын Засаг дарга нинжаг тусгай хамгаалалттай газар нутагт өөрөө оруулдаг ноцтой баримт бий гэж тэр мэдэгджээ.  Тухайлбал, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Сүүж уулыг сумын удирдлага, орон нутгийнхан бүгд холбоотой ухаж байгаа ажээ.