Сонгуулийн хуулийн төсөл дэх хэвлэл мэдээллийхэнд “халтай” заалтууд
УИХ-ын гишүүд 2006 оны төсвөөс тойрог тус бүртээ 100 сая, нийт 7,6 тэрбум төгрөгийг хуваарилж авах болсон тухай шуугиан намдаж амжаагүй байтал эрхэм гишүүд дахин нэг хачирхалтай саналыг Сонгуулийн хуулинд оруулахаар зэхэж буй тухай “хэрэг” мандлаа. Энэ бол УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийн 37.11, 37.12-т “Олон нийтийн болон бусад радио телевизээр нэр дэвшигчдийн сурталчилгааг үнэ төлбөргүй явуулна” гэсэн заалт юм. Энэ саналыг УИХ-ын гишүүн С.Оюун Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргахад бараг л 100 хувь дэмжигдсэн аж. Уг нь эрхэм гишүүн С.Оюуны тэргүүлдэг ИЗ-БНН 7,6 тэрбумыг эрс эсэргүүцэж байсан нь хэвлэл мэдээллийнхний идэвхтэй дэмжлэгийг хүлээж байсан бол харин энэ удаа түүний энэ санал Монголын арилжааны телевизүүд болон хэвлэл, мэдээлийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. УИХ-ын гишүүн энэ саналаа тайлбарлахдаа, төрөө сонгож байгаа тул ийм жишиг бусад улс орнуудад байдаг хэмээн үзэж байгаа юм.
Юутай ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр энэ санал арай зөөлөрч “ нэр дэвшигчдийн сурталчилгааг төлбөргүй явуулна, гэхдээ бүх нэр дэвшигчид адил тэнцүү нөхцөл олгоно” гэж томьёолохоор болсон нь олонхийн дэмжлэг авсан байна. “Өнөөдөр” сонин /¹279/ УИХ-ын гишүүдийн хандлагаас ажиглаж байхад хэвлэл, мэдээллийнхнийг эрхшээлдээ оруулж авахыг ихэд эрмэлзэж байгаа бололтой гэж дүгнээд “Эрхэм гишүүд ээ, үнэгүй хоол идэхийн төлөө урагшаа ” хэмээн шогложээ. Монголын чөлөөт сонин хэвлэлийнхэн яаж ч эсэргүүцээд нэмэргүй, энэ заалт УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд нэгэнтээ суужээ. Гэхдээ УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн “энэ томьёоллыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дахин ярилцана” хэмээх тайлбар арилжааны буюу хувийн телевизийнхэнд бага зэрэг найдвар төрүүлж байгаа хэдий ч 7,6 тэрбумыг баталсан практикаас үзэхэд энэ санал ч түвэггүйхэн батлагдах бизээ.
Ер нь Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхдээ эрхэм гишүүд хэвлэл, мэдээллийнхэнд халтай нэлээд хэдэн зүйл, заалтыг хуульд оруулах гэж байна хэмээн “Өнөөдөр” сонинд бичжээ. Тухайлбал, УИХ-ынгишүүн З.Энхболд “Хуулийн тодорхой заалтыг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллага нь залруулгыг адил зай, нүүр, хэмжээ, цагт нь тэнцүү гаргана. Нэн даруй гаргаагүй бол тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын лицензийг хураана” гэсэн хэсгийг төслийн 37 дугаар зүйлд нэмэх санал оруулсныг тус сонин энд дурджээ. Энэ саналыг санал хураалтад оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн аж.