Сонгуулийн сурталчилгаа тойрсон эсрэг тэсрэг байр суурь (2005.11.29)

A- A A+
Сонгуулийн сурталчилгаа тойрсон эсрэг тэсрэг байр суурь (2005.11.29)

Сонгуулийн сурталчилгаа тойрсон эсрэг тэсрэг байр суурь (2005.11.29)

УИХ-ын гишүүн С.Оюун сонгуулийн хуулийн төсөлд хувийн телевизүүдэд сонгуулийн төлбөртэй сурталчилгааг явуулахыг хориглох заалтыг санаачлан оруулсан. Үүнийгээ тэрбээр тайлбарлахдаа, ОНРТ-ээр Сонгуулийн Ерөнхий Хорооны баталж өгсөн цагуудад нам эвсэл, бие даагчдад сурталчилгаа хийх ижил тэнцүү цаг гаргаж,  сонгуулийн сурталчилгааг үнэгүй явуулна гэж зааж өгсөн. Харин арилжааны радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулахыг хориглох заалт оруулсан гэжээ.  Энэ нь төлбөргүй нэвтрүүлэг заавал явуулна гэсэн үг биш гэж С.Оюун үзэж байгаа аж. Харин энэ сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулахгүй байх гэсэн санаа юм гэж тэрбээр өдөр тумын сонинуудад өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрэв хувийн радио телевиз хэн нэгэнд зориулж үнэгүй сурталчилгаа явуулбал бусад нам эвсэл бие даагчдад бас ижил цаг гаргаж өгөх заалтыг энэ хуулинд оруулсан гэж тэр хэлжээ. Ингэснээр харин ч хувийн радио, телевизийн бие даасан байдлыг хангана гэж УИХ-ын гишүүн С.Оюун үзэж байна.
 
Түүний гаргасан энэ заалтыг хувийн телевизийнхэн эрс эсэргүүцэж байгаа бөгөөд төр хувийн өмчид халдаж буй хэрэг хэмээн үзэж байна. 25 суваг телевизийн захирал З.Алтай “АЭ” сонинд /¹234/ ярихдаа, төр хөл босч ядаж буй хувийн хэвшлийнхэнд тусалддаггүй юмаа гэхэд ус болмооргүй байна гэжээ. Мөн ийм байр суурийг TV5 телевизийн ерөнхий редактор А.Дагиймаа илэрхийлжээ.  TV9 телевизийн захирал Ц.Энхбатын ярьснаас Телевизүүдийн холбооноос мэдэгдэл гаргаж, ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хандаж бичиг явуулсан байна. Харин UBS телевизийн захирал Ц.Балхжав энэ бол телевизийн ажилтнууд, үзэгчдийн эрх ашгийг хохирооно хэмээн мэдэгджээ.