Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөл Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар албан бичиг хүргүүлжээ (2005.12.06)

A- A A+
Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөл Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар албан бичиг хүргүүлжээ (2005.12.06)

Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөл Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар албан бичиг хүргүүлжээ (2005.12.06)

Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлөөс /ХАМБЗ/ 2005 оны 11 дүгээр сарын 25-нд  Монгол Улсын ашигт малтмалын хуульд оруулах гэж буйтай холбогдуулан нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар санал гаргаж, УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны дарга Р. Бадамдамдинд албан бичгээр хүргүүлсэн ажээ. Уг албан бичигт дурдахдаа:

“ХАМБЗ Үйлдвэр, Худалдааны сайд С. Батболдын хэвлэлд өгсөн саяхны мэдэгдэлтэй холбогдуулан эрдэс баялагийн хуульд нэмэлт оруулах саналд Монголын төрд уул, уурхайн компанийн нөөцийн 30 хүртэл хувийг эзэмших эрх олгох тухай заалт орсон нь хэрээс хэтэрсэн буруу заалт болохыг танд болон Монголын Засгийн газарт мэдэгдэж байна. Уг заалт буюу Монголын төрд уул, уурхайн ямарваа компанийн нөөцөөс хувь эзэмших эрх олгох түүнтэй төстэй аливаа заалтыг батлах нь Монголын уул, уурхайн салбарт даруй ноцтой үр дагавар авчрахын дотор гадаадын дотоодын  уул, уурхайн олон компанийн хайгуулын ажлыг зогсооход хүргэж болох юм. Хуулинд нэмэлт болгон оруулахаар санал болгож буй дээрх заалт нь засгийн газрууд уул, уурхайн үйлдвэрлэлд шууд оролцохоос татгалзах болсон өнөөгийн ерөнхий хандлага, бусад орны (Аргентин, Перу, Чили зэрэг) туршлагатай ноцтой байдлаар зөрчилдөж байна. Санал болгож буй уг заалтыг цаашид ямар нэгэн хэлбэрээр авч хэлэлцэхээс бүрмөсөн татгалзвал зохино.

Үүнээс гадна хайгуулын лицензийг шилжүүлэх болон барьцаалахыг хориглох заалт нь шинэ тутам хөгжиж буй эрдэс баялагийн үйлдвэрлэлийн цаашдын эрчимтэй хөгжилд ноцтой саад учруулах болно. Монголын эрдэс баялагийн нөөцийг нээж, ашиглах үндсэн арга, ажиллагааны чухал хэсэг болох энэ үйл ажиллагаанд хориг тавьснаар эрдэс баялагийн нөөцийг ашиглах эхний шатны үйл ажиллагаанд оролцож буй Монголын бизнес эрхлэгчдийг хохироож, ашиг, орлогыг нь хаана гэсэн үг юм.  Лиценз шилжүүлэх боломжийг Монголын Засгийн газрын хувьд татварын орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр гэж ойлговол зохистой. Хайгуулын лиценз шилжүүлэхээс олох ашгийг татварын орлогыг нэмэгдүүлэх боломж гэж үзвэл зохино. Лиценз шилжүүлэх үйл ажиллагаа нь хайгуул болон олборлолтын ажил эхлэхээс өмнө лицензийг эрүүл, өрсөлдөөнт зах зээл дээр арилжаалах замаар нөөц, баялагийнхаа эхний шатны ашгийг бүрэн гүйцэд ашиглах боломжийг Монгол улсад олгож байгаа билээ.

Хайгуулын лицензийг барьцаалахыг хориглох нь хайгуулын үйл ажиллагааны зардлыг банкны зээлээр хаахаас өөр боломжгүй Монголын эрдэс хайгуулын жижиг компаниудыг л хохироох болно. Дээрх заалтууд хуулинд нэмэлт болж орвоос энэ нь ноцтой үр дагаварт хүргэх бөгөөд Монгол улсын дэлхийн уул, уурхайн тэргүүлэх орон гэсэн нэр хүндэд ихээхэн хохирол үзүүлэх болно гэдэгт эрдэс баялаг үйлдвэрлэгчдийн дийлэнх олонхи санал нэгтэй байна гэдгийг ХАМБЗ та бүхний сонорт хүргэхийг зорьж байна. Цаашилвал, эдгээр саналыг Монголын Засгийн газрын сайд нар нээлттэй хэлэлцэж буй нь дэлхий даяар уул, уурхайн салбар, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах болов. Тэгэхээр Засгийн газар, Парламентын бусад гишүүдийн зүгээс дээрх заалтуудыг цуцалсан албан ёсны тодорхой мэдэгдэл хийхгүй аваас дэлхийн уул, уурхайн салбар, хөрөнгө оруулагчид олигтой зүйл хүсэн хүлээхгүй болов уу.

Миний бие та бүхэнд Монгол улс эрдэс баялагийн хайгуулд хийсэн хөрөнгө оруулалтаараа дэлхийн тэргүүлэх 10 орны тоонд багтдагийг сануулахын ялдамд энэ хөрөнгө оруулалт Монголын нийгмийн бүх төвшинд асар их ашиг өгч буй гэдгийг тэмдэглэж байна.
1997 оны эрдэс баялагийн хуулийн үр дүнд танай улсад оруулсан олон зуун сая долларын хөрөнгө оруулсан гадаадын болон дотоодын уул, уурхайн компаниудын үйл ажиллагаанаас Монголын Засгийн газар нэмэгдсэн өртгийн их хэмжээний татварын орлого олсон билээ.   Монгол улс хөрөнгө оруулагчдын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцож буй ажилтны цалингийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас ихээхэн орлого олсны дээр нөөц, баялаг ашиглалтын хураамжаас ч ихээхэн орлого олсон билээ. Цаашилвал, гадаадын хайгуул, олборлолтын компаниудын үйл ажиллагаанаас Монгол улс технологи болон сургалтын асар их шинэ мэдлэг, ололт олж, уул, уурхайн салбарт мэрэгжлийн хүний нөөцөө бий болгож авсан. 
Өнөөгийн шууд хөрөнгө оруулалтын олон эх сурвалжаас Монголын уул, уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зогсоход хүрвэл Монголд гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх сонголт ихээхэн хумигдана гэдгийг мартаж боломгүй. Хэрэв ингэвээс Монголын эрдэс, баялагийн үйлдвэрлэлд Хятадын компаниуд давамгайлахад хүрнэ. Монголын уул, уурхайн үйлдвэрлэлд өрсөлдөөн ийнхүү хумигдах нь Монголын ард түмний хувьд сүйрлийн үр дагавартай байх аюултай. ХАМБЗ Монголын Засгийн газарт хуульд оруулах дээрх нэмэлт заалтуудыг нэн даруй нээлттэй байдлаар цуцалж, эрдэс, баялагийн хуульд оруулах нэмэлтийн хэлэлцүүлгийг олон цогц асуудал, зорилтыг харгалзан үзсэний үндсэн дээр илүү нээлттэй, ил тод байдлаар явуулахыг уриалж байна” гэжээ.

Албан бичигт ХАМБЗ-ын нэрийн өмнөөс захирал Пол А. Корпи, Кеннет Б. Де Грааф нар гарын үсэг зурсан байна.