Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцжээ (2005.12.08)
Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. «ММ» агентлагийн мэдээлснээр бол гадаадын хөрөнгө оруулагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа "стратегийн ашигт малтмалын орд газарт төрийн оролцоо 30 хүртэл хувь байх нөхцөлийг Засгийн газар тогтооно" гэсэн заалтын тухайд уг хуралдааны үеэр ямар нэгэн тоо яригдаагүй ажээ. Харин бусад заалт, тухайлбал, лизенц эзэмших, байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудалд холбогдох заалтуудыг нэлээд нухацтай хэлэлцэн өөрчлөлт оруулсан ажээ. Дахин сэргээгдэхгүй эх үүсвэрээс олж буй байгалийн баялаг, нөөцийн орлогыг уул, уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний нэгжүүдэд хөрөнгө оруулахад ач холбогдол бүхий "Тогтвортой хөгжлийн сан" байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.