Ашигт малтмалын хуулийн төслийн талаарх МАХН-ын бүлгийн байр суурь (2006.01.10)
УИХ дахь МАХН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа одоогийн мөрдөж байгаа хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх ёстой гэж үзэж байна хэмээн тус намын бүлгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй танилцаж санал боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ч.Авдай, гишүүн Ж.Гүррагчаа, Ч.Раднаа нар гишүүн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ. УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал дүгнэлтээ нэгтгэсэн байна.
Хуульд өөрчлөлт оруулахдаа, хайгуулын болон ашиглалтын лиценз олголт, ашиглалтад тавих хяналтыг ил тод, шударга, шуурхай болгох, байгаль орчны нөхөн сэргээлтэд ч онцгой анхаарал хандуулж, нөхөн сэргээлтийг жил бүр хийж байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэдэг дээр МАХН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа ажээ. Сангийн яамны тухайлсан дансанд нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн 50 хувьтай тэнцэх мөнгийг аж ахуйн нэгжүүд урьдчилан байрлуулж нөхөн сэргээлт хийгээгүй бол дансанд байрлуулсан хөрөнгийг түүнд зарцуулахаар Байгаль орчны яамнаас хуулийн төсөлд оруулсан саналыг МАХН –ын бүлэг дэмжжээ. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд газрын жагсаалтыг УИХ-аар баталж, түүнийгээ аж ахуйи нэгжүүдэд дуудлага худалдаагаар худалдаж байх нь зүйтэй гэдэг дээр мөн санал нэгдсэн байна. Хайгуулын болон ашиглалтын лицензээс жилдээ 18 орчим тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт ордог бөгөөд энэ хөрөнгийг сум, аймаг болон улсын төсөвт тодорхой хувиар оруулж байх ёстой гэж МАХН үзэж байна. Эндээс олсон орлогыг боловсрол, эруүл мэндийн салбарт түлхүү зарцуулдаг болох ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурийг ч мөн тус намын бүлэг дэмжиж байгаа аж.
Харин гадаадын хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулахын тухайд МАХН-ын бүлэг босго тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, 20 сая ам. доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиололд Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулах, тэрчлэн гадаадын хөрөнгө оруулагчдад татварын онцгой хөнгөлөлт үзүүлж буй одоогийн тогтолцоог өөрчлөх зүйтэй хэмээн үзэж байна.