Засгийн газрыг огцруулах сонирхлын тухай элдэв дүгнэлтүүд (2006.01.11)
Засгийн газар огцрох тухай мэдээлэл Монголын хэвлэлээр бараг өдөр алгасалгүй шахам гарч байдаг. Ялангуяа МАХН-ын Удирдах зөвлөл хуралдах бүрийн дараа ийм мэдээлэл гарах болсон нь нэг их сонин биш болоод байгаа юм. Гэхдээ өчигдөр, уржигдар хоёр өдөр дараалан тус намын Удирдах зөвлөл хуралдаж, мөн энэ асуудлын талаар ярилцсан тухай мэдээлж байна. Энэ удаагийн мэдээллүүд нэлээдгүй сонирхолтой дүгнэлтийг агуулсан байгааг харгалзан манай сайт уншигчдадаа нэгтгэн толилуулж байна. Юуны өмнө дурдахад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өчигдөр ММ агентлагийн 21 цагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо, “Хэрэв Засгийн газар огцорвол бид /Ардчилсан нам/ хүчтэй сөрөг хүчин болно. Засгийн газрыг огцруулбал үүнийг сэдсэн улстөрийн хүчин хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдсэн юм. Дараахан нь 23 цагийн алдад “Ийгл” телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах тогтоол гаргажээ гээд манай мэдээлэл баттай эх сурвалжаас авсан хэмээн тодотгосон аж.
”Өдрийн сонин” /¹008/ бичихдээ, “МАХН-ын Удирдах зөвлөл энэ сарын 9-10-нд, мөн 10-11-нд шилжих шөнө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрыг огцруулахад олон арга бий. Гэвч Засгийн газрын гишүүд нь санал гаргах хувилбарыг сонгожээ” гэжээ. Гэхдээ тус сонины үзэж байгаагаар Засгийн газрыг унагах тактикийн хувьд МАХН-ын Удирдах зөвлөлийн бүх гишүүн санал нэг биш байгаа аж. Хуучин нийслэлийн удирдлагад байсан нөхдүүд, тодруулбал, нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболд, ерөнхий менежер байсан Т.Бадамжунай нар голлох үүрэгтэй байгаа аж. “Өдрийн сонин” тайлбарлахдаа, “Нийслэлийн нийтийн тээврийн газарт Мэргэжлийн хяналтын газраас саяхан шалгалт ороход нэлээд зөрчил будлиан илэрч, тухайлбал Т.Бадамжунай нар нийслэлийн тээврийн газар хэмээх байгууллагаар дамжуулан мөнгө олж байсан нь ч илэрч буй бололтой. Түүнчлэн Улаанбаатар сан гэгч нийслэлийн удирдлага, МАХН-ын гол албан тушаалтныг санхүүжүүлдэг сантай холбоотой асуудал боссон” гэжээ. Мөн гаалийн Х.Баатарын гэгдэх авилгын хэрэг болон тус намын дарга М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байсан үеийн нийтийн тээвэр, газрын мафитай холбоотой асуудал нь босч буй хэмээн мэдээлжээ. Цаашлаад бүр Ц.Элбэгдоржийг огцруулахыг АНУ-аас түүнийг урьсантай холбосон байх ажээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр тус улсаас Иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах бөгөөд ийм тохиолдолд Ц.Элбэгдоржийн нэр хүнд дийлдэхгүй болтлоо өснө гэхээс МАХН-ынхан айж байна хэмээн дүгнэжээ.
Хамгийн сонирхолтой нь “Өдрийн сонины” эдгээр дүгнэлтийг нотлох гэсэн шиг тус сонины мөн дугаарт Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Д.Дорлигжав нар ярилцлага өгсөн байх юм. Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр ярихдаа, “Ерөнхий сайд Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэрээ иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна” хэмээн баталжээ. Харин Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Д.Дорлигжав "төрийн хяналтад зөвшилцөл гэж байхгүй" хэмээн мэдэгдээд нэр нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг хяналтын сүлжээ бий болсныг үгүйсгээгүй байна. Тэрбээр хэлэхдээ, “Шалгалт оруулахаар намайг МАХН-аар оролдлоо гэдэг хүмүүс бий. Хэрэв надаас өөр популизм хийдэг, нэр төр хөөцөлддөг хүн энэ албан тушаалд байсан бол олон улстөрч, төрийн өндөр албан тушаалтан нүүрээ хийх газаргүй болно” хэмээн мэдэгджээ.
“Өнөөдөр” сонинд /¹008/ Засгийн газрыг огцруулах асуудлыг МАХН-ын Удирдах зөвлөл хэлэлцсэн нь үнэн гээд МАХН дангаараа Засгийн газраа байгуулах бололтой гэж мэдээлжээ. Тус сонинд бичснээр бол МАХН-ын Удирдах зөвлөлд тун ойр эх сурвалж өгүүлэхдээ, “Эрхзүйн чадамжгүй Засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь үнэн. МАХН-ын хувьд хариуцлагаа хүлээж сурсан улстөрийн хүчин. Тийм учраас манай нам засгийн эрхээ аваад хариуцлагаа ч хүлээх нь зөв гэсэн байр суурийг Удирдах зөвлөл баримталж байгаа” хэмээн мэдэгдсэн аж. Тэгээд Засгийн газрыг яг хэзээ огцруулах вэ гэсэн асуултад мөнөөх эх сурвалж нь хариулахдаа, “Тун ойрын үед, хугацаа алдмааргүй байна” гэж хэлжээ. Тэрчлэн МАХН шинээр Засгийн газраа байгуулбал, Барилга, хот байгуулалтын болон Зам, тээвэр, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, шинээр Эрдэс баялгийн яам байгуулж магадгүй сурагтай гэж тус сонин мэдээлсэн байна.
“Зууны мэдээ” сонин /¹008/ зөвшилцлийн гэрээнд засаг солилцох хугацааг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдсэнээс хойш тооцно гэсэн. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын танхим 2004 оны аравдугаар сард бүрдсэн. Харин сүүлийн үед Шадар сайд Ч.Улаанаас эхлээд зарим улстөрч засгаа сольж, авч өгөлцөх хугацааг 2006 оны зургадугаар сар гэж тохирч, хагас жилээр санхүүгийн тооцоогоо дуусгасан нь дээр гэсэн санал гаргаж байгаа. Гэтэл МАХН-ын Удирдах зөвлөл арав битгий хэл, зургадугаар сарыг ч хүлээхгүй адгаж яарч байна гэж бичжээ. Ийн яарсан шалтгааныг тус сонин дөрвөн янзаар тайлбарлажээ.
Нэгд, Засгийн газрыг унагах хамгийн боломжит хугацаа нь энэ удаагийн намрын чуулган. Хэрэв УИХ-ын чуулган товлосон ёсоороо энэ сарын 20-нд завсарлавал хаврын чуулган хуулиараа ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ. Тэр хүртэл Засгийн газраар оролдох боломж бараг байхгүй. Хоёрт, Нийтийн тээврийн газарт Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт оруулсан, удахгүй Улаанбаатар санд шалгалт оруулах гэж байгаа, түүнчлэн Улсын мэргэжлийн хяналтын газрынхан М.Энхболдыг хотын даргаар ажиллаж байх үедээ гаргасан захирамжуудыг өөр дээрээ татсан гэх мэдээллүүд МАХН-ыг, тэр дундаа намын дарга М.Энхболдыг яаруулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Гуравт, МАХН-ын голдуу зарим сайдыг авилгачаар дуудаж, хэвлэлээр цоллосон нь намын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн. Дөрөвт, Ц.Элбэгдоржийн Засгийн газар олон нийт хийгээд МАХН-ын санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна гэж дүгнэжээ. Цаашилбал Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг гурван сар зөвшилцөж байж томилсон. Одоо огцруулбал гурав биш юмаа гэхэд нэг хэсэгтээ л гүйцэтгэх засаглал эзгүйрч, гудамжны хөдөлгөөн харин ч улам идэвхжиж, нийгмийн бухимдал нэмэгдэнэ. Хэрэв тэгвэл 2008 оны сонгуулийн өмнөх хоёр жилд харин ч сөрөг хүчин болсноороо Ардчилсан намын рейтинг өсч, МАХН-ынх буурах магадлал нэмэгдэнэ гэжээ.
Эдгээр мэдээллээс гадна Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “Хүмүүс” сонины энэ оны нэгдүгээр сарын 11-ны дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр танай Засгийн газар үнэхээр цаашдаа ажиллах боломж бололцоогүй болчихоод унагах гээд байна уу гэсэн асуултад хариулахдаа, зөвшилцлийн гэрээний УИХ, Засгийн газрыг хоёр хоёр жилээр ээлжилж барих заалт хэрэгжихгүй, наана нь Засгиин газраар оролдох юм бол энэ нь Засгийн газрын асуудал биш, УИХ-ын асуудал болж хувирна. УИХ-ын ээлжит бус сонгууль хийсэн нь дээр байх гэж бодож байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, ер нь бол энэ Засгийн газар муу ажиллаад болохгүй болчихоод, алдаа гаргачихаад огцруулна гэх юм бол байхгүй. Бусад хүчин зүйлүүдээс болж байгаа юм бий” гэж хэлсэн байна.