Засгийн газар огцрох нь тодорхой болжээ (2006.01.11)
Өнөөдөр 10 цагт эхлэх ёстой байсан Засгийн газрын хуралдааны үеэр МАХН-ын сайд нар үүнийг мөн Ерөнхий сайдад мэдэгдсэн байна. Гэхдээ энэ асуудал УИХ-д албан ёсоор тавигдаагүй байгаа тул Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 13.30-д МАХН-ын дарга М.Энхболдыг дуудан уулзжээ. Энэ үеэр МАХН-ын дарга М.Энхболд тус намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу МАХН-аас Засгийн газрын танхимд ажиллаж буй 10 сайд гарын үсэг зурж одоогийн танхимд ажиллах хүсэлгүйгээ илэрхийлсэн болохыг Ерөнхий сайдад нотоллоо. Иймд Ц.Элбэгдоржийн тэргүүлж буй Засгийн газар огцрох нь нэгэнт тодорхой болжээ.
Засгийн газрыг огцруулах болсон шалтгааныг МАХН-ын дарга М.Энхболд нэг жилийн өмнө “Эх орон-Ардчилал” эвсэл задаснаар Засгийн газар эрхзүйн чадамжгүй болсон. Чадамжгүйн улмаас гаргасан шийдвэрүүд нь тасалдаж, улс орны байдал улам бүр дордож буйтай холбон үзэж буй ажээ. Тэрбээр өнөөдөр 15 цагт МАХН-ын удирдлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн болно. Түүнчлэн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр ММ агентлагийн сэтгүүлчид хэлснээр бол парламентад хамгийн олон суудалтай улстөрийн намын хувьд /саяхан “Эх орон намаас гарч МАХН-д элссэн С.Батааг оролцуулаад 38 суудалтай/ МАХН хуульд заасны дагуу бусад улстөрийн хүчинтэй нэгдэж Засгийн газрыг шинээр байгуулах юм байна. Засгийн газрыг огцруулах болсон бас нэг шалтгааныг тэрбээр танхимын сайд нар одоогийн бүрэлдэхүүнээр ажиллах сонирхолгүй болсонтой холбон тайлбарлаж байна.
17 цагийн байдлаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл үүсээд буй нөхцөл байдлын талаар хуралдаж буй ажээ.