Өмнөх нэвтрүүлгүүд: |
Форум. 2006 оны Монгол: Гочоогийн 4 тавилан 2006 оны 4-р сарын 26. 20:00-21:00
...
|
Форум: ДОХ-Танд хамаатай юу? 2006 оны 4-р сарын 19. 20:00-21:00
Хэдхэн хоногийн өмнө ЭМЯ-наас ДОХ-ын 19 дахь тохиолдол илэрснийг албан ёсоор зарлалаа. Анх 1992 онд нэгэн Камерун эрийн "бэлэглэсэн" энэхүү халдварт өвчний нян тээгчдийн тоо сүүлийн жилүүдэд Монголд огцом өсөн нэмэгдэж, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 11 тохиолдол бүртгэгдсэн. НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрөөс Монголд ДОХ-ын нян тээгч 500 орчим хүн бий гэж тооцсон бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний халдвар тээгч Монгол хүний тоог 1000 гэж тогтоосон бөгөөд ирэх 9 жилийн хугацаанд Монголд 2500 орчим хүн 20-р зууны тахлаар нас барна гэж үзжээ. Харин одоогоор 2 Монгол хүн энэ өвчний улмаас хорвоог орхиод байна. Монголд илэрсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар энэ өвчний халдварыг авсан зэргээс болоод иргэд ДОХ-ыг зөвхөн тодорхой хүрээний хүмүүсийн тусдаг өвчин мэтээр ойлгодог. Гэвч энэ тахлын тархах хэлбэр зөвхөн секс биш бөгөөд хүний цус, үтрээний шингэн, хөхний сүүнд ч энэ өвчний нян агуулагдаж байдаг байна. Тодруулбал халдвартай эхээс хүүхдэд болон янз бүрийн мэс ажилбарын үед эмнэлэгийн багаж хэрэгсэл, зүү тариураар дамжин халдварладаг.Тиймээс эмнэлэгт очиж, эмчилгээний болон гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаа хүмүүс ч халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг байна. Энэ нь ДОХ-ыг зөвхөн тодорхой бүлэг биш, хүн бүхэнд хамаатай асуудал болжээ. Монгол бол 2 их гүрний дунд орших хүн ам цөөнтэй орон. Хүм ам нь сийрэг байдлаар таран байрласан нь ДОХ өргөн тархах нөхцлийг багасгаж байсан ч ДОХ-ын 17 дахь тохиолдол хөдөөний хүн гэдгийг сонин хэвлэлээр мэдээлсэн. Үүнээс гадна санаа зовоох бас нэг зүйл байгаа нь манай хоёр хөршид Хүний дархлал хомсдлийн вирус тээгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа явдал. Өнөөдрийн байдлаар манай хойд хөршид 840 мянга, урд хөршид 640 мянган хүн энэ өвчний халдвартай гэсэн мэдээлэл интернэтэд тавигджээ. Бүр Хятадын хүн амын 10 хувь нь халдвар тээгч байж болох тухай ч зарим эх сурвалжид дурьдсан байна. Энэ бүхэн нь Монголд ДОХ-ын аюулыг улам бүр тодруулж байгаа юм. Ийм нөхцөлд нэгэнт бодитойгоор нүүрлэсэн эмчилгээгүй тахлын эсрэг монголчуудын, Монгол төрийн бодлого юу байх вэ? ЭМ-ийн сайд Л.Гүндалайгийн үзэж байгаагаар "Зөвхөн бэлгэвч" ДОХ-ын эрсдлээс хамгаалах үндсэн арга замууд болох гэр бүлдээ үнэнч байх, тохиолдлын бэлгийн хавтлаас татгалзахыг сайд иргэддээ уриалсны дээр хамгийн гол нь бэлгэвч хэрэглэх нь чухлыг сануулсан юм. Одоогоор дэлхий ДОХ-ыг бүрэн эмчлэх арга хараахан олоогүй байна. Ойрын 10 жилдээ ч төгс эмчлэх эм бүтээж чадахгүй гэдгийг эрдэмтэд мэдэгдээд байгаа. Гэхдээ халдвар авсан тохиолдолд хүмүүс үүнийгээ эрт шинжлүүлж мэдэн хүний дархлааг сайжруулах эм бэлдмэл хэрэглэснээр олон жил наслах бололцоотой гэдгийг ч ХӨСҮТ-ийн эмч Нямхүү, МУЗН-ийн хөтөлбөрийн зохицуулагч Илиза нар хэлсэн. Нэвтрүүлэгт оролцогчдын санаа болгон хэлж байсан бас нэг зүйл нь ДОХ-аюулын тухай нийгэмд айдас төрүүлэх маягаар таниулах биш , харин хүмүүст зөв ойлголт өгч, зөв таниулах, хөдлөө орон нутгийн болон мэс засалч, эх баригч эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх явдал байлаа. Хэдийгээр сүүлийн үед дэлхийд цусаар дамжин халдвар авах явдал багасч байгаа ч мэс заслын багаж, хэрэгслийг аль болох нэг удаагийн хэрэглээнд шилжүүлэх тал дээр ч ЭМЯ болон засгийн газар анхаарч, бодит арга хэмжээ авна гэдгээ ЭМ-ийн дэд сайд нэвтрүүлгийн үеэр амаллаа.
|
Форум: Ард түмний санал 2006 оны 4-р сарын 12. 20:00-21:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ өндөр албан тушаалд сонгогдсоноосоо хойш нэгэн асуудлаар ард түмний саналыг асуух ёстой гэсэн санааг хэдэнтээ илэрхийлээд байна. Тэр нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох эсэх тухай асуудал юм.
2005 оны 12-р сарын 15. "Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч" уулзалтаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглалын тухайд: - Өнөөдөр гурван хувилбар байгаа. Эсвэл парламентийн шууд засаглалтай болох хэрэгтэй, тэгвэл хүчтэй Ерөнхий сайдтай байх. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглал руу орох юм бол хүчтэй ерөнхийлөгчтэй байх. Эсвэл ерөөсөө одоогийн байгаагаараа байх. Тэгээд л ард түмэн л шийднэ.
2005 оны 2-р сарын 23. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын Үндэсний телевизийн шууд ярилцлагаар сурвалжлагчийн асуултанд хариулахдаа: - Ер нь Ерөнхийлөгчийн засаглал байх уу, парламентын засаглал байх уу гэдэг асуудал бол олон жил яригдаж байгаа. Үндсэн хуульд янз янзын заалтууд бий. Тийм учраас би өнөөдөр энэн дээр тэр засаглал нь болно, тэр засаглал нь болохгүй гэж хэлэх ямар ч үндэс байхгүй. Тэгэх юм бол шинжлэх ухаан ч биш ийм л одоо яриа болно. Энийг бол ард түмнээс асууж байж шийдэх ёстой.
Анзаарав уу? Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн засаглалын үзэл санаа Монголд зуугуухан дэлгэрч байна. Судлаачид их дэмждэг болжээ. Ерөнхийлөгчийн засаглалын төлөө төрийн бус байгууллагууд хүртэл үүссэн. Олон нийтийн санал асуулгаар 30-40 хувийн саналыг баталгаатай авдаг болжээ...
Нэвтрүүлэгт Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор Н.Лүндэндорж, Удирдлагын академийн багш, доктор Х.Гүндсамбуу, Ерөнхийлөгчийн Засаглалыг дэмжих холбооны тэргүүн Р.Ууганбаатар, Иргэн Д.Ламжав, Улс төр судлаач А.Саруул, "Тав дахь соёл" нийгэмлэгийн тэргүүн Д.Болдхуяг, Улаанбаатар хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Жанцан нарын хүмүүс оролцлоо.
|
Форум: Намын гишүүн 2006 оны 3-р сарын 29. 20:00-21:00
Өнөөдөр төрийн албыг намаас ангид байлгах шаардлага нэгэнт бий болжээ. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялсныхаа дараа нийгмийг хамарсан халаа сэлгээг эхлүүлж, төрийн өмчит компанийн захирлуудыг хүртэл өөрийн намын хүнээр сольсон . 2000 онд засгийн эрх авсан МАХН хариугаа түүнээс ч илүүгээр авсан юм. 1996, 2000 оны сонгуулийн дараа төрийн захиргааны албанаас халагдсан хүний тоо 2-5 дахин нэмэгдсэн гэсэн судалгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн байна. 2,4 хөн сая хүнтэй Монголд ийм гажиг тогтолцоо ямар хэрэгтэй юм бэ? Өнөөдөр МАХН, АН-д янз бүрийн жигүүр, хөдөлгөөнүүд хэд хэдээрээ байгуулагдлаа. Жирийн гишүүдээ сонсдоггүй намын удирдлагадаа янз бүрийн шаардлага тавьж, гишүүддээ хандан уриалга илгээх боллоо. Харамсалтай нь намынх нь удирдлагууд хөдөлгөөнүүдийн шаардлагыг тоож байгаа юм бараг үгүй, тэгэх тусам аврах, шинэчлэх гэсэн хаягтай хөдөлгөөний төө өдрөөс өдөрт нэмэгдсээр. Хэрвээ сонсохгүй, үзэл бодлыг нь хүндэтгэхгүй л юм бол намд гишүүн ямар хэрэгтэй юм бэ? МАХН-ын 160, АН-ын 100 мянган гишүүн зөвхөн сонгуульд л хэрэгтэй, бусад үед хамаагүй гэж үү? 2000 хүрэхгүй хүн амтай, жижиг сум хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж чадахгүй болтлоо намчирхаж, талцаж байна. Үнэн хэрэгтээ сум орон нутаг дахь намын анхан шатны байгууллага, гишүүд төвтэйгээ ямар ч холбоо хэлхээ байхгүй, тэнд намын бодлого мөрийн хөтөлбөр хэрэгжээд байгаа зүйл үгүй хэрнээ л иргэдийн хуралд намууд нэр дэвшүүлж, сумын цөөхөн сэхээтнүүд нь намаараа хуваагдан талцаж байна. Монголчууд намгүйгээр амьдарч чадахгүй юу? Намын гишүүн л биш бол аливаа шагнал урамшуулал, бодит бололцоо хаагдмал байсан тэр үе уг нь өнгөрсөн. Заавал нэг намд элсэж, намын батлах гардахгүйгээр амьдралаа аваад явах бололцоо бидэнд байхгүй гэж үү? Америкт гэхэд намууд хатуу гишүүнчлэлгүй байж, сонгуулиар санал өгсөн хүмүүсээ намын гишүүн дэмжигч хэмээн тооцдог . Тиймээс ч төрийн албанд нам харж томилох, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үзэгдэл гардаггүй. Харин манай намууд болохоор морь малаа дансалж тамгалдаг шиг гишүүн гэсэн нэг батлах тараахгүй л бол оршин тогтнохгүй юм шиг бөөн бөөнөөр нь батлах тараасаар. Иргэд нь ч авсан батлахныхаа өнгөөр талцан хуваагдсаар. Нэгэнт намаараа талцан хуваагдахгүй байж чадахгүй, төрийн албан хаагчдаа ч үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байж чадахгүй байгаа болохоор Монголын намуудыг хатуу гишүүнчлэлээс салгая. Монголд гишүүнгүй нам байж болох уу? Нэвтрүүлэгт оролцогчдын ихэнхи нь намууд чөлөөт гишүнчлэлтэй байж, төрийн алыаг намаас салгах ёстой гэдэг дээр адил байр суурьтай байлаа. Үзэгчичд ч мөн адил ийм саналтай байгаа нь санал асуулгаас тодорхой болсон юм. Нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Ж.Нарнцацралт, сэтгүүлч Г.Дашрэнцэн, уос төр судлаач, доктор Т.Гантулга нар оролцлоо. Мөн судлаач Д.Ганбат, Х.Тэмүжин болон МАХН, АН-ыг шинэчлэх хөдөлгөөний гишүүд, мөн намын жирийн гишүүд, иргэд оролцлоо. Нам төвтэй тогтолцоонос салахын тулд "Улс төрийн намуудын тухай" хуульд өөрчлөлт оруулж, намуудыг хатуу гишүүнчлэлээс салгах, нам бус байх ёстой төрийн албан хаагчдийн жагсаалтыг батлах зэрэг саналыг нэвтрүүлэгт оролцогчид гаргалаа.
|
Форум: Ядуу аав, Баян аав 2006 оны 3-р сарын 22. 20:00-21:00
Өнөөдөр мөнгө олох, мөнгө өсгөх арга ухааны тухай их ярьдаг боллоо. Өмнөх үеийнхэн "Тунгалаг тамир" -ын Итгэлт баян"-аас бага сага суралцсан байх. Харин шинэ үе "Баян аав, ядуу аав" болон үүнтэй төстэй бусад ном хэвлэлээс суралцаж байгаа. Тэдгээр номонд юуны өмнө мөнгөө хамаагүй битгий үрээрэй хэмээн анхааруулж байна. Бидний өмч хөрөнгө гэж үздэг электрон бараанууд, компьютер, машин тэрэг, байшин маань үнэн хэрэгтээ өр төлбөр байдаг, яагаад гэвэл худалдаж авсан тэр мөчөөс эхлэн үнэ цэнээ алдаж эхэлдэг, цаашдаа орлого өгөхгүй мөртлөө үргэлж ашиглалтын зардал шаарддаг. Хэрвээ зээлээр авсан бол арайхийн төлж дуусах цагт хуучраад элэгдээд алга болчихсон байна.
Нэгэн эрхмийн хэлснээр манайд "компаниасаа том машин унасан хүмүүс олон байна". нэхээр, хэдэн арван саяын гоё машинтай мөртөө жижигхээн бизнестэй, эсвэл бүр сая, тэрбумын өртэй хүмүүсийг ингэж тодорхойлохоос өөр яахав.
Тэгвэл дээрх номын жинхэнэ баян аав мөнгөтэй болж, арвижуулахын тулд юу хийдэг вэ? Өөрөө эзэмшдэг боловч өөр хэн нэгэн түүний өмнөөс ажилладаг бизнесийг эрхэлдэг. Үүнд, орлого бий болгогч үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, өрийн бичиг, бондууд, зээлийн бичиг, биет хөрөнгө, ашгийн хувь авчирдаг оюун ухааны бүтээлүүд, үнэ цэнэтэй орлого бий болгогч зүйлс болон үнэ цэнэ өсч зах зээлд амархан зарагддаг бусад бүх зүйлс ордог…
Нэвтрүүлэгт "Хас" банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал, "Амжилтын хөтөч" төвийн тэргүүн Т.Цэнд-Аюуш, "Монгол даатгал" компанийн ерөнхий мэргэжилтэн З.Бадам, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны дарга Д.Долгормаа, Монголын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Төрмөнх, "Эрдэнийн эргэлт" хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Г.Ширмэндорж, САПУ-гийн түрээслэгчдийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Нямдорж нарын хүмүүс оролцлоо.
|
Монгол : Дараачийн 15 жилд 2006 оны 3-р сарын 15. 20:00-21:00
Манай орон ардчилал, зах зээлийн замд шилжин орсноос хойш 15 жил өнгөрлөө. Энэ хугацааны туршид шилжилтийн үе гээчийн тухай улиг болтол ярьж хөөрсөөр ирлээ. Хуучин нийгмээс зах зээлийн тогтолцоо руу бэдэрсэн энэ амаргүй үйл явц дууссан уу? Энэ асуултыг нэвтрүүлэгт уригдсан Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Т.Очирхүү, Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат нарт хөтлөгч нэгэн зэрэг тавив. Энхсайхан, Очирхүү нар шилжилтийн үе дууссан, Чулуунбат дуусаагүй хэмээн хариулсан. Адмон ХХК-ийн захирал Р.Энхбат Европын Холбоо өнөөг хүртэл Монгол Улсыг зах зээлийн биш эдийн засагтай орнуудын жагсаалтад хамруулдгийг дурдаад төрөөс өнгөрөгч 15 жилд зах зээлийн зарчимд харш халамжийн бодлого түлхүү явуулж ирснийг шүүмжиллээ. Ирэх 15 жилийн хөгжлийн бодлого ямар байх талаар нэвтрүүлэгт оролцогчид мэтгэлцлээ. Өнгөрсөн 15 жилд улс орны хөгжлийн чиг баримжааг тусгасан 90 гаруй баримт бичиг боловсруулсан боловч арга зүйн хувьд даяаршлын нөлөөлөл, гадаад зах зээлийн хүчин зүйлийг тооцоолж байгаагүйгээс хэрэгжилгүй цаасан дээр үлджээ гэж улс төрч Энхсайхан үзэж байв. УИХ-ын гишүүн Очирхүү өнгөрсөн 15 жилд манай хүмүүсийн бодит орлого 2 дахин өссөн нь хангалтгүй гээд өмнөх 15 жилийн сургамжаа нэгтгэн дүгнэж Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт хийх, шаардлагатай гэж үзвэл Засаглалын хэлбэрийг ч хөндөхөд гэмгүй гэсэн санаа хэллээ. Банкир Чулуунбат мөнгө босгох, орон сууц олноор барихыг ирэх 15 жилийн чухал зорилт гэж томьёолов. Нээлттэй Нийгэм Форумын удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан Монголд орос, хятадын оюутнуудыг татаж сургах хөгжингүй орны нэртэй их сургуулийн салбар сургуулийг байгуулах бололцоотой гэж хэллээ. Нэвтрүүлэгт доктор Ч.Хашчулуун, Цэдэндамба, судлаач З.Батболд, инженер М.Энхбаяр нарын хүмүүс оролцлоо.
|
Форум: Монголын ус 2006 оны 3-р сарын 1. 20:00-21:00
Монгол их устай орон уу ? Албан ёсны судалгаагаар Монгол орны усны нөөц 34.6 км куб. Энгийнээр тайлбарлаваас хааш хаашаа 34 км дөрвөлжин саванд Монголын хэрэглэж болох бүх ус багтана. Дэлхийн жишгээр Монгол ус ховортой оронд тооцогддог. Нийслэл Улаанбаатар хот гэхэд 20 жилийн дараа усгүй болно гэсэн судалгааг мэргэжилтнүүд дээхнэ хийжээ. Гэвч хоногт хэрэглэх усны хэрэглээ нь нэмэгдэж байгаагаас 20 биш харин тавхан жилийн дараа нийслэлийнхэн усгүй болно гэсэн тооцоог зарим судлаачид гаргаад байна. Энэ бол түгшүүр. Үнэхээр алт биш харин ус хайх, ус олборлох хэрэг Монгол улсад тулгараад байгаа юм биш үү? Сүүлийн үед Монголын хамгийн ус багатай бүс нутаг болох говьд ашигт малтмалын томоохон орд газрууд олноор олдож байна. Тэрхүү орд газруудыг ашиглахад хамгийн хэрэгтэй зүйл нь ус. Тэр усыг хаанаас олох вэ? Айвенхоу майнз компани гэхэд гүний ус ашиглаж үйлдвэрлээ явуулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэд энэ төлөвлөгөөгөө Австралийн нэгэн компаниар хийлгэсэн тооцоо судалгааг үндэс болгон тайлбарлаж байгаа юм. Говийн хөрсөн дор алт, зэс, нүүрснээс гадна жаахан ус бий гэдгийг эрдэмтэд үгүйсгэдэггүй ч хөрсөн доорхи жаахан ус нь говийн байгаль экологид алт зэснээсээ илүү чухал үүрэгтэйг ч бас сануулж байгаа юм. Сүүлийн үед хангайгаас говьруу ус татах тухай яриа нэлээд эрчимтэй өрнөж эхэллээ. Эх оронч биш голуудын урсгалыг өөрчлөх тухай санааг ч Байгаль орчны сайд асан Барсболд хэдэн жилийн өмнө цухалзуулаад авсан. Үнэхээр ч зөвхөн уул уурхай биш говийн хүн мал, байгальд ус хэрэгтэй. Гэхдээ яаж? Байгаль орчны яамны вэб сайтад Сэлэнгэ мөрний сав газрын гүний болон гадаргын усны зохих хэсгийг говийн бүс рүү шилжүүлэх", "Онон, Балж голуудын сав газрын гүний болон цас бороо, гадаргын усны зохих хэсгийг хүн ам ихээр төвлөрсөн хот суурин газар болон говийн бүс рүү шилжүүлэх" төслийн гүйцэтгэгчдийг Олон улсын нээлттэй тендерээр шалгаруулан сонгосон тухай мэдээлжээ. Өнгөрсөн оны 9-р сард зарлагдан 11-р сард шалгаруулсан Сэлэнгэ мөрний урсацад тохируулга хийж, говьруу ус хүргэх уг тендерт Хонгконг Хятадын хамтарсан нэгэн консорциум ялсан байна. Энэхүү төслийн гол агуулга нь Сэлэнгэ мөрний усны 35 хувийг 99 жилийн хугацаатайгаар ашиглах. Энэ хүрээнд Булган аймгийн нутагт Сэлэнгэ мөрөн дээр усан сан байгуулж, улмаар уул нэвтэлсэн урт тунел, өргөлтийн насос зэрэг механик байгууламжаас гадна усны өөрийн урсацыг ашиглан Булган, Өвөрхангай, Архангай, Дундговь, Дорноговь , Өмнөговь аймаг, Замын-Үүд, Эрээн хот гэсэн маршрутаар 1000 гаруй км газарт ус дамжуулан хүргэнэ. Сонирхолтой нь, яамныхаа веб сайтад гүйцэтгэгчийг шалгаруулан сонгов гээд биччихсэн, дээр нь хаана далан усан сан байгуулж, хаана тунель гаргахаас эхлээд зарцуулах мөнгө, олох ашиг орлогоо хүртэл тооцчихсон энэ төслийг гүйцэтгэх ажлын биш судалгааны тендер хэмээн албан эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм. 4,5 тэрбум долларын өртөгтэй судалгааны тендер.
Мэргэжлийн хэлээр урсацын тохируулга хийх гэж нэрлээд байгаа энэ ажлын үндсэн технологи нь гол мөрөн дээр ус хуримтлуулах цогцолбор байгуулах. Мэдээж голын усны тодорхой хэсгийг ашиглана, дээр нь цас борооны ус, хаврын шар усны үерийг ч хуримтлуулж авч хоцроно. Ус ихтэй жил хуримтлалаа бий болгоод гол тасрахаар ус багатай үед хуримтлалаасаа нөхөн сэлбэнэ. Өөрөөр хэлбэл гол үерлэхгүй бас татрахгүй, яг л нэг хэвэндээ урсана гэсэн үг. Энэ утгаараа гол усаа ч хамгаалах ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүдийн тайлбарлаад байгаа энэ арга уг нь дэлхийд хэвшсэн зүйл гэнэ. Гэхдээ энэ нь ногоо услах шуудуу татахтай адилгүй зүйл учраас судалгаа шинжилгээг маш нарийн хийх ёстой. Тухайлбал дундаж урсацынх нь 10 хүртэл хувийг нь ашиглахад Сэлэнгэ мөрний урсацад өөрчлөлт орохгүй байх боломжтой гэсэн тооцоог Монголын эрдэмтэд хийжээ. Харин одоо шалгарчихаад байгаа төслийнх 35 хувь. Хэрвээ төсөл одоо төлөвлөснөөрөө хэрэгжвэл Сэлэнгэ мөрөн усгүй болох аюул нүүрлэх нь. Сэлэнгээс гадна Онон , Улз, Хэрлэн, Туул голын урсацад тохируулга хийж, говийг усжуулах тухай янз бүрийн санал төсөөллүүд эрдэмтдийн дунд бий. Мэдээж усгүй газар устай болж, говьд мод ногоо тариад эхэлбэл түүнээс сайн зүйл ховор. Гэхдээ Сэлэнгэ, Онон, Улз зөвхөн Монголын гол биш, энэ голууд хойд хөршид маань ч хамаатай. Хятадууд ч бас Хэрлэнг өөрийн гол ус гэж үзнэ. Олон улсын стандарт, гэрээ конвенцед нийцүүлэн энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Малын бэлчээртээ ганц худаг гаргах чадалгүй шахам Монголчууд гол усаа говьруугаа урсгах тухай ярьж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр говьдоо ч усгүй, хангайдаа ч голгүй болж хоцрох вий.
Монголчууд бид буга тарвагаа намнаж зөөгөөд дууссан, алт зэсээ ухаж зараад дуусч байна. Одоо усаа зарах л үлдлээ гэж үү?
Сэтгүүлчийн энэ асуултад усны салбарын ихэнхи мэргжилтэн "усыг ашиглах, зарах цагболсон хэмээн " үзэж байгаагаа нэвтрүүлгийн үеэр илэрхийллээ. Харин доктор Эрдэнэжав ус шилжүүлэх тухай асуудал экологийн талаасаа бүтэхгүй зүйл гэдгийг ОХУ-ын болон бусад орноос жишээ татан нэлээд жинтэйхэн илэрхийлсний дээр төрийн бус байгууллага, нутаг усаа хамгаалах хөдөлгөөнийхөн энэ явдлын эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгсэн юм.
|
Форум: Яагаад хөдөлгөөн...? 2006 оны 2-р сарын 22. 20:00-21:00
Өнөөдөр ажилтай, ажилгүй, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу жирийн иргэдийн эрх ашгийг хэн хамгаалж байна аа? Бидний сонгосон УИХ-ын гишүүн, эсвэл аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид үү? Хүүхдийн тоглоомын талбайд халдаж барилга барихад лав ирдэггүй. Баян ядуугийн ялгаа, авилгал хавтгайрсанд хэн хариуцлага хүлээж байна? Хоёр том намыг ээлжилж сонгоод, эсвэл тэнцүүлээд ч нэмэр алга... Тэгтэл иргэний хөдөлгөөнүүд гарч ирлээ. Тэд ямар ч асуудлыг шүүрч аваад тэмцэхэд хэзээд бэлэн: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахын төлөө, Н.Энхбаярын эсрэг, Оюутолгойг хуваахын төлөө, Ээлжит бус сонгууль явуулахын төлөө, МАХН-ны даргын эсрэг, АН-ын удирдлагуудын эсрэг, Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахын төлөө, Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахгүйн төлөө, автобусны үнийг нэмэхийн эсрэг, Ард түмний онц их хурал байгуулахын төлөө... Өнгөрсөн сард Монголд хувьсгал эхэллээ хэмээн баахан худлаа залж бантсан гадаадын хэвлэл мэдээлэл "энэ хавар яг гарна" хэмээн хойшлуулчихаад хүлээж суугаа. Өнөөдөр иргэний хөдөлгөөнүүдийн ээлжит шаардлагуудыг сонсох юм бол төрийг огцруулж, буулгахаас өөр аргагүй мэт. Дахиад цонх шил хагарч эхлэнэ гэж үү?
Энэ тухай асуулт тавьж ярилцсан нэвтрүүлэгт улс төрч, орчуулагч Г.Бошигт, доктор, профессор С.Лочин, "Эрүүл нийгэм" иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч О.Магнай, "Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар оролцлоо.
|
Форум. Ашигт малтмалын лиценз 2006 оны 2-р сарын 15. 20:00-21:00
Өнөөдөр Монголчууд бидэнд мөнгө олох хоёрхон бодит салбар бий гэж зарим судлаачид үздэг. Мэдээж нэг нь уламжлалт мал аж ахуй, харин нөгөөх нь газар доорхи баялаг маань. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэхэд улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байсан үе ч бий. Ингээд бодохоор зөв хөгжүүлж чадвал уул уурхай монголын эдийн засгийн тулгуур үндэс ч байж болох юм. Гэхдээ өнөөдөр бид энэ салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлж, зөв гольдролд нь оруулж чадсан уу? Эдийн засгийн болон стратегийн ямар бодлого хэрэгжиж байна вэ? Яагаад сүүлийн үед газар шороо, эрдэс баялагтай холбоотой асуудал иргэдийн анхаарлыг татаж, улс төрчдийн гол сэдэв болоод байна вэ? Оюу толгой, Таван толгой зэрэг онцгой орд газруудаас Монголчууд юм хүртэж чадах уу? Энэ мэт олон асуулт өнөөдөр бидний өмнө тавигдаж байна. Энэ бүх асуултанд бага ч болов хариулт олох зорилгоор газар доорхи баялаг хувиарилах эхний алхам болсон ашигт малтмалын лиценз тойрсон асуудлаар энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтын болон хайгуулын 6000 гаруй лиценз хүчинтэй байгаа бөгөөд тэрхүү лицензээр олгосон талбайн хэмжээ манай улсын нийт нутаг дэвсгэрийн тэн хагаст шахам хүрээд байна. Хот суурин газар болон дархан цаазтай, тусгай хамгаалалтай газруудыг оруулан тооцвол одоо бидэнд дахин геологи хайгуул хийх газар бараг үлдсэнгүй. Хатуухан хэлэхэд одоо лиценз эзэмшиж байгаа 1700 орчим аж ахуйн нэгж иргэд Монголын газар доорхи баялгийг аль хэдийн хуваагаад авчихаж. Тэдний зарим нь бүр санаанд ормооргүй олон лиценз эзэмшдэг бөгөөд ихэнхи нь ашигт малтмал хайх, ашиглах зорилгогүйгээр зөрөөгөөр нь ашиг олохоор дамлан худалдаж байгаа нь тогтоогдсон тухай АМ-ын тухай хуулийн төслийн танилцуулгад дурьджээ.
Гэхдээ энэ бүхний буруутан нь хуулийн дагуу лиценз авсан лиценз эзэмшигчид биш харин өнөөдөр үйлчилж байгаа 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль гэж нэвтрүүлэгт оролцсон олон хүн хэлж байлаа. Тиймээс ч ирэх хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхдөө юуг анхаарах тухай ч нэвтрүүлэгт оролцогчид саналаа хэлсэн. Хуулийг нэн даруй гаргах хэрэгтэй гэдэг саналаа ч УИХ-ын гишүүн Ц.Дамиран болон УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан нар илэрхийллээ. Салбарын шинэхэн сайд лицензийн асуудлыг цэгцэлж хууль бус явдлыг таслан зогсооно гэдгээ, Монголын баялгийг ард иргэдэд, улсад хүртээмжтэй байдлаар ашиглахад анхаарна гэдгээ амаллаа. Оюу толгойн ордыг гэхэд 51 хувийг нь төр буцаан худалдаж авах ёстой, цаашид Таван толгой болон ер нь онцгой нөөцтэй ордуудыг ашиглахад төр 51 хувийг нь эзэмшдэг жишиг тогтоох бодолтой байгаагаа, түүний энэ саналг Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр дэмжиж байгааг ч сайд Жаргалсайхан дуулгасан юм.
|
Форум. Зөвшилцөл юу өгөв? 2006 оны 2-р сарын 8. 20:00-21:00
Манай нэвтрүүлэг Монголын Үндэсний Телевиз ОНРТ болох үйл явцаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны эцэст дахин явж эхэллээ. Нэвтрүүлгийн зохион байгуулалт бага зэрэг өөрчлөгдөв. Янз бүрийн үзэл бодол, байр сууртай хүмүүсийг оролцуулахын зэрэгцээ тэдэнд урьдахаас ахиу ярьж санаа бодлоо илүү тодорхой илэрхийлэх боломж олгох үүднээс нийт оролцогсдын тоог цөөлсөн болно. Энэ удаагийн нэвтрүүлгийн сэдэв – Зөвшилцөл. Сүүлийн хоёр жил шахмын хугацаанд Монголын улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ нь зөвхөн ээлжит сонгуулиуд явагдсантай холбоотой биш. 2004 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын санал МАХН ба "Эх орон-Ардчилал" эвсэлд ерөнхийдөө тэнцүү хуваагдсаны дараа улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсч зөвшилцөл эхэлсэн. Түүнээс хойшхи үйл явдлууд та бидний нүдний өмнө болж өнгөрлөө. Өнөөдөр зөвшилцөл юу болов, үргэлжилж байна уу? Ямар сургамж өгөв? Цаашдаа яахав? Энэ тухай дэлгэрэнгүй ярилцсан нэвтрүүлэгт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, Ардчилсан Намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн З.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж, мөн "Иргэдийн альяанс" төвийн дэд захирал Т.Ундаръяа, Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, МСДН-ийн дарга А.Ганбаатар, Нийгэм-эдийн засгийн судалгааны "Прогноз" хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, "Үнэн" сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжин, бодлогын судлаач Ц.Нямхүү, Улс төр судлаач А.Гомбоцэдэн, "Үзэл бодол" сэтгүүлийн эрхлэгч Ч.Чимэгбаатар нар оролцлоо.
|
Форум. Олон нийтийн радио, телевиз: Анхны алхам 2005 оны 12-р сарын 21. 20:00-21:00
2005 оны 1-р сарын 27-нд Монгол Улсын Их Хурлаас Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хуулийг батлан гаргасаан. Энэ хууль 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсноос хойш бараг хагас жил өнгөрчээ. Гэтэл ОНРТ хараахан алга байна. Уг нь эхний алхмаа хийсэн. Энэ зун төрийн бус байгуулагууд хонон өнжин хуралдан байж ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 58 нэр дэвшигчээс 34-ыг сонгож Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өргөн барьсан билээ. Харин төрийн гурван өндөрлөг дээр хэнийг яагаад хассан, сольсныг олон нийт төдийлөн мэдээгүй өнгөрсөн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тус тусын дэвшүүлсэн 4 хүний хоёрыг өөрсдөө шинээр гаргаж ирсэн бол УИХ дээр нэлээд зөвшилцсөн харагддаг. Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн тэр 15 хүн яг хэвээрээ батлагдсан юм. Үндэсний зөвлөлд хөдөө орон нутгаас, үндэсний цөөнхөөс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс, ер нь жирийн иргэдээс төлөөлөлгүй, гэхдээ үнэхээр сайн удирдаж чадах энэ хүмүүсийг их л бодож сонгосон биз ээ. Харамсалтай нь, Үндэсний зөвлөл ОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж чадалгүй өдий хүрлээ. Сонгон шалгаруулалт зарлаж өрсөлдөөнд оролцсон 10 хүнээс 3-ыг шилж телевизээр халз мэтгэлцүүлсэн боловч эцсийн сонголтон дээрээ гацчихаад байна. Бүр шүүхээр явж байгаа... Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсноос хойш бараг хагас жил өнгөрснийг дахин сануулья. Тэр өдрөөс хойш нэг ч сайд, дарга , албан тушаалтан МҮТВ-ийн хэнд ч үүрэг даалгавар өгөх эрхгүй. Дээрээс нь төсвөөс санхүүжилтээ авдгаараа авсан. Тэгсэн мөртөө арилжааны телевизүүдтэй нэгэн адил эх захгүй реклам сурталчилгаагаа цацаж мөнгөө олсоор байлаа. Өөр юу хэрэгтэй юм бол? Өнгөрсөн хугацаанд МҮТВ олон нийтийнх болж байна гэсэн онцгой шинж тэмдэг, нүдэнд тусахуйц өөрчлөлт ажиглагдав уу? Хүсэн хүлээсэн олон нийтийн нэвтрүүлгүүд хаана байна аа? Төрийн хууль байхад заавал даргын команд хүлээх хэрэг байгаа юм уу? Ерөнхий захирлаар С.Мягмар ч юм уу хэн нэгэн томилогдоод ирнэ. Тэгээд юу гэж? Ямар нэвтрүүлэг хийхийг зааж өгөхгүй. Үндэсний зөвлөл ч тийм эрхгүй... Монголын үндэсний телевиз цаашдаа өгсөх үү, уруудах уу? Өнөөдөр МҮТВ бол яах аргагүй Монголын №1 телевиз хэвээрээ. Яагаад гэвэл үндэсний хэмжээний бөгөөд хамгийн том телевиз. Орон даяар өөрийн сувгаар шууд цацагддаг хэвээрээ. Өнгөрсөн намраас хувийн телевизүүд орон нутагт гарч эхэлсэн, гэхдээ тус тусдаа суваггүй, хоёр хоёроороо ээлжилдэг, зөвхөн кабелиар гардаг... МҮТВ-ийн уран бүтээлчид, техникийн ажилтнууд нь энэ салбартаа хамгийн олон, хамгийн туршлагатай. МҮТВ төр засгийн үргэлжлэл байсан. Одоо МҮТВ шинэ зам дээр гарч ирлээ. Харин уруудах, өгсөх аль зам бол? Хэдэн жилийн дараа ОНРТ гэж нэг л их зөв зүйтэй, хэрэгтэй, чухал нэвтрүүлгүүдтэй боловч рейтингээрээ арилжааны телевизүүдийн ард орчихсон, Монголын №2, №3 телевиз болохгүй биз. Хуучин социалист орнуудад иймэрхүү явдал тохиолдсон... Эсвэл үнэхээр BBC, NHK шиг Монголдоо №1 байж чадах уу? Өнөөдөр арилжааны буюу хувийн телевизүүд илүү шинэлэг, санаачлагатай байна. Өдрийн турш болон 24 цагийн эфир, японы сумо, Зуны олимпийн тоглолтын шууд сурвалжлага, Улаанбаатар-Сан-Франциско долоо хоног тутмын телегүүр, өдөр тутмын реалити-шоу зэргийг арилжааны телевизүүд эхэлсэн. Телевизийн нэвтрүүлэг, улам бүр шууд, амьд (live), "телевизийн мэдээ гэж саяхан болсон биш, яг одоо болж байгаа үйл явдлыг хэлдэг" болсон энэ цаг үед арилжааны телевизүүд өрсөөд, давж гараад байна. Тэд сар, жилээр бэлтгэж том бодлого, сүлжээ зохиож сүржигнээд байдаггүй, үйл явдал тохиолдмогц, асуудал тулгармагц, санаа төрөнгүүт шууд хийчихдэг. Хамгийн хурц, сонирхолтой мэдээг арилжааны телевизүүд олж байна. Зарим нь орон нутагт өөрийн сурвалжлагчидтай болж амбицаа зарлаж эхэллээ. Eagle хэмээх мэдээний телевизийн сурвалжлагч залуу Вашингтон нисч очоод Жорж Буш гэдэг хүнээс ярилцлага авч магтуулаад ирж байна. МҮТВ-ийн сурвалжлагч бас очсон боловч ярилцлагын оронд баахан гомдолтой буцаж ирсэн байдаг...
Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Э.Бат-Үүл , ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Содномдорж, гишүүд Г.Цэрэнпүрэв, Х.Чилаажав, О.Мөнгөнтуул, Р.Бурмаа, Ж.Занаа, Н.Золжаргал, Л.Дамдинсүрэн нар болон Монголын Үндэсний телевизийнхэн, мөн иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.
|
Форум: Шагнал 2005 оны 12-р сарын 14. 20:00-21:00
Энэ нэвтрүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу иргэддээ олгодог Төрийн шагналын систем өнөөгийн нийгмийн үнэлэмжид нийцэхээ больж хоцрогдсоныг олон талаас хөндөн ярилцав. Нэвтрүүлгийн эхэнд сэтгүүлч Ц.Ганболдын бэлтгэсэн тайлбарыг үзүүллээ. Сэтгүүлч тайлбартаа" Миний найз хоёр жилийн өмнө энгэр цоолж Алтан гадас одон хүртдэг юм байна. Төрийн ордны Соёмбо танхимд улсынхаа Ерөнхийлөгчөөс одон гардсан найз маань юун түрүүн баяраа хамт олонтойгоо хуваалцжээ. Энэ ёслолд нь хүрэлцэн ирсэн нэгэн гавьяат баяр хүргэж бас захиас сургамжаа ч хэлжээ. "Чи залуу болохоор наад шагналынхаа мөн чанарыг бүрэн ухаарахгүй байж магад. Алтан гадас сайхан одон шүү. Төрийн хишиг. Хүндэлж болж өгвөл баяр болгоноор зүүж байгаарай.Эс бөгөөс эзэн нь Соёмбо танхимд гардахдаа нэг удаа зүүдэг, энэ хорвоогоос өөрөө буцахад нь зөөлөвчтэй жинтүү дээр зүүгдэн сүүлчийн замд үддэг нэг тиймхэн бэлгэдлийн зүйл болон хувирчихаад байгаа юм" гэж сануулан хэлжээ. Нээрээ л тийм ч юмуу гэх бодол шууд толгойд минь зурсхийсэн гэж найз маань хэлдэг юм. Төдөлгүй зун ирж улсын наадам болжээ. Найз маань нөгөө сануулгыг бодсоор наадмын эхний өдөр одонгоо зүүжээ. Тэгтэл наадмын талбайд энгэр дүүрэн одон ярайлгасан ахмадууд цөөнгүй тааравч үеийнхнээс нь нэг ч хүн одон зүүсэн харагдсангүй. Мань хүн арайхийн нэг өдөр өнгөрөөгөөд наадмын хоёрдахь өглөө хүндтэй одонгоо энгэрээсээ мулталж гэртээ орхисон гэдэг юм. Социализмын үед манлайлагч, хошуучлагчийг магтан дуулж алдаршуулдаг бүхэл бүтэн систем үйлчилдэг байлаа. Наад зах нь ганц баярын бичиг, диплом, сайшаалын үнэмлэхгүй хүүхэд ч ховор байсан даа. Цаашлаад салбарын тэргүүний ажилтан, таван жилийн гавшгайч, тэргүүний залуу, үйлдвэрчний эвлэлийн тэргүүний ажилтан, хүндэт дэвтрийн эзэн, бригад, сум, аймгийн аварга, Засгийн газрын Хүндэт жуухын эзэн, одон тэмдэгтэн гээд уртын урт жагсаалт үргэлжилнэ. Энэ бүхэн монголчуудад төдийлөн гай болоогүй ч байж мэдэх юм. Гэхдээ амьдрал ахуйд нь нэмэр болж байсан уу гэвэл эргэлзээтэй. Яахав улсын сайн малчин болсон хүн таван ханатай гэрээр шагнуулж байсан л даа. Гэхдээ сайн малчин тоотой, таван жилийн гавшгайч тэмдэгтэн тоогоо алдсан байж билээ. Энэ бол өчигдрийн дүр зураг. Харин одоо ямар байгаа билээ? Нийгэм эдийн засгийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдөөд 16 жил өнгөрсөн ч монголчууд бидний бие биеэ өөгшүүлэн хуурдаг, зулгуйддаг мөн чанар даанч өөрчлөгдсөнгүй. Ардчиллын жилүүдэд манай улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хэвшил, хүмүүсийн аж төрөх хэв маяг, хүсэл эрмэлзэл хүртэл орвонгоороо өөрчлөгдсөн байхад бид одон медалийн төлөө оочирлож дугаарладаг хэвээрээ. Мах, сүүнд оочирлохоо больсон монголчууд одонд оочирлодог янзаараа гээд бод доо Өнөөгийн төрийн шагналаас эхлэе. Цэдэнбал даргын үед ЗХУ-ын удирдагч Брежневийг шагнаж байсан Сүхбаатарын одонгоор шинэ Монголын төрийн түшээ өнөөдөр энгэрээ мялааж байх аж. Харин энэ завсар 1921 оны ардын хувьсгалын удирдагч хэмээгдэж хэдэн үед тахин шүтүүлж байсан цэргийн жанжин Сүхбаатарын түүхэн гавьяа түүхийн ном сударт хүртэл бүрхэгдэж амжсан байх юм. Хуучны боловч одоо хүртэл хүмүүсийг бөөндөн шагнасаар байгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэж бий. Зах зээлийн нийгэмд хөдөлмөр хийж хөлсөө дуслуулсан хүн хувьдаа өмч хөрөнгө, ашиг орлоготой болж өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж байхад хөдөлмөрийнх нь гавьяаг хэн нэгэн хөндлөнгөөс үнэллээ гээд давхар юу хожиж байгааг хэмжихэд бэрх. Яахав аз таарвал зурагтаар гарч, хурааж хумьсан хэдэн төгрөгөөрөө хөдөлмөрийнхөө гавьяаг нэг орой угаах юм биз. Өмнөх нийгэмд манлайлагчдаа, өнөөгийн нийгэмд алдартай бөхчүүдийг түлхүү шагнадаг Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол бий. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө хэмээх уриатай байсан цаг үед нийтийн төлөө хөдөлмөрлөж зүтгэсэн хошуучлагчаа Хөдөлмөрийн баатар болгон алдаршуулдаг байлаа. Харин одоогийн капиталист нийгмийн үнэлэмжээр бол хувьдаа хамгийн их хөрөнгө мөнгө хуримтлуулсан баян хүнийг энэ цолоор шагнах учиртай юм болов уу. Ухаандаа Хөдөлмөрийн баатар МСS-ийн Оджаргал, Алтжингийн Алтан, Шунхлайн Батхүү гэвэл ямар сонсогдож байна? Эрэмбээрээ гутгаар юмуу дөтгөөр зэргийн Алтан гадас гэж сайхан одон бий. Нэрээрээ ч, үзэмжээрээ ч гологдохооргүй одон. Харин Ойдов зураачийн урласан төрийн шинэ сүлдтэй бус, хуучин цагийн сүлдтэй. Тэгэхлээр Монгол Улсын гэхээсээ БНМАУ-ын шагнал гэмээр. Ялгаатай нь гэвэл одоогийн Алтан гадсыг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Батмөнх гуай биш , Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр олгодог. Анх олгоход нь 6000 төгрөг дагалддаг төрөл бүрийн гавьяатуудын тэмдэг бас бий. Одонг бодвол арай цөөн хүнд олгодог болохоор нэр хүнд нь харьцангүй сайн. Бас Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаг бодвол овор хэмжээ нь авсаархан болохоор уран бүтээлчид голдуу гавьяатынхаа тэмдгийг байнга зүүсэн харагддаг. Харин шинэ Монголын гавьяат цолтон 6000 төгрөгийн ханштай байгаа нь санаанд багтдаггүй. Манай үе үеийн Ерөнхийлөгчид иргэддээ бөөн бөөнөөр нь харамгүй тарааж ирсэн хуучин цагийн одон медалийн үнэ цэнэ нэг иймэрхүү л төрхтэй байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Очирбатын зүгээс төрийн шагналын тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад түүнийг нь хэлэлцээгүй нэг л тохиолдлыг эс тооцвол төр засаг, төрийн түшээдээс шинэ цагийн урамшууллын систем бий болгох талаар аливаа нэг санаачилга гаргалгүй өдий хүрчээ. Түүний оронд манай том дарга нар, УИХ-ын гишүүд өөрсдийг нь сонгуульд дэмжин ажилласан штабын нөхдөө, эсвэл нутаг усныхаа дуучин, бөх, тамирчин, хэнийг ч бай ямар нэг одонгоор шагнуулахаар лобби хийн жирийлгэж явдаг болсон нь бодит байдал юм. Азийнхан, тэр дундаа монгол хүн шагналд дуртай нь үнэн байх. Одон медаль хэнд ч гай тариагүй гэж зарим нь эгдүүцэх л биз. Гэхдээ өмнөх нийгмийн хуучин шагналаар шинэ үеийн монголчууд энгэр цоолсон хэвээр байх уу. Одон медалиар шагнана гэдэг тодорхой хэмжээний эрх мэдэл мөн байх. Эрх мэдлээс дарга нар сайн дураараа татгалздаггүй гэдэг. Тэгэхлээр төрийн шагналын тогтолцоог хэн хэзээ яаж өөрчлөх вэ? Монголчууд биднийг хуучин шагналтайгаа мунгинаж суух зуур шинэ цагийн хошин шог гэмээр шилдгүүд шалгаруулах капиталист уралдаан аль хэдийн өрнөн манай амьдралын хэвийн зүйл болчихлоо. 2004 оны парламентын сонгуулийн өмнө Ардчилсан намд ойр нэгэн PR агентлаг Монголын шилдэг 76 улс төрчийг 100$-ын болзолтойгоор зарлахад МАХН-д ойр өөр нэгэн PR баг өөрийн үзэмжээр бас 76 хүнийг шилдгийн шилдгээр тодруулж байх жишээтэй. Үүгээр бол манайх наад зах нь 152 шилдэг улс төрчтэй болж таарч байна. Манайд тэгвэл муу улс төрч байна уу? Улс төрчид нь бүгд шилдгийн шилдэг, иргэдийнх нь дийлэнх одон тэмдэгтэй атал улсын маань хөгжил яагаад огцом урагшилдаггүй юм бэ?"гэсэн асуулт тавьжээ. Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн З.Энхболд, Эверестэд авирсан Монголын багийн ахлагч Д.Баярням, сэтгүүлч Г.Дашрэнцэн, Л.Мөнхбаясгалан, түүхч Д.Өлзийбаатар, судлаач Ч.Тамир, Р.Эрдэнэбаатар, хуульч Х.Тэмүүжин, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, ахмадын хороодын дарга Б.Жанчив, Л.Ойдовсамбуу нар болон бусад хүмүүс оролцлоо. Оролцогчид ерөнхийдөө шагналын тогтолцоог өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдэв. Харин хуульч сэтгүүлч Х.Бүрэнтогтох шагналд хүндэтгэлтэй хандая, шагнал хэнд ч гай тариагүй гэсэн хатуу байр суурьтай байлаа. Түүхч Д.Өлзийбаатар Монголын уламжлалт шагналын систем, судлаач Ч.Тамир АНУ, Англи, Японы шагналын системийн талаар ярив.Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Монгол Улс онцгой нэр хүнд бүхий Чингисийн шагналтай байх нь зүйтэй гэсэн санал хэллээ. УИХ-ын гишүүн З.Энхболд хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн шагналын тогтолцоог өөрчлөх санаачилга гаргахгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн шагналын тухай хууль санаачлана хэмээн амлалаа.
|
Форум: Монголд эрүү шүүлт бий юу? 2005 оны 12-р сарын 07. 20:00-21:00
Монголд эрүү шүүлт бий юу? Ийм нэртэй, ээлжит нэвтрүүлэгт маань оролцсон цагдаагийн ажилтнууд "Манай улсад эрүүдэн шүүх явдал бараг байхгүй гэсэн байр суурьтай байлаа. Харин шүүх, прокурорын ажилтнууд ийм асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн бол өмгөөлөгчид болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхан Монголд эрүүдэн шүүх явдал анхаарал татах асуудал болсон гэж үздэгээ илэрхийллээ. Манай улс 2000 онд "эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг" олон улсын конвенцэд нэгдэн орсон. Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа ч эрүү шүүлтийг хориглож, ийм үйлдэл гаргавал эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэхээр заажээ. Гэвч айлгах, бие махбодийн болон сэтгэл санааны дарамт учруулах замаар албадан мэдүүлэг авах, хэргийг нь хүлээлгэх, хүнлэг бусаар харьцах, шүүхээр нотлогдоогүй байхад хэрэг хийсэн хэмээн нэр төрийг нь гутаах явдал Монголд түгээмэл болжээ. Өнгөрсөн хавар манай улсад ирсэн НҮБ-ын тусгай илтгэгч ч Монголд эрүүдэн шүүх явдал байсаар байгааг сануулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуухнаар зөвлөсөн билээ. Шүүхийн албан ёсны статистик мэдээнээс үзвэл эрүүдэн шүүх хэлбэрээр мэдүүлэг авч, ял шийтгэл хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сүүлийн хэдэн жил гараагүй байна. Гэвч хүний эрхийн байгууллагууд болон улсын ерөнхий прокурорын газарт цагдаа, мөрдөн байцаагчид хэрхэн дарамтлаж хэрэг хүлээлгэж байгаа тухай иргэдийн өргөдөл гомдол маш олноор ирдэг байна. 2002 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос УЕП-ын газарт үүрэг өгсний дагуу хийсэн шалгалтаар Ганц худгийн урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа сэжигтэн, яллагдагчдыг өрөө хэсүүлэх, хоригдож байгаа хүмүүсээр зодуулж дарамтлуулах, зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд хорих зэрэг зөрчил газар авсныг тогтоожээ. Фүүд ланд төвийн 2 манаачийг алсан хэрэг, Завхан аймгийн Яруу сумын иргэн Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт сэжиглэгдэн яллагдаж 7 жил хоригдсон хэрэг гээд дуулиан төрьсөн олон хэргийн мөрдөн байцаах, байцаан шийтгэх үйл ажиллагаа хууль бусаар явагдсан гэдгийг шүүх тогтоожээ. Нэвтрүүлэгт оролцсон шүүх, прокурор, хүний эрхийн байгууллагынхны үзэж байгаагаар сэжигтнийг мөрдөн байцаах болон урьдчилан хорих явцад дарамт шахалт, зодуур, эрүү шүүлт хамгийн их гардаг байна. Өөрөөр хэлбэл хэрэгт сэжиглэгдсэн хүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хууль болон хүний эрх ноцтой зөрчсөн үйлдэл гаргадаг гэсэн үг. Манай нэвтрүүлгийн үзэгчид маань ч бас ийм дүгнэлт хийлээ. "Сэжигтнийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагддаг гэдэгт та итгэдэг үү" гэсэн санал асуулгад 1000 гаруй үзэгч хариулсны 700 шахам нь "итгэдэггүй" гэсэн хариу өгсөн. Энэ бүхнээс үзвэл хичнээн үгүйсгээд ч манайд эрүүдэн шүүх явдал байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчид ийм хэлбэр, хандлагыг илүү их гаргаж байгааг ч бас зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Гэхдээ шүүх болон прокурорын ажилтнууд ч гэсэн шүүгдэгч, яллагдагчидтай дээрэнгүй, хэрцгий шинжтэйгээр харьцаж, дарамт учруулах явдал байдаг гэдгийг доктор Бямбаа сануулсан. Хэдэн сар, жилээр хоригдож, бие махбод, сэтгэл санааны асар их дарамт шаналлыг амссан хүмүүсийг шүүгч нар"та хохироогүй байна " гэж үздэг, нөхөн төлбөр олгох асуудлыг шүүгчийн үзэмжээр шийддэг гэсэн үгийг иргэн Дүүриймаа хэлсэн. Түүнй хүү Оргилболд хэрэгт сэжиглэгдэн 4 сар гаруй Ганц худагт хоригджээ. Хоригдох явцдаа тэрээр 2 удаа өлсгөлөн зарлаж, "үнэнийг олооч ээ" гэсэн шаардлагыг хуулийнханд тавьсны дээр хорих байрны ахуй нөхцөл, мөн зодуур дарамтын улмаас эрүүл мэндээрээ асар их хохирсон байна. Энэ бүхнийхээ төлөө төрөөс 15 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд БЗД-ийн шүүх хуралдаанаас Оргилболдод 800 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэжээ. 7 жил шорон гянданд сууж, 3 удаа цаазаар авах ял сонссон Ч.Эрдэнэ-Очирт төр 18 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Энэ нь түүнд учруулсан сэтгэл санааны хохирлын төлбөр бөгөөд харин түүний эрүүл мэндийн хохирлыг барагдуулах боломжгүй шүүх үзжээ. Монголын шүүх 7 жил гянданд хоригдсон хүнийг эрүүл мэндээрээ хохироогүй гэж үзсэнд гайхсан Эмнести интернэшнэл олон улсын байгуулагын Шведийн салбар Эрдэнэ-Очирын эмчилгээнд 2000 доллар өгчээ. Энэ мэтчилэн хилсээр хоригдож хэлмэгдсэн хүний хохирлыг хэрхэн барагдуулах, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох тухай ч нэвтрүүлгээр хөндсөний дээр буруутай хуулийн ажилтнуудад хариуцлага тооцохгүй байгааг, энэ тухай хуулийн заалт хэрэгжихгүй байгааг Ганц худагт хоригдож байсан залууг хоригдлууд болон хянагчид нь зодож амь насыг нь хөнөөсөн хэргээр жишээ болгон ярилаа. Манай улсын төв урьдчилан хорих болсон Ганц худгийн ахуй нөхцөл туйлын муу, орчин нь өөрөө хүн залхаан цээрлүүлэх хэрэгсэл болж байгаагийн дээр энд дотоод дүрэм журам, хууль сахиулах явдал гэж байхаа больсныг Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Батсайхан хатуухнаар хэлээд авсан. Хүн амины ноцтой хэрэг үйлдээд хоригдож байсан хүн камертаа архидаж, хамт хоригдож байсан хүнээ зодож амь насыг нь хөнөөсөн хэргээр жишээ татан, "Ганц худаг чинь хэрэг хийсэн хүнийг дахин хэрэг хийлгэхгүй гэж хорьдог газар болохоос архидаж наргидаг баар цэнгээний газар биш гэсэн " Батсайхан шүүгчийн үг хатуу боловч Ганц худгийн өнөөгийн байдлыг маш товчоор тодорхойлсон юм. Нэвтрүүлгийн маань нэг гол асуулт нь энэ асуудлыг шийдэхийн тулд цаашид юу хийх тухай байлаа. Хорих хугацааг багасгахаас эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг хэд хэдэн хүн хэлсэн бол Ганц худгийн нөхцөл байдлыг сайжруулах, камер бүрийг хяналтын камертай болгох санааг ч оролцогчид маань гаргаж байлаа. Эн түрүүнд хийх ёстой бас нэг зүйл нь одоо байгаа хуулиа биелүүлэх, хуулийн ажилтнууд өөрсдөө хуулиа ягштал мөрдөж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг байнга дээдлэн үзэх ёстой гэдгийг ХЭҮК-ын албаны дарга Оюунчимэг зөвлөж, анхаарууллаа. Эцэст нь хэлэхэд хэнийг ч гэсэн шалгах төрд бий. Гэхдээ төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хулийнхан ажилдаа хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд ажиллавал эрүүдэн шүүх болон хүний эрх зөрчсөн зарим хэлбэр, үзэгдлийг арилгаж болох юм гэдэг нь "Монголд эрүү шүүлт бий юу?" гэсэн нэвтрүүлгээс тодорхой харагдлаа.
|
Форум: Газрын маргаан 2005 оны 11-р сарын 30. 20:00-21:00
Газрын маргаан гэж юу вэ? Энэ бол Нийслэлийн юмуу дүүргийн Засаг даргын гарын үсэг, тамгыг хараад оршин суугчид шууд бууж өгсөн, эсвэл шөнө хэтэрхий бөх унтаж байж хүүхдийн тоглоомын талбай дээрээ барилгын суурь ухуулсан, эсвэл хэд сайн бороохойдуулаад ухарсан, Улаанбаатарын телевизүүдийг ээлж дараалан дуудаад баралгүй ялагдал хүлээхийг хэлнэ. Эсвэл цаадуул нь жижиг павильон, өрхийн эмнэлэг, хорооны контор, дулааны шугамын байр гэж уяраагаад талбайгаа сэмхэн томруулж, давхрыг нэмж зальдахыг бас хэлнэ. Дүгнэвээс, Улаанбаатар дахь газрын маргаан бол барилга барих тал нь үргэлж ялан дийлж ирсэн түүх юм аа.
Хаа сайгүй газрын зөрчил, будлиан, түрэмгийлэл. Ерөөсөө Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газрын бүртгэл, кадастр, хэн ямар газрыг эзэмшдэг, аль газрыг хззээ ямар журмаар олгох тухай мэдээллийг иргэдэд өгдөггүй хэвээрээ. Манай "Форум" нэвтрүүлгийн нэг ёсны уриа бий. "Сайн засаг гэж шийдвэр гаргасан хойноо хэлдэг засгийг хэлдэггүй. Сайн засаг гэж шийдвэр гаргахаасаа өмнө иргэдээсээ асуудаг засгийг хэлдэг". Тэгвэл манай нийслэлийн төр, захиргаа бол муу засаглал болж таарлаа.
Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Ш.Батсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Мөнхбаяр, Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуяг, зарим дүүргийн Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга Д.Жаргалсайхан нар болон иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцлоо.
|
Монгол хүний орлого 2005 оны 11-р сарын 23. 20:00-21:00
... Манай хамгийн чинээлэг гэгдэх хүмүүс, банкны эздийн өмч хөрөнгө нь 2004 онд салбарын дүнгээр 10 хувиар өсчээ. Инфляци 2004 онд 11 хувь гарсан болохоор тэд үнэн хэрэгтээ 10 хувийн ч ашиг олоогүй, харин ч нэг хувийн буюу, үнэмлэхүй хэмжээгээрээ 1.8 тэрбум төгрөгийн бодит алдагдал хүлээсэн гэнэ. Монголын нийгмийн хамгийн чинээлэг хэсэг нь ийм байхад бусад хүмүүсийн тухайд бол ярих нь ч илүүц биз. Монголчууд бид ахуй амьдрал, амьжиргааны түвшнөөрөө аялт ч үгүй бие биенээсээ илт ялгардаг болсон. Бидний дунд ядуус байгаа, баячууд ч байгаа. Ядуурлынхаа хэмжээг бид Дэлхийн Банкны туслалцаатайгаар хүн амын 36 хувь гээд гаргачихсан. Зарим улстөрчид, нийгмийн ялгарал бараг 80/20-ын харьцаанд хүрсэн, баян чинээлэг хэсэг нь хүн амын 20 хувь, үгээгүй ядуу нь 80 хувьд хүрсэн ч гэж ярьж байгаа. Зах зээлийн ачаар анхны хуримтлалаа хийж ажил амьдралаа аваад явж байгаа нь хэд вэ? Амьжиргааны дундаж түвшинтэй хэсэг гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Тэдний хөрөнгө, орлого хэд вэ? Эдгээр асуултад хариулахаар энэ удаагийн нэвтрүүлэгт Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн иргэд, засаг дарга нар,УИХ-ын гишүүн Батж.Баятбаяр, судлаачид, оюутнууд оролцлоо.
|
Өрсөлдөх чадвар: Аялал жуулчлал 2005 оны 11-р сарын 16. 20:00-21:00
2004 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол улс түүхэндээ анх удаа аялал жуулчлалын асуудал эрхэлсэн яамтай болсон. Өмнө нь аялал жуулчлалын агентлаг, газрын статус бүхий байгууллага хариуцаж байсан бөгөөд энэ салбарыг яамны хэмжээнд өргөжүүлсэн нь Монгол улс аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр зарласантай холбоотой. Гэвч өнөөдөр үнэн хэрэгтээ аялал жуулчлал амьдрал дээр биш харин цаасан дээр л тэргүүлэх чиглэл болон "хөгжиж" байна. Шинээр байгуулагдсан зам тээвэр аялал жуулчлалын яамнаас 2005-2008 онуудад нийт 2 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавиад ажиллаж буй. Гэхдээ жилд дор хаяж 500 мянган жуулчин авах зорилт энэ жилийн хувьд лав өнгөрөв бололтой. Хил хамгаалах ерөнхий газраас авсан мэдээгээр оны эхнээс өнгөрсөн 9-р сарыг дуусталх хугацаанд нийт 270 мянган гадны иргэд манай улсын хилээр нэвтэрсэн байна. Үүний тэн хагас нь өмнөд хөршийн маань иргэд. Магадгүй барилга дээр ажиллахаар ирсэн гэрээт ажилчид. Жуулчин болчихсон хятад барилгачдыг оруулаад, дээр нь он дуустал бас хэдэн мянган жуулчин ирнэ гэж найдаад ч энэ жил Монголд ирэх гадныхны тоо 300 мянгаас нэг их хэтрэхгүй нь. "500 мянган жуулчин авах зорилт биелэхгүй ээ, энэ бол шоуны тоо" хэмээн "Өрсөлдөх чадвар:Аялал жуулчлал" нэвтрүүлэгт оролцогчдын нэг нь нэлээд бухимдангуй хэлсэн. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Ганхуяг, судлаач нийтлэлч Б.Батбаяр болон ЗТАЖЯ, МИАТ, Тээврийн үйлчилгээний төвийн удирдлагууд, мөн Жуулчин, Цолмон трэйвэл, Номадик экспедишн зэрэг томоохон компанийнхан, Аялал жуулчлалын холбоо, жуулчны гэр баазуудын холбоо зэрэг салбарын төрийн бус байгууллагынхан оролцлоо. Оролцогчидийн олонхи нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд төр илүү үүрэгтэй гэж бодож байгаагаа санал асуулгаар харуулсан юм. Харин үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар бол аялал жуулчлалын өнөөгийн хөгжил манай ард иргэдэд төдийлөн мэдрэгддэггүй болох нь харагдлаа. Аялал жуулчлалын салбар танд ямар нэгэн өгөөжтэй байна уу гэсэн асуултанд 600 гаруй үзэгч үгүй гэсэн хариулт өгсөн бол 460 үзэгч тийм гэсэн хариулт өгсөн юм. Аялал жуулчлал эрхлэгчдийн ярьж байсан хамгийн том бэрхшээл нь жуулчны тээврийн асуудал бөгөөд МИАТ, Монголын төмөр замын тухайд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ ирэх зун ид ачааллын үеэр гаднаас нэг онгоц түрээслэхээ МИАТ ХК-ийн захирал аялал жуулчлалынханд амаллаа. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээс эхлээд энэ салбарыг хэрхэн хөгжүүлэхийн тулд төр нь юу хийх, хувийн компаниуд нь ямар үүрэгтэй байх, төрийн бус байгууллагууд нь хэрхэн ажиллах гэхчлэн олон асуудлаар нэвтрүүлэгт оролцогчид санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Төр аливаа юманд оролцохгүй байх тусмаа сайн, аялал жуулчлалын салбарт ч ялгаагүй, сандартыг нь тогтоогоод өгчих тэгээд бусдыг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийчихнэ гэсэн судлаач Баабартай санал нийлэхгүй байгаагаа аялал жуулчлал эрхлэгчид хэлж байлаа. Тэдний хувьд дэд бүтэц, тээвэр гээд хөрөнгө оруулалт ихээр шаардсан олон асуудлуудад төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм байна.
|
Форум : Cонирхлын зөрчил 2005 оны 11-р сарын 9. 20:00-21:00
Өнөөдөр манай томчуудын өмч хөрөнгө, орлого, ашиг сонирхлын тухай мэдээлэл хаалттай хэвээрээ байна. Уг нь ардчилсан нийгэмд төрийн өндөр албан тушаалтнууд иргэддээ зарим зүйлийг тайлагнадаг. Яах гэж сонирхлын зөрчил гаргуулахгүйн тулд. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хувийн, бизнесийн, хэсэг бүлгийн төлөө ашиглах явдлыг гаргуулахгүйн тулд гэсэн үг.
Бусад улс орнуудад энэ асуудлыг янз бүрээр шийдэж байна. Гол арга бол ашиг сонирхол, хэлхээ холбоогоо ил тод байлгах, тайлагнахыг шаарддаг. Төрийн албан тушаалтнууд өөрийн цалин хөлсийг төдийгүй гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа дамжуулан эзэмшдэг, удирддаг, хувь оруулсан хөрөнгө, хадгаламж, бизнесийн талаар мэдээлэх, зарим оронд гэр бүлийн хүмүүсийн орлогыг ч мэдүүлэхийг шаарддаг. Тодорхой албан тушаалд сонгогдох, хавсрах, ажил үүрэг гүйцэтгэхийг хориглодог. Асуудал хэлэлцэх шийдвэр гаргах, санал хураахаас өмнө сонирхлын зөрчилтэй эсэхээ албан ёсоор мэдэгдэх ёстой. Цаашилбал, хэнээс ямар бэлэг дурсгал авсан, хэний зардлаар албан томилолтоор явсан нь хүртэл сонирхлын зөрчилтэй холбоотой ажээ.
Манайд ямар байна? Өнөөдөр манайд төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах нийт 210 гаруй хүн байна. Эхлээд тэдэнд сонирхлын ямар зөрчил байдгийг асууж нягталмаар.
2004 онд барилгын компани эрхэлж байсан Н.Батбаяр Барилга хот байгуулалтын сайдаар, мах бэлтгэлийн бизнес эрхэлж байсан Д.Тэрбишдагва Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар, шатахууны том бизнес эрхлэгч П.Батхүү Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдаар томилогдсон билээ. Ашигт малтмалын салбарын томоохон лиценз эзэмшигч гэж яригддаг С.Батболд Засгийн газраас боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч юм байна. Тэдний сонирхлын зөрчлийн асуудлыг яаж шийдсэн бэ?
Өнөөдөр манай томчууд төрийн албан тушаалтай төдийгүй ямар нэгэн бизнестэй. Өмч хөрөнгөтэй, компанитай, үйлчилгээний газартай, сургуультай. Мэдээжийн хэрэг эхнэр, нөхөр, үр хүүхдийн нэр дээр. Бас төрийн бус байгууллагатай. Телевиз, радио, сонин хэвлэлтэй. Зарим нь бүр өөртөө улс төрийн намтай. Хувь, хувьсгалын хэлхээ холбоо гэж барагдашгүй. Нэг сумын, цуг сурч байсан, хамтран ажилласан, сайн найз, тус хүргэсэн, сонгуулийн ажилд зүтгэсэн, хандив өргөсөн, манай танай намын гээд л маш их сүлжилдсэн байх юм аа. Зааг ялгаа, хэм хэмжээ суларч, дүрэм журам, хууль ёс алдагдахын хэрээр нөгөө авилгалын үүд нээгдэж байна...
Энэ сэдвийг анх удаа хөндсөн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Ц.Оюунбаатар нар, Цагдаагийн академийн дэд захирал, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, улс төр судлаач, доктор Т.Гантулга болон бусад улс төр судлаачид, мөн төрийн бус байгууллагууд, сүүлийн үед гарч ирсэн иргэний хөдөлгөөн, тухайлбал "Эрүүл нийгэм" хөдөлгөөний тэргүүн доктор Ж.Батзандан, "Эрс шинэчлэл" хөдөлгөөний зохицуулагч Б.Сүхбаатар, М.Буд-Эрдэнэ нарын хүмүүс оролцлоо.
|
Форум: Аялал жуулчлал Чингисийн Монгол 2005 оны 11-р сарын 2. 20:00-21:00
Монгол улс аялал жуулчлалыг тэргүүлэх салбар хэмээн зарлаж, энэ салбарыг хөгжүүлэх бодлого барьсаар удлаа. Ядахнаа байгаль экологид хөнөөлгүй, цэвэр гаднаас мөнгө оруулж ирдэг гэдгийг нь бодсон ч аялал жуулчлал маш ирээдүйтэй салбар болох нь дамжиггүй. Өнөөдөр дэлхийн улс орнууд жил бүр 500 тэрбум ам долларыг энэ салбараас "босгож" байгаа бөгөөд жилд жуулчилж буй хүний тоо 700 саяд хүрчээ. Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон Монгол улсын хувьд энэ салбараас жил бүр 180 орчим сая доллар олдог гэсэн тооцоо бий. Харин ирж буй жуулчдын хувьд Улаанбаатар хотын хүн амын гуравны нэгтэй тэнцэнэ. Гадныхны Монголыг зорьдог гол шалтгаан нь харьцангуй зэрлэг онгон байгаль, нүүдэлчний түүх соёл, ахуй амьдрал. Аялал жуулчлалын нэг гол чиглэл болсон түүхэн аялал жуулчлал манайд бий юу? Ядаж Чингис хааныхаа нэрээр бид жуулчдыг татаж чадаж байна уу? Энэ тухай "Аялал жуулчлал:Чингисийн Монгол" нэвтрүүлгээр ярилцлаа. Хүн төрөлхтний эртний түүх соёлын өлгий гэгддэг Египэтэд жилд 5 сая гаруй жуулчин очиж, алдарт Таж махалыг үзэх гэж 2 сая хүн Энэтхэгийг зорьж байна. Өвөрмонгол дахь Чингисийн онгоныг гэхэд жилд 400 гаруй мянган хүн үзэж сонирхдог. Дээрээс нь Монголын түүх бол дэлхийн түүх юм гэсэн үгийг нэмэрлэе. Ингээд бодохоор Чингис хаан, Монголын түүх гэдэг бол манай аялал жуулчлалын том брэнд болох нь гарцаагүй. Уг нь онгон гэдэг үг нь Монгол хэлнээ шарил гэсэн утгаар ойлгогддог. Тйимээс Чингис хааны онгон гэсэн нэрийг нь бодвол Өвөрмонголд, Ордост Чингис хааныг оршуулсан юм байнаа хэмээн ойлгогдохоор. Англи хэлнээ ч бас яг ингэж ойлгогдохоор, бүр тодруулбал "Чингис хааны бунхан" жуулчлалын дүүрэг хэмээн нэрлэжээ. Энэ тухай сонссон, интернэтээс үзэж харсан гадныхан Чингис хааны шарил Өвөрмонголд байдаг юм байна хэмээн ойлгодог нь лав. Гэвч үнэн хэрэгтээ энд Чингисийн онгон байхгүй. Чингистэй холбоотой түүхэн ач холбогдлоор нь авч үзвэл Хэнтий аймгийг Ордостой харьцуулах ч аргагүй. Гэвч эзэн богдын төрсөн нутагт жилд дөнгөж 2000 гаруй жуулчин ирдэг.
Ирэх жил Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой тохионо. Энэ бол Монголын төр засаг, аялал жуулчлалын салбарынхны хувьд том боломж.
Энэ боломжийг бид ашиглаж чадах уу? Зүгээр л нэг ой тэмдэглээд өнгөрөх биш ядаж ойгоор далимдуулаад Чингисийн Монголруу гадныхныг урин залья. Монголын аялал жулчлалын гол цөм хаана байх, Хар хорин уу эсвэл Хэнтий юу гэдгийг хүртэл сайтар ярилцая. Хэрвээ тэгэхгүй бол бидний түүх соёлыг маань хүртэл Монголд ирэлгүйгээр үзэж танилцаад явдаг болчихоод байна шүү гэсэн сэдвийг энэхүү нэвтрүүлгээр хөндлөө. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс болон ЗТАЖЯ зэрэг газрын албаны хүмүүс, мөн аялал жуулчлал эрхлэгчид, түүхч судлаачид, багш оюутнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
|
Форум: Тэд эргэж ирэх үү? 2005 оны 6-р сарын 22. 21:05
Өнөөдөр Монгол Улсын хичнээн иргэн хилийн чанадад амьдарч байна вэ? Албан ёсны бүртгэл алга, гэхдээ албаны хүмүүс 120-мянга хүртэлх тоог хэлдэг. Тэдний тэн хагас нь буюу 65-мянга нь Казахстан руу шилжсэн казахууд. Бусад жараад мянга нь дэлхийгээр нэг тарсан байна.
1990-оноос хойш Монголын аль ч төр засгийн газар иргэдээ гадаад руу цагаачлахыг уриалж байгаагүй. Гэтэл визэнд орох, гадагшаа гарах, тэгээд гэр бүлээ "татаж авах" бүх нийтийн хөдөлгөөн монголчуудын дунд өрнөсөн билээ.
Уг нь бүх юм тэдний эсрэг байлаа. Солонгос, Япон, АНУ, Герман, Их Британийн элчин сайдын яамнууд хичнээн жил чангалав даа? Виз гаргадаг нөхдүүд үнэ хөлсөө монгол хүний олон жилийн цалингийн хэмжээнд хүргэж, зарим нь хэдэн зуун саяар луйвардан гадаадад зугатаж, зуучлалын компаниуд хувалз мэт сорж байлаа... Тэднийг хэн ч цэцэг барьж угтдаггүй. Энд Гадаад яам, тэнд ЭСЯ-д хүлээн авч заавар зөвлөгөө өгдөггүй. Тэд хэл усгүй, мөнгөгүй очдог... Хил дээрээс хичнээн буцаав? Ингээд байхад хэдэн арван мянгаараа гадагшаа гараад суурьчихсан байгаа юм даа... Дүгнэвээс гадаадад гарч ажиллах явдал бол сүүлийн арваад жилд монголд амжилттай хэрэгжсэн үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр юм. Үүнийг Засгийн газар биш иргэд өөрсдөө, тэр тусмаа залхуу ажилгүйгээрээ дуудуулж байсан залуучууд өөрсдөө санаачлаад бас санхүүжүүлээд хэрэгжүүлсэн байна.
Ийнхүү жараад мянган монголчууд гадаадад гарч амьдралаа авч явна. Тэгээд "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү ... доллар явуулж байна". 2004 онд зөвхөн банк санхүүгийн байгууллагаар гуйвуулсан валют 102,4 сая хүрчээ. Бусад аргаар илгээсэн мөнгө, бараа, эд хөрөнгийг нэмбэл хамаагүй их тоо гарахнээ.
100 сая доллар буюу зуун хорин тэрбум төгрөг бол маш мөнгө. Харьцуулаад үзье. Энэ жил манай засгийн газар хүүхдийн мөнгө олгох гэж арайхийн 20 гаруй тэрбум төгрөг гаргах болсон. Юун хүүхдийн мөнгө ... Монголын .эдийн засгийн ноён нуруу – "Эрдэнэт" үйлдвэр 2004 онд 70 тэрбум төгрөг буюу 60 орчим сая долларын татвар төлжээ. Хамгийн гол нь тэр мөнгө төсвийн тогоондоо ордоггүй, зөвхөн ар гэрийн хэдэн зуун мянган хүнд шууд очдог. Өөр нэг жишээ. Монголын хамгийн том Худалдаа хөгжлийн банкийг 12-сая доллароор хувьчилсан гэвэл энэ мөнгөөр монголын бүх банкийг худалдаад авч болно. Ганцхан жилийн дотор шүү... Ийнхүү монголчууд гадаадад гарч ажиллах нь эдийн засгийн хамгийн том салбар болж хувирлаа.
Цаашдаа юу болох вэ? Нүүдэл үргэлжилсээр байна. Казахстанаас бусад оронд гарсан 65 мянган хүн бол монголын хүн амын ердөө 3 хувиас хэтрэхгүй. Өнөөдөр Монголд дайн дажин гамшиг зовлон тохиолдоогүй атал ид залуу 20-40 насныхан эх орноо орхин явсаар байна. Одоо хамгийн чухал асуулт үлдлээ. Тэд эргэж ирэх үү?
Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Гэрэл, Элчин сайд асан Л.Галбадрах, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга А.Энхжав, Цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Х.Бүдрагчаа болон хилийн чанад ажиллаж амьдарч байгаад ирсэн янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүс оролцлоо.
|
Форум: Нэг удаагийн Монгол 2005 оны 6-р сарын 15. 21:05
"Нэг удаагийн тариур хэмээх ид шидтэй эд бий. Ганцхан удаа хэрэглээд хаядаг ийм тариур эмчилгээнд нэвтэрснээр Монголчуулын эрүүл мэндэд том дэвшил гарсан, наад зах нь тариураар дамжин тархаж байсан В –гийн төрлийн үүсгэгчтэй халдварт шар өвчнийг номхруулахад мэдэгдэхүйц ахиц гарсан билээ. Зарим зүйлийг ийнхүү нэг удаа хэрэглээд хаях нь зохистой байдаг. Харин төрийн бодлого бол огт өөр. Олон хүний нэрлэж заншсанаар төрийн хар хайрцагны бодлого буюу төрийн ой санамж Монголын төрд бий юү? Чингисийн үе, Нууц товчоо, уламжлал, заншил ярихаа больё. Төрийн тэргүүний сэнтийгээсээ бууж буй Багабанди гуай сонгогдсон Ерөнхийлөгч Энхбаярт төрийн хар хайрцаг гээчийг шилжүүлэх тухай ярьж байгаа ч хэрэг биш. Ерөөс манай өнөөгийн төр засагт бодлогын залгамж чанар, хангалттай ой, бүрэн мэдээлэл байна уу гэж асууя. Манайхан малаа жил бүр тоолдог. Монголын талаар нэг тарсан сүрэг малыг зөв тоолдог нь эргэлзээтэй ч жишээ нь хэдэн сая ямаатай тухай баримжаа тоо Хүнс хөдөө аж ахуйн яаманд бий. Байгаль орчны сайд тарваганы тоо толгой эрс хорогдож байна гэж үзээд хулгар шарын агналтыг 2 жилээр зогсоох тушаал гаргажээ. Гайхалтай нь энэ мэт чимхлүүр тоог манай сайд нар цээжээр мэддэг атлаа төрийн бодлого зориулагдах учиртай 2,5 сая хүн амынхаа регистрийн дугаараас бусад мэдээлэлгүй шахам байгаа нь төрийн шийдвэрийг ой санамжид түшиглэж бус мухар сохроор гаргахад хүргэдэг бусуу. Жишээ нь Солонгост хараар ажиллаж байгаа монголчуудынхаа тоог баталгаатай хэлэх сайд дарга нар байна уу. Бараг бүгдээрээ 20000 орчим гэж хэлэх байх. Тоог нь мэдэхгүй байгаа юм чинь хэн гэгч аавын хүү аль хотод хэрхэн аж төрж явааг төрөл төрөгсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Тэдний ар гэртээ сар тутам арайхийн явуулдаг хэдэн доллар Монголын далд эдийн засгийн түвшинг илтгэн харуулах бодит баримт. Харамсалтай нь ийм мэдээлэл манай төрд байхгүй. Нэгэнт иргэдийнхээ тухай зохих мэдээлэлгүй төр тэдэнд зориулж бодлого, үйл ажиллагаа явуулна гэдэг худал. Хүн амынх нь зохих хувь гадаадад аж төрж байгаа Монголын төр засаг гадаад дахь монголчууддаа зориулсан бодлого явуулах ёсгүй гэж үү? Гадаадад гарснаа мэддэггүй юм гэж бодьё. Эх орондоо байгаа иргэдээ манай төр хэр мэдэж хэрхэн ашиглаж ирсэн бэ? 10 жилийн давтамжтай явуулдаг хүн амын тооллогын мэдээ баримт хуучирсан. Сум, хороо, дүүрэг, иргэний бүртгэл мэдээллийн албадад эрээвэр хураавар мэдээлэл байх авч хэдэн сар жилээр шинэчлээгүй хүснэгт төдийхөн хадгалагдан хэвтдэг. Хэн нь яажшуу амьдарч, юу эрхэлж, ямархуу хөрөнгө орлоготой байгааг тэдгээр хүснэгтээс хэн ч олж харж чадахгүй. Хэн нэмж ядууралд гулссаныг олж мэдэхгүй. Хаа очиж улс төрчид намууд иргэддээ сонгуулийн үеэр л жаал ойртож тэднийг нэг удаа хэрэглэчихээд л 4 жил мартдаг. Иргэдээ наад зах нь бүртгэж чаддаггүй улс орныг ой санамжтай гэж хэлэхэд хэцүү. Ой санамж алдагдсан учир төрийн бодлого, үйл ажиллагаа нь нэг удаагийн, дур зоргын шинжтэй. Зарим жишээ хэлье. Монголын төрд боловсон хүчний бодлого байгаа эсэх нь эргэлзээтэй. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн байсан олон арван хүчтэй хүн төр засгийн гортигны гадна байна. Томоохон гүрэнд Улсаа төлөөлөн Элчин сайдаар сууж суугаа орныхоо төрийн одонгоор шагнуулж байсан мэргэжлийн дипломатч Гадаад хэргийн яаманд газрын дарга хийж болохгүй гэнэ. Намын харьяаллын улмаас тэр шүү дээ. Энэ мэт төрд хэрэгтэй олон хүнийг Монголын төр нэг удаа ашиглаад л хаяжээ.Яг л нэг удаагийн тариур мэт. Төрийн боловсон хүчний бодлогын оронд намын, тодорхой хувь улс төрчийн үзэмжийн боловсон хүчний бодлого өнөөдөр үйлчилж байна. Манай төр засаг иргэдийнхээ өмч хөрөнгийн байдлыг мэддэггүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гэж лут газар бий. Тэнд бүх мэдээлэл бий гэх байх. Тийм биш. Ядуусын хашаа байшин, хашааны газар, ТҮЦ, амбаар тэнд бүртгэгдсэн гэж үү. Үгүй. Бүртгэлгүй учраас тэдгээр нь зээлийн барьцаа болж чадахгүй, барьцаа хөрөнгөгүй болохоор зээл авч чадахгүй, санхүүгийн эх үүсвэргүй учраас ядуурлаасаа гарч чадахгүй.Төр ийм иргэддээ ердөө л нэг удаагийн тусламжийн гурил тараана. Идээд л дуусна, дахиад л бадар барина, дахиад л гурил тараана, мэдээлэлгүй төрийн эдийн засгийн бодлого ийнхүү дороо хий эргэсээр байна. Монголын сүүдэр эдийн засаг албан ёсны эдийн засгаасаа 2 дахин том гэж зарим судлаач үздэг. Сүүдэр эдийн засгийн тоо хэмжээ яг хэд вэ гэдгийг Монголын Засгийн газар хэлж чаддаггүй. Тэр байтугай ажилгүйчүүд, ядуучуудынхаа тоог ч зөвхөн баримжаалж ярина. Манай ядуусын тоог олон улсын байгууллагууд биднээс илүү баримжаалах ч бий. Манай төр зохих мэдээлэлгүйн улмаас хяналт шалгалтын данхайсан бүтцүүд ажиллуулна. Тэдгээр нь үндсэндээ иргэддээ үйлчлэх бус тэднийг залхаах хэрэгсэл болдог мэт. Монголын хилээр жил бүр 300000 гаруй манай иргэн орж гардаг гэнэ. Тэднийг хилийн цэргийн байцаан өнгөрүүлэх орж гарах бүрт нь нэгбүрчлэн шалгана. Иргэдийнхээ хэн нь найдвартай эсэхийг огт мэддэггүйгээс тэр шүү дээ. Гаалийн байцагчид болохоор манайхны хилээр оруулж ирж байгаа контейнер бүрийг задалж төрийн сүрийг үзүүлэн онгично. Яг л луйварчин дээрэмчдийг сэжиглэж байгаа мэт. Үнэндээ Монголын наймаачдын цөөн хувь л зөрчил гаргадаг биз. Гэвч гаальд бүгдээрээ шалгуулна. Ингэснээр асар их зардал гарна. Монголын цөөхөн наймаачдын хэн нь бүтэлгүй, хэн нь найдвартайг бүртгэсэн ой санамж Монголын гаалийн байгууллагад байдаггүйгээс тэр шүү дээ. Хэн нэгэн овсгоотой иргэн Монголын хэд хэдэн банкнаас яаж ийж байгаад зээл авчих нь энүүхэнд. Яагаад гэвэл манайханд зээлийн түүх гэж байхгүй. Зээлийн түүх Их хурлын гишүүдээсээ эхлэн ердийн иргэдэд хүртэл байхгүй учраас банк амьд хүнд итгэхгүй, барьцаа хөрөнгийг илүү тахин шүтэж шаардана.Чухам иймээс санхүүгийн зах зээл зөвхөн барьцаа хөрөнгөд дулдуйдаж байна. Дээрх хэдэн жишээ манай төр засгийн байгууллагуудын ой санамж тааруухан байгааг хэлээд өгөх мэт. Ойд төөрсөн сармагчин лугаа гэх нь ч хаашаа юм, гэхдээ л Монголын төр засаг хангалттай ойгүй, нүд нь боолттой учраас дандаа нэг удаагийн, тохиолдлын шинжтэй үйл хөдлөлтэй байна гэвэл хэтрүүлэг болох уу?"... 6 дугаар сарын 15-нд нэвтэрсэн Нэг удаагийн Монгол нэвтрүүлгийн эхэнд сэтгүүлч Ц.Ганболд ийм тайлбар хийлээ. Түүний байр суурийг нэвтрүүлэгт оролцогчид ерөнхийдөө дэмжсэн.Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Адмон компаний захирал Р.Энхбат, Удирдлагын академийн багш Д.Ганбаатар, тус академийн сонсогчид оролцсон энэ нэвтрүүлгээр сүүлийн 15 жилд манай төрийн бодлогын залгамж чанар алдагдсан гэсэн байр суурь давамгайлж, төрийн бодлогыг засамжлан төрийн ой санамжийг сайжруулах арга замуудыг хэлэлцлээ.
|
Форум: Иргэний хөдөлгөөн 2005 оны 6-р сарын 8. 21:05
1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиараа Монгол улс "эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахыг эрхэм зорилго болгон" тунхагласан. Үүнээс хойш 13 жил өнгөрлөө. Монголд иргэний нийгэм ямар түвшинд хөгжиж байна вэ? Өмнө нь МҮЭ, МЗХ, МЭХ, Монголын ахмадын холбоо гэх мэт цөөхөн олон нийтийн байгууллагатай байснаа бодвол өнөөдөр төрийн бус байгууллагын тоо 4000 гаруйд хүрчээ. Түүнчлэн сүүлийн үед иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж, эрх ашгийнхаа төлөө тэмцдэг, иргэдийн хөдөлгөөн өрнүүлдэг жишишг ч тогтож байна. Энэ бүхэн нь Монгол дахь иргэний нийгмийн хөгжлийн нэг хэсэг. Гэхдээ иргэдийн, иргэдийн хөдөлгөөний тавьж байгаа шаардлагыг албан тушаалтнууд хэрхэн хүлээж авдаг вэ, иргэдийн тэмцэл үр дүнд хүрдэг үү? Өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайд, эсвэл байрных нь өмнөх жижигхэн цэцэрлэгийг талбай дээр барилга барихыг эсэргүүцсэн хөдөлгөөн нийслэлд олонтаа гардаг. Гэвч байшин баригддагаараа л баригдаад, иргэд мөнгө, эрх мэдлийн өмнө цөхрөөд үлдэж байна. Голуудын цутгалд алт олборлохыг эсэргүүцсэн хөдөлгөөн бараг аймаг бүхэнд байгуулагдсан, гэвч тэдний тэмцэл алт олборлохыг бүрмөсөн зогсоох эцсийн зорилгоо биелүүлж чадсангүй. Гэхдээ нөгөө талдаа иргэд өөрсдөө нэгдэж, бас өөрсдийн эрх ашиг хохирч, газар нутаг нь хэрхэн сүйрч байгаа талаар тодорхой мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь иргэдийн хөдөлгөөний үр дүн гэж үзэж болох юм.
Сүүлийн үед янз бүрийн улс төрийн шаардлага тавьдаг хөдөлгөөнүүд ч цөөнгүй байгуулагдаж, одоо ч иймэрхүү хэд хэдэн хөдөлгөөн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тавьсан шаардлагын дагуу Засгийн газар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг өөрчлөх хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн барьсныг эс тооцвол "улс төрийн" шинжтэй дээрх хөдөлгөөнүүдийн тэмцлийн гол үр дүн мөн л адил хасах тийшээ.
Иргэний нийгмийг хөгжүүлэхэд хамгаас чухал нь төр засаг, захиргааны байгууллагууд, албан тушаалтнууд аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн санаа бодлыг тусгадаг, шийдвэр гаргах үйл явцад иргэд оролцох бололцоог хангах явдал байдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр манайд байдал эсрэгээр, шийдвэр гарсныхаа дараа ч бараг нууц хэвээр байдгийн дээр гаргасан шийдвэрийг олон нийт эсэргүүцээд байхад хүртэл тоодог дарга, байгууллага гэж нэг алга.
Үндсэн хуулиндаа тунхагласан тэрхүү иргэний ардчилсан нийгэмд Монголын иргэд бид хэзээ амьдрах юм бол?
Энэ сэдвээр өрнөсөн Форум маань нэлээд ширүүхэн, халуухан уур амьсгалтай болж, сүүлдээ улс төрийн маргаан болохоо шахлаа. Нэютрүүлэгт УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид, тэр дундаа хөдөө орон нутгаас Уугуул, Тосон заасар туулын гол хөдөлгөөнийхөн ирж оролцлоо. Мөн иргэний нийгмийн хөгжлийн асуудлаар судалдаг судлаачид, зарим төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
|
Форум: Татвар 2005 оны 5-р сарын 25. 21.00
Төр оршихуй дор татвар буй Татвар оршихуй дор төр буй ...
УИХ-ын энэ хаврын чуулганаар Монгол Улсын татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж санал боловсруулаад эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлэг явуулжээ. Эцсийн хувилбар гараагүй ч ерөнхий чиг харагдлаа. Хамгийн том өөрчлөлт "Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль"-нд орохнээ. 100 сая төгрөгөөс дээш орлоготой компаниуд 30 хувийн татвар төлдөг байсан босгыг 500 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ. Тэгвэл 100 гаруй томоохон компанийн татвар 15 хувь болж буурна.
Том компаниуд буюу баячууд хамгийн шилдэг хуульч, нягтлан бодогчдыг хөлсөлж чаддаг, тийм бүхэл бүтэн хэлтэс тасагтай учраас аль болох бага татвар төлөх аргыг заавал олно. Хуулийн цоорхойг дээд зэргээр олж харна. Хүсвэл, улс төрчдөд лобби хийж тийм цоорхойг захиалж хийлгүүлнэ... Одоо Татварын багц хуулинд өөрчлөлт оруулахад иймэрхүү лобби яваад байна уу? Жишээлбэл, компаниудын "бизнесийн зардал" болгоныг татвар ногдуулах орлогоос бүрэн хасч өгөх бололтой...
Өөртөө компанигүй, цалингаараа амьдардаг хүмүүсийн тухайд. Тэднээс авдаг "хүн амын орлогын албан татвар"-ын хувь хэмжээг бууруулах, яваандаа нэг шаталбартай болгох хувилбар яригдаж байна. Үнэхээр дэлхий нийтээр flat tax буюу орлогын хэмжээнээс хамаарахгүйгээр ижилхэн хувиар татдаг хандлагатай болжээ. Ийм тогтолцоог харьцангуй хялбар, ойлгомжтой гэж магтдаг, гэхдээ шударга биш гэж шүүмжилдэг...
Манайд хүн амын орлогын албан татварыг өөрөө тодорхойлох зарчим үйлчилдэг. Гэтэл хөдөлмөрийн насны гурван хүн тутмын зөвхөн нэг нь орлогын албан татвар төлдөг юм байна. Компани, байгууллагад данс бүртгэлгүй хүмүүсээс ганц нэг урлагын одууд л сайн дураараа татвараа төлсөн сураг дуулдаж дахин од болцгоодог... УИХ-ын гишүүд нь хүртэл орлогоо тодорхойлж өгөхгүй байхад бусадтай нь юу ярихав дээ "Аж ахуй нэгж, байгууллагын албан татвар", "Хүн амын орлогын албан татвар" бол шууд татвар. Авч байгааг нь бид үзэж хардаг, мэддэг. Тэгвэл бидэнд үзүүлэхгүйгээр авчихдаг шууд биш татвар гэж байна.
Энэ бол тодорхой бараа, үйлчилгээнд оноодог, үнэнд нь шингээдэг , тиймээс нүдэнд нь үл үзэгдэгч нэмүү өртгийн татвар юм. Та бид дэлгүүрт ороод хоол хүнс, бараа таваар худалдаж авах бүртээ өөрөө ч анзаарахгүйгээр НӨТ төлчихөөд гардаг. Та яг одоо хоол ундаа хийж, телевизор үзэхдээ зарцуулж буй цахилгааны квт/цаг тутамдаа НӨТ татвар төлнө... Улсын төсөвт асар их хувь нэмэр оруулсан, шилдэг татвар төлөгч компаниудын төсөвт төлсөн татварын ихээхэн хэсэг нь та бидний төлсөн НӨТ юм. Онцгой татварыг гэхэд эцсийн дүндээ архи уугчид, тамхи татагчид төлж байна. Гаалийн татвар ч бас төстэй... Эдийн засагчдын тооцоолж гаргаснаар сүүлийн жилүүдэд манайд шууд биш татвар ерөнхийдөө өсч байгаа бөгөөд эцсийн дүндээ өөртөө компанигүй, цалингаараа амьдардаг дунд давхарга, ядуучуудын нуруун дээр буужээ. Тэгвэл одоо НӨТ-ыг хэр зэрэг бууруулах бол?
Нэвтрүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин, УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, Монгол Улсын Сангийн сайд Н.Алтанхуяг, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Алтанзаяа, Хойт Америк-Монголын бизнесийн зөвлөлийн татварын асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Даниэл Махони, мөн Монголын татвар төлөгчдийн холбоо, Хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. |
Форум: Маргаашийн тэтгэвэр 2005 оны 5-р сарын 11. 21:05
Өнөөдөр манай улсын хэмжээнд 170 гаруй мянган хүн өндөр насны тэтгэвэр авдаг. Тэдний тэтгэвэр нийлээд жилд 74 орчим тэрбум төгрөг болно. Үүний 70 тэрбум нь одоо ажил хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн ирээдүйд авах тэтгэвэртээ төлсөн мөнгө. Үлдсэн 4 тэрбум шахмыг нь л улсын төсвөөс гаргадаг байна. Тэтгэвэр авдаг хөгшчүүлийн 100 гаруй мянга нь 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс. Өмнөх нийгэм буюу социализмын үед өөрсдийнхөө төлөө хуримтлуулсан зүйлгүйгээр улсад зүтгэж ирсэн тэдний хувьд сард гуч гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь хаврын хавсаргыг ч үл хайхран жагсаал цуглаан хийх шалтгаан болж байгаа юм.
Өнөөдөр Монголын хувийн хэвшлийн ихэнхи компани аж ахуйн нэгжүүд цалингийн хоёр цэстэй байдаг нь нуултгүй үнэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ цалингийн 29 хувьтай тэнцдэг. Өөрөөр хэлбэл 100 мянган төгрөгийн цалинтай хүн 29 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэсэн үг. Үүний 10 хувийг нь хувь хүн төлдөг, харин 19 хувийг нь албан байгууллага нь төлөх үүрэгтэй. Хүмүүст ажил олгож, цалинтай амьдралтай байлгасныхаа төлөө татвар, нийгмийн даатгал зэрэгт ихээхэн мөнгө төлөх хэрэгтэй болдог, тиймээс ч өнөөдөр манай аж ахуйн нэгж, компаниудын ихэнхи нь нийгмийн даатгалын шимтгэл бага төлөх үүднээс ажиллагсадынхаа цалинг хоёр, гурав дахин бууруулан бичиж, тэр хэмжээнээс нь шимтгэл тооцсон хуурамч данстай байдаг жишиг тогтжээ.
Би 30 настай. 30 жилийн дараа надад тэтгэвэр олдох болов уу? Өнөөдөр миний сар бүр төлж байгаа шимтгэлийн мөнгө ирээдүйд авах тэтгэвэрийн баталгаа болж чадах уу? Тэтгэврийн нэрийн дансанд байгаа гэх тэр мөнгийг би хэрхэн ашиглах вэ? Өөрийнхөө хуримтлуулсан энэ мөнгийг авахын тулд би бас л төр засгийг царайчлах уу? Хэрвээ би дансанд байгаа мөнгөө гүйцэд ашиглаж чадалгүй нас барвал энэ мөнгө миний үр хүүхдэд өвлөгдөх үү, аль эсвэл даатгалын сангийн орлого болох уу?
Өнөөдөр манай ахмадууд гучин жил улсын төлөө зүтгэж 60 насандаа тэтгэвэрт гараад, магадгүй ихэнхи нь гуравхан жил тэтгэвэр аваад 63-тайдаа өөд болдог. Гучин жилийн хөдөлмөрийнхөө төлөө гуравхан жил авч байгаа тэтгэвэр нь харин гучхан мянга. Гашуун боловч үнэн энэ. Гучин жилийн хөдөлмөрийн үр шим нь гуч хоногийн хоолных нь маханд ч хүрэхгүй шахуу байгаа болохоор л тэд хаврын хавсаргыг ч үл хайрхан жагсаж, тэмцэж явна.
Өнөөгийн залуус, маргаашийн тэтгэвэр авагчдыг ч мөн хаврын хавсарганаар жагсаал хийж, төр засгийг царайчлах ийм хувь заяа хүлээж байна уу? Монгол улсын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо аль зүгт явж байна вэ?
99 онд УИХ-аар батласан хуулиар бол манай улс хагас хуримтлалын тогтолцооруу шилжих бэлтгэлээ хангаж, яваандаа хуритмлалын тогтолцоонд шилжихээр шийдэх шиг болсон. Үүний дагуу 1960 оны 1-р сарын 1 нээс хойш төрсөн хүмүүс тэтгэврийн нэрийн данстай болж, шимтгэлийн мөнгөө энэ дансандаа хуримтлуулж байгаа ч үнэн хэрэгтээ тэдний дансанд нэг ч төгрөг байхгүй. Зүгээр л таны дансанд тэдэн төгрөг байна гэсэн хоосон хуулгыг жил бүрийн эцэст даатгалын байгууллагаас иргэддээ үзүүлдэг. Яг үүн шиг даатгалын санд тэдэн тэрбум төгрөг байна гэсэн цаасан дээрх тооцоог төрийн сан даатгалын байгууллагад гаргаж өгдөг байна. Та бидний ирээдүйдээ зориулж хадгалсан хуримтлалын мөнгийг засгийн газар ямар ч хүүгүйгээр ашиглаж байгаа нь зөв гэж үү? 70 тэрбум төгрөгийг жирийн арилжааны банкинд хадгалуулбал зөвхөн хүү нь гэхэд хэдэн тэрбум төгрөг болно. Энэ маягаар өсөн арвиж байх ёстой даатгалын сан төрийн халаасанд орчихсон яваагаас үзвэл манай нийгмийн даатгалын, тэр тусмаа тэтгэврийн даатгалын тогтолцоо хуулианд зааснаасаа арай л өөр замаар яваад байх шиг. Өөр замаар яваад байна гэдгийг ч УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ламбаа хүлээн зөвшөөрлөө. 99 онд баталсан хууль хэрэгжихгүй байгааг хууль тогтоогч эрхэм гишүүн мөн хүлээн зөвшөөрсөн. Тэрээр энэ бүхний бурууг 2003 оноос нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн санд байршуулах болсноос үүдэлтэй гэж үзэж байлаа. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Л.Зориг, одоогийн НХХ-ийн сайд Баярсайхан нар ч тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, зөв гольдролд оруулах шаардлагатайг хэлж, нэвтрүүлэгт оролцсон иргэдийн саналыг дэмжлээ. Харин ажил олгогчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах санал тавьсныг судлахаа Баярсайхан сайд амалсан. Маргаашийн тэтгэвэр нэвтрүүлэг монголд анх удаа өнөөдрийн тэтгэврийн тухай биш ирээдүйн тэтгэврийн тухай хөндсөнөөрөө онцлог байлаа. |
Форум: Монголын ногоон хэрэм 2005 оны 5-р сарын 4. 21.00
Аливаа асуудалд олон түмний анхаарлыг хандуулья, тэдний толгойд бат суулгаж өгье гэвэл эхлээд сайтар томъёолж маш оновчтой нэр өгөх хэрэгтэй. Манай Засгийн газар үүнийг хийж сурчээ. Жишээлбэл "Мянганы зам" байна: Өмнө барьсан, одоо барьж буй, ойрын хэдэн арван жилд барих замууд ийм нэртэй болчихлоо. Лав 3000 он хүртэл дуурсагдах их үйл хэрэг. Бас "Ядуурлын эсрэг дайн" байна. Мөн хүнд суртлыг хусах "Бульдозер" хөтөлбөр... гэх мэт. Дараачийнх "Ногоон хэрэм" . Говь, хээрийн аймгуудад мод тарих ажил, эсвэл цөлжилтөөс хамгаалж ойн зурвас байгуулах төлөвлөгөө энэ тэр гэж нэрлэвэл хэн ч сонирхохгүй, уйтгартай. Харин уртыг нь хангалттай нэмж, хугацааг нь зад сунгаад "Ногоон хэрэм" нэр оноогоод зарлачихад улс орныг доргиосон их ажил болон хувирч байна. Монголчуудыг байтугай, хөрш орнууд, донор нэртэй баян улсуудыг ч зүгээр суулгахгүй. "Ногоон хэрэм" бол 2005-2035 он хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол орны баруун зүүн тийш 12 аймгийг хөндлөн өнгөрөх 2500 км урт ойн үндсэн зурвас, бас 1200 км-ээс доошгүй урттай туслах зурвас байгуулах асар их бүтээн байгуулалт юм. Үндсэн зурвасын өргөн 600 метрээс- 1 км хүртэл, харин туслах зурвас нь арай нарийхан. Энэ ажилд нийтдээ 200 сая доллар зарцуулах тооцоо гарчээ. "Мянганы зам"-ыг эс тооцвол Монголын түүхэнд байгаагүй том төлөвлөгөө.
"Ногоон хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр Монгол орны ойн талбай 1,6 хувиар нэмэгдэж говь хээрийн бүсийн экосистемд эерэг өөрчлөлтүүд гарна... элсний нүүлтийн эрч саарч, бэлчээрийн даац нэмэгдэнэ... шороон шуурганы сөрөг үр дагавар буурна... гэжээ. Үүнийг уншаад мэргэжлийн бус хүмүүст олон асуулт төрөх биз - Ер нь үргэлжилсэн урт ногоон хана босгохоос өөр хувилбарыг авч үзсэн үү? Жишээлбэл, ямааны тоо толгойг зохицуулах гэх мэт ... - Ногоон хэрэм хаагуур тавихыг яаж тооцоолж гаргасан юм бол? Элсний нүүдэл, цөлжилтийг, барагцаалбал хичнээн хувиар сааруулж чадах вэ? Заг, бут, сөөг голдуу ойн зурвас шар шороон шуургыг хэр тогтоох бол? Ногоон хэрэмнээс урагш хойш хэдэн км-ийн бэлчээр, ургамал, экологи сайжрах бол? Ямар нэгэн тооцоо судалгаа, математик загварчлал энэ тэр бий юу?
Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Авдай, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд У.Барсболд, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Ж.Цогтбаатар, МУИС-ийн Ой мод судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Н.Гомбосүрэн, ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн захирал, доктор Д.Доржготов нарын судлаачид, Монголын Ногоон намын дарга Д.Басандорж, мөн МУИС-ийн MOLARE судалгааны төвийн захирал, Германы профессор Михаэл Вальтер (Мichael Walter) нарын хүмүүс оролцлоо. |
Форум: Олимпийн найдвар 2005 оны 4-р сарын 27. 21:05
Бид бусдаас олон зүйлээр дутуу л даа. Түүний нэг нь Монголоос олимпийн аварга өнөө хэр төрөөгүй байна. Яагаад манайх ганц ч аваргагүй байхад манай өмнөд хойд хөршөөс маань өгсүүлээд зарим орон нэг олимпоос л гэхэд арав хорин төрлөөр алтан медаль аваад байдаг юм бэ? Монголчууд угийн тайван тулдаа л тэсч байгаа болохоос олимпийн тоглолтын үеэр зурагтаа хага шидчихмээр санагдах энүүхэнд. 1964 онд анх манай улс Токиогийн олимпод оролцсоноос хойш нийт 10 удаа зуны олимпийн тоглолтод Монголын баг тамирчид оролцжээ. 68 оноос эхлээд аварга болоогүй ч гэсэн манай бөхчүүд ямар ч байсан 4 олимп дараалан мөнгөн медаль хүртжээ.
Мэдээж хүрэл медалийн эзэд үүнээс арай олон. Нэг олимпоос дөрвөн медаль авч, түүний бүр 2 нь мөнгө байсан үе ч уг нь бидэнд бий. Харамсалтай нь энэ цаг дурсамж болон хоцорч, өнгөрсөн олимпоос ганцаараа хүрэл медаль хүртсэн Цагаанбаатар Монголын тамирчид "олимпоос ганзага хоосон ирсэн" 1962, 2000 оны гашуун түүх давтагдахаас аврагдсан. Гэхдээ л бид 40 жилийн хугацаанд авсан бүх медалиа нийлүүлээд ч ганц Афины олимпоос Японы авсан медалийн тоонд ч хүрэхгүй. Учир нь олимпод оролцсон 40 жилийн хугацаанд манайхан ердөө л 15 медаль авчээ.
Ирэх 2008 оны олимп бидэнд их ойртож ирлээ. Өмнөд хөршийн маань нийслэлд болох ирэх олимпоос бид аварга төрнө гэж найдах эрхтэй юу? Ямар төрлөөр, хэн Монголын анхны олимпийн аварга гэсэн алдрыг хүртэх вэ? Бидний итгэл найдвараа тавьж буй тамирчид маань өнөөдөр хаана явна, олимпийн бэлтгэл сургуулилтаа эхэлсэн үү, төр засаг, биеийн тамир спортын байгууллагууд нь ирэх олимпод одооноос эхлэн анхаарч байна уу?
"Олимпийн найдвар" нэвтрүүлэг энэ асуултуудад тодорхой хариулт өглөө. Гадаадын, тухайлбал өмнөд хөршийн маань тамирчид Афины олимпийн дараагаас Бээжингийн олимпийн бэлтгэлд гарсан, тэд гэртээ ч харих эрхгүйгээр тусгай цогцолборт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Харин манай тамирчид ч тэр, биеийн спортын байгууллагууд ч тэр одоогоор ирэх олимпийн тухай нэг их сайн бодоогүй л явна. Эсвэл бодсон ч хэрэгжүүлж эхлээгүй л байна. Олимпийн аваргатай болохын тулд одооноос эхлэн ирээдүйтэй, итгэл даах тамирчдаа бэлтгэе. Бүр цаг алдалгүй маргаашнаас эхлэн энэ ажлыг хэрэгжүүлье. Дээр нь их спортод хандах нийгмийн сэтгэхүйг өөрчлөе. Өнөөдөр дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Ойдов, улсын наадамд 2 түрүүлсэн аварга Өсөхбаяр нарын хэнийг нь илүү хүндлэх вэ? Саяхан болж өнгөрсөн чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн сонгуульд Өсөхбаяр аварга Ойдов баатрыг ялж, ирэх олимпийн шигшээ багийг дасгалжуулахаар болсон байна. Энэ хэр зөв шийдвэр вэ? Энэ мэтчилэн спортын байгууллагуудын дунд байгаа зарим нэг үл ойлгогдох, шударга биш явдлуудыг өөрчлөе гэхчлэн олон саналууд нэвтрүүлгийн үеэр хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Д.Туяа, Г.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ, БТСУХ, МҮОХ-ны удирдлагууд болон хөдөлмөрийн баатар Ойдов, буудлагын Гүндэгмаа нарын зэрэг Монголын нэртэй тамирчид, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, бизнесийнхэн оролцсон энэ нэвтрүүлгийн гол асуулт нь олимпийн аварга төрөх Монголын "олимпийн найдвар" юу болох тухай байлаа.
|
Форум: Мэдэх эрх 2005 оны 4-р сарын 20. 21.00
Монголын төр засаг хэр зэрэг нээлттэй байдаг вэ? Уг нь манайд төр засгийн мэдээлэл огт дутагдаагүй... Хэвлэл мэдээллээр төрийн өндөрлөгүүд, эрхэм гишүүд, сайд дарга нарын яриа, тайлбар хэзээ ч тасардаггүй. Гэхдээ ...
"Төр засаг биднээс юуг нууж байна, тэр нь түүний жинхэнэ нүүр царай байдаг" гэсэн үг бий. Зах зухаас нь асууцгаая.
- Төрийн албан тушаалтнуудын орлогын мэдүүлэг бүрэн хаалттай. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн орлогын мэдүүлгийг авдаг гэх боловч нууцалчихдаг. Сонгогч биднийгээ ингэж даапаалсаар 7 жил өнгөрлөө. Ер нь 100 гаруйхан мянган төгрөгийн цалинтай хүмүүс хэрхэн орд харш бариулж, үр хүүхдээ гадаадад сургаж чаддаг нууцаасаа ард түмэнтэйгээ хуваалцвал ядуурлыг бууруулахад их тустайсан...
- Төсвийн зарцуулалт, түүний дотор Засгийн газрын нөөц хөрөнгө, хуваарилагдаагүй зардлын зарцуулалт хаалттай хэвээрээ. Ноднин манай нэвтрүүлгээр зах зухаас нь сөхсөн, даанч өнгөрсөн хугацаанд Сангийн яам санаачлагаараа нэгийг ч ил болгосонгүй... Төрийн сангууд бас хаалттай ... Замын сангийн зарцуулалтыг жолооч нарт ганц удаа ч болов тайлагнаасай. Төрийн сургалтын сан гэж байдагсан. Төрийн түшээд албан тушаалаас буумагцаа уг сангийн хэдэн арван мянган доллараар гадаадад суралцсан тухай баярт мэдээ дуулдахаас хэтэрдэггүй. Нийгмийн даатгалын сан гэж байдаг л байх... Хэрвээ энэ бүхнийг татвар төлөгчдөд тайлагнаж зарлахгүй юм бол тэдгээрийг "нууц сан"-гууд гэж үзэж болох уу?
Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцнаас өндөр албан тушаалтнууд дахин дахин авдаг гэж үнэн үү? Гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийн зарцуулалтын тайлан хаана байна? Яам, агентлагуудын жилийн тайланг үзэх юмсан. Бидэнд хамгийн ойр - Улаанбаатар хотын төсөв, "Улаанбаатар", дүүрэг хөгжүүлэх сангуудын зарцуулалтын тайлан хаана байна? За яахав, төсөв мөнгө асуухаа больё. Нийслэлд газар олголт, өөрөөр хэлбэл хаана ямар барилга барих тухай мэдээллийг ил тод болгох цаг болоогүй юу? Хэрвээ бүх юм хуулийн дагуу хийгдсэн юм бол юунд нь нуугаад байгаа юм бол?
Та бүхэн FreedomInfo хэмээх сайтад тавьсан энэхүү газрын зургийг сайн хараарай. Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуультай 60 шахам орныг ногоон өнгөөр буджээ. Хуучин социалист орнууд бараг бүгд орсон. Дараачийн гучаад орныг хууль гаргахын төлөө хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа хэмээн дүгнээд шар өнгөөр ялгасан байна. Бусад цагаан нь "хуульгүй орон"-ууд. Манай Монгол тэнд тууж явна. Бидэнтэй хамт хэн байна гэвэл ойроос Хятад, Хойт Солонгос, Казахстан, холоос Вьетнам, Лаос, Ирак, Ирак, Афганистан, далайн цаанаас Куба ...
Арай ч дээ. Манайхыг хэтрүүлсэн санагдлаа. Учир нь, 2003 онд Globe International төрийн бус байгууллагаас "Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль"-ийн төслийг боловсруулж олон улсын шинжээчдийн дүгнэлт гаргуулж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн Яаманд өргөн барьжээ. Ингээд тус Яамны дэд сайдаар ахлуулсан, 15 хүнтэй ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Нэвтрүүлэгт бэлтгэх явцдаа ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэрсийг гаргаж өгөхийг хүссэн боловч "олдохгүй байна" гэх юм. Тэгээд ч уг ажлын хэсэг жил гаруйн хугацаанд огт хуралдаагүй ажээ. Гадныхны дүгнэлт нэлээд ортой санагдаад явчихлаа...
Манайд аливаа асуудлыг шийдэхийн оронд "хууль боловсруулж байгаа" гэсэн ганц аргаар хаадаг болжээ. Мэдээлэл авах эрх чөлөөний хуулийг гаргах эсэх нь, тэр ч бүү хэл энэ хууль гараагүй ч байсан, иргэддээ мэдээллийг нээлтэй болгох нь үнэн хэрэгтээ эрх баригчдын улс төрийн хүсэл зоригийн асуудал юм. Хэрвээ улсын нууцын жагсаалтад багтаагүй, хувь хүний нууцад хамаарахгүй бол ил тод байхыг хэн ч хориглоогүй. Гэтэл манай яам, агентлаг, ЗДТГ-ууд дур зоргоорооо буюу байгууллагын нууцын тухай хуулийг ашиглаад нууцалдаг, заримдаа тэрхүү нууцын жагсаалтаа хүртэл нууцалчихдаг... Гадаадын туршлагаас үзэхэд муж, хотын засаг захиргаа, төрийн байгууллагууд дээрээс хууль гарахыг хүлээхгүйгээр өөрсдөө мэдээллээ нээх дүрэм журам гаргадаг юм байна.
Хэрвээ тийм хүсэл ба зориг үгүй бол ямар ч мэдээллийн технологи, цахим засаг туслахгүй. Яг одоо т өр засгийн гарт Монголын үндэсний радио, телевиз, н ийслэл ийн төр, захиргааны мэдэлд гэхэд бүхэл бүтэн телевиз, радио, сонин гурав байгаад ч нээлттэй байж чадахгүй байгаа шиг...
Яаж ил тод байх талаар коммунист Хятадаас үлгэр жишээ авцгаая. Шанхайн Орон сууц, газрын албанаас газар олголтыг шударга, авилгалгүй болгохын тулд сар тутмын нээлттэй дуудлага худалдааг зарладаг болжээ. Хэрвээ далдуур тохиролцсон, арын хаалгадсан байвал тухайн дуудлага худалдааг хүчингүй болгоно. Тэгэхдээ бага орлоготой оршин суугчдад зориулсан орон сууц барих төслийг тэргүүн ээлжинд дэмжих ажээ.
Манай төр засаг хаалттай байгаа учраас авилгал хавтгайрч, дээд ба дунд шатны албан тушаалтнууд дураараа дургиж байна. Нэгэн иргэний хэлснээр . "Бид мэдэхгүйгээсээ болж дарлуулдаг".
1980-аад оны дундуур Монголд эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлт, араас нь залгасан ардчилал, зах зээлийн шилжилтийн эхлэл нь зүгээр л ил тод байдал байжээ. Одоо бүгдээрээ дараачий буюу хоёр дахь ил тодыг эхлүүлэх юм биш үү?
Нэвтрүүлэгт УИХ-ын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хорооны дарга С.Отгонбаяр, Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн захирал Д.Цэрэндорж, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Д.Батбаяр, ХХАЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, УИХ-ын гишүүн асан, судлаач Т.Эрдэнэбилэг нар оролцлоо. |
Форум: 2008 оны "тоглоомын дүрэм" 2005 оны 4-р сарын 13. 21.05
3 жилийн дараах буюу 2008 оны сонгуулийн тоглоомын дүрэм -УИХ-ын сонгуулийн хуулийг яаж өөрчлөх талаар "Форум" нэвтрүүлгийн энэ дугаараар ярилцлаа. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Оюун, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Долгор, Д.Энхтайван, улс төр судлаач Д.Ганхуяг, Д.Ганбат, Д.Мөнх-Очир, Л.Эрдэнэтуул, Удирдлагын академийн багш Н.Цолмонтуяа, Боловсролын их сургуулийн багш Ц.Мөнхцэцэг нарын оролцсон энэ нэвтрүүлгээр УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр зэхэж байгаа УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх хувилбаруудын талаар мэтгэлцэв.
Улс төрчид өнөөгийн сонгуулийн нэг мандаттай 76 тойрог бүхий мажоритари буюу олонхийн саналаар сонгох системийг хэвээр үлдээх, тухайн системийг өөрчлөхгүйгээр тойргуудыг томсгон олон мандаттай болгох, пропорционал буюу хувь тэнцүүлэн суудал хуваарилах системийг сонгож нам эвслийн нэрээр сонгогчдын саналыг авах, дээрх 2 системийг нэг дор авч хэрэглэх холимог системийг сонгохоор санал бодлоо уралдуулж байгаа юм.
УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан парламентын ажлын хэсгийн түвшинд мажоритар 38, пропорциональ 38 мандат бүхий сонгуулийн холимог системийг УИХ-д санал болгохоор олонхиороо тогтсоныг мэдээллээ.Судлаач Д.Ганбат пропорциональ системийг Монголын нөхцөлд илүү тохирно гэж үздэгээ тэмдэглээд холимог системийг сонгох тохиолдолд мажоритар мандатын тоо давамгайлах ёстойг сануулав.
Одоо Монголд нэг мандат 76 тойрог бүхий сонгуулийн систем үйлчилж байна. Үүнийг энгийн байдлаар дүрслэхийг оролдсон сэтгүүлч Ц.Ганболдын тайлбарыг нэвтрүүлэгт оролцогчдод үзүүлэв.
Энэ тайлбарт: "Монголын талаар нэг тарсан сумын төв, овооны наадам, багийн хурал, бүсийн сумдын тэмцээн, хаана хүн арай олон цугларна, тэнд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хойно хойноосоо шил даран дөрөө мултлана. Арай ядмагхан, бас бэл бэнчин, дэмжлэг муутай нэг нь өнчин УАЗ-469 хөлөглөн ирж байхад, эрх баригч намынх ч юмуу, эсвэл шинэ цагийн баячуулын өвөр түрийний, үгүй бол халаас, түрийвчнээс уяатай нэр дэвшигчид жинхэнэ монгол хүн гэдгээ гайхуулан эгээ л үндэсний хувцасны загвар өмсөгч лугаа торго, бүс, хэт хутга, чамин хээнцэр бүхнээр бүлтийтэл гоёчихоод үй олон бараа бологч дагуулан хэд хэдэн жипээр сүнгэнүүлээд буучихна. Цуваанд нь урлагийн одод, яруу найрагч, нутгийн бөхчүүл, алтан гартай эмч нар гээд хэн л олон санал цуглуулж чадахаар байна, тэд бүгд ёс юм шиг дагалдана. Сумдын төвд соёлын арга хэмжээ тэр бүр болдоггүй болохоор мөрийн хөтөлбөр, зорилгоо олны дунд ярьж таниулахдаа маруухан нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхээсээ илүү хөдөөгийнхний хөгшин залуугүй хуйлардаг нийтийн бүжгээр нүүр тахлах нь элбэг. Тиймээс нэр дэвшигчийн цуваанд вальсын хаан ч зориуд уригдах бий. Заримдаа сонгогчид маань төрийн түшээ гэхээсээ илүүтэй бөх, дуучин, бүжигчин сонгох гээд байгаа ч юмуу гэмээр.
Монгол орон өргөн уудам, хүн ам нь дэндүү сийрэг таруу. Намын дэмжлэг тааруу нэр дэвшигч сонгогчдодоо хүрэхээр нойр хоолгүй шахам довтолгож утга учир даанч бага үлэмжхэн зардал гарган шатахуун шатааж, дугуй элээнэ. 15, 20 км давхиад малчны хотонд дөрөө мултлахад их сайндаа 3,4- хөн сонгогч угтах энүүхэнд.Монгол хүн байна даа, мэнд мэдмэгцээ мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа ярилтай биш. Тэгэхээр зун зуншлага, малын тарга тэвээрэг, наадам, овоо тахилга, хурдан морь гэхчлэн гэрийн эзний сэтгэлд нийцэхээр баахан юм тойруулж ярина, завсарт нь ирсэн зорилгоо хавчуулна, ингэсгээд л дараагийн хот айл, зэргэлдээх 3 сонгогч руу санал горьдон мордоно доо.
Сонгогчдынх нь тоо цөөн хэдий ч илт таруу суудаг ийм сонгуулийн тойрогт ядаж нэг удаа дэвшсэн хэн бүхэнд иймэрхүү бэрхшээл тохиолддог гэвэл хэтрүүлэг болохгүй байх аа.Хэдийгээр олон түмний итгэл хүлээхээр нэр дэвшигч бүхэн сайн дураараа аль нэг тойрогт ажиллаж байгаа нь үнэн боловч улсын хэмжээний 76 тойрогт дөрвөн жилд нэг удаа өрсөлдөж буй 3, 400 нэр дэвшигч өчнөөн их хөрөнгийг үр дүнгүй шахам цацаж байгаа нь тодорхой. Өнгөрөгч 2004 онд болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дунджаар 15-20 сая, аагаа багтааж ядсан нэг нь 200 сая төгрөг ч зарлагадсан албан бус мэдээ байна. Энэ их хөрөнгө сонгогчдод өөрсдөд нь, ажилгүйдэл, ядуурлыг хумихад зориулагдсан бол халаглах хэрэггүй ч байж болно. Харамсалтай нь тийм биш, дийлэнхдээ шоу цэнгээн мэт нэг удаагийн арга хэмжээнд зориулагдаад өнгөрч байгааг эргэцүүлэн бодох цаг болсон мэт.
Тэгвэл ингэж хөл болон байж сонгогдсон төрийн түшээд эргээд нутаг ус , тойргоо хэрхэн гийгүүлж байгааг авч үзье. УИХ-ын гишүүн хүн уг нь хууль тогтоох үндсэн үүрэгтэй. Ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах Үндсэн хуулийн заалттай. Энэ өндөр шаардлагад үг хэл, үйлдлээ нийцүүлэн ажиллаж байгаа төрийн түшээд мэдээж бий. Гэхдээ олонгүй.
Цөөнгүй гишүүн сонгогдсон цаг мөчөөсөө эхлээд л өөрийг нь дэмжиж тусалсан олон хүний барьцаанд шууд бусаар орчихож байгаа нь үзэгддэг. Баахан мөнгө зээлээд УИХ-д суучихсан биш өрийн тулам боллоо гэж ил хэлэх ч гишүүн байдаг. Сонгуулийнхаа штабт ойр ажилласан нөхдөө ил далд ямар нэг аргаар дарга, төрийн албан хаагч болгох, төсөл, хөтөлбөрийг нь дэмжиж санхүүжилт олж өгөх, Улаанбаатарт хурал зөвлөгөөнд ирэхэд нь дайлж цайлах, дэмжигчдийнхээ хүүхдийг ажил, сургуульд оруулах, тэр ч бүү хэл Америк, Солонгосын виз олгуулахаар нүүрээ улайлган хөөцөлдөнө, бүтвэл өрийнхөө нэгээхэн хэсгийг цайруулна. Өр үүгээр нимгэрнэ үү гэхээс тэглэгдэнэ гэж үгүй. Өөрийг нь дэмжсэн дуучин гавьяат цолонд тодорхойлогдвол Ерөнхийлөгчөөс дэм авахыг оролдоно, өөрийг нь дэмжсэн бөх цолонд ойрхон байвал начны найраа руу халтирна, өөрийг нь дэмжсэн найрагч тайлан тоглолтоо хийвэл тасалбарыг нь борлуулахад тусална, өөрийг нь дэмжигч бизнесменд тендер, газар мэт тээг саадыг нь арилгаж өгнө. Тэр бүхнээс тойрог руугаа явах, сонгогчдынхоо царайг харах хамгийн төвөгтэй нь. Юу хийж бүтээсэн билээ гэхээсээ илүүтэй юутай очих вэ гэж толгойгоо гашилгана. Чухам энэ л учир шалтгаанаар улсын төсвийн багаахан хөрөнгө оруулалтыг УИХ-ын 76 тойрог тийш тарааж цацсаар ирсэн гэдэг юм. Үүний үр дүнд зарим азтай гишүүний тойргийн сум 2,3 хан мянган хүнтэй атлаа тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбогдоно, гишүүн мэдээж өөрийн биеэр очиж тууз хайчилна, нэг хэсэгтээ л орон нутгийнхаа нэн шинэ үеийн баатар хэмээн өргөмжлөгдөнө. Гачлантай нь Монголын төсөв тарчигхан. Жил бүхэн төсвийн хөрөнгөөр нүүр тахлах бололцоо үгүй. Тиймээс төрийн түшээд дотоод, гадаадаас хандив тусламж эрээгүй гуйна. Сайд нараас, агентлаг, газрын дарга нараас, бизнесийнхнээс, төсөл хэрэгжүүлэгчдээс, Японы Элчингээс, Дэлхийн зөнгөөс, Ромын папаас ч байх магад.Ийм маягаар гуйлга 4 жил үргэлжилдэг. Үр дүн гарах бүрийд тууз хайчлахаар тойрог руугаа, ярилцлага өгөхөөр телевиз, сонин руу урагшаа.
Төрийн түшээд ийнхүү сонгогчдоос, жижиг тойргийн эрх ашгаас сонгогдохоосоо эхлэн бүрэн эрхийн хугацаагаа дуустал уяатай байгаа 76 мандат бүхий өнөөгийн сонгуулийн систем яах аргагүй сул талтай ч давуу талтай нь бас маргаангүй үнэн. Наад зах нь сонгогчид нэр дэвшигч бүрийг удам судар, үзэл бодол, намын харьяалал, дагуулж яваа хань нөхдийг нь хүртэл оролцуулан имэрч үзэхээс ч буцахгүйгээр сайтар сонжин шууд сонгох бололцоо олгодог.
Харин УИХ-ын сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр одоогийн системийг өөрчлөхгүйгээр тойргийг томсговол цөөнгүй сонгогч нэр дэвшигчдийн царайг нь харалгүй сургаар сонгоход ч хүрч мэднэ.Тойрог томссоноор төрийн түшээд илүү цар далайцтай улсын хэмжээнд ажиллах боломж гарах ч сонгогчиддоо хүрэх нь улам л төвөгтэй болно, тэр хэмжээгээр сонгогч төрийн түшээдийн эргэх холбоо өмнөхөөсөө хавьгүй илүү явцуурна байх. Ингэвэл Өмнөговийн Гурвантэсийн сонгогчийн төлөө хэн санаа тавьж, хэн төрийн бодлогод эрх ашгийг нь тусгуулахаар хөөцөлдөх юм бол?
Сонгуулийн одоогийн системээр сонгогчдын санал парламентыг бүрдүүлэхэд бүрэн тооцогддоггүй гэсэн шүүмжлэл бий, энэ нь ч ортой. Тиймээс намуудын нэрсийн жагсаалтаар сонгууль явуулах дуу хоолой ялангуяа намын дарга нараас хүчтэй сонсогдож буй. Ийм өөрчлөлт хийвэл манай сонгогчид хүнийг биш, намыг сонгох болно.Нэр дэвшигчдийг нүцгэлэх нь холгүй шилж сонгодог монгол сонгогчид намаар баримжаалан хэн нэгний буг, бурхан алин болохыг ялгахад хэцүү болно байх даа. Яригдаж буй Сонгуулийн хуулийн өөрчлөлт бол 2008 оны сонгуульд өрсөлдөх улс төрчдийн тоглоомын дүрэм юм. Тоглоомын дүрмийг өөрчлөх эсэх, яаж өөрчлөх, хэзээ өөрчлөхийг одоогийнУИХ-ын гишүүд шийднэ. Тэдний өөрсдийнх нь эрх ашгийг ч хөндөх учир энэ удаад намын бүлгийнхээ даалгавраар ярсхийтэл гар өргөхгүй нь ч тодорхой. Хэрвээ өөрчилбөл тэр нь УИХ-ын аль нэг гишүүний, эсвэл аль нэг намын даргын эрх ашигт биш, Алтай, Хөвсгөл, эсвэл Дорнодын жирийн сонгогчийн эрх ашигт илүү үйлчлэх учиртай" гэж дурджээ.
|
Форум: Сурах бичгийн үнэ/FONT> 2005 оны 4-р сарын 6. 21.05
Монгол -хүүхэд залуучуудын орон. Хүн амынх нь гуравны нэгийг 15 хүртлэх насныхан эзэлдэг. Өнөөдөр улсын хэмжээнд 688 ерөнхий боловсролын сургуульд 500 гаруй мянган хүүхэд суралцаж байна". Үндсэн хуулинд заасны дагуу энэ хагас сая хүүхэд сургуульдаа үнэгүй сурдаг, сурах бичгийг нь ч бас төрөөс үнэгүй олгодог.
Төрийн бараг бүх үйлчилгээ үнэ төлбөргүй байсан өмнөх нийгэмд маань харин сурах бичиг үнэтэй байж. Уг нь социалист маягийн нийгмийн хэв загварт л илүү тохирмоор сурах бичгийг үнэ төлбөргүй тараах энэ санаа харин Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш буюу 93 оноос эхэлж, 98 оноос бүрэн хэрэгжжээ. Бүр тодруулбал 97 оноос эхлэн сурах бичгийг зуун хувь сургуулиар дамжуулан үнэгүй тараах болж, гадуур худалдахыг хориглосон байна. Мэдээж үнэгүй юм сайхан. Төрөөс сурах бичгийг үнэгүй тарааж байгаагийн сайн нь гэвэл энэ л байх, тэгвэл муу нь юу вэ?
Сурах бичгийн хүрэлцээ эхлээд тавигдана. Нийслэлийн 35-р сургуулийн багш Анхмаагийн ярьснаар тус сургуулийн 10-р ангийнхан 10 хүүхдийн дунд нэг уран зохиолын номтой гэнэ.
Сурах бичгийн шинэчлэлд улсын төсвөөс жил бүр тэрбум орчим төгрөг зарцуулдаг бөгөөд зохиох, хэвлэх эрхийг тендерээр олгодог нь хээл хахууль, хэрүүлийн бас нэг алим болсоор удлаа. Бөөн хэл ам болж хэвлэсэн сурах бичгийн агуулга, хэвлэлийн чанар даанч муу байгааг шүүмжлэх хүн захаас аван. Бүр зарим сурах бичгийг өмнөд хөршид маань хэвлүүлдэг, хэвлэхдээ хүний биед сөрөг нөлөөтэй цаас, цавуу ашигласан тухай яриа ч тасардаггүй. Дээр нь олон хүүхдийн гар дамжин, хуучирч муудсан сурах бичиг элдэв халдварт өвчний бас нэг үүсвэр болж байгааг эрүүл ахуйнхан хэлээд байгаа. Үнэгүйгээс үүдсэн үр дагавар иймэрхүү байна.
Тэгвэл ирэх хичээлийн жилээс эхлэн сурах бичгийг үнэтэй болгох талаар БСШУ-ны яамныхан саяхнаас нэлээд эрчимтэй ярьж эхэллээ. Төрийн оролцоог арилгаж, хэвлэлийн компаниуд сурах бичгээ өөрсдөө зохиож хэвлэн, худалдаалдаг болсноор сургууль, сурагчдын хувьд сонголт хийх бололцоо бүрдэнэ гэсэн тайлбар, бас агуулга болон хэвлэлийн чанар одоогийнхоос эрс дээшлэнэ гэсэн амлалт энэ үгтэй хамт сонсогдох боллоо. Ер нь л сурах бичиг үнэтэй байхын ашиг тусыг сэнхрүүлээд байгаагаас үзвэл төр сурагчдад номыг нь үнэгүй өгдөг тогтолцооноосоо ухрах гээд байгаа бололтой. Уг нь чанартай сурах бичиг, сонголт энэ тэр сайхан л сонсогдож байна. Гэвч хүүхэд бүрт амласан арван мянга нь гурван мянга болж, тэгээд бас заримд нь олдохоо больсны хариу ч юм шиг сурах бичгээ худалдаж ав гэх нь төрийн төмөр нүүр үү, эсвэл засгийн газраас ядууралтай зарласан дайны нэг хэсэг үү? BR> Энэ асуудлаар ярилцсан ээлжит нэвтрүүлэгч УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Мишигжав болон газар хэлтсийн дарга нар, мөн сурах бичиг хэвлэгч, зохиогчид хийгээд багш, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Сурах бичгийг үнэтэй болгох шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ төрийн байгууллагууд мэдэгдсэн энэ нэвтрүүлэгийн үеэр сурах бичиг зохиох хэвлэл эрхийг хэрхэн олгох, ямар шалгуур байх, хэвлэсэн сурах бичгийг хэрхэн худалдаалах, эцэг эх, сургууль яаж сонгох, нийгмийн эмзэг хэсгийн хүүхдүүдэд сурах бичгийг хэрхэн олгох зэрэг олон асуудлын хөндөн ярилцлаа. |
Форум: Хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалт 2005 оны 3-р сарын 30. 21.05
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголын хэвлэл мэдээллийг цаг алдалгүй эрүүлжүүлэх дараах гурван алхмыг санал болгож байна. Маш энгийн, зардал шаардахгүй, гаднаас нөлөөлөхгүй, зөвхөн өөрийн хүсэл зориг байхад л хангалттай.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр эзэн, харьяаллаа ил тод зарлах
2 Сэтгүүлч, сурвалжлагч, тоймчийн буюу зохиогчийн нэр, ажил албыг заавал бичиж байх
3. Мэдээ, материал, нийтлэл, нэвтрүүлгийг бизнесийн сурталчилгаа, PR -аас зааглаж салгах
Ердөө л энэ. Хэвлэл мэдээллийн амин сүнс нь "хэвлэлийн эрх чөлөө". Ямар санаа бодол, байр суурийг илэрхийлэх, юуг яаж тайлбарлах, хэнийг магтах, шүүмжлэх нь тэдний эрх чөлөө. Гагцхүү үүнийгээ ил тод, шударгаар хийгээч гэсэн үг.
Бусдаас ёс зүй, ил тодыг шаарддаг хэвлэл мэдээлэл өөрөө ёс зүйтэй, нээлттэй байх ёстой. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт чухам үүнээс л эхлэх байх .
Нэвтрүүлэгт улс төрч, нийтлэлч Б.Баабар, УИХ-ын гишүүн асан, МАСЭХ-ны ерөнхийлөгч Д.Алтай, ахмад сэтгүүлч, соёлын гавъяат зүтгэлтэн Х.Цэвлээ, Монголын Сонины Холбооны ерөнхийлөгч С.Баярмөнх, Монголын Чөлөөт Сонинуудын Холбооны дэд ерөнхийлөгч Г.Санчир, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болон судлаачид оролцлоо. |
Форум: Оюутолгой бидэнд юу өгөх вэ? 2005 оны 3-р сарын 23. 21.05
Монголын говь гэхлээр дэлхий дахин элсэн цөл, тэмээ, динозаврын өндөг гурвыг биш харин Оюутолгой хэмээх зэс, алтны асар том ордыг төсөөлдөг болж магадгүй. Өмнөговийн Ханбогдод дэлхийн том, өндөр агуулгатай орд илэрсэн тухай сүүлийн 4 жилийн турш дотоод, гадаадын хэвлэлээр шуугилаа. Оюутолгой хэмээн монголчуудын дэндүү онож нэрлэсэн энэ ордын хайгуулын судалгааг 1980-аад онд монгол, оросын геологчид , дараа нь япончуул, 1990 –ээд оны дундуур зэсийн олборлолтоороо дэлхийд гуравт ордог цуутай BHP компани хийсэн боловч ийм их баялаг агуулж байгааг нь тогтоох хувь дутжээ. Харин BHP-ээс хайгуул ашиглалтынх нь лицензийг шилжүүлж авсан Канадын Айвенхоу Майнз компанийг аз түшиж дэлхийд гайхуулах нөөц баялаг илрүүлсэн нь олон улсын нэр хүнд бүхий лабораторуудын дүгнэлтээр баталгаажсан гэх бөгөөд одоогоор Оюутолгойн ордод 46 тэрбум паундын өртөг бүхий зэс, 23 сая унци алтны нөөц тогтоогдоод байгаа гэнэ. Харьцуулж хэлбэл Оюутолгой нөөцөөрөө монголчуудын бахархал Эрдэнэтийн ордыг ч бараадуулахгүй хол давчихжээ. Энэ завсар Айвенхоу Майнз компани Оюутолгойн нөөцөд дулдуйдан хувьцаагаа Хойд Америкийн хамгийн том хөрөнгийн биржүүд дээр амжилттай арилжаалж багагүй ашиг олоод амжжээ. Оюутолгойд томоохон нөөц илрүүлсэн Айвенхоу Майнз компани, түүний эзэн, ноён Роберт Фридландтай Монголын Засгийн газар хэлэлцээний ширээнд хэзээ мөдгүй суух гэж байна. Монголын талын ажлын хэсэг Айвенхоу Майнзтай Засгийн газраас байгуулах Тогтвортой байдлын гэрээний төсөл боловсруулах ажлыг 2003 оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд одоо төслийн заалтуудын 95 хувь дээр хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байгаа юм. Монголын тал Оюутолгойд байгуулах уурхайг дотоодын эрчим хүчээр хангах, Айвенхоу Майнз болохоор БНХАУ-ын Өвөрмонголоос эрчим хүч авахаар санал зөрөлдөж байгаа бололтой. Монголын Засгийн газар ч тэр, Айвенхоу Майнз ч Тогтвортой байдлын гэрээний төслөө ихэд нууцалж олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа юм. Гэвч аливаа нууцалсан зүйл хардлага сэрдлэг, сэжиг таамаглал төрүүлдэг ёсоор энэ гэрээний тухайд элдвийн яриа хөөрөө Монголын нийгэмд нэгэнт дэгдээд эхэлчихэж. Иймд монголчуудын хувь заяанд онцгой ач холбогдолтой Оюутолгойн төслийн явц, үр дүн, ирээдүйн талаар "Форум" нэвтрүүлгийн ээлжит дугаараар ярилцлаа. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Р.Раш, О.Энхсайхан, Айвенхоу Майнз ХХК-ийн дэд тэргүүн Эд Флад, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пол Чэйр, ахлах дэд ерөнхийлөгч А.Мөнхбат, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд, судлаач, доктор Н.Дашзэвэг, Д.Дуламсүрэн, С.Авирмэд, иргэн М.Оюунбилэг, Б.Сүхбаатар, Оюутолгойн ордыг анх нээн илрүүлсэн монголын геологич Д.Гарамжав, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Буянтогтох нарын өргөн төлөөлөл оролцон ажил хэрэгч маргаан өрнүүлж мэтгэлцлээ. Айвенхоу майнз компанийхан Оюутолгойд хийсэн хайгуулын үр дүн, орд газрын нөөц, түүнийг ашиглах, олборлох хувилбар, санхүүгийн эх үүсвэр зэргээ дэлгэрэнгүй танилцуулсан. Тэдний мэдээллээр бол Оюутолгойд наад зах нь 65 тэрбум ам. долларын зэс, алтны нөөц тогтоогдсон аж. Айвенхоу майнз компани 2007 оноос энэ ордыг ашиглах төлөвлөгөөтэй бөгөөд үүний тулд нэг тэрбум ам.долларын санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Харин Монголын талаас нэвтрүүлэгт оролцогчид Тогтвортой байдлын гэрээ байгуулахын өмнө Монголын Засгийн газар орд газрыг ашиглах хамгийн оновчтой хувилбарыг сонгох хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа. УИХ-ын гишүүн Р.Раш Оюутолгойн төслийн талаар бүрэн мэдээлэл парламентын гишүүдэд байхгүйг шүүмжлээд энэ том төслийг хэрэгжүүлэхдээ хэлэлцэгч талуудын аль нь ч давуу хонжих эрхгүй гэж хэллээ. УИХ-ын гишүүн О.Энхсайхан Оюутолгойн ордыг Монголын Засгийн газар ба Айвенхоу Майнз компани 50:50 хувиар тэнцүү ашиглах санал дэвшүүлснийг судлаач Н.Дашзэвэг нарын цөөнгүй оролцогч дэмжлээ.Доктор Д.Дуламсүрэн татварын хуулиудын хөнгөлөлт чөлөөлөлтийг цуцлахыг санал болгож, зарим оролцогч гадаадын хөрөнгө оруулагчдад хэт хөнгөлөлт үзүүлж байгаа 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг өөрчлөх хэрэгтэйг сануулж, судлаач С.Авирмэд Оюутолгойн зэсийг Монголын нутагт бүрэн боловсруулж экспортлох шаардлагатайг дурдаж байлаа. Нэвтрүүлэгт оролцогчид Оюутолгойн баялгийг нээсэн Айвенхоу майнз компанид талархахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулиар газар, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байхаар хуульчлагдсан тул Оюутолгойн баялгийн эзэн монголчууд энэ том ордоос ахиу хувь хүртэх эрхтэй, хэрвээ ийм нөхцлөөр Айвенхоу майнзтай гэрээ байгуулж чадахгүйд хүрвэл Монголын Засгийн газар, Сангийн сайд огцрох ёстой гэж анхааруулав.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичмэлээр энд дарж үзнэ үү! HTML PDF |
Форум: Монголд ирсэн жуулчин 2005 оны 3-р сарын 16. 21.00
Албан ёсны судалгаанаас үзэхэд Монголд ирсэн жуулчдын дийлэнхи нь сайхан сэтгэгдэлтэй буцжээ. Үнэн бол сайхан л юм. Гэхдээ "танай сайхан оронд дахиж ирнээ" хэмээсэн үг , эелдэг инээмсэглэл манж зан байх магадлал өндөртэй. Манайд ирж байгаа жуулчдын 70 гаруй хувь нь анх удаагаа ирдэг гэсэн судалгааны дүн ч үүний нэг нотолгоо. Жуулчдыг "дахиад ирнээ "гэсэн тэр үгээ биелүүлдэг болгохын тулд бид юу хийх ёстой вэ? Монгол сайхан орон, байгаль нутаг нь онгон төрхөөрөө, хүн ард нь нөхөрсөг, хөдөө нутагтаа нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлдсэн гээд улиг болсон сурталчилгаагаар хол явахгүй. Цастай хүйтэн өвлийг мэдэрье гэвэл Монголд биш финляндад, Чингис хааны түүхтэй танилцая гэвэл өвөрмонголд, үзэсгэлэнт байгалиар аялая гэвэл Швейцарид, онгон зэрлэг газар нутаг үзье гэвэл австрали юм уу африкад зочлох олон сонголт жуулчдад бий. Тиймээс дээр дурьдсан үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтан, Чингис хаан зэрэг зүйлс бидний баталгаатай давуу тал бас биш болж байна. Сүүлийн жилүүдэд эзэн Чингисийг биш эмс охидыг маань сонирхдог жуулчид нэмэгдэж байх шиг. Арван жилийн өмнө тодорхойлсон аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулиндаа Монголд секс туризм хөгжүүлэхээр зорилт лав тавиагүй. Тэгвэл Монголд аялал жуулчлал ямар чиглэлээр хөгжиж, гадныхныг урин дуудах Монголын нэрийн хуудас юу байх вэ? . |
Форум: Хот төлөвлөлтийн бодит байдал 2005 оны 3-р сарын 9. 21.00
Нийслэлийн төв хэсэгт, бэлэн дэд бүтэц дээр, бэлэн зам талбайн дэргэд барилга барих газрыг хотын удирдлага ямар ч и тод байдал, хяналтгүйгээр өгч авалцсаар өдий хүрчээ. 1996 оноос хойшхи сонгууль бүрийн дараа нийслэлд барилга барих газрыг дуудлагаар худалдахаар амалдаг байлаа. Даанч ганц нэгхэн удаа дуудаад больчихдог. Үнэхээр хотын төв, бас Туул, Сэлбын эрэг, Зайсангийн ам, ногоон бүсэд барилга барих зөвшөөрлийг дуудлагаар худалдаад олсон мөнгийг захын хорооллын дэд бүтцэд зориулах асар их боломжийг яагаад ашиглаагүй вэ? Хүн бүхний ярьдаг хээл хахууль, авилгал, "газрын мафи" гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Нэг мэдэхэд нийслэлийн энд тэнд хашаа хэрмээр хүрээлэгдсэн цайз мэт баячуудын хотхон, тансаг орд харшууд байраа эзэлж, харин ядуучуудын хорооллын дүр зураг хотын зах руу улам бүр тодорсоор байна... Асар түргэн нэмэгдэж байгаа нийгмийн ялгарал хотын хөгжлийн таних тэмдэг боллоо... Улаанбаатарт анхнаасаа сийрэг баригдсан барилгуудын хоорондын зай талбай чигжсээр байна. Гэхдээ л Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр "Барилга барих зай дахиад бий. Зайгүй гээд байсан хүмүүс барилга барьчихсаны дараа л зайтай байсанд итгэдэг" хэмээн саяхан ярьжээ. Үүнийг албан ёсны нэр томъёогоор нягтаршилт гэдэг юм байна. Тэгвэл орон сууцны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын талбай, явган зам, зүлэг, цэцэрлэгийн дээр баригдсан, баригдаж буй барилгууд нягтаршилт мөн үү? Сүүлийн жилүүдэд "газрын маргаан" нэртэй зөрчил тэмцэл тасраагүй, бараг бүгдэд эрх мэдэлтнүүд ялж иргэд дийлдэж байлаа. Ямар сайндаа ноднин 12-р сард 31-р сургуулийн дэргэд очиж үзсэн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболдод хандаж газар олголтыг зогсоох үүрэг өгсөн билээ. Гэхдээ төвийн ихэнх газар аль хэдийнэ олгогдсон бололтой. Энэ тухай илэн далангуй ярилцсан нэвтрүүлэгт Улаанбаатар хотын ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба, Хот төлөвлөлтийн хүрээлэнгийнхэн багаараа (нийт 15 хүн), 1960-аад оноос хойш нийслэлийн Ерөнхий архитекторчийн албыг хашиж байсан Я.Шархүү, Т.Жадамбаа, Г.Болд, зарим СӨХ-дын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. |
Форум: Авилгын индекс 2005 оны 3-р сарын 2. 21.00
Манай улс авилгын эсрэг хуультай, бүр авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөртэй. Хууль батлагдаад 9 жил, үндэсний хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж байна. Гэвч Монголд авилгал буурсангүй. Транспаренси интернейшнэл байгууллагаас өнгөрсөн 12-р сард нийтлүүлсэн судалгаагаар хоёр жилийн өмнө 4,6 байсан Монголын авилгын индекс 3 болж буурчээ. Өөрөөр хэлбэл манай улсын авилгаас ангид байх чадамж бараг тавин хувиар багасч, авилга хэмээх аюул Монгол улсыг, Монголын төр нийгмийг "рингний буланд" улам бүр шахсаар байна гэсэн үг. Хүнд цохилтоор муужруулахаар эрчимтэй довтолж байгаа "авилга" –аас хамгаалах чадвар Монголын төр, нийгэмд байна уу? Уг нь манай ямар ч дарга, сайд, их хурлын гишүүн авилгатай тэмцэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Хэн нь ч авилгатай тэмцэхгүй гэж хэлдэггүй. Яаж тэмцэх ёстойгоо мэдэхгүй байна уу аль эсвэл наанаа тэмцэе гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ авилгатай тэмцэх хүсэл манай дарга нарт байхгүй байна уу? Өдрөөс өдөрт ихэсч, газар авсаар байгаа авилгатай яаж тэмцэх вэ, авилгаас хамгаалах, үндэсний шударга ёсны тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ? Улс төрийн ийм хүсэл зориг Монголын төр засагт бий юу? Энэ сэдвээр хийсэн нэвтрүүлэгт УИХ-ын одоогийн болон экс гишүүд, судлаачид, хуульчид, төрийн албан хаагчид сэтгүүлчид оролцлоо. |
Форум: "Улс төрийн шинэ нөхцөл байдал" 2005 оны 2-р сарын 23. 21.00
Сүүлийн хэдэн сард Монголын улс төрд болж өнгөрсөн үйл явдлууд ямар учиртай вэ? Зөвшилцөл үү? Хуйвалдаан уу?
Зөвшилцлийн талынхны тайлбарыг сонсоход эх орн ыхоо төлөө хийсэн баатарлаг алхам юм байна. Зүв зүгээр байсан эвслээ тарааж хаячихлаар өөр яах юм бэ? Нэгдэж зөвшилцөж , баг болж чаддаггүй хүмүүс бүү атаарх. Монголчууд намаар хуваагдаж, дайсагналцаж ханалаа. Өнгөрсөн сонгуулийн амлалтуудыг харьцуул бал МАХН ба "Эх орон-Ардчилал" эвсэлд үзэл баримтлалын ялгаа байхгүй гэх мэт . Бусад улс оронд ийм юм байдаг эсэх тухайд бол зөрчил тэмцэлтэй 21-р зуунд монголчууд үндэсний эв нэгдлээ эрхэмлэхийн жишээг дэлхий нийтэд харуулж болохгүй гэж үү?
Тэгвэл шүүмжлэгчид нь "хуйвалдаан" хэмээн нэрлэж, "урвагч"-аар цоллож, Элбэгдорж ба хэдэн сайдыг албан тушаалд нь үлдээхийн тулд, 15 жил тэмцэлдсэн сөрөг намынхаа өвөрт нь орж болохгүй гэнэ. Засгийн газар огцорно л биз, Монгол Улс яах ч үгүй, тэгж яривал бусад оронд Засгийн газраа байн байн огцруулдаг гэх мэт.
Сүүлийн жилүүдэд Монголд олон намын тогтолцоо хумигдсаар байна. Зөвхөн хоёр нам хэт давамгайлж үлдэх нь үү хэмээн болгоомжилж байтал бүр алгасаад нэг намынх руу явж байх шиг. Хүчтэй сөрөг хүчин гэж байхаа болилоо. Одоо бүр нэгдсэн том нам байгуулах нь нийгмийн захиалга, элсэх юмсан гэсэн Их Хурлын гишүүд эхнээсээ тодорч байна.
Монголын улс төр хаашаа явж байна вэ?
Нэвтрүүлэгт УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн С.Ламбаа, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, УИХ-ын гишүүн М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, УИХ-ын гишүүн, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат, МоАХ-ны дарга С.Эрдэнэ, мөн МҮЭНН, МУНН, МЛН, МКН, МСДН-ын намын удирдлага, улс төр судлаачид, хэвлэл мэдээллийнхэн, сонирхогчид оролцлоо. |
"Монгол бөх - Сумо" 2005 оны 2-р сарын 16. 21.10
Шууд нэвтрүүлэг Харилцах утас. 313207, 99125453
Монгол бөх спорт мөн үү, эсвэл наадам цэнгээний нэг хэсэг үү? Үндэснйи бөхийн барилдааныг яаж сонирхолтой, шударга, цаг хугацаа, орон зайн хувьд нийгэм цаг үеийн хөгжилд нийцүүлэх вэ? Энэ мэтчилэн үндэсний бөхтэй холбоотой олон асуулт өнөөдөр хариулт хүлээж байна. Сүүлийн үед Монголчуудын үзэх дуртай болсон японы мэргэжлийн сумогийн барилдаан л гэхэд манай үндэсний бөхөөс давуу зүйл цөөнгүй ажиглагддаг. Сонирхолтой, үзэгчдийг чилээдэггүй, шударга гээд олон давуу зүйл бий. Сумод хэн нэг хүндэлдэг бөхөө давснаар ачийг нь хариуллаа гэж үздэг бол харин манай монгол бөхөд давж биш унаж ачийг нь хариулдаг эсрэг журам үйлчилдэг. Ач хариулах энэ хоцрогдсон заншлынхаа талаар манай бөхчүүд нутгийн хүүгээ дэмжсэн, нутгийн ахаа хүндэлсэн гээд уламжлалт зан заншилтай холбосон тайлбар хэлэхдээ сайн. Гэвч үнэн хэрэгтээ нутаг нуга, бөхийн ёс жудгаас мөнгө төгрөг илүүтэй цолонд хүрэх гол шалгуур болсон тухай ард түмэн хэлэлцдэг болсоор удлаа. Энэ нь ч оргүй яриа биш ээ гэдгийг ФОРУМ нэвтрүүлгийн 2005 оны 02-р сарын 16-ны өдрийн "Монгол бөх-Сумо" сэдвээр бэлтгэсэн дугаарт оролцсон хүмүүс баталлаа. "Начны найраа ямар үнэтэй вэ" гэсэн асуултад оролцогчдын 25 хувь нь 10-20 сая төгрөг гэсэн бол 50 хувь нь байдгийг нь мэднэ, гэхдээ мөнгөний хэмжээг мэдэхгүй байна хэмээн хариуллаа. 60-70аад онд манай үндэсний бөхийн аваргууд тив дэлхий, олимпод бөхийн бусад төрлөөр гарамгай амжилт үзүүлж байсан ч сүүлийн 20 жил энэ уламжлал бараг тасарлаа. Шинэ залуу аваргууд маань, бөхийн орон гэгддэг Монголын бөхчүүд яагаад дэлхийд амжилт үзүүлэх чадвар буурав, бусад бөхийн төрөлд амжилт гаргах гол үндэс суурь болж байсан үндэсний бөхийн барилдааны галыг яаж сэргээх вэ, цаашид үндэсний бөхийн хөгжлийн чиг хандлага ямар байх вэ, мэргэжлийн сдорт болох боломж бий юу гэхчлэн олон сонирхолтой асуудлуудыг нэвтрүүлэгт оролцогчид хөндөн ярилцлаа. Нэвтрүүлэгт ерөнхий сайдын зөвлөх Д.Дорлигжав, сайд асан Жанжаадорж нарын зэрэг бөхийн хорхойтнууд ,улсын заан Ганболд, Амгаа, начин Онх нарын зэрэг бөхчүүд, мөн жирийн иргэд бөхийн үзэгчдийн төлөөлөл оролцлоо. Харамсалтай нь дархан аваргууд маань цаг завын боломжоос шалтгаалан нэвтрүүлэгт хүрэлцэн ирж амжаагүй бол Монголын үндэсний бөхийн холбооны удирдлага тодорхой шалтгааны улмаас студийн үүдэн дээрээс нэвтрүүлэгт оролцохоос татгалзан буцлаа. |
"Нүүх үү ?" 2005 оны 2-р сарын 2. 21.10
2004 оны улсын эдийн засгийн бодит өсөлт 10.6 хувьд хүрч, үүний 4.4 нэгжийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн дүн гарчээ. Энэ тоонд Монголын малыг нэг жилийн дотор хоёр саяар өсгөсөн малчдын маань гавъяа багтаж байгаа. Харин өсөн дэвжиж буй эдийн засгийн энэ боломжоос эргээд хүртэх бололцоо нь малчдад хэр байгаа билээ? Форум нэвтрүүлгийн энэ дугаарыг бид Монгол Улсын 331 сумыг төлөөлүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумаас бэлтгэсэн юм. Хөдөөд малчдын тоо жил бүр цөөрч, хөдөөгөөс хот, суурин газар руу шилжигсдийн тоо буурахгүй байгаа юм. 1995-2000 оны хооронд Увсаас – 12362, Завханаас – 11666, Архангайгаас – 7642, Говь-Алтайгаас – 7317, Баянхонгор аймгаас – 5718 хүн тус тус шилжин явжээ. Үүнийг Монголын хөдөө эзгүйрэх аюулын харанга биш гэх үү? Хөдөөгийнхний амьдрал ахуйд нүүрлэсэн ядуурлын дохио биш гэх үү? Сүүлийн нэг жилийн дотор нийслэл хотод 68 мянган хүн шилжин ирж суурьшжээ. Малчин өрхийн тоо ганцхан жилд 3500-аар багасч, малчдын тоо 12000-аар цөөрсөн байна. Энэ янзаар бол хэдхэн жилийн дараа Монголын хөдөө эзгүйрч мэдмээр... Харин манай нэвтрүүлэгт оролцсон малчид "Нүүх үү?" гэсэн асуултад "Нүүхгүй ээ" хэмээж, "Юу хамгийн их дутаж байна вэ" гэхэд "мэдээлэл" гэсэн товчхон хариулсан атлаа бэлчээрийн мал аж ахуй 15 жилийн дараа явцгүй болно гэсэн гадаадын судлаач, эрдэмтдийн дүгнэлттэй бараг бүгд санал нийлж байсан нь сохирхол татаж байлаа. Нэвтрүүлэгт Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан сумдын малчид, аймгийн засаг дарга Ж.Хүрэлсүх, сумын засаг дарга Б.Өсөхбаяр, ХХААЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Биньеэ, "Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр"-ийн ажилтнууд оролцлоо. 99125453 |
"Ядуурлын эсрэг дайны байдал" 2005 оны 1-р сарын 26. 21.00
Шууд нэвтрүүлэг 2004 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж " Засгийн газ а р ядууралд дайн зарлаж байна " хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. Өмнөх жилүүд шиг "Түмнээ ядуурлаас гаргая... " хэмээн уриалаад зүгээр нэг хориглон байлдах хангалтгүй болжээ гэсэн үг. Бүр 1994-2000 онуудад " ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"- ийг 15,6 сая долларын зээл, тусламжаар хэрэгжүүлж, 1994 онд 25,6 хувь байсан ядуурлын түвшинг 10-аас доош хувьд буулгах зорилт тавьсан юм. Гэтэл төсөл хэрэгжиж дууссан 2000 онд ядуурал 36,3 хувь болж нэмэгдсэн байлаа. Дарга нар тайлбарлахдаа, ядуурал бүр их болох байсан, харин бид тодорхой хэмжээнд барьж чадлаа гэсэн. Үүнийг сонсоод 800 мянга гаруй ядуу иргэд мөн ч их баярласан байх даа... Дараачийн хөтөлбөр бол "ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР" ( 2001-2006 он ) юм. Одоогоор хөтөлбөрийн үндсэн хэсэг нь "Тогтвортой амьжиргаа" төсөл. Дэлхийн банкны 18,6 сая долларын зээлээр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт "Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоо 1999 онтой харьцуулахад 2003 оны эцэст 40, 2006 оны эцэст 60 хувиар буурсан байх" зорилт тавьжээ. Биелж байна уу? Үндэсний статистикийн газар хэсэг цааргалсны эцэст 2004 оны 12-р сарын эхээр Монголын ядуучуудын тоог 36,1 хувь гэж зарлав. Хөтөлбөрт дэвшүүлсэн лав эхний 3 жилийн зорилт биелсэнгүй. Одоо Засгийн газар ядууралтай хэр сайн байлдаж байна вэ? Д айн зарласан анхны жилийн буюу 2005 оны төсөвт дайны үеийн төсөв гэмээр ямар нэгэн онцгой шинж тэмдэг илрээгүй билээ... Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч М.Сарантуяа, МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуун, CEDAW Watch төвийн тэргүүн Ж.Занаа, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Харилцах утас. 313207, 99899981, 99125453 |
"Монголын алт" 2005 оны 1-р сарын 19. 21.00
Шууд нэвтрүүлэг Монголын говийг зорьсон ганц гол Онгийн гол өнөөдөр бараг устаж байна. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс илүүтэйгээр хүний хүчин зүйл, тэр тусмаа Онги голын цутгал Бөөрөлжүүт, Өлт, Нарийн, Цагаан, Буянт голуудын эхэнд алт олборлолт явуулж, голын гольдролыг эвдэн өөрчилж, хөрсийг нь хуулан, ундаргыг нь боосон нь Онги гол тасрах томоохон шалтгаан болсон байна. Алга болсон Онги голыг үнэлж болох уу, эдийн засгийн утгаар нь тооцвол Онги гол ямар үнэ хүрэх вэ? Зөвхөн Онги ч биш Ерөө, Байдраг, Онон зэрэг голууд ч алтны олборлолтоос болж ширгэж тасрахад хүрээд байна. Монголчуудын сайн мэдэх Орхон түшээ мөрөн, "дөлгөөн Завхан" –ыг ч бас ийм хувь заяа хүлээж байна гээд бод доо. Алтны уурхайнууд өнөөдөр улс орны эдийн засагт ямар хувь нэмэртэй вэ, тэд олборлолт явуулсан газартаа хуулийн дагуу нөхөн сэргээлт хийхгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ, тэдэнд хяналт тавих ёстой төр засаг, орон нутгийн удирдах байгууллагууд хаана явна вэ гэхчлэн олон асуудлыг "Монголын алт" нэвтрүүлгээр хөндөн ярилцлаа. 2004 онд улсын хэмжээнд 17 тонн орчим алт олборлосноос 7,5 тонныг нь "Бороо гоулд" ХХК олборложээ. Хамгийн хачирхалтай нь бүх алтны 60 орчим хувийг олборлосон энэ компани манай улсад ач тусаа бараг өгөхгүй нь. Монгол- Канад улсын засгийн газар хооронд байгуулсан тогвортой байдлын гэрээний дагуу Бороо гоулд ХХК 2007 он хүртэл ийм маягаар ажиллана гэдгийг компанийн ерөнхийлөгч Пол Корти нэвтрүүлгийн үеэр хэллээ. Нэвтрүүлэгт Эрэл, Монгол газар, Гацуурт компаниудын захирлуудыг урьсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас оролцохыг хүссэнгүй. Гэхдээ Үйлдвэр худалдааны яамны газрын дарга Д.Галсандорж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Д.Жаргалсайхан, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Байгаль орчны яамны газрын дарга Намхай зэрэг уул уурхай, төр засгийн байгууллагуудын төлөөлөл, мөн Онги голынхон хөдөлгөөн, Конрад Аденаурын сан, Азийн сан, Мэдээллийн сүлжээ зэрэг гадаад дотоодын олон нийт, төрийн бус байгууллагуудынхан оролцлоо. Хамгийн сонирхолтой нь Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий, Архангай, Өмнгөговь, Өоөрхангай аймгуудаас тус бүр нэг хүн нутаг ус, аймаг орон нутгийнхнаа төлөөлж нэвтрүүлэгт оролцсон. Тэд алтны үйлдвэрлэл газар нутгийг нь сүйтгэж, гол усыг нь устгаж байгаа тухай сэтгэл зовнин ярьсан юм.
Харилцах утас. 313207, 99125453
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичмэлээр энд дарж үзнэ үү! HTML PDF |
"Хариуцлагатай төр" 2005 оны 1-р сарын 12. 21.00
Шууд нэвтрүүлэг Монголын төр хэр хариуцлагатай вэ? Үүнийг харуулах нэг жишээ бол Улсын Их Хурлаас 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бөгөөд уг хуулийн дагуу төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосны сацуу дээрхи хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан УИХ-ын тогтоолоор РТХЭГ-ыг татан буулгаж үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон зохион байгуулахаар заажээ. Гэтэл уг хууль, тогтоолыг хэрэгжүүлэлгүй 6 жил өнгөрлөө. Манайд 100000 төгрөгний үнэтэй гар утас хулгайлсан хүү 11 жилийн ял эдлэж байгаа тухай бид өмнөх нэвтрүүлгээрээ үзүүлж байсан. Тэгвэл бүтэн 6 жил хууль зөрчиж олон түмний хараат бус, тэнцвэртэй, бодит мэдээлэл авах эрхийг хөсөрдүүлсэн, үндэсний радио телевизийг улс төрийн зорилгод эрээ цээргүй ашиглаж сонгогчдыг төөрөлдүүлсэн Засгийн газруудыг шүүхэд өгч болох уу? Энэ асуудлыг хөндөн ярилцлаа. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор Н.Лүндэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, иргэн Д.Ламжав, С.Жудаг нарын хүмүүс оролцов. Харилцах утас. 313207, 99125453 |
"2016 оны монгол: Гочоогийн 4 тавилан" 2005 оны 1-р сарын 5. 21.00
Шууд нэвтрүүлэг Жил гаруйн өмнө МННХ-ээс боловсруулж, саяхан "Шинэ эрин" сэтгүүлийн газартай хамтран олон нийтэд илүү хүртээмжтэй болгон найруулж тусгай дугаарт нийтэлсэн, 2016 оны Монголын хөгжлийн сценари буюу зураглалын дөрвөн хувилбарыг хэлэлцлээ. 1. "УЛААНБААТАР"-аас "УЛААНБЭЭЖИН" хүртэл. (Монгол Хятадын нөлөөнд бүрэн орлоо) 2. МОНГОЛЧУУД "АХ ДҮҮ" ХӨРШИЙН ДУНД. (Зүүн хойт Азийн хэсэг болж чадсан Дорнод Монгол цэцэглэн хөгжив) 3. "НҮҮДЭЛЧДИЙН НИЙСЛЭЛИЙН СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛ". (Хандивлагчид цөхөрч Монгол ганцаардан мухардав) 4. "АРВАН ЗУРГАДУГААР БҮГД НАЙРАМДАХ УЛСААС ТАВИН НЭГДҮГЭЭР МУЖ УЛС ХҮРТЭЛ". (Шинэ Хархорум хот америкжсан Монголын нүүр царай боллоо) Нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, улс төрч нийтлэлч Б.Батбаяр (Баабар), Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, "Хан-Уул" дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл, ШУА, СЭЗЯ-ны Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Батмөнх, судлаач, сонирхогчид оролцов.
Харилцах утас. 313207, 99125453 |
"Монгол хаана оршдог вэ ?" 2004 оны 12-р сарын 22. 21.00
Шууд нэвтрүүлэг Монгол бол дэлхийн хамгийн том эх газрын дундах 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг. Далай хүртэл ямар ч гарцгүй, 1000-2000 км зайтай. Монголын хилийн нийт урт 8216 км. үүнээс ОХУ-тай 3543 км, БНХАУ-тай 4673 км. Зарим хүмүүс Казахстантай хиллэдэг гэж ойлгодог, үгүй юм байна. Ийнхүү бид манай Монголыг энд түгжсэн хоёр их хөршийнхөө газрын зургийг хүндэтгэлтэйгээр ажиглах, тэгээд элдвийг эрэгцүүлэн бодох л үлдэж байна... Нэвтрүүлэгт Монголын геополитик судлаачид, төрийн бус байгууллагынхан, сонирхогчид оролцлоо. Харилцах утас. 313207, 99125453 |
"Бидэнд ямар нам хэрэгтэй вэ?" 2004 оны 12-р сарын 15. 21.00
Шууд нэвтрүүлэг Монгол Улсын Дээд шүүхэд одоогоор бүртгэлтэй улс төрийн 20 намын өнөөгийн төрх, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан уг нэвтрүүлгээр манай хүн амын талаас илүү хувь нь аль нэг намд гишүүнчлэлтэй боловч нийт иргэдийн 60 хувь улс төрийн намуудад итгэдэггүй талаар баримт түшин ярилцлаа. Нэвтрүүлэгт оролцсон Ардчилсан намын дарга М.Энхсайхан манай улс төрийн намууд хувьсгалыг мэргэжлээ болгосон хүмүүсийн байгууллага маягаар үүсэн бий болсныг шүүмжлээд одоо намууд сонгогчдын байгууллага болон бүтэц, зохион байгуулалтаа ч, үйл ажиллагаагаа ч өөрчлөх цаг болсныг сануулсан бол Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат Монголд бүтээн байгуулагч нам хэрэгтэй гэж дахин дахин хэлж байлаа. Улс төр судлаач Д.Ганхуяг эрх баригч МАХН-ын Бага хурлын 240 гишүүний зөвхөн 12 нь намын анхан шатны байгууллагаас сонгогддог жишээн дээр намуудын ардчилал илэрхий хумигдсаныг анхааруулав. Улс төрийн намуудын өнөөгийн байдлыг ил тод ярилцсан энэ нэвтрүүлэгт Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатар, Иргэний зориг-Бүгд найрамдах намын дэд дарга Ц.Ганхуяг, Эх орон-МАШСН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар, судлаач Ц.Батмөнх, Д.Ламжав, Х.Тэмүүжин, Ардчилсан социалист хөдөлгөөний гүйцэтгэх зөвлөлийн дарга А.Ганбаатар нарын 30 гаруй хүн оролцлоо. Харилцах утас: 313207, 99125453, 99163657 |
"Шоронгүй ял" 2004 оны 12-р сарын 08. 21.00
Шууд нэвтрүүлэг "Монгол Улсын нэрийн өмнөөс..." гэсэн ялын тогтоолыг хэчнээн хэрэгтэнд уншиж сонсгодог бол? Хэрэг үйлдсэн болгоноо шоронд хийсээр бид ялтныхаа тоогоор дэлхийд тун дээгүүрт орж байна. Тодруулбал, 211 улсаас 34-т нь явж байна. Шоронд хорих ялын эдийн засгийн өртгийг бодоод үзсэн ч ядарсан манайх шиг айлд шорон гэдэг "тансаг" хэрэглэгдэхүүн мэт санагдана. 110 000 төгрөгийн гар утас хулгайлсан нэг хүүг нэг өдөр хорих ял эдлүүлэхэд 2234 төгрөг гарна. Сард 67000. 11 жилд хэд болох вэ? Ялын төрөл анги олон боловч алийг нь оноож өгөхөө шүүгч, прокурор биш, эцсийн дүндээ хуулийн үг, үсэг л шийддэг юм байна. Цэг таслал нь ч хүний хувь заяаг шийдэх эрхтэй хуулиаараа бид бахархах ёстой баймаар. Эрүүгийн хуулийн үйлчлэл, ялын бодлого оновчтой байгаа эсэх тухай энэ нэвтрүүлэгт УИХын гишүүн Л.Шаравдорж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Баясгалан, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Сарантуяа тэргүүтэй 6 шүүгч, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Энхзаяа тэргүүтэй 5 өмгөөлөгч, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга Б.Дагвасүндэл тэргүүтэй 5 прокурор болон ЦЕГ, ШШГЕГ, ТББ-дын төлөөлөгчид оролцлоо. Харилцах утас. 313207, 99125453 |
"Эрчим хүчний үнэ нэмэгдсээр байх уу?" 2004 оны 12-р сарын 01. 21.00
>Шууд нэвтрүүлэг Эрчим хүчний зохицуулах газраас ирэх оны эхнээс эхлэн эрчим хүчний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний үнийг нэмэхээс өөрөөр, дотоод зардлаа бууруулах, техникийн болон зүй бус алдагдлыг багасгах гэх мэт арга замаар цахилгаан станцууд болон дамжуулагч, түгээгч компаниуд орлогоо нэмэгдүүлэх бололцоо байхгүй юу? Үнэ нэмэгдснээр ард иргэдэд эдийн засгийн ямар дарамт учрах вэ, үнэ нэмэх асуудлыг хэрэглэгчид болон төрийн бус байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ? Энэ тухай "2004 оны 12-р сарын 1-ний өдөр нэвтэрсэн "Эрчим хүчний үнэ нэмэгдсээр байх уу" нэвтрүүлгээр ярилцлаа. Харилцах утас. 313207, 99125453 |
"Бид эмнэлэгтээ итгэдэг үү?" 2004 оны 11-р сарын 24. 21.00
Шууд нэвтрүүлэг Амьд явах, эрүүл явах эрхээ эдлэхээр олон монголчууд хилийн дээс алхаж байна. Жилд дунджаар 30 000 хүн гадаадад оношлуулж, эмчлүүлэхээр явдаг гэсэн албан бус тоо байдаг. Монгол Улсын 10 000 хүнд 27их эмч, 57эмнэлгийн дунд мэргэжилтэн ногдож байгаа нь дэлхийн хэмжээгээр тийм ч муу үзүүлэлт биш. Тэгээд чухам яагаад, юуны учир монголчууд бид эрүүл мэндээ гадаадын эмнэлэг, эмч нарт даатгах болов оо? Эх орны минь эрүүлийг хамгаалахад юу дутна вэ? Нэвтрүүлэгт УКТЭ, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Хавдар судлалын төв, "Нераму" төв, "Ачтан-Элит" клиникийн эмч нар, ЭМШУИС-ийн багш, резидент-эмч нар, иргэд оролцож энэ асуултад өөр өөрийн хариултыг өгч санал бодлоо хуваалцлаа. Харилцах утас. 313207, 99125453 |
"2005 оны төсөв: бид мэдэж байна уу? " 2004 оны 11-р сарын 17.
Монгол Улсын 2005 оны төсвийн төслий н талаар тодорхой мэдээлэл маш бага байна Нэгэнт олон нийт, татвар төлөгчид урьдчилан мэддэггүй болохоор төсөв боловсруулахад оролцох, санала илэрхийлэх боломж үндсэндээ алга. Өмнө жилүүдийн төсвийн гүйцэтгэлийг ч тайлагнахгүй өдий хүрчээ... эвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин, УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Г.Занданшатар, Нийслэлийн ИТХ-ийн Санхүү, эдийн засгийн хорооны дарга Я.Аюушжав, МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Чимэддорж, Монголын татвар төлөгчдийн холбооны тэргүүн Ж.Уртнасан, Татвар төлөгчдийн ҮЭ-ийн үндэсний холбооны ерөнхийлөгч .Чулуунбаатар болон багш судлаачид, иргэд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичмэлээр энд дарж үзнэ үү! HTML PDF |
"Зээлийн хүү буурах уу ?" 2004 оны 11-р сарын 10.
Банкны салбарынхан, бизнес эрхлэгчид, иргэд, судлаачид Форум нэвтрүүлгийн нэгэн дугаарт өөд өөдөөсөө харж суугаад, зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар санал бодлоо хуваалцлаа. ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ УУ ?
|
"Мянганы сорилтын төслүүд : Дахин нэг хэлэлцье " 2004 оны 11-р сарын 3
Ойрын үед Америкийн Нэгдсэн Улс манайд наад зах нь 50 сая доллар өгөх гэж байна. Энэ тоо 200 сая долларт ч хүрч магадгүй. Энэ бол зээл биш, өр биш. Зүгээр л буцалтгүй тусламжаар бидэнд хаях гэж байгаа мөнгө. Үүнийг "Мянганы сорилтын сан" гэж нэрлээд байгаа юм. Мянганы сорилтын сангаас манайхан дээрх их мөнгийг авахын тулд олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг орон даяар бүсчлэн зохион байгуулж тусламжид хамруулахаар дэд бүтэц, бизнесийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарыг сонгосны зэрэгцээ уг салбартаа тэргүүлэх ач холбогдолтой төслүүдийг боловсруулж байгаа билээ. Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлөөс дэмжлэг авсан тодорхой төслүүдийн талаар энэ удаагийн нэвтрүүлгээр хөндөн шүүн тунгааж ярилцсан юм. Нэвтрүүлэгт Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлийн дарга, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар болон төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн, нөгөө талаас иргэд, бизнесийн төлөөлөгчид оролцон Америкаас сураг нь дуулдаад удсан их мөнгийг Монголын хөгжилд тустай ямар төслүүдэд зарцуулах нь оновчтой талаар мэтгэлцэн ярилцлаа. |
"Зам дээрх Монгол амьдрал" 2004 оны 10-р сарын 27
Уулзвар нэвтрэхээр дугаарлан зогссон автомашины урт цуваа, яарсан хүмүүсийн бухимдсан төрх, буруу зөвгүй уралдан дайрч, уурлан маргалдах Монгол жолооч. Энэ бүхэн нийслэлийн хувьд мөч бүхэнд тохиох нийтлэг дүр зураг, амьдралын салшгүй хэвшил болжээ. Өнөөдөр Улаанбаатар хот хүн амын тооныхоо хувьд дэлхийн томоохон хотуудын ангилалд багтах хэмжээнд хүрсэн ч энэ том хотод амьдарч буй иргэдийн дийлэнхи нь талын нүүдэлчин омгийн сэтгэлгээнээсээ салаагүй байгаа юм уу даа. Та бидний замын хөдөлгөөнд оролцож байгаа хэвшил ийм л ойлголтыг төрүүлж байна. Монгол улсын иргэн бүр яавал хууль дүрмээ сахин биелүүлж, хамтын нийгэмд амьдарч сурах вэ? Ядахнаа бүгдээрээ замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бие биедээ бага ч гэсэн хүндэтгэлтэй хандаж сурья. Үүний тулд иргэн та бид юу хийх вэ, төр засгийн зүгээс ч бас энд хэрхэн оролцох вэ гэдгийг "Зам дээрх Монгол амьдрал" нэвтрүүлгээр хөндөн ярилцлаа. Нэвтрүүлэгт Замын цагдаагийн газар, Нийслэлийн зам барилга, нийтийн тээвэр хариуцсан байгууллагын удирдах ажилтанууд, мөн ГХЯ, "Автобус- 3" ХХК-ийн болон хувийн микроавтобусны жолооч нар оролцлоо.
|
"Олон нийтийн радио телевиз : Бид бэлэн үү" 2004 оны 10-р сарын 20
Шууд нэвтрүүлэг Монголын Үндэсний радио, телевизийг төр засгийн болон өөрсдийн хяналтаас гаргаж Олон нийтийн радио, телевиз болгохоор улс төрийн хүчнүүд нэгэнт шийджээ. Хуулийн төсөл тун удахгүй бэлэн болж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тэгвэл телевиз, радиогийн сэтгүүлчид, уран бүтээлчид бэлэн үү? Бас олон нийт, үзэгчид бэлэн үү? Олон нийтийн радио, телевиз ямар байх ёстойг та бид мэдэж байна уу? Шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Монголын үндэсний радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын албаны дарга Б.Ганбаатар, МҮТВ-ын уран бүтээлчид, "25-р суваг" телевизийн захирал З.Алтай нар оролцов. |
"Орон нутгийн сонгууль: Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн" 2004 оны 10-р сарын 13
Шууд нэвтрүүлэг Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид оролцсон телевизийн халз мэтгэлцээний анхны нэвтрүүлэг юм. Эхлээд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн 17-р тойрогт нэр дэвшигч Ц.Тунгалаг (МАХН), Я.Гансүх ("Эх орон-Ардчилал" эвсэл) нар, дараа нь Нийслэлийн ИТХ-ын 37-р тойрогт нэр дэвшигч Э.Ганболд ( "Эх орон-Ардчилал" эвсэл ) , А.Отгонболд ( МУНН ) нар тус тусын дэмжигчдийн хамт шууд нэвтрүүлгийн танхимд хоёр хоёроороо мэтгэлцэв. Нэвтрүүлгийн явцыг Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн, СЕХ-ны гишүүн Р.Бурмаа ажиглаж өөрийн байр сууриа илэрхийлэв. |
"Иргэд мэдэхгүй иргэдийн хурал" 2004 оны 10-р сарын 6
Удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө та бид тэртээ 2000 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгосон хүмүүсээ эргэн санах цаг боллоо. Одоо нийслэлийн ИТХ-ын 40 төлөөлөгчийн 30 нь төр засгийн албан тушаалтан, засаг дарга нар, харъяа байгууллагын дарга, захирлууд байна... Дарга нарын хурал уу, иргэдийн хурал уу? Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Маналжав, иргэн Д.Ламжав нар оролцов. |
"Аймаг , сум, баг: Их цомхотголын өмнө" 2004 оны 9-р сарын 29
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар улс төрчид, иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг. Монголоор нэг тарсан 329 сум 1500 багийг цөөлж цомхтгон цэгцлэхэд улс төрчид юу хийж, олон нийтийн санаа бодлыг хэрхэн бэлтгэх талаар ярилцав. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаяр, Говьсүмбэр аймгийн иргэн Д.Намжил нарын хүмүүс оролцлоо. |
"Улаанбаатар уу, Утаанбаатар уу?" 2004 оны 9-р сарын 22
Уудамхан гудамжаар алхалж явахад Улиангарын навчсаар салхин наадаад Улаанбаатарын минь тунгалаг агаар Уушиг цээжийг ариусган сэвших бахтай Ай хө зэ хө Улаанбаатар минь агаартай ...
Харин өнөөдөр дал, наяад оны энэ сайхан дууг егөөдөл эсвэл харамсал маягаар л дуулж байна. Нийслэл хот маань утаа тортогт битүү хучигдах өвлийн улирал эхлэхээс өмнөхөн энэ сэдвээр халуун яриа өрнүүлсэн юм. УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Байгаль орчны сайд У.Барсболд, дуучин Т.Ариунаа нар оролцов. |
"10.000, 100.000, 500.000, эсвэл... " 2004 оны 9-р сарын 15.
2004 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намуудын 10000, 100000, 500000 төгрөгийн амлалтуудын улс төрийн болоод эдийн засгийн учир шалтгаан, шинээр байгуулагдаж буй Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ амлалтуудыг тусгах боломжийг улс төрийн намуудын төлөөлөл ба эдийн засагчид, иргэд хэлэлцэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батхуяг, Ерөнхий сайдын зөвлөх П.Цагаан, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцлоо. |
"Монгол дипломын үнэ цэнэ" 2004 оны 9-р сарын 8.
Бүх нийтээрээ бичиг үсэгтэй монголчууд бүх нийтээрээ дээд боловсролтой болох гэсэн мэт өнөөдрийн дүр зураг, их дээд сургуулийн захирлууд төгсөгчдийнхөө 70-80 хувийг ажлын байраа олдог гэж мэдэгддэгийн үнэн худал, диплом өвөртөлсөн ажилгүйчүүд яагаад олон байдаг тухай, компанийн захирлууд сайн ажилтан арайхийн олдогийн учир шалтгааны тухай нэвтрүүлэг байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцлоо. |