Сонгогчдын Боловсрол Төв, “Глоб Интернэшнл” ТББ хамтран Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэмжлэгээр 2004 оны 4 сараас эхлэн “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын мониторинг” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ бол Монголд анх удаагаа төрийн бус байгууллагуудын санаачлагаар хэрэгжиж байгаа, урьд нь үндсэндээ хаалттай байсан сонгуулийн кампанит ажлын санхүүжилтыг аль болох ил тод болгох, сонгуулийг шударга, тэнцвэртэй зарчмаар, хуулийн дагуу явуулахад олон нийтийн зүгээс нөлөө үзүүлэх, нэг ёсондоо тэдний хяналтыг бий болгох зорилготой санаачлага юм. Уг төсөл, түүнээс гарах үр дүн нь эхнээсээ аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийг зөвтгөх, эсвэл буруутгахад чиглэгдээгүй юм. Бид үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулж энэ талаар албан ёсоор зарласан бөгөөд мониторингийн зорилго, аргачлал, төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд, төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод танилцуулж бүрэн мэдээллийг хүргүүлсэн билээ. Мониторингийг урьд жилүүдэд Орос, Аргентин, Чех, Эстони, Латви зэрэг орнуудад төрийн бус байгууллагуудын зүгээс хэрэгжүүлсэн ижил төстэй төслүүдийн аргачлалын дагуу явуулж байна.
Гэтэл манай мониторингийн эхний тайлан гарч олон нийтэд танилцуулсны дараа зарим хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын зүгээс тайлангийн дүн, баримт жишээг өөрсдийн улс төрийн зорилгод нийцүүлэн тайлбарлах, сурталчилгаандаа урвуулан ашиглах, өөрсөддөө таалагдаагүй тоо баримтанд эргэлзээ төрүүлэхийг оролдох, улмаар мониторинг явуулж буй манай хоёр байгуулага болон мониторингийн багийнхныг дарамтлах, ажилд нь саад тотгор учруулах, тэр ч бүү хэл төрийн эрх мэдлээ ашиглан “арга хэмжээ авахуулах”-ыг оролдож байна.
Бид улс төрийн нам, эвслийн сонгуулийн кампанид оролцоогүй. Аль нэг нэр дэвшигчийг дэмжээгүй. Бид тэдний өмнөөс сурталчилгаа буюу сөрөг сурталчилгааг явуулаагүй. Харин бид 2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын арга хэмжээ, сурталчилгааг хөндлөнгөөс ажиглаж, шаардлагатай мэдээ материалыг цуглуулан, дүн шинжилгээ хийж байгаа нь сонгуулийн кампанид төрийн эрх мэдэл, төсвийн хөрөнгийг хууль бусаар ашиглаж буй эсэхэд олон нийтийн зүгээс хяналт тавьж буй хэлбэр болно. Энэ бол төрийн бус байгууллагад Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Манай судалгааны дүн сонгуулийн энэ өдрүүдэд болж буй арга хэмжээ, хэвлэл мэдээллээр өрнөж буй сурталчилгаанд тасралтгүй хийж байгаа ажиглалт, цуглуулсан мэдээ, баримтан дээр тулгуурлаж байгаа болно. Урьд болж байсан сонгуулиуд ба энэ удаагийн УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, түүний дотор төрийн эх үүсвэрийг улс төрийн зорилгоор ашиглах явдал түгээмэл байсан ба одоо ч үргэлжилсээр байгаа нь бидний судалгааны явцаас тодорхой харагдаж байна. Энэ бол маш ноцтой үзэгдэл. Чухам үүнийг аль болох багасгах, төр засаг, улс төрийн намууд, нэр дэвшигчдээсээ эхлээд хууль ёсоо бүх нийтээрээ хэлбэрэлтгүй дагаж мөрдөхийг сануулж бид сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө улс төрийн нам хүчнүүдэд хандсан билээ.
“Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын мониторинг” төслийн хүрээнд телевиз, радио, сонин хэвлэл болон сонгож авсан тойргуудад зохиогдох арга хэмжээнд мониторинг хийх замаар төрийн эх үүсвэрийг урвуулан ашиглаж буй тоо баримт цуглуулан цар хүрээг тогтоож сонгууль явагдаж өнгөрсний дараа зөвхөн судалгааны баримт болгох биш, харин сонгуулийн кампанийн явцын бодит баримтанд тулгуурласан мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж байна.
УИХ бол Монгол улсын иргэн бүр дагаж мөрдөх ёстой хуулийг батлан гаргаж хэрэгжилтийг хянадаг дээд байгууллага билээ. Гэтэл сонгуулийн кампанид оролцож буй нам хүчин, нэр дэвшигчид нь УИХ-д сонгогдохын тулд хууль зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймд Сонгогчдын Боловсрол Төв, “Глоб Интернэшнл” ТББ ба уг төслийг хэрэгжүүлж буй төслийн багийн хамт олон УИХ-ын сонгуулийн үлдэж буй хугацаанд төрийн эрх мэдэл, эх үүсвэр, албан тушаалыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, сонгогчдын саналыг эд хөрөнгө, үнэгүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр татаж Монгол Улсын сонгуулийн тухай хууль, Авилгалын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг зөрчиж, эрх мэдлээ ашиглан хэвлэл мэдээллээр далд сурталчилгаа явуулж байгаа үйлдлээ таслан зогсоохыг улс төрийн нам хүчин, нэр дэвшигчдэд, түүнд автахгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, нийт сонгогчдод хандан уриалж байна.