Сайд Б.Жаргалсайханы аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого (2006.02.22)

A- A A+
Сайд Б.Жаргалсайханы аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого  (2006.02.22)

Сайд Б.Жаргалсайханы аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого  (2006.02.22)

Шинэ Засгийн газрын танхимын гишүүд дэс дараалан хэвлэлийнхэнд мэдээлэл хийж буй бөгөөд өчигдөр Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханы ээлж таарчээ.  Тэрбээр сайд болоод яамандаа болон харьяа агентлаг, газарт бага зэрэг өөрчлөлт хийгээд байгаа аж. Одоо Үйлдвэр худалдааны яам хөнгөн үйлдвэрийн болон хүнд үйлдвэр буюу геологи уул уурхайн гэсэн хоёр үндсэн газартай болжээ.

Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Монгол Улсын  аж үйлдвэрийн салбарыг өөд нь татахын тулд дэс дараатай арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.  Тэрбээр хөнгөн аж үйлдвэрийн салбарт импортыг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барих юм байна. Шинэ сайдын бодлого амжилттай хэрэгжвэл лав л энэ хурал дээр яригдсан тоогоор бол Монголд 30 гаруй мянган хүн ажлын байртай болох ажээ.  Монголчууд “чамлахаар чанга атга” гэдэг болохоор энэ бол тийм ч бага биш тоо сонстож байна.

Арьс ширийг боловсруулалгүйгээр урд хөрш рүү гаргаж байгаад ноён Б.Жаргалсайхан тун шүүмжлэлтэй хандаж байна.  2006 оны гуравдугаар сараас эхлэн гутлын үйлдвэр байгуулах талаар Италиас групп ирж судалгаа хийхээр болжээ. Тэрчлэн цүнх, чемоданы үйлдвэр байгуулахыг ч Италийн компаниуд санал болгож буй аж. Түүний хэлнээс үзвэл эдгээр үйлдвэрийг байгуулснаар 15-16 мянган хүн ажлын байртай болох боломжтой бөгөөд үйлдвэрүүдийг зөвхөн Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануурт байршуулахаар төлөвлөж байна. Тэрчлэн дөрөвдүгээр сар бас Италийн бизнесийн  групп ирж ноолуурын үйлдвэр байгуулах тухай ч яриад байгаа аж. Чингэвэл бас 5-8 мянган хүн ажлын байртай болох гэнэ. Цаашилбал нэхий болон савхин хувцасны үйлдвэрүүдийг дээрх хотуудад байгуулж 10 орчим мянган хүнийг ажилтай болгох боломжтой гэж тэр үзэж байна. Мөн ОХУ-ын цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсыг захиалгаар хийх талаар тус улсын холбогдох яамдтай ярихаар төлөвлөж байгаа ажээ.

Сүүлийн 15 жил ажилгүйдэл, ядуурал гэж яриад л байгаа.  Үүнийг эдийн засгаа өсгөж, аж үйлдвэрээ сэргээж байж л шийднэ хэмээн Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан мэдэгдээд өөрийн хоёр дахь гол бодлогоо тайлбарлажээ. Тэр нь мэдээж уул уурхайн салбар юм. Байгалийн баялгийн үнэ асар өсч буй энэ цаг үед  уул уурхайг хөгжүүлэхдээ Монголын төр онцгой бодлого баримтлах ёстой гэж тэр үзэж байна. Юутай ч түүнээс өмнөх бодлогыг тэрбээр хангалтгүй гэж үздэг бололтой. Б.Жаргалсайхан сайдын ярьснаас үзвэл  түүний онцгой бодлого  стратегийн чанартай ашигт малтмалын ордуудад төвлөрөх юм байна. Тэрээр стратегийн чухал ордуудын 51 хувийг Монголын тал эзэмшдэг болгохоор ажиллах бодолтой байна.  Иймээс “Айвенхоу майнз” мэтийн томоохон хөрөнгө оруулагчид болон Монголын ашигт малтмалын гол гол баялаг ордын лиценз эзэмшигч нартай хэлэлцээрийн ширээнд суухаар тэрбээр төлөвлөжээ. "ЗМ" сонинд мэдээлснээр Оюутолгойн ордын 51 хувийг төр авах боломжтой эсэх талаарх асуултад Б.Жаргалсайхан хариулахдаа, "Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулахгүй байх тохиолдолд тус компанийн хувьцааны үнэ буурч дампууралд орж мэднэ. Иймээс даруй хэлэлцээр хийх нь зүйтэй хэмээн тэр хэлжээ. Ерөөс стратегийн хөгжлийн ач холбогдол бүхий ордын 51 хувийг Монголын төр эзэмшдэг болох талаар  хуулийн төслийг УИХ-ын гишүүний хувьд  өргөн бариад байгаа ажээ.

Сайд өөртэй нь холбоотой худал мэдээ цацаж буйд харамсч буйгаа энэ үеэр мэдэгджээ. Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдтой хэрэлдэж маргасан, "Марубени"-ийн өрийг цайруулаач гэж Японы  сайдаас гуйсан мэтээр сонин хэвлэлээр гарсан мэдээллийг эрс үгүйсгэжээ.

Б.Жаргалсайхан Монголын улстөрд ороод 15 гаруй жил болж буй бөгөөд түүний тэргүүлдэг Бүгд найрамдах нам 2004 оны сонгуулиар парламентад нэг суудал авч парламентад суудалтай болсон. Харин тэрбээр парламентын гишүүн болохоосоо өмнө Монголд ноолуурын салбар дахь тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болох “Буян” компанийг удирдаж байв. “Буян” компани нь Монголын Засгийн газраас /1992-1996/ баталгаа гаргуулан  Японы “Марубени” корпорациас 16 сая ам. доллар зээлээд өрөө төлөөгүйн улмаас олон улсын шүүхэд Засгийн газар 2001 онд дуудагдаж байлаа. Иймээс түүнийг саяхан Засгийн газрын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудын тоонд оруулж байсан юм.