Сонгуулийн хуульд сайнаасаа сул тал нь давамгайлжээ (2006.03.01)
УИХ-аар сонгуулийн хуулийг батлаад удаагүй байгаа бөгөөд хуулийн талаар мэргэжлийн хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна. Энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгогчдын боловсрол төвийн захирал Р.Бурмаа энэ талаар юу хэлснийг сонирхуулъя. НҮБ-ын санхүүжилтээр хийгдсэн ч муу хууль болсонд тэрбээр харамсч байна хэмээн “Өдрийн сонин”-д /052/ ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр улстөрийн кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалт сэдвээр ННФ-ын бодлогын судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2004 онд судалгаа хийсэн юм. Түүний ярьснаас үзвэл шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сайн тал байгаа хэдий сул тал нь давамгайлжээ.
Түүнийхээр бол уг хуульд лав л гурван сайн тал байгаа аж. Юуны гадаадад амьдарч байгаа монголчуудыг сонгуульд оролцуулахаар шийдсэн явдлыг тэрбээр онцолжээ. Гэхдээ тэдний саналыг хэрхэн яаж зохион байгуулж авах талаар тодорхой тусгалгүй, СЕХ-ны журмаар зохицуулна гэсэн нь сул тал болсон гэж Р.Бурмаа үзэж байна. Түүнийхээр бол энэ бол журмаар бус хуулиар тодорхой заасан байх ёстой асуудал аж. Жишээлэхэд, өнгөрсөн сонгуульд гэхэд 100 саналын дотор ялж, ялагдсан дөрвөн тойрог, 1000 саналын дотор мөн ялж ялагдсан 20 гаруй тойрог байсан гэнэ. Өөр нэг сайн тал нь сонгуулийн санхүүжилтийн хандивын зарцуулалт, сонгуулийн сурталчилгааны зардалтай холбоотой хязгаарлалт бүхий нарийвчилсан заалтууд орсон явдал. Гэхдээ энэ заалтад манай банк, санхүүгийн системтэй холбоотойгоор хэрэгжихэд хэцүү зүйл байгаа. Гурав дахь сайн зүйл гэвэл сонгуулийн ажиглагчийн эрх, үүргийг илүү сайн нарийвчилж өгсөн явдал гэж Р.Бурмаа онцолжээ. Тэрчлэн эмэгтэйчүүд нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь байна гэсэн шинэлэг, сайн заалт байгаа хэдий ч эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлэх, өөрийгөө таниулах боломж нь хязгаарлагдмал байна гэж тэр үзэж байгаа ажээ.
Хуулинд нэр дэвшигчийг хасах заалт ихтэй оруулсан хэрнээ үүнийг хэзээ, хэн хэрхэн хянах нь тодорхойгүй байгааг Р.Бурмаа шүүмжилжээ. Шинэ хуулиар бол жишээ нь, цаатнуудын асуудлыг хөндөөд өөрийнхөө мөрийн хөтөлбөрт оруулах юм бол хасагдах юм байна. Мөн тухайн намын мөрийн хөтөлбөрт казах үндэстний тухай ороогүй бол энэ талаар тухайн нэр дэвшигч яагаад оруулж болохгүй гэж. Энэ мэтээр орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлог бий шүү дээ. Зөвхөн нэг мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцох шаардлагатаи гэж үзэх юм бол улсаа нэг тойрог болгочих хэрэгтэй санагдах юм. Тэгвэл энэ заалт ойлгомжтой, тодорхой болно гэж тэрбээр ярьжээ.
Бас Сонгуулийн үеэр хэвлэл, мэдээллийн зөвлөл ажиллана гэсэн заалт орсон ч хэрхэн, яаж гэдгийг мөн л заагаагүй байгаа ажээ. Мөн Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт СЕХ-нд нэг нам давамгайлж болохгүй гээд заасан атал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд энэ заалт тусгагдаж чадаагүй. Харин СЕХ-ны гишүүн нь төрийн жинхэнэ албан хаагч байна гэснээс өөр тодорхой шалгуургүй байгаа. Гэтэл одоогийн хуулийн зохицуулалтаар төрийн албан хаагч намын гишүүнчлэлгүй байх тухай заалт байхгүй. Манайд харин ялсан нам нь албан тушаалд томилдог нь нууц биш. Тэгэхээр энэ нь эргээд эрх барьж байгаа намдаа зориулсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг гэж Р.Бурмаа үзэж байна.
Сонгуульд бие даан нэр дэвших боломжийг ихээхэн хязгаарласан заалт бас оржээ. Бие даагч нэр дэвших хугацаа эхэлснээс хойш долоо хоногт багтааж, бүх сумаас 801 хүний гарын үсгийг авахаар байгаа. Үүнийг хангаагүй бол хасна гэдэг заалттай. Гэтэл бас тухайн хүн заавал намд орж байж сонгуульд өрсөлдөх албатай биш. Энэ нь эргээд сонгогчийн эрх ашгийг хөндөж байгаа ноцтой асуудал юм байна.