2007 оны бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр
Нээлттэй Нийгэм Форум 2007 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэх, бодлогын судалгааны чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ. Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн сэдвийг дараахь чиглэлээр зарлаж байгаа ба үүнд:
- Төрийн хяналт шалгалтын тогтолцоо
Төрийн хяналт шалгалт нь хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд үндэслэсэн байдаг. Бодлогын судалгааны хүрээнд төрийн хяналт шалгалтын тогтолцоонд дээрх зарчмууд хэрхэн хэрэгжиж буйг үнэлэн, цаашид хийгдэх шаардлагатай шинэтгэлийн талаар бодлогын зөвлөмж гаргана. Түүнчлэн, төрөөс хяналт шинжилгээ хийх үүргээ гүйцэтгэхэд нь төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах механизмийн талаар судлан, бодлогын зөвлөмждөө тусгана.
- Бие даасан хараат бус байгууллагууд ба тэдгээрийн санхүүжилт
Нийгмийн шударга ёс, хариуцлагатай байдлыг хангах, нийгмийн хяналтын системийг бэхжүүлэх, олон нийтийн нийтлэг эрх ашигт үйлчлэхэд хараат бус, бие даасан институтууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсад бие даасан институтууд шинэ тутам байгуулагдаж байгаа бөгөөд тэдгээрийн хараат бус байдлыг хангах асуудал анхаарал татах боллоо. Энэ судалгаагаар ийм төрлийн байгууллага нь ялангуяа төсвөөс бүрэн юмуу хэсэгчлэн санхүүжиж байгаа тохиолдолд ямар нэгэн нөлөөллөөс ангид байж санхүүгийн хараат бус байдлаа бүрэн хангахад тулгарч буй асуудлыг судлан, хангах арга зам, зохистой механизмийн талаар бодлогын санал зөвлөмж гаргана.
- Төсвийн байгууллагын Үр дүнгийн гэрээг төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн дагуу төсвийн байгууллагууд үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж буй бодит байдал, гэрээний ач холбогдол, үр нөлөөг судалж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлж, төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн гэрээ байгуулах үйл явцыг чанаржуулах тодорхой санал зөвлөмж боловсруулахад судалгааны зорилго оршино.
- Төрийн байгууллагын цалин, урамшууллын тогтолцоог оновчтой болгох нь
Улс орны төсөв санхүүгийн байдал эрс сайжирч буй өнөөгийн нөхцөлд төрийн албаны шинэтгэл хийх боломж бүрдэж байна. Төрийн байгууллагыг чадварлаг, цомхон болгох, хараат бус байдлыг хангахад чиглүүлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, одоо үйлчилж буй төрөл бүрийн хангамж, урамшуулыг ил тод болгох, журамлах стандарчилах асуудлуудыг авч үзэж санал дүгнэлт гаргахад энэхүү бодлогын судалгааны ажил чиглэгдэнэ.
- Нийгмийн даатгалын сангуудын менежмент
Улсын төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын сангууд улсын төсөв рүү орлого нийлүүлэх хэрэгцээ, шаардлага үгүй болж, жинхэнэ утгаараа бие даасан сан болж ажиллах нөхцөл бүрдэж байна. Энэ судалгаагаар нийгмийн даатгалын тогтолцоонд багтах тэтгэвэр, эрүүл мэнд, бусад сангуудын орлого бүрдүүлэлт, хөрөнгийн хадгалалт, зарцуулалт, санхүүгийн удирдлагад баримталж байгаа хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны зэрэг онцлог бодлогуудад үнэлгээ дүгнэлт өгч, цаашид ил тод үйл ажиллагаатай, оновчтой зөв санхүүгийн бодлого барьдаг, хариуцлага хүлээдэг тогтолцоог хэвшүүлэх чиглэлээр бодлогын судалгаа хийж, зөвлөмж боловсруулна.
- Өмчлөх эрх, түүний хэрэгжилт
Зах зээлийн эдийн засгийн гол хөшүүрэг болох хувийн өмчийг баталгаажуулах өмчлөх эрхийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинг судалж өмчийг бий болгох, баталгаажуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулахад тулгарч буй гол асуудал, бэрхшээлийг тодорхойлж түүнийг хэрхэн зохицуулах, урамшуулах талаар бодлогын зөвлөмж, хувилбар боловсруулна. Судлаач энэхүү асуудлыг авч үзэхдээ гэр хорооллын айлуудын хашааны газраа өмчлөх эрх, хөдөө орон нутгийн хувьд бэлчээр, өвөлжөөний газрыг өмчлөх асуудал зэргээр нарийвчлан судалж болох юм.
- Даяаршлын үр нөлөө
Даяаршлын эерэг болон сөрөг нөлөөг эдийн засгийн тодорхой бодлогын хувьд судалж даяаршлын үр дүнд Монгол улсын хувьд бий болж буй давуу талыг үр өгөөжтэйгөөр ашиглах боломжийг тодорхойлсон ойрын болон дунд хугацаанд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг боловсруулна.
Өргөдөл гаргах болон сонгон шалгаруулалт
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Товч анкет
- Судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн хувийн өргөдөл (1 нүүр)
- Албан газрын өргөдөл. Үүнд: энэхүү судалгааны ажил тухайн байгууллагагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, байгууллагын оролцоо дэмжлэг зэргийг тусгасан байх (1 нүүр)
- Сонгож авсан сэдвээр боловсруулсан судалгааны төлөвлөгөө. Үүнд: зарлагдсан судалгааны чиглэлийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон сэдэв, зорилго, зорилтууд, арга зүйг нарийвчлан тусгаж, судалгааны ажлын ач холбогдол, үр дүнг тодорхойлох (3-5 хуудас)
- Хөтөлбөрт оролцохыг дэмжсэн тодорхойлолт (хоёр хүнээс)
- Бүтээлийн жагсаалт
- Бичлэгийн загвар (өөрийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл, гэх мэт)
Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах удирдамж, хөтөлбөрт оролцохыг дэмжсэн тодорхойлолтын маягт зэргийг Нээлттэй Нийгэм Форумаас биеэр ирж юмуу www.forum.mn сайтаас татаж авч болно.
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 – 9 сар байна. Судлаач нь энэ хугацаанд тогтмол зохиогдох бодлогын судалгааны арга зүйн сургалтад хамрагдахын зэрэгцээ судалгааны сэдвээр хийгдэх ярилцлага, семинарт оролцоно. Судлаачдад дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүд зөвлөлгөө өгч, харилцаатай ажиллана.
Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбогдон гарах бусад боломжит зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Судалгааны ажлын эцсийн тайланг хэвлэн, Нээлттэй Нийгэм Форум бодлогын портал сайтад байрлуулна.
Судлаачид тавигдах шаардлага
Судлаачид доорх шаардлага тавигдана. Үүнд:
- Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй (дипломын баталгаажуулсан хуулбарыг хавсаргана)
- Судалгаа, шинжилгээний ажлын зохих туршлагатай
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, 50 хүртэлх настай
- Ажлын цагийн 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулах боломжтой (ажлаасаа бүрэн буюу тодорхой хувиар чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн захидлыг албан газраасаа авч хавсаргана)
- Гадаад хэл дээр мэдээлэл ашиглах боломжтой
- Компьютерийн хэрэглээний болон судалгааны программыг ашиглах чадвартай
Сонирхогчдод зориулж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2007 оны 6 дүгээр сарын 13-ний Лхагва гарагийн 17:00 цагт ННФ-ын хурлын танхимд болно. Утас, факс, э-шуудангаар мэдээлэл, лавлагаа өгөхгүй болно.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2007 оны 06-р сарын 25-ны өдрийн Даваа гаригийн 16:00 цаг.
Бүрдүүлсэн материалаа дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс-210648
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
Бодлогын Судалгааны Хөтөлбөрт
Бүрдэл дутуу материалыг хүлээж авах боломжгүй. Мөн шалгаруулалтад хүлээж авсан материалыг эргүүлж олгохгүй болохыг анхаарна уу.