Тогтвортой байдлын гэрээг хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ? (2006.04.05)

A- A A+
Тогтвортой байдлын гэрээг хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ? (2006.04.05)

Тогтвортой байдлын гэрээг хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ? (2006.04.05)

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт /¹083/ С.Авирмэд, М.Дамдинсүрэн, Ж.Бямба, Ч.Хурц нарын Монголын геологи, уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэжилтнүүд  Засгийн газар болон “Айвенхоу Майнз” компанид хандан байр сууриа илэрхийлсэн байна. Үүнийг бүрэн эхээр хүргэж байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 3 тоот албан даалгаварт: "Оюутолгойн орд газрыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ хийх хэлэлцээрийн ажлыг зохион байгуулж хийлгэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, Худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт даалгасугай" гэжээ. Найруулгын алдаатай энэ өгүүлбэрт "хийлгэхийг даалгасугай" гэсэн захиран тушаасан нь санаа зовоож байна. Юуны түрүүнд ийм амархан Оюутолгойгоо өгчих гэж үү гэсэн бодол орж ирж байна.
Yндэсний баялгийг гадаадынханд найр тавьсан нөхцөл нь 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд маш тодорхой тусгагдсан байна. Хоёр саяас дээш долларын хөрөнгө оруулах юм бол 10 жилийн хугацаатай, 20 сая доллароос дээш бол 15 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ гээчийг байгуулдаг бөгөөд энэ хугацааны эхний хагаст элдэв татвар хураамжаас 100 хувь чөлөөлөх, дараагийн хагаст нь тавин хувиар чөлөөлөх нөхцөлийг гадаадынханд олгох тухай зааж, үүнийг баталгаажуулж Сангийн сайд гарын үсэг зурдаг юм байна.

Өнгөрсөн жилүүдэд тогтвортой байдлын гэрээг хийсэн "хар туршлага" хангалттай хуримтлагджээ. Бороогийн алтны ордыг тогтвортой байдлын гэрээний нөхцөлөөр канадуудад үндсэнд нь зүгээр өгчихсөн. Бороогоос дутахааргүй үнэ цэнтэй Төмөртэйн Овоогийн цайрын ордыг өмнөт хөршийн нөхдүүдээ түүнээс ч хөнгөн нөхцөлөөр өгчихсөн. Харин их хөршийн нөхдүүд маань ямар техник, технологиор ямар үр ашигтай ашиглаж байгаа нь тун нуугдмал байна. Канадууд техник, технологи, эдийн засгийн үзүүлэлтээ ил тод зарладаг учраас Бороогоос ямар ашиг, орлого олж байгааг бид мэдэж байна. Бороогийн ордоос дөрвөн жилийн хугацаанд олох ашгаар (жилд 100-гаад сая долларын ашиг олно гэж үзвэл) 40 000 биш, бүр 60000 мянган айлын орон сууц барих боломж байжээ гэсэн тооцоо гарч байна. Гэхдээ бүр тохилог орон сууц шүү. "Түмнээ ядуурлаас аврах" янз бүрийн арга байж, түүний тодорхой нэг бодит боломж энэ байжээ.

Хоёр жил хагасын өмнө буюу 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, 306 дугаартай хачирхалтай тушаал гаргасан байдаг. Татварын, гадаадын хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын тухай хуулиудын тодорхой зүйл ангиас үндэслээд, мөн Айвенхоу Майнз компанийн тавьсан саналыг харгалзаад тогтвортой байдпын гэрээг байгуулах тухай саналыг судлах ажлын хэсэг гээчийг төрийн найман яамны удирдах ажилтан, ажилтнуудын бүрэлдүүнтэй байгуулжээ. Энэ тушаалд тодорхойгүй юм их байна. Чухам юунаас үндэслээд, хэний тусын тулд тогтвортой байдлын гэрээ байгуулах гээд байгаа юм бэ, саналыг ямар хугацаанд боловсруулаад хэнд танилцуулах юм бэ, эцэст нь хайгуул дуусаагүй, ашиглах лицензээ аваагүй байхад, ордыг ашиглах тухай тогтвортой байдлын тухай гэрээг яаравчлах гэж оролдох нь хэнд ашигтай байв гэх зэрэг асуултууд аяндаа гараад байгаа юм. Хэрэв үүнд нэг үгээр хариулах юм бол, энэ үйл ажиллагаа Монгол Улсын тусын тулд, Монголын ард түмний эрх ашгийн төлөө хийгдээгүй гэж бид баттай хариулж чадна. Санхүү, эдийн засгийн сайд асны тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдүүн гээч нь бас их эргэлзээтэй.
Оюутолгойн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээг "судалж үзэх" ажлын хэсгийн бүрэлдүүнд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ахалсан, 14-15 хүний бүрэлдүүнтэй, тэдгээрт геологи, уурхайн мэргэжлийн ганц хоёр хүн оруулсан, уурхайн мэргэжлийн талаас оролцсон хүмүүсийн тоонд, сүүлийн үед ихэд "моодонд" ороод байгаа хэллэг болох ашиг сонирхлын зөрчилтэй" нэгэн этгээд "цохиж" яваа төдийгүй, тэр нөхөр голлох ажлыг хийсэн гэх мэдээлэл байна.

"Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз лимитед" болон "Айвенхоу Майнз Монголия инк" ХХК-ийн хооронд байгуулсан тогтвортой байдлын тусгай гэрээ" гэсэн төсөл бидний өмнө байна. Гэрээний төслийн нэрнээс авахуулаад эргэлзээ төрүүлсэн зүйл багагүй байна. Айвенхоу Майнз гэж хоёр компани байх бөгөөд нэг нь Канадад байгуулсан компани байна. Гэрээ нь зүгээр нэг тогтвортой байдлын биш, бас тусгай гэсэн тодотгол нь ямар учиртай юм бол...

Гэрээний төсөлд: Айвенхоу Майнзийг "стратегийн хөрөнгө оруулагч" гэж дээдэлсэн мөртлөө, Оюутолгойн ордыг Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой стратегийн орд болох тухай "огт мартсан" байгаа юм. Хоёр дугаар бүлэг нь татварын орчин гэсэн нэртэй "Айвенхоу Майнзыг" татвараас яаж дээд зэргээр чөлөөлөх вэ гэдгийг л бүх талаар чармайсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гуравдугаар бүлэг нь Ашигт малтмал ашиглах ашиглалтын лиценз гэсэн монголоор сэтгэсэн биш, орчуулгын гэмээр бүлэг бий. Энд Хөрөнгө оруулагчийн хүсэлтээр ашиглах лицензийг 60 жилийн хугацаатай олгож, цааш нэг удаа 40 жил буюу нийт 100 жил Оюутолгойн ордыг эзэмшүүлнэ гэснийг баталгаажуулсан байна.
Эдгээрээс гадна бас бус 11 бүлэг бий. Хөрөнгө оруулагчийн эрх үүрэг, Сайдын эрх үүрэг , Хөрөнгө оруулагчийн хамгаалалт, маргаан шийдвэрлэх гэсэн бүлгүүдэд өөрсдийгөө жижигрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг илүүд үзсэн заалтууд байгааг энд нурших албагүй гэж үзэж байна.

"Оюутолгойн Ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөө" эсвэл хагас дутуу боловсруулсан тойм тооцоо зэргээр аргацаан, тогтвортой байдлын тухай гэрээ байгуулахыг тулган шаардах, монголчуудыг хуурах оролдлого хийх хэрэггүй . Бид 117500 хүн ажлын байртай болгоно, Оюутолгойн ордыг ашигласнаас тав, арван тэрбум долларыг Монгол Улсад өгнө гэдэг "үлгэр", сонины хуудас дүүрэн рекламд хууртагдах ёсгүй.

Бид олон удаа сануулж байгаа, Монгол бол Африк биш гэж. Харин эрх мэдэл бүхий төрийн түшээд нь африк ноёдтой төстэй байхын үгүйсгэх аргагүй бөгөөд Оюутолгойн асуудлыг тэд мэдэхгүй, ард түмэн нь мэднэ гэдгийг ч ойлгоцгоох цаг болжээ.

Айвенхоу Майнз компани Тогтвортой байдлын тухай гэрээ байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт 3 дахь жилдээ шаардаж байна. Оюутолгойн ордыг аж ахуйн эргэлтэд түргэн оруулахыг бүгд хүсэж байна. Ноён Фрийдланд Та ч туйлдаж байна, бид ч залхаж байна. гэхдээ Та буруу замаар яваад байна. Оюутолгойн тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудлыг мэргэжилтэн бид, ард түмэн хойшлуулаад байгаа юм шүү. Яг нэг жилийн өмнө бидний хэсэг эрдэмтэд энэ ордын хайгуулаар тогтоогдон нөөц, техник эдийн засгийн тооцооны талаар санал дүгнэлтээ гаргасан. Бодвол таны сонорт хүрсэн биз. Өнгөрсөн оны есдүгээр сард таны магтан бахархдаг, дэлхийд алдартай уурхайн эдийн засагч ноён Паркертай доктор Дамдинсүрэн бид уулзсан. Бид үндсэндээ хоёрхон цагийн дотор бие биеэ ойлголцсон. Энэ ордын нөөцийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэ
лийн тооцоонд зэсэд шилжүүлсэн захын агуулгыг бууруулах, уурхайг түшиглүүлэн зэс хайлуулах завод байгуулах тухай бидний зарчмын саналыг ноён Паркер мэргэжилтний хувьд дэмжсэн бөгөөд гагцхүү таны зүгээс ийм "команд" өгөхийг хүлээж байгаа тухайгаа мэдээлсэн. Тэр ч байтугай, уурхайн үйлдвэрийг шуурхай байгуулахын тулд, их гүнд оршдог Хюга Даммитын ордыг гүйцэд хайх гэж хөрөнгө хүч цаг хугацаа алдаж байхын оронд, эхний ээлжинд , Төв, өмнөт Оюугийн ил аргаар ашиглах нөөцийг " резерв" зэрэглэлээр тогтоогоод ил уурхайн үйл ажиллагааг эхэлж болох саналыг бас дэмжсэн.

Бидний бодлоор, Тогтвортой байдлын гэрээг хийхийн тулд ядаж, дараахь үндсэн, ерөнхий нөхцөл, шаардлага хангагдсан байх ёстой. Үүнд:
1. Айвенхоу Майнзийн талд тавих шаардлага, нөхцөл:-Хайгуулын ажил бүрэн гүйцэд дууссан байх,
-Монгол Улсын болон  Канадын эрх бүхий байгууллагаас гаргасан шаардлага, журмын дагуу ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж, ашиглах нөөц тодорхойлогдож, Монгол Улсын эрх бүхий байгууллагаар хэлэлцэгдэж, бүртгэгдсэн байх
2. Монгол Улсын төрийн байгууллага Оюутолгойн ордыг ашиглах бодлогоо гаргаж , баталгаажуулсан байх,
3. Оюутолгойн ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар эрх, үүргээ тодорхойлсон байх зэрэг асуудлууд тодорхой болсны дараа Тогтвортой байдлын гэрээг байгуулж болох юм.
Одоогийн байдлаар .Айвенхоу Майнз" компани ч, манай төр, Засгийн газар ч дээрх шаардлага, нөхцөлийг биелүүлээгүй, хангаагүй гэж бид үзэж байна.

Айвенхоу Майнз компаниас Оюутолгойн ордыг эзэмших гол бодлого нь Монголд зөвхөн уурхай, хүдэр баяжуулах үйлдвэрийг байгуулж, алт бүхий зэсийн баяжмалыг БНХАУ хүртэл дархан цаазат газраар 100-гаад км газар өндөр даацийн автомашинаар тээвэрлэж, цааш нь зэс хайлуулах заводод хүргэх, шаардлагатай түүхий эд, материалыг Хятад улсаас авахаар тусгасан байна.

Харин төр, засгийн зүгээс баримтлах боплого, эрх, үүргийг бид дараах байдлаар тодорхойлж байна. Бид Оюутолгойн ордыг ашиглахад Монголын төрийн зүгээс баримтлах бодлогод:
-Зөвхөн Оюутолгойн уурхайн бус, Эрдэнэт, Цагаансуврага, бусад ордын зэсийн баяжмалыг боловсруулж жилд 500-гаад мянган тонн зэс, зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх заводыг Чойр, Шивээ-Овоо орчим байгуулах, Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах асуудлын хоорондын уялдаа холбоог тодорхойлж, дэд бүтцийн асуудлыг цощолбороор авч үзэх,
-Оюутолгойн ордыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар Монгол-Канадын 51:49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрээр эзэмших,
-Мөн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглүүлэн 350-400 мегаваттын Дулааны цахилгаан станц байгуулах,
-Зүүнбаян-Оюутолгойн 300 гаруй км төмөр зам тавих,
-Шаардлагатай тохиолдолд Оюу-толгой-Тавантолгойн 100-гаад км төмөр зам тавих асуудлыг санал болгож байна.

Баримжаа тооцооноос үзвэл энэ бүхэнд нийт дөрвөн тэрбум орчим доллар шаардлагатай бөгөөд үүнээс Монголын тал, тал хувийг нь гаргана гэвэл хөрөнгө оруулалтаа 6-8 жилийн дараа нөхнө гэсэн урьдчилсан тооцоо бий.
гэхдээ эхний үе шатад (Хойд Хюгогийн далд уурхай ашиглалтад ортол) дөрвөн жил орчим хугацаанд металлургийн завод баригдаж дуустал зэс-алтны баяжмал үйлдвэрлэн гадаад зах зээлд түр хэлбэрээр борлуулалт хийж болох юм.

Айвенхоу Майнз компани үйлдвэр байгуулах, санхүүжүүлэх бэлтгэл ажлаа аль эрт хийгээд эхэлжээ. Харин Монголын Засгийн газар энэ асуудалд өнөөг хүртэл идэвхигүй, ажиглагчийн байр сууринаас хандаж, Тогтвортой байдлын гэрээг батлах гэж шахалтад орж байгааг эс тооцвол үндсэндээ юу ч хийгээгүй байна.
Бидний бодлоор Засгийн газар дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд:
1. Энэ ордын хайгуулыг үргэлжлүүлэх, ашиглахтай холбогдсон асуудлыг, зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн явцуу хүрээнд биш, Газрын хэвлийн тухай хуулийн 3.4. 6.22. 23.28. 29. 31.32.33 дугаар заалтуудын дагуу авч үзэх,
2. Монголын тал хамтарсан үйлдвэр байгуулах саналыг боловсруулах, компанийн удирдлагуудтай тохиролцох, манай талаас Эрдэнэтийн үйлдвэрийг энэ ажилд татан оролцуулах, зэсийн завод байгуулах санал тооцоог хийх,
3. Мөн дээр санал болгосон Дулааны цахилгаан станц байгуулах, Хараагийн ураны ордыг түшиглүүлэн атомын цахилгаан станц байгуулах асуудлыг давхар судлах, Төмөр зам байгуулах санал тооцоо хийх,
4. Оюутолгойд болон зэсийн үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг одооноос бэлтгэж эхлэх,
5. Энэ далимд говийг хөгжүүлэх төслийг зөвхөн үйлдвэрлэлийн төдийгүй нийгэм эдийн засгийн өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай байна.

Дээр тодорхойлсон нөхцөл, шаардлагыг бүрдүүлсний дараа л Оюутолгойн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээг байгуулж болох юм. Тэгэхдээ Оюутолгойн асуудлаар төр, засгийн бодлого, эрх, үүргийг тодорхойлно гэж ажлын хэсэг нэртэй өндөр "албан тушаалтнуудын цуглуулга" зохион байгуулахаас татгалзах хэрэгтэй. Энэ нь нэгд, өндөр албан тушаалтнуудын дунд геологи, уурхай, металлургийн чиглэлийн мэргэжилтэн байхгүй, хоёрт, хамгийн гол нь тэд гадаадын компаниудын нөлөөнд орж, авлига авах магадлал өндөр, үүнийг Бороогийн алт, Төмөртэйн-Овоогийн цайрын ордыг ашиглах талаар хийсэн тогтвортой байдлын гэрээ болон сайд асан Ч.Улаан томилсон ажлын хэсгээс боловсруулсан Оюутолгойн ордыг ашиглах тухай тогтвортой байдлын гэрээний төсөл бэлхнээ нотолж байна.

Оюутолгойн ордын тогтвортой байдлын гэрээ хийх ажлын хэсгийн байгуулахдаа, геологийн, уурхайн, мегаллургийн мэргэжлийн өндөр ур чадвартай онол, практикийн өргөн мэдлэгтэй эрдэмтэд мэргэжилтнүүдийг татан оролцуулах шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг өндөр хурдацтай өсгөх, ард түмний амьдралыг эрс дээшлүүлэх Оюутолгой, Тавантолгойн болон бусад ордуудыг цогцолбороор ашиглах бодлого боловсруулах, Оюутолгойн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээ байгуулах ажилд эрдэмтэд бид ажлын хэсгийн бүрэлдүүнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Бид энэ ажлын хэсгийн бүрэлдүүнд орж ажилласан тохиолдолд газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх тухай Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгон ажиллах болно.