Хэн юу хэлэв: Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2006 оны 4 дүгээр сарын 5-нд чуулганы нээлт дээр хэлсэн үг /бүрэн эх/

A- A A+
Хэн юу хэлэв: Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2006 оны 4 дүгээр сарын 5-нд чуулганы нээлт дээр хэлсэн үг /бүрэн эх/

Хэн юу хэлэв: Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2006 оны 4 дүгээр сарын 5-нд чуулганы нээлт дээр хэлсэн үг /бүрэн эх/

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ!
Ноёд, хатагтай нар аа,

Монголын ард түмний элч төлөөлөгчийн хувьд нийт иргэн, улс орныхоо ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн дотоод, гадаад бодлогын тулгамдсан асуудлуудыг нягт нямбай хэлэлцэж шийдвэрлэхээр ээлжит чуулганаа эхэлж буй УИХ, түүний гишүүдийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Улсын Их Хурлын чуулган завсарласнаас хойшхи хугацаанд УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн өөр өөрсдийн тойрогт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан тэдний амьдрал ахуйтай танилцаж, улс орны хийгээд орон нутаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, жирийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, эрэлт хүсэлтийг судалж, тэдгээрийг Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах хууль, тогтоолд хэрхэн яаж тусган шийдвэрлэх вэ гэдгээ тунгаагаад байгаад эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ард иргэдийнхээ амьдрал ахуйтай байнга ойр дотноос танилцаж, орон нутаг, албан байгууллага, аж ахуйн нэгжид багагүй цаг гарган ажиллаж, иргэд сонгогчид, эрдэмтэд судлаачид, лам хуварга, оюутан залуус, ахмад хөгшид, ажилгүйчүүд, бизнес эрхлэгчид гээд нийгмийн олон бүлэг давхрагын төлөөлөгчид, төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, эрэлт хүсэлтийг нь сонсч, ямар асуудлууд олон түмний сэтгэлийг эмзэглүүлж, юуны талаар иргэд төр, засгаасаа бодлого, шийдвэрийн дэмжлэг хүсэн хүлээж, юуг нь өөрсдөө шийдэж зохицуулж чадахаар байна гэдгийг судлахад анхаарлаа чиглүүллээ.

Шууд хэлэхэд иргэдийн маань амьдрал эрээнтэй бараантай, нийгэм бухимдалтай байна. Манай иргэдийн нэлээд хэсэг нь ажилгүйдэл, ядууралд өртөж, өөдрөг сэтгэл өвөрлөсөн утга төгөлдөр амьдрал нь гундаж, улмаар түгжигдмэл байдалд орж байгаа нь ч байна. Хүндрэлтэй эдгээр асуудлыг хамтын оюун ухаан, идэвхтэй оролцоонд тулгуурлан ухаалаг бодлогын үр дүнд шийдэх хэрэгтэй. Чухамхүү ингэхийн тулд УИХ сонгогдож, Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдагийг сануулахад илүүдэх юун.

Төр, засгаас гаргасан бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа манай нийгмийн эд, эс бүхэнд хүрч байгаа эсэх, тэдэнд шинэ боломж, бололцоо бий болгож байгаа эсэхийг, түүнийг хэрхэн ашиглаж, ажил үйлс нь хэрхэн дэгжиж байна гэдгийг хаана хаанаа хэлэлцэж, дүгнэх хэрэгтэй байна.
Манай нийгэмд улиг болтлоо яригдаж шүүмжлэгдэж байгаа ажилгүйдэл, ядуурал, авилгал, архидан согтууралт, гэмт хэрэг, ажлын хариуцлагагүй байдал, хүнд суртал зэргийг нөхцөлдүүлж байгаа учир шалтгааныг нухацтай хэлэлцэж, засч залруулах эрс шийдвэртэй, зоримог арга хэмжээ авах цаг нь болжээ.

Иймээс Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг төрийн албан хаагчид, бизнесийн хүрээнийхэн, төрийн бус байгууллага, нийт иргэд, иргэний нийгэм бүхэлдээ анхааран сонирхохдоо батлагдан гарах хууль, шийдвэрүүд нь манай нийгмийн хөгжил, дэвшилд ямар нөлөө үзүүлэх бол, манай байгууллага, бидний ажил амьдрал, үр хүүхдийн маань ирээдүйд хэрхэн тусах бол хэмээн төсөөлөхийг хичээж, нэг хэсэг нь сайнд итгэж, нөгөө хэсэг нь эргэлзэн тээнэгэлзэж байгаа байдалтай байна.

Үндэсний статистикийн тоо баримт, эрдэмтдийн судалгаа, иргэд сонгогчдын санал дүгнэлтээс харахад сүүлийн үед манай нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүд гарч, улсын хэмжээнд тодорхой ололт амжилтад хүрчээ.

Малын тоо толгой өссөн, төсвийн байгууллагад ажиллагсдын цалин, өндөр настны тэтгэвэр нэмэгдсэн, хүүхдийн мөнгийг жигд хүртээмжтэй олгохоор зорьж байгаа, гадаад бодлого, хамтын ажиллагааны нааштай хандлагууд улам бэхжиж, хандивлагч орнуудын зээл тусламжийн хэмжээ тогтвортой байгаа, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарим ахиц гарсан, уламжлал, түүх, соёлоо дээдлэх эх оронч үзэл төлөвших хандлага нэмэгдсэн гээд олны ам нааштай зүйл бишгүй байна. Энэ нь төр, түмний төлөө ажиллаж байгаа хэний ч сэтгэлд нийцэх нь дамжиггүй ээ.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нэн даруй шийдвэрлэвэл зохих нийгэм, эдийн засгийн олон асуудлууд хуран хуримтлагдсан байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт ажиглагдаж, тэр ч бүү хэл 2000-2004 онд ажилласан Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2004 онд 10,6 хувиар өссөн ч энэ нь жил бүр өндөр хэмжээнд тогтвортой байж чадахгүй байгаагаас нийгмийн шинжтэй хуримтлагдсан асуудлыг тэр бүр шийдвэрлэж чадахгүй, тэдгээр нь ужиграх хандлагатай байна.

Хот, хөдөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, ахуй байдлын хувьд ядуу хүмүүс амьдралын эрхээр нэг газар тогтож суурьшилгүй, ийш, тийш шилжиж, энэ шилжилт хөдөлгөөний гол урсгал нь Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт зэрэг том хотууд руу цутган, эдгээр хотуудын нийгмийн үйлчилгээний даац ачааллыг хүндрүүлж, улмаар нийт иргэдийн амьдрал үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Үүний улмаас хүн ардын нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахгүй, зарим тохиолдолд доройтож байгаа нь ч мэдрэгдэж байна. Хот, хөдөөгийн ялгаатай байдал ч анхаарал татах хэмжээнд хүрчээ.
Хүний төлөө сэтгэл гаргаж, төрийн нийгмийн үйлчилгээг иргэддээ чанартай, шуурхай хүргэхгүй юм бол, иргэдээ ядуурал, ажилгүйдлийн балчигаас гаргаж чадахгүй юм бол, хөгжлийн төлөө цэгцтэй, тууштай бодлогод чанарын ахиц гаргахгүй юм бол, ард түмнийхээ итгэл, сэтгэлийг чилээж, хүсэл тэмүүллийг нь хүлж, дэмий суухын хэрэг та бидэнд юусан билээ.

Төр засгийн өндөр албыг хашиж хашчихаад гэнэт сэрсэн юм шиг эргэн тойрон бүх юм болж бүтэхгүй байна хэмээн хожим хойно нь хэн нэгнийг буруутгах гэж оролдож, хүмүүсийн гайхшыг төрүүлж байхын оронд хүнд хэцүү асуудлыг богино хугацаанд шийдэхэд саад болоод байгаа аливаа шалтгааныг хамтдаа олж, хамтаараа засаж, залруулцгаая. Үүнд нэг ёсны хариу өгөхөд саяхан Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлын хэсэг ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсын Үндэсний хөгжлийн хэтийн цогц бодлого, стратегийг 2021 он хүртэл хэрэгжихээр боловсруулахдаа онолын үзэл баримтлал, тооцож буй тоо хоорондоо харилцан уялдаатай байж, улсын эдийн засгийн өсөлтийг ойрын 10-15 жилд жил бүр дор хаяхад 10 хувиас бууруулахгүй байлгахаар тооцож, эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилтэй уялдуулан тэтгэхэд анхаарах учиртай гэж үзэж байна. Энэ мэтчилэн ажлын хэсэг улс орны хөгжил дэвшлийг хурдасгахад хэрэгтэй санаа болгоныг эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэгт тулгуурлан боловсруулж шуурхай, үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэж байна.

Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратеги боловсруулах ажилд улс төрийн намууд ч идэвхтэй оролцож, боловсруулсан баримт бичгийг УИХ ч нухацтай хэлэлцэж баталвал зохино. Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхой төсөөлсөн баримт бичиг байх ёстой учир сайн, чанартай боловсруулах шаардлагатайг ойлгож байна. Гэхдээ энд цаг алдамгүй байна. Баримт бичиг батлагдсаны дараа авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг ч Улсын Их Хурал шуурхай хэлэлцэж шийдвэрлэх бизээ. Шуудхан хэлэхэд энэ бодлогын баримт бичиг хэр чанартай боловсрогдож батлагдана, хэр шуурхай, үр дүнтэй хэрэгжинэ Монгол орны маань дүр төрх тийм л болно гэсэн үг.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, өнөөдөр тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй улам бүр гүнзгийрч буй хот, хөдөөгийн ялгаа билээ. Хөдөө зах зээл байхгүй, зуд турхан, ган гачиг тохиолдох нь олонтаа болсон, үйлдвэрлэл хөгжих бололцоо хомс, хөрөнгө оруулалт хязгаардлагдмал, юмны үнэ өндөр, зардал ихтэй, ажилгүйдэл, ядуурал их зэрэг хүнд хэцүү асуудал олон. Нөгөө талаар зөвхөн хөдөөг биш Монгол Улсыг бүхэлд нь сэвхийтэл нь дээш татаж хөгжүүлэхэд тус болохуйц ашигт малтмалын арвин нөөц баялаг, манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг гаруйг бүрдүүлдэг мал аж ахуй, газар тариалан, хамгийн гол нь хөдөлмөрч ард түмэн хаана байна, мөн л хөдөө байна. Тийм учраас хөдөөг эрчимтэй хөгжүүлж, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөө орон нутгийг, улмаар улс орноо богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэх боломж бололцоо байна. Энд гагцхүү зөв, цогц бодлого, дэс дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөө, тодорхой зориг, хичээл зүтгэл хэрэгтэй.

Сүүлийн үед нийгмийн дунд ихээхэн яригдаж, гадаад дотоодгүй анхаарал татаж буй сэдэв бол ашигт малтмалын орд газруудын лиценз зөвшөөрөл олголт, ашиглалт, эзэмшилт, ашиг орлогын хуваарилалтын асуудал юм. Эдгээр нь цаанаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, нийгмийн баялгийн хуваарилалт, байгаль хамгаалал, эдийн засгийн аюулгүй байдал, хүний хөгжил, нийгмийн баталгааг хамарсан нэн өргөн хүрээтэй, төрийн цэгцтэй бодлого, иргэдийн өргөн оролцоо, хяналт шаардсан нийт улс, үндэстний эрх ашигтай холбоотой асуудал мөн. Тийм ч учраас иргэдийн дунд олон янзын хөдөлгөөн өрнөж, санал гомдол, дуу хоолойгоо төр, засагтаа хүргэж дуулгах, үзэл бодол, байр сууриа нийтэд илэрхийлэх хандлага өрнөж байна. Үүнийг буруутгах, тээршаах явдал байж таарахгүй. Төр засаг ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой, бодлого, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлыг нь хамгийн түрүүн харгалзан үзэх учиртай. Нөгөө талаар дэлхийд ганцаараа хөгжчихсөн улс орон байдаггүйтэй адил Монгол орон маань ч бусад улс орнуудын туслалцаа дэмжлэгийг авч, тэдэнтэй нягт хамтран ажиллах нь гарцаагүй. Харин энэ бүхний эцэст Монгол Улс хөгжсөн, монголын ард түмний амьдрал сайжирсан байх ёстой. Тийм үр дүн гаргахын тулд өнөөгийн төр засаг ухаан бодлоо дүүрэн зарж ажиллах шаардлагатай. Тийм ухаан, сэтгэл та бүхэнд байгаа гэдэгт миний бие итгэж байна. Би ч гэсэн нийт ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд чухамхүү ийм л эрх ашигт захирагдан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, зөв мэргэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Хөдөө орон нутаг, улс орныг хөгжүүлэхэд хүчтэй хөшүүрэг болох өөр нэг асуудал бол өдий хүртэл яригдсаар байгаа боловч шийдвэрлэгдэхгүй байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид реформ хийх, удирдлагын шат дамжлагыг цөөлөх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, ингэснээр одоогийнх шиг хотууд хөдөөжих биш, харин хөдөө хотжих үйл явцыг өрнүүлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, орон нутгийн удирдлагын бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах ёсыг чанарын шинэ шатанд гаргах явдал юм. Эдгээр асуудлыг нэг далайлтаар шийдвэрлэх гэж оролдвол гэнэн бөгөөд хариуцлагагүй болно. Гэхдээ хаширлаж байгаа нэрийдлээр тулгамдсан асуудлыг хойшлуулж суух нь бүр хариуцлагагүй хэрэг гэж хэлж болно. Тийм учраас эдгээр асуудлыг ээлж дэс дараатайгаар шийдвэрлэх бодлогыг гаргаж, хэрэгжүүлж эхлэхийг УИХ, Засгийн газарт хандан санал болгож байна.

Төр, засгийн бодлогыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн албаны мэргэшсэн, ёс суртахуунлаг, зөв шударга тогтолцоо бүрдүүлэх явдал чухлаас чухал. Үүнтэй холбогдуулж хэлэхэд төр, засгийн газрын байгууллагууд, төрийн шударга албан хаагчдын нэр хүндийг сэвтүүлж, олон түмний зүгээс төрд итгэх итгэлийг сулруулж байгаа нэгэн шударга бус үзэгдэл бол төрийн зарим албан хаагчдаас мэргэжлийн ур чадвар, цэвэр ариун ёс суртахуунаа умартан амин хувийн ашиг завшаан, явцуу бүлгийн сонирхолд хөтлөгдсөнөөс үүдэлтэй авилгал юм.

Ардчилсан ёс, шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг гажуудуулж төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн хэн ч төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээх учиртай. Үүнд авилгачид зүй ёсоор хамаарна. Авилга авсан гэдэг нь тогтоогдсон төрийн ямар ч албан хаагчийг өмөөрч хаацайлахыг нийгмийн ёс суртахуун, шударга ёсны үнэлэмж тэвчихгүй. Гэхдээ авилга авсан хүнийг илэрсэн үед нь яллаж шийтгэе гэхийн хажуугаар түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах цаг болсныг тэмдэглэе.

Төрийн албыг хувийн ашиг сонирхолд ашиглах нь хувь хүний сэдэл шуналтай холбоотойгоос гадна төрийн удирдлагын тогтолцоон дахь доголдол, хийдэлтэй ч холбоотой бөгөөд түүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь тодорхой. Төрийн албан хаагчдыг авилгал хэмээх эрүүл бус үзэгдэлд уруу татан оруулдаг гаж зүйлс улс төрийн тогтолцоо, улс төрийн үйл ажиллагаанд өөрт нь байгаа бол энэ байдлыг зоримог илчилж, шүүмжлэн засах шаардлагатай.

Тухайлбал, төрийн мэргэшсэн албаны бие даасан байдлыг хангаж, үйлчилгээг нь тэгш шударга болгохын тулд төрийн захиргааг улс төрөөс тусгаарлах нь чухал байна. Бодлого тодорхойлогч улс төрчдөөс уг бодлогыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон тусгай албадын албан хаагчдыг аль болох бага шууд хамааралтай, хараат биш болгох нь Засгийн газар, түүний салбар байгууллагуудын үйл ажиллагааг үр ашигтай, үр нөлөөтэй, шударга, мэргэжлийн үндсэн дээр ажиллах бололцоог хангах гол нөхцөл мөн гэж үзэж байна.

Манай улс хэдийгээр төрийн албаны хуулиндаа төрийн захиргааны албан хаагч түшмэлүүдийг аль нэгэн намын үзэл баримтлалыг барьдаггүй төвийг сахисан, мэргэжлийн ур чадвартаа дулдуйдаж улс, үндэстэн нийтийн ашиг сонирхлын төлөө зарчимч байр сууриа хадгалан үйл ажиллагаа явуулдаг байхаар тодорхойлж тусгасан боловч төрийн алба улс төрийн намуудаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа учир энэ зарчим амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүйгээс төрийн албаны ямар ч мэдлэг, дадлагагүй, ёс суртахууны шалгуур даахгүй хэрнээ түшмэлийн суудалд санаархаж, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд элдэв башир арга хэрэглэн улс төрийн намын харьяалалд орож, түүнийгээ ашиглан хүслээ гүйцэлдүүлэгчид олширсон байна.

Удирдлагын дээд, дунд, доод түвшинд ажиллаж буй 5000 гаруй төсвийн байгууллагын удирдах ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлж, удирдлагын арга барил, туршлага эзэмшүүлсний үндсэн дээр л тэдгээрийг албан тушаалд дэвшүүлэх, харин шалгуур даахгүй, шаардлагад нийцэхгүй байгааг нь улс төрийн намуудын оролцоо, өмгөөлөлгүйгээр тэр албаас нь чөлөөлж зайлуулдаг практикийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр холбогдох хуульд зарим шаардлагатай нэмэлт, өөрчлөлт ч оруулж, тууштай мөрдөж ажиллах цаг нь болжээ.

Сүүлийн үеийн судалгаа, олон түмний ярианаас шинжин үзвэл манай улс төрийн намуудын рейтинг доошилж, улмаар тэр нь төр, засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагчдын талаарх нийгмийн сэтгэлзүй, ухамсарт таагүй сэтгэгдэл, төсөөлөл лавшран бүрдэхэд нөлөөлж болзошгүй байна. өнөөгийн үйлчилж буй хууль эрх зүйн боловсронгуй бус орчинд зарим тохиолдолд улс төрийн намуудын удирдах байгууллагууд, эсхүл удирдлагууд өөрийн эрхгүй олон хүчин зүйлийн нөлөөлөлд автаж, нэг ёсны “Төрийн албаны зөвлөл”-ийг орлож, зөвхөн өөрийн намын гишүүдийг төрийн албанд тохоон томилдог, эргээд тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй байдалд ордог дутагдлыг хаа сайгүй ярьж, шүүмжилж байна. Тийм тогтолцоо байгаа учраас хүмүүс, ялангуяа залуучууд төрийн албанд очиж ажиллахын тулд заавал аль нэгэн намыг бараадаж, улстөржихөөс өөр аргагүй байдалд ордог, эсхүл ажлаа муу хийж хариуцлага тооцох гэхлээр намаа барьж, асуудлыг улстөржүүлж өөрийгөө хамгаалах гэж оролддог байдал гэм биш зан болж тогтжээ.

Доороосоо дээшээ, хөнгөнөөс хүнд рүү, энгийнээс нарийн руу олон шат дамжлагаар дамжин уйгагүй хичээн зүтгэхдээ мэдлэг, туршлага, мэргэшсэн шинжээрээ олон түмний дунд нэр хүнд хуримтлуулж “хялуу” нь арилан байж хүрдэг төрийн захиргааны өндөр албанд зарим хүмүүс элдвийн аргаар хялбархан хүрч, эргээд өөрт ногдох үүрэг хариуцлагын ачааллыг даахгүй модон ялуу шиг гулзайж, төрийн албыг цалгардуулж, нэр хүндийг нь унагах тохиолдол цөөнгүй гарч байгааг зогсоохын тулд төрийн захиргааны болон тусгай албаныхныг намын харьяалалгүй болгож, тэднийг улс төрийн намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх явдлыг хуульчлан баталгаажуулж, авилгал гарахгүй байх нэг чухал нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнтэй холбогдуулж, улс төрийн намуудын санхүүжилтын механизмыг ч боловсронгуй болгох тухай асуудлыг хөндөн ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол бусад орнуудын хувьд авилгалтай тэмцэхдээ зайлшгүй анхаарч шийддэг асуудал юм. Ардчилсан нийгэмд, өрсөлдөөнтэй орчин нөхцөлд аль ч улс төрийн хүчин идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрийгөө болон өөрийнхөө бодлогыг ард түмэнд гүн гүнзгий ойлгуулж, улмаар сонгуульд амжилт олохын тулд хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарцуулах шаардлагатай байдаг. Гэвч улс төрийн намууд санхүүжилт, хандив авахдаа эргээд тухайн хүн, эсхүл аж ахуйн байгууллагын хараат байдалд орохгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх механизмыг хэрэглэх нь зөв арга гэж судлаачид үздэг. Ингэснээр намууд нэг хэсэг хүн, эсхүл аж ахуйн байгууллагуудаас хараат бус, харин өөрсдийг нь сонгосон сонгогчдоосоо шууд хамааралтай болно гэсэн үг юм. Ингэснээр тухайн нам, ялангуяа ард түмнийхээ сонголтоор засгийн эрхийг дангаараа барих, эсхүл бусад улс төрийн хүчинтэй хамтран барилцах итгэл авсан улс төрийн нам зүй бус шахалтанд орохгүй байж, гагцхүү улс орныхоо эрх ашгийг урьдал болгож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байх бололцоотой болох зэрэг сайн талтай. Энэ мэт улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудлыг зөв, шударга, ил тод зохицуулалттай болгохын тулд УИХ цаг гарган хэлэлцэж, тодорхой болгох нь авилгал гарахгүй байх бас нэг урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

Төрийн албыг тогтвортой, үр нөлөөтэй байлгаж, түүнийг улс төржүүлэхгүй, авилгад өртүүлэхгүй, зохисгүй хүмүүст завшуулахгүй байх, төрийн албан хаагчдын чадавхийг эрс сайжруулах талаар Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх шаардлага хэзээ хэзээнээс илүү хурцаар тавигдаж байна. өнөөгийн Төрийн албаны зөвлөл эрх мэдэл ч дутуу, идэвх санаачилга ч муу учир туйлын хангалтгүй, хариуцлагагүй ажиллаж байна гэсэн иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаагаа хэлье.

Төрийн захиргаа, төрийн албаны шинэчлэлийн хандлагыг үйл явцын буюу төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг өөрчлөх, хариуцлагыг нэмэгдүүлэх хандлага руу эрс шийдэмгий чиглүүлэх, төрийн албанаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг иргэдэд үзэгдэхүйц, мэдрэгдэхүйц хэмжээгээр дээшлүүлэх шаардлага Төрийн албаны зөвлөлийн өмнө дэвшигдэж байна.

Төрийн албаны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж батлах, тэдгээр шалгуур нь юуны түрүүн шударга, шуурхай, санаачилгатай, ил тод ажиллах замаар эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлтийг хангах, энэ үндсэн дээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд оруулсан бодитой хувь нэмэр, ахиц дэвшлээр хэмжигдэх ёстой. Ийм цогц арга хэмжээ авч хэрэгжүүлвэл төрийн албаны нэр хүнд, төрийн бүх шатны байгууллагад иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй.
Манай улсад сүүлийн үед “Автомат тоглоомын газар” нэрээр бий болсон мөрийтэй тоглоомын газруудын тоо олширч нийгэмд сөрөг үр дагавар авчирч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тухай” журмын дагуу одоогийн байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яам нийт 151 аж ахуйн нэгж, иргэдэд тусгай зөвшөөрөл олгожээ.

Эдгээр тоглоомын газрууд ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн өнөөгийн нөхцөлд азаар хурдан баяжих гэсэн хүмүүсийн гэнэн хүсэл дээр тоглож, амьдралыг нь улам доройтуулж, шулуухан хэлэхэд сүйтгэж байна. Зарим хүмүүс энэ тоглоомдоо донтон өөрийн болон бусдын, тэр ч бүү хэл байгууллагынхаа мөнгө, эд хөрөнгийг их хэмжээгээр зарцуулах, өр, зээлийн дарамтад орох, мөнгө, үнэт эд зүйлсээ алдахад хүрч байгаа явдал чих дэлсэж байна. Түүнчлэн гар дээр бэлэн мөнгө их хэмжээгээр хуримтлагдах, тоглоомын газрууд орлогын албан татвараас зайлсхийх, донтсон хүмүүс шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдэх явдал ч гарч байгаа тухай хүмүүс анхааруулан шүүмжилж байна.

Автомат тоглоомын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам идэвхжиж, орлогын хэмжээ нь ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байгаа боловч төсөвт орох татвар тэр хэмжээгээр өсдөггүй, бооцоот тоглоомын үйл ажиллагааны талаар улсын нэгдсэн стандарт, хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо байхгүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь хянаж, зохицуулдаг эрх зүйн тодорхой орчин бүрдээгүй байна.

“Автомат тоглоом”-ын гэж нэрлэгдээд байгаа эдгээр үйлчилгээний газруудын ихэнх нь үнэн хэрэгтээ “казино”-гийн үйл ажиллагаа явуулж байгааг хэвлэл, мэдээллийнхэн болон холбогдох байгууллагын хүмүүс илрүүлэн нотолж байна.

Түүгээр ч зогсохгүй тэнд хориотой наймаа, хууль бус бизнесийн хэлцэл хийж, хээл хахууль өгч авалцдаг, бүсгүйчүүдийн биеэ үнэлдэг халхавч газар болсон гэсэн мэдээлэл ч байна. Энэ зохисгүй байдлыг даруй таслан зогсооё. Хуультай журамтай төр, засаг гэдгээ харуулцгаая.

Казино бол мөрийтэй тоглоомын үндсэн төрөл. Иймд казиног хуулиар зөвшөөрөөгүй байгаа нөхцөлд тийм чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй “автомат тоглоомын” гэх нэртэй газруудыг хаах хэрэгтэй. Хэрэв казино байгуулах шаардлагатай гэж үзвэл түүний нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг үр дагаврыг сайтар нягталж, казиног нутаг дэвсгэрийн тусгай бүсэд, зөвхөн гадаадын иргэдэд үйлчилж байхаар байгуулж ажиллуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын үндсэн зорилт, хүний хөгжлийн тулгуур үндэс болж төрийн үйлчилгээний анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг бол яах аргагүй иргэдийн маань эрүүл мэнд, боловсролын асуудал мөн.

Хүний эрүүл мэнд, боловсрол бол хувь иргэний төдийгүй нийгмийн үнэт баялаг билээ. Иймд эрүүл мэндээ хамгаалах, боловсрол эзэмшиж буй иргэн хүн өөрөө чармайлт гаргахаас гадна төр засаг энэ асуудалд онцгой анхаарал тавьж, үүрэг хүлээх, бодлого барих ёстой. Гэтэл энэ 2 чухал салбарын ажил үйлчилгээ, бодлогын асуудлаар иргэдийн дунд гомдол, санал шүүмжлэл гарсаар байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд 2001 онд УИХ-аас баталсан “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг юуны түрүүнд авч үзэх шаардлагатай байна. Уг бодлогод “Эрүүл мэндийн салбарын тогтолцоог нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд чиглүүлэн боловсронгуй болгож, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх” гэж тодорхойлсон заалтын хэрэгжилт ямар үр дүнд хүрээд байгаад үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийх ажил, авах арга хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй байна.

Түүнээс гадна зах зээлийн жам ёсоор эмнэлгийн үйлчилгээг үнэлгээтэй болгож, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын төрлүүдийг нэмэгдүүлэх, “Эрүүл мэндийн тухай” Монгол Улсын хуульд иргэний эрхийн талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эмнэлэг, эмчийг өөрөө сонгох” гэж заасныг хангах эрх зүйн орчныг бий болгож, улмаар сайн эмнэлэг, сайн эмч ахиу санхүүжилт, нэмүү цалин хөлсийг хэнээс ч айж эмээлгүй авдаг журамд даруй шилжих нь зүйтэй гэж үзэж байна.

өнөөдөр зарим судалгаанаас үзэхэд нэг жилд улсын хэмжээнд улсын болон хувийн шугамаар гадаадад 32 мянган хүн эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явж байна. Эдгээр хүмүүс гадаадад нийтдээ 55 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа байдаг аж. Гэтэл нөгөө талаар Монголд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ-оношилгооны төв барихад мөн л ийм хэмжээний мөнгө хөрөнгө хэрэгтэй гэсэн тооцоо байдаг билээ. Засгийн газар энэ байдлыг анхааран судалж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн эмчилгээ-оношилгооны төвийг барьж байгуулах, тэнд ажиллах чадвартай гадаад, дотоодын өндөр мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, гадагшаа чиглэсэн үйлчлүүлэгчдийн болон мөнгөний урсгалыг дотоод руу чиглүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Боловсролын салбарт анхаарал татаж буй олон асуудлын нэг болсон манай улсын их, дээд сургууль, коллежоор бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүдийн чадвар чансаа, мэргэжил чиглэлийн харьцаа цаг үе, нийгмийн эрэлт шаардлагатай аль хэр нийцтэй, оновчтой байгааг цэгнэн үзэж, холбогдох арга хэмжээ авах явдал юм. Ялангуяа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр болох боловсон хүчин бэлдэх ажлыг бодлоготой, үр ашигтай болгох хэрэгтэй байна. Хэдийгээр манай улс ядуу боловч боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгийн хэмжээг хуульчлан баталгаажуулж, харьцангуй өндөр төвшинд байлгахыг хичээдгийг хүн бүр мэднэ. Харин хөрөнгө маань оновчтой зарцуулагдаж байгаа эсэх, Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэх чадвартай, мэдлэг боловсролтой боловсон хүчин бэлтгэгдэж байгаа эсэх, бэлтгэгдсэн боловсон хүчин ажлын байраар хангагдаж байгаа эсэхийг судалвал баярлаж бахархах дүр зураг төдийлөн харагдахгүй байна.

Монгол Улс товчхон хэлвэл үйлдвэрлэл хөгжүүлж, шинэ технологийг түргэн нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг орон болж баймааж хөгжинө гэдэгтэй хэнбугай ч маргахгүй бизээ. Боловсон хүчин бэлтгэх ажил маань ч энэ чиг хандлагатай нийцэж байх ёстой нь ойлгомжтой.
Гэтэл бодит байдлыг авч үзвэл, 2006 оны байдлаар манай улсын 180 их, дээд сургууль, коллежийн 150 гаруй нь буюу 86.6 хувь нь (давхардсан тоогоор) хууль, гадаад хэл, эдийн засаг, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, харин инженер, технологийн чиглэлээр дээрх сургуулиудын ердөө 8.8 хувь нь мэргэжилтэн бэлтгэж байгаа нь дэндүү тэнцвэргүй буюу зохисгүй харьцаа гэж үзэхээс өөр арга алга. Сүүлийн 5 жилийн байдлаар үзэхэд манай улсын их, дээд сургууль, коллежид буцалтгүй тусламжийн хэлбэрээр суралцагсад 32 мянга гаруй байгаа бөгөөд тэдэнд төрөөс 8.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд бэлтгэж байгаа мэргэжилтний мэргэжлийн харьцаа ч бас анхаарал татаж байна. Эдүгээ үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүд нарийн бичгийн дарга-операторч, данс хөтлөгчөөс аваад радио-электроникийн засварчин хүртэл бэлтгэж байгаа боловч тэдгээр төвүүдийн бараг тэн хагас нь хоол үйлдвэрлэл, автомашины жолооны ангитай байх жишээтэй.

Иймд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд мэргэжилтэн бэлтгэж буй үндсэн чиглэлийнхээ зэрэгцээ электрон техник, төрөл бүрийн машин механизм, уул уурхайн тодорхой салбарын техник, технологич зэрэг үйлдвэрлэл хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хандлагад үйл ажиллагаагаа чиглүүлбэл зохино. Мөн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх сургуулийг шинээр байгуулах, нэгэнт байгуулагдсан сургуулиудыг өргөтгөх, сургалтын орчныг сайжруулахад боловсролын салбарт зориулж буй төсвийн хөрөнгийг түлхүү зарцуулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон инженер, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулийг төрийн бодлогоор дэмжих, ийм мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс хариуцах чиглэлд илүү анхаарч зохицуулалт хийх нь зүйтэй байна.

Засгийн газрын гэрээний дагуу гадаадын өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантур, бакалаврын зэргийн сургалтад суралцагсдын мэргэжлийн харьцааг инженер, технологийн чиглэлд хандуулах шаардлагатай байна. Сүүлийн 9 жилд Засгийн газрын гэрээний дагуу гадаадын 32 оронд 864 хүн суралцсаны зардалд улсаас 20.4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Тэдгээр суралцагсдын дотор инженер, технологийн мэргэжлээр ердөө 78 хүн байгаа нь нийт суралцагсдын дөнгөж 9 хувьд хүрч байна. Гадаадад Засгийн газрын гэрээний дагуу суралцагсдаас ердөө 150 орчим нь эх орондоо ирж ажиллаж байна. Уг нь тэд бол шинэ соёл, шинэ сэтгэлгээ, шинэ үнэлэмж, хандлагыг тээгч үндэстний оюуны боломжит нөөц, чадавхи билээ.

Эдгээр бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг улс орныхоо хөгжил дэвшилд ашиглах, тэдгээр залуусыг Монголд ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бүхнээс үндэслэн инженер, технологийн мэргэжилтнийг ахиу тоотой бэлтгэх болон гадаадад улсын зардлаар суралцсан магистр, докторуудыг эх орондоо ажиллах нөхцлийг бүрдүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэхийг та бүхэнд хандан санал болгож байна.

Ерөнхийлөгч миний бие ч энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах болно. Тухайлбал эл асуудлыг нарийн судалж, тодорхой шийдвэр гаргахад нэмэр хандив болохын үүднээс залуусын өөрсдийнх нь санал бодлыг сонсохын тулд гадаадад суралцаж төгссөн магистр, докторуудын улсын зөвлөлгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж болох юм гэж үзэж байна. Эцсийн эцэст өндөр мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлтэй монгол хүн юу юунаас илүү үнэтэй гэдгийг та бид бүгдээрээ сайн ойлгож байгаа.

өөр нэг чухал асуудал бол “Сургуулийн өдрийн хоол”-ны хөтөлбөр юм. Энэ талаар өмнө нь би нэг бус удаа санал дэвшүүлж байсныг та нөхөд санаж байгаа байх. Эдүгээ “Сургуулийн өдрийн хоол”-ны хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж болохуйц зарим нэг урьдчилсан нөхцөл бүрдээд байна.

Би Төрийн тэргүүний хувьд 2005 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо чуулсан НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захиралтай уулзаж, Монгол Улсад “Сургуулийн өдрийн хоол”-ны хөтөлбөр хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс тусламж үзүүлэхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг, сурагчид сургуульдаа ирэхдээ тэр бүр өглөөний ундаа уух боломжгүй байдаг, өлөн ходоодтой хүүхдүүд хичээлдээ анхаарахад бэрхшээлтэй байдаг, энэ нь сурлагын дүнд муугаар нөлөөлдөг, орон даяар энэ хичээлийн жилээс 11, удахгүй 12 жилийн сургалтанд шилжихэд сургуульд орох хүүхдийн нас улам багасч 6 нас болно, хүүхэд сургуульдаа болон сургуулийнхаа орчинд дасахад, мөн сургууль завсардалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ зэрэг үндэслэлээр тавьсан болно.

Холбогдох яам, олон улсын байгууллагууд, ТББ-уудын судалгаа, хэрэгжүүлж буй төслийн материалуудтай танилцаж байхад Монгол Улс дахь өсвөр насны хүүхдүүд хоол тэжээлийн дутаалтай, амин дэм, эрдэс бодисыг 3-3.5 дахин бага хэрэглэдэг, хоногийн шаардлагатай хоолны илчлэг нь 1.5 дахин бага, өлсгөлөн хүүхдийн сурлагын үзүүлэлт бусад хүүхдийнхтэй харьцуулахад 15 хувиар доогуур байгааг тогтоосон байна.

Урьдчилсан тооцоогоор бага ангийн сурагчдад нэг удаа өдрийн хоолоор үйлчлэхэд жилдээ 14 тэрбум гаруй төгрөг шаардлагатай байна.

Монгол Улсын төр засгаас “Сургуулийн өдрийн хоол”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхдийн эрхийг хангах, боловсролын үйлчилгээний үр шимийг хүүхэд бүрт адил тэгш хүргэх, төр засгаас хүүхдэд зориулж авч буй арга хэмжээ чухамхүү хүүхэддээ шууд хүрэх, хот хөдөөгийн хүүхдүүдийн амьдралын ялгаатай байдлыг арилгах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх нэг үндэс болно гэж үзэж байна. “Сургуулийн өдрийн хоол”-ны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь жижиг ажил биш бөгөөд хүний хөгжлийг хангах, Мянганы зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зайлшгүй хийх зүйл төдийгүй ирээдүй болсон өсвөр үеийнхнийхээ төлөө та бидний хамтран хийх ёстой буянт үйлс, чухал хөрөнгө оруулалт гэж үзвэл зохино.

Монголын төр засаг, ялангуяа БСШУЯ, ХЗДХЯ-ны анхааралд байх ёстой үндэсний соёлын бодлогын нэг асуудал бол түүх соёлын үнэт, ховор өв дурсгал, эд өлөгийн зүйлийг судлан сурвалжилж, бүртгэн дансалж, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, өргөн олон нийтэд үзүүлэн сурталчилж, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, түүхэн ухамсар, үндэсний бахархлыг бий болгох, улс орныхоо өнгөрсөн түүхийг баталгаажуулан баримтжуулж, өнөө үед дэлхий дахинаа сурталчлан таниулах цогц бодлого, үйл ажиллагаа билээ. Энэ асуудлыг бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ жил илүү хурцаар хөндөж, шийдвэрлэх бодлогоо нягталж, үйл ажиллагаагаа шуурхайлах хэрэгтэй гэж үзэж байна.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд түүх соёлын ийм үнэ цэнэтэй өв дурсгал, эд зүйлс, археологи, палеонтологийн ховор нандин олдвор устаж сүйдэх, буруу гараар орох, хилээс гадагш алдагдах, хадгалалт, хамгаалалт муугаас чанар, үнэ цэнээ алдах явдал түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна. Зарим компани, аж ахуйн нэгж, байгууллагууд ашигт малтмал олзворлох, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх, усан цахилгаан станц, авто зам барих чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа эртний түүх, соёлын ховор нандин, үнэт дурсгалуудыг сүйтгэж ноцтой хор хохирол учруулжээ.
Зарим тодорхой жишээ дурдахад Баянхонгорын Бөмбөгөр сумын Дугуй Цахирын агуйд байсан 13-14 зууны хадны оршуулга, Хэнтийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан уулын монгол язгууртны булш, Архангайн Хайрхан сумын Гол модны хүннүгийн язгууртны булшийг ухаж тоносон байна.

Улс, аймаг, орон нутгийн музей, сүм хийдүүдээс хулгайд алдагдсан түүх соёлын үнэт дурсгалуудын бүртгэлийг бараг хийгээгүй байгаа тухай иргэд мэдээлж байна. Тэр ч байтугай Чойжин ламын сүм музейн үзмэрийн данс бүртгэлийг алга болгосон, олон тооны үзмэр алдагдсан, солигдсон ноцтой зөрчил гарсан тухай яригдаж байна. Гадаадын улс орнуудад зохион байгуулагддаг дуудлагын худалдаанд монголын ховор нандин түүх, соёлын дурсгалт зүйлс зарагдаж, борлогдож байгаа тухай сэтгэл түгшээсэн мэдээ ч ирж байна.

Учир иймд түүх соёлын дурсгалт зүйлээ бүрэн бүртгэх, мэргэжлийн сэргээн засварлагчдыг бэлдэх, мүзей, номын сангуудын барилгыг өргөтгөх, засаж сэргээх зэрэг цогц ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй болжээ.

Мөн хил, гаалийн ажилтнуудын соёлын өвийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг шалгах, илрүүлэх тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээ байгуулах, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр дорвитой ажил хийхийг ХЗДХЯ, БСШУЯ, Гаалийн ерөнхий газар, ЦЕГ, ТЕГ, Хил хамгаалах ерөнхий газарт хандан анхааруулж хэлье.

Түүх соёлын өв дурсгал сүйдэж устахын хэрээр үндэсний түүхийн ул мөр бүдгэрч балартах хөнөөл уршигтай. Үүнийг далимдуулан Монголын түүхийг мушгин гуйвуулах, мартагнуулж будлиантуулах, төр ёсны түүхэн уламжлалыг үгүйсгэн няцаах, өөриймчлөн өмчирхөх сонирхол ч өндийхөөс бид цаг ямагт сэрэмжлэх учиртай. Иймээс иргэд, байгууллага үндэсний соёл, түүхийн өв дурсгалаа хамгаалж, эх оронч үзэл ухамсраа хурцалж, монгол зориг, тэмүүлэлтэй явах нь даяаршлын эрин үед Монгол Улс оршин хөгжихийн нэг ёсны дархлаа, баталгаа байх болно.

Эрхэм хүндэт иргэд ээ!

Монголчууд бид энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа.
Их ойг тэмдэглэх талаар монголын ард түмэн, төр засгаас гаргасан санал, санаачилгыг дэмжиж, их ойн ач холбогдлыг өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаас тусгай тогтоол баталж, дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагуудад хандан “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг нийтээрээ тэмдэглэх”-ийг уриалсан нь монголчууд бидэнд сэтгэлийн ихээхэн дэм болж, урам зориг хайрлаж байна.

Энэ түүхт ойг амжилт бүтээл арвинтай, үр дүн, өгөөж ихтэй тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал болж байгааг ой тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо онцгой анхаарч, шуурхай ажиллах хэрэгтэй. Их ойн жилийн бүтэн нэг улирал улиран одлоо. Хийж бүтээсэн юм юу байна вэ хэмээн ард иргэд, гадаадын анд нөхдүүд асууж, сураглаж байна. Сайхан санаа, төлөвлөгөө олон байгаа бололтой. Гэхдээ хөрөнгө мөнгөний дэмжлэггүй бол бүтэхгүй гэдэг нь тодорхой. Нөгөө талаар санаа болгоныг санхүүжүүлэх гэж оролдвол хөрөнгө мөнгө ч хүрэхгүй, үр дүн ч гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Дэмий л хөрөнгө тарамдсан, цаг үрсэн л хэрэг болно. Хамгийн гол нь бодитой юм үлдэх ёстой гэдгийг хаана хаанаа анхаарая.

Тийм учраас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2006 онд хийж гүйцэтгэх, зохион байгуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг дахин нягталж тогтоогоод, шаардагдах зардлыг хариуцсан байгууллагууд нарийвчлан тооцож гаргасны үндсэн дээр Засгийн газар нэгтгэн боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы эхээр тодотгон батлуулахаар төлөвлөж байгааг дэмжиж байна.

Их эзэн Чингис хааныхаа байгуулсан Их Монгол Улсынхаа түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэх үйл ажиллагаанд төр засаг, түмэн олон, төрийн бус байгууллага, аж ахуй, бизнесийн хүрээнийхэн идэвхтэй, эв эеийг хичээн оролцохыг УИХ-ын энэ өндөр индэр дээрээс анхааруулан хэлж, уриалан дуудъя. Энэ их ойгоо монголын төр засаг, монголчууд хамгийн түрүүн өөрсдөө анхаарч, сэтгэл тавьж, зүтгэл гаргахгүй бол өөр хэн анхаарахсан билээ.

Их ойн жил эдийн засгийн хөгжил, нийгмийн бүтээн байгуулалтаар өрнүүн, эв эеийн барилдлага, оюун санааны ухаарал гэгээрлээр дүүрэн байх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.