УИХ-ын намрын чуулган, түүний хэлэлцэх асуудлууд (2007.10.02)
Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн намрын чуулган 52 гишүүний ирцтэйгээр өчигдөр нээлтээ хийсэн байна. Чуулганыг нээлт дээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар үг хэлэв. Энэхүү чуулганаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг шинэчлэн тодорхойлох стратегийн ач холбогдол бүхий баримт бичгүүдийн төсөл, хүн ам зүйн болон нийгмийн бодлогын хүрээнд орон сууц, барилга, хот байгуулалтын зохистой хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эрчимжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн нийтдээ 40 шахам хууль, УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Чуулганы хэлэлцэх асуудлын дараалал, УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийн хэлсэн үгүүдийг дор толилуулъя.
Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
1/ Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/ Ургамал хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төсөл;
3/ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/ Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/ Хийн хангамжийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулиудын төсөл;
6/ Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7/ Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;
8/ Монгол Улсын иргэдийг гадаадад, гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулиудын төсөл;
9/ Татварын багц хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл;
10/ Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төсөл;
11/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
13/ Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн төсөл болон Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
14/ Хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;
16/ Хот байгуулалтын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;
17/ Гаалийн тухай болон гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл;
18/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/ “Нүүрс хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
20/ Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21/“Айвенхоу майнз монголиа инк” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
22/ МУ-ын ЗГ-аас “Энержи ресурс” ХХК-тай “Тавантолгой” ордыг ашиглах талаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, уг ордод төрийн эзэмших хувь оролцооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
23/ Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/ Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25/ Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
26/ Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;
27/ Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
28/Монгол Улсын татварын ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;
29/ Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
30/ Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;
31/ Журмыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
32/ Хязгаарлагдмал казиногийн тухай, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон үүнтэй холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;
33/ Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
34/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
35/ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
36/ Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
37/ Нийгмийн хөгжилд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
38/ бусад.
УИХ-ын 2007 оны намрын чуулганы нээж УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа,
УИХ-ын Эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
2004 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган эхэлж байна. Ирэх хавар нэг удаагийн чуулган хуралдаад энэ удаагийн парламентын бүрэн эрх дуусгавар болно. Цаг хугацаа шахуу, хийх ажил их байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын даргын захирамжаар намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, Та бүхэнд болон олон нийтэд мэдээлсэн байгаа.
УИХ-ын энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг эрс эрчимжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх шийвэрүүдийг гаргаж манай парламентын түүхэнд шинэчлэлийн шинэ үзэл санаагаараа онцгой байр суурь эзлэх чуулган болох байхаа гэж бодож байна. Чухамхүү ийм учраас энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудтай холбогдуулан бодлогын дараахь үндсэн чиглэлд онцлон анхаарахыг Та бүхнээс хүсч байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг шинэчлэн тодорхойлох стратегийн ач холбогдол бүхий баримт бичгүүдийн төслийг энэ намрын чуулган хэлэлцэх болно.
Даян дэлхийн Мянганы тунхаглалаас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудыг манай улс талархан дэмжиж УИХ 2005 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг холбогдох шалгуур үзүүлэлтийн хамт баталсан билээ. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний хоёр дахь илтгэл гараад байна. Илтгэлийг боловсруулах хэлэлцэх явцад Мянганы хөгжлийн зарим зорилт, тэдгээрийн шалгуур үзүүлэлт, ялангуяа манай улс шинээр нэмж баталсан хүний эрхийг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх 9 дэх зорилтын шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодотгож батлах шаардлага байгаа нь харагдсан юм. Үүнийг үндэс болгон Мянганы хөгжлийн зорилтуудыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг намрын чуулган хэлэлцэн шийдвэрлэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Засгийн газар, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг мөн энэ намрын чуулган хэлэлцэнэ. Энэ баримт бичгийг УИХ хэлэлцэн баталбал улс төрийн ямар нам, хүчин засгийн эрх барьж байгаагаас үл хамааран урт хугацаанд тогтвортой баримтлах хөгжлийн бодлого нарийвчлан тодорхойлогдох билээ. Өөрөөр хэлбэл, энэ баримт бичиг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улс төрийн намуудын зөвшилцөлд тулгуурласан, иргэд, олон түмний өргөн дэмжлэгийг хүлээсэн Монгол төрийн бодлогын суурь баримт бичиг болж батлагдах учиртай. Үүнийг иш үндэс болгон УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг уг баримт бичгийн төслийг өдөр тутмын хэд хэдэн сонинд нийтэлж, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд, иргэний нийгмийн саналыг авч байна.
Эрдэс баялагийн салбарыг 2015 хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын тухай гэрээ, Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай “Таван толгой” ордыг ашиглах талаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тус тус энэ намрын чуулганаар хэлэлцэх болно. Эдгээр баримт бичгүүд нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлоход стратегийн ач холбогдолтой учраас монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны хөгжлийн хойшлуулшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэс болгож, мэргэжлийн байгууллага хүмүүсийн тооцоо судалгаа, дүгнэлтэд тулгуурлан олон улсын гэрээ, конвенцийн нийтлэг зарчим, үндэсний хууль тогтоомжийг чанд баримтлан нухацтай хэлэлцэн шийдвэрлэх учиртай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Хүн ам зүйн болон нийгмийн бодлогын хүрээнд орон сууц, барилга, хот байгуулалтын зохистой хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн чухал асуудлыг намрын чуулган хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хүн ам орон сууцны тооллогыг 2000 онд явуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотойгоор хүн амын бүртгэл, судалгаа, статистикийг боловсронгуй болгох шаардлага чухлаар тавигдаж байна. Төв суурин газар шилжин ирэгсдийн тоо түргэн өсч, орон сууц, барилгын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн орон сууцтай болох санхүүгийн боломжийг өргөтгөх, хот байгуулалтын бодлогыг шинэчлэн тодорхойлох зэрэг цаг алдалгүй шийдэх шаардлагатай асуудлууд цөөн биш хуримтлагдаад байна. Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай болон Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Барилгын тухай хууль, Хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол зэрэг бодлогын баримт бичгүүд нь эдгээр салбарын цаашдын хөгжлийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх болно гэж үзэж байна.
Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоо зүгшрэн хөгжихийн хэрээр иргэдэд үзүүлэх нийгмийн халамж, хамгаалын үйлчилгээг оновчтой тогтоож, нарийвчлах шаардлага гарч байна. Энэ зорилгоор иргэдийн нийгмийн халамжид хэт шүтэх сэтгэлгээг өөрчлөх, нийгмийн халамжийн үйлчилгээнд иргэд, айл өрх, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог хангах, энэ чиглэлээр шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах зэрэг зарчимын шинэ үзэл баримтлалаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Мөн нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг боловсронгуй болгох, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх хувь хэмжээг бууруулж, оновчтой тогтоох зэрэг чиглэлээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мөн энэ намрын чуулган хэлэлцэн шийдвэрлэх болно.
Гуравдугаарт, Намрын чуулган хуулийн дагуу Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын үндсийг хэлэлцэн батлах ёстой.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2008 оны төсвийн болон төрийн мөнгөний бодлогын үндсийг тодорхойлохдоо УИХ төсвийн тэнцвэртэй байдлыг хадгалах, санхүүгийн эрсдэлгүй тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэх бодлогын чиг шугамаа тууштай баримтлах болно.
УИХ-аар эдгээр төслийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, санхүүгийн тааламжтай нөхцөл байдалд тулгуурлан дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг нэмэгдүүлэх, төсвийн багтаамжийг сайжруулах, нийгмийн эмзэг бүлгийг ядуурлаас сэргийлэх, өрхийн амьжиргаанд нь төрөөс дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, нийгмийн салбар, дэд бүтцийг хөгжүүлэх, түүний дотор хөдөө орон нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, зам, гүүрийн барилга байгууламжийн хүрээг өргөтгөх, сургууль, эмнэлэг, соёлын байгууллагын засвар үйлчилгээг дэмжиж, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангуулах, төсвийн удирдлагыг боловсронгуй болгох, төрийн албаны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг төсвийн бодлогоор дэмжих асуудлыг онцгой анхаарах нь зүйтэй. Товчилж хэлбэл, жилийн төсөв эдийн засаг, нийгмийн өсөлт, дэвшлийн шинэ эрч хүчийг санхүүгийн хувьд баталгаажуулсан хөгжлийн төсөв байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл нь эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, 2007 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явц, гарах үр дүнг тодотгосон, улс орны хөгжлийн ойрын ирээдүйн хандлагыг тодорхойлсон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг болон батлагдах ёстой.
Улсын төсөв, санхүүгийн бодлогод татварын боловсронгуй тогтолцоо гол үүрэг гүйцэтгэх учиртай. 2006 онд Татварын багц хуульд томоохон шинэтгэл хийгдсэн. Энэ шинэтгэлийг хэрэгжүүлэх ажилтай уялдуулж татвар төлөгчид тэгш, шударга, ижил нөхцөлөөр татвар төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, татварын орчингоор үүсдэг далд эдийн засгийг багасгах зэрэг татварын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулган хэлэлцэх гэж байна.
Дөрөвдүгээрт, Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын бодлогын тулгамдсан асуудлууд намрын чуулганы анхаарлын төвд байх болно. Эх орныхоо онгон дархан байгалийг хамгаалахын зэрэгцээ экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр өгөөж баялагийг нь үр дүнтэй ашиглах асуудал өнөөдөр хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна. Ялангуяа, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эдийн засагт нь онцгой үүрэг гүйцэтгэдэг манай орны хувьд байгалийн ургамалыг зүй зохистой ашиглах, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах нь эдийн засаг, нийгэм, хүн амын эрүүл ахуйн олон асуудалтай шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд дулаарал болж, байгаль цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа болон хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн эдийн засгийн харилцаа өргөжиж байгаатай холбогдон Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Байгалийн ургамал ашиласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулиудын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ нь байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын бодлого үйл ажиллагааны шинэчлэлийн томоохон алхам болно гэж үзэж байна.
Сүүлийн үед ашигт малтмал олборлох, үйлдвэрлэл явуулахдаа хууль тогтоомжийг зөрчиж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах тохиолдол цөөн биш гарч байгааг олон нийт хурцаар шүүмжилж, үүссэн хор хохиролыг арилгах, ийм зүйл дахин гаргуулахгүй байхыг хатуу шаардаж байна. Энэ асуудлыг төр, засаг анхаарлынхаа төвд байлгаж, буй болсон нөхцөл байдлыг нухацтай үнэлж дүгнэн, зөрчлийг арилгах, эрсдэлтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ авч, цаашид цэгцтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
2007 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар дээр дурьдсан хууль, бодлогын баримт бичгүүдээс гадна Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Соёлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эрчимжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн нийтдээ 40 шахам хууль, УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Чуулганы явцад өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг тухайн үед нь хэлэлцэх боломжтой. Энэ бүхэн нь УИХ-ын намрын чуулган маш өндөр ачаалалтай ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм.
Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд болж өнгөрсөн үйл явдуудын сургамж, парламентын хэвийн, жигд ажиллагааг хангах хууль ёсны шаардлагаас үүдэн УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг нэн даруй авч үзэх хойшлуулшгүй нөхцөл байдал бий болсныг Та бүхэнд зориуд анхааруулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг шийдэхгүй хойш тавьж, цаг алдаж болохгүй.
УИХ-ын хэлэлцэж шийдвэрлэх асуудал, хийж бүтээх ажил их, цаг хугацаа давчуу байгаа ийм үед УИХ, Засгийн газар харилцан ажиллагаагаа нягт уялдуулж, шуурхай, хариуцлагатай ажиллах, өргөн мэдүүлж буй хууль, шийдвэрийн төслийн хэлэлцүүлгийг чанартай хийж, УИХ-ын үйл ажиллагаанд аливаа тасалдал гаргахгүй байх шаардлагатай байна.
УИХ-д учирч буй аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, хэлэлцүүлгийн явцад үүссэн маргаантай асуудлаар улс төрийн зөвшилцөлд цаг алдалгүй хүрч байх талаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл, УИХ-д суудалтай намууд ихээхэн санаачилга гарган ажиллавал зохино. Парламентын үйл ажиллагаанд улс төрийн элдэв саад бэрхшээл үүсгэхээс зайлсхийж ажиллахыг би улс төрийн намуудад уриалж байна.
Улс орны хөгжлийн хэтийн бодлого, нийгэм, эдийн засгийн шинэтгэлийг эрчимжүүлэх тулгамдсан олон чухал асуудлыг энэ чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан хууль тогтоох үндсэн чиг үүрэг, гишүүнийхээ улс төр, ёс суртхууны хариуцлага, иргэд сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж, УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийг чанд баримтлан парламентынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Эрхэм гишүүддээ бас уриалж байна.
УИХ-ын энэ намрын ээлжит чуулган төлөвлөсөн зорилтоо хангаж, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын 2007 оны намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
Улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдалд Улсын Их Хурлын ээлжит намрын чуулган эхэлж байна. Нэг талаас харахад, манай улсын хууль тогтоох байгууллага хоёр чуулганыхаа хооронд завсарлага, амралтын зайгүй ажиллаж, төрийн гадаад, дотоод бодлогын амин чухал олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйлст хүчин зүтгэж байгаа мэт дүр зураг бууна. Гэвч нөгөө талд нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлагдах ёстой асуудлууд хуран хуримтлагдаж, иргэд олны ажил, амьдралын олон асуудал төр, засгаас хариугаа хүлээн саатсаар байна.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа богиносон ээлжит сонгууль ойртох тусам иргэний нийгэм, иргэд, сонгогчдын зүгээс парламентад суудалтай улс төрийн нам болон улс төрчдийн сонгуулийн амлалтын хэрэгжилтэд тавих хяналт, шаардлагаа чангатгаж эхэллээ. Нөгөө талаас, улс төрийн нам, улс төрчид ч сонгуулийн үеэр авсан амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явцаа олон түмэнд сурталчлан таниулах, болж бүтээгүй зүйлийн бурууг тодруулах, сөргөлдөгч улс төрийн хүчнүүд, олонхи, цөөнх өөр өөрсдийн үйл ажиллагааг өмөөрөн зөвтгөж, харилцан шүүмжлэл өрнүүлж, ингэснээр улс төрийн маргаант уур амьсгал бүрдэж байна. Энэ нь нэг талаас алдаа дутагдлыг олоход тустай мэт боловч нөгөө талаас аливаа хариуцлагаас талцан мултрах нөхцлийг олгож, иргэдийг бухимдуулж байна.Товчхон хэлбэл дараачийн УИХ-ын сонгууль хүртэл үлдэж байгаа харьцангуй богино хоног хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газар улс төрийн амлалт, мөрийн хөтөлбөрийн зорилтуудад тусгагдсан ч хэрэгжиж амжаагүй болон өнөөдөр тулгамдаад байгаа цөөнгүй ажлыг улс төрийн тийм ч таатай бус уур амьсгалд хийж амжуулах шаардлагатай нөхцөл байдлын үед одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн намрын чуулган эхэлж байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр 5 дахь удаагаа УИХ-ын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэлж байна. Өмнө хэлсэн үгнүүддээ Төрийн тэргүүний хувиар улс орныхоо язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, гадаад, дотоод нөхцөл байдал, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжил дэвшил, тулгамдсан асуудлууд, төрийн алба, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлага, ололт амжилт, алдаа дутагдал зэрэг өргөн хүрээний асуудлуудыг ард иргэдийнхээ санаа, бодол, эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд үндэслэн, сайшаал магтаал, зэмлэл, шүүмжлэлийг зэрэгцүүлэн бодит үнэнээр нь илэрхийлэхийг зорихын хамт, тодорхой ажил хэрэгч санал, санаачилгуудыг дэвшүүлж байсныг Та бүхэн сайн мэдэж байгаа.
Энэ удаа ч миний бие улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, гадаад, дотоод нөхцөл байдал, тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндөж өөрийн байр суурийг илэрхийлье.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн миний хэлэх үгэнд “Тустай бол хатуу ширүүн үг боловч тусган ухаж ухаарлын үг болгон ав, тус болохгүй бол магтаал үг боловч баясах үг хэмээн бүү тооц” гэсэн эртний мэргэдийн зарчимч сургаалын үүднээс хандах бизээ.
Нэг. Өнөөдөр эв нэгдэл ихээхэн үгүйлэгдэж, шаардагдаж байна. Монголын ард түмний эв нэгдлийг бататган гагнаж байдаг олон хүчин зүйлсийн талаар урьд нь цөөнгүй дурдаж, ач холбогдлыг нь өргөж, залгамж хойч үедээ ойлгуулах, сурталчлах чиглэлд бид багагүй ажил үйлс өрнүүлж байгаа.
Өнгөрсөн 2006 онд л гэхэд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд монголчууд биднийг нэгтгэж байгаа эх орон, их түүх, соёл, уламжлалынхаа үнэ цэнийн талаар хэн юу чаддаг, мэддэгээ гарган тавьж сурталчилах ажлыг эх орондоо төдийгүй, хилийн чанадад өргөн хүрээнд өрнүүлсэн нь олон түмний талархлыг хүлээсэн. Гэвч эв нэгдэл нь зөвхөн эртний түүхээ санан дурсаж, элдвийн гоё үгийг урсгаж санаа алдаж сууснаар биш, харин буурал түүхээс сургамж авч, хамтын том зорилготой болж, түүнд хүрэхийн тулд их үйлс өрнүүлснээр гагнагдан бэхэждэг аж.
Тийм ч учраас би ард түмний чин хүсэл, эрмэлзлэлийг нэгтгэн илэрхийлж, нэгэн чигт хөдөлгөж чадах, нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал, онолын баримжаалал монголын ард түмний эв нэгдэлд эдүгээ нэн чухал ач холбогдолтой болохыг онцлон хэлэхийг хүсч байна.
Монгол төрийг цаашид ямар төр байгаасай гэж хүсч байгаа талаар олон түмнээсээ асуувал янз янзын л сайхан тодотгол залгаж хэлэх байх. Тэдгээрийн дотроос миний хувьд Mонголын төр номт, дээдийн төр байгаасай, авлига, амин хувийн ашиг хонжоонд захирагдаж холбогдсон адгийн төр бүү байгаасай гэж хүсч байна. Тиймээ, Mонголын төр номт төр байх учиртай. Их Монгол Улсыг үндэслэгч эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчдын үеэс л “номт төр”-ийн ач холбогдлыг үнэлж “үнэн номын засаг хэвийн зангиа мэт алдаршгүй…” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн сайхан уламжлал бий. Би “номт төр” гэж хэлэхдээ хөгжлийн тодорхой шатанд баримтлах цогц үзэл баримтлалтай, хүрэх үр дүн, зорилго, зорилт нь ойлгомжтой, хэмжих хэмжүүртэй, хэрэгжүүлэх хүн хүчний хийгээд хөрөнгө санхүүгийн нөөц бололцоогоо зөв тооцсон, хариуцлагатай, чадварлаг, шударга төрийн тогтолцооны тухай ярьж байна.
2021 он хүртэл баримжаалсан, цаашид хөгжүүлэн баяжуулж, үргэлжлүүлж болох төрийн тийм үзэл баримтлалыг бий болгох талаар гаргасан санаачилга маань эдүгээ эрдэмтэн мэргэд, Засгийн газар, улс төрийн намууд, ТББ, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр боловсрогдоод “Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нэртэйгээр УИХ-д өргөн баригдаад байгаа билээ. Түүнийг цаг алдалгүй мэргэн оюунаараа тал бүрээс нь шүүн хэлэлцэж, баяжуулан сайжруулаад батлан гаргана гэдэгт Улсын Их Хуралд итгэж байгаагаа хэлье. Ард түмнийхээ чин хүсэл эрмэлзлэл, гэгээн тэмүүллийг илэрхийлж чадах нэгдмэл үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх их үйлс бол ард түмний нийгмийн эв нэгдлийн нэгэн чухал бат гагнаас байна гэдгийг эрхэм гишүүд та бүхэн гүн гүнзгий ухаарна гэдэгт найдаж байна.
Хоёр. Төр онолжиж, үзэл баримтлалжих нь шудрага ёс, тэгш байдал, эв нэгдлийг хангах, үйл ажиллагаандаа хариуцлагатай байх зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх чадвартай болдог бөгөөд энэ нь “номт төр”-ийн бас нэг үндсэн шинж байх учиртай. Гэтэл энэ байдал манай амьдрал дээр огт өөр буюу хариуцлагагүй байдал газар авсан шинжтэй байгаа тухай дээр доргүй ярьж, засч залруулах талаар багагүй хэлэлцсээр нэлээд удлаа.
Юуны түрүүн төрийн нэр хүнд, эрхэмсэг байдал нь төрийн албаны сайн чанарт оршино. Тиймээс Ерөнхийлөгч миний бие улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлын зэрэгцээ төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, төр засгийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, хүртээмж, нөлөөллийг сайжруулах замаар Монгол Улсын төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэх талаар өөрийн байр суурийг удаа дараа илэрхийлсээр ирсэн. Хүн амынхаа амьдралыг сайжруулж, шудрага ёсыг тогтоож, хөгжлийн асуудлаа амжилттай шийдэж чадсан улс орны туршлагыг судлахад юуны түрүүн төрийн албаа чадваржуулж, хээл хахуулиас ангид байлгасан байдаг. Тийм учраас манайд ч энэ чухал ажлыг хийлгүйгээр улс орноо хөгжүүлж, монгол хүн эх орондоо эзэн болж, элбэг дэлбэг, амар амгалан, ажил төрөлтэй, ирээдүйдээ итгэлтэй амьдрах эрхэм зорилт хэрэгжихгүй, их үйл бүтэхгүй нь тодорхой. Энэ бүхнийг харгалзан миний бие төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх, улс төрийн албан тушаалтны хүрээг багасгах, төрийн жинхэнэ албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэрэг үзэл баримтлалуудад тулгуурлан “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Энэ хуулийг батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол нь цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр улам бүр тодорхой болж байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн, тогтвортой байдал дархлаажиж чадаагүй байгааг амьдрал, практик тод томруун нотлон харуулсаар буй.
Бүтцийн өөрчлөлт хийх, өөрийн баг бүрдүүлэх нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор нь ажлаас халах, улс төрийн шалгуур болон албан тушаалтны үзэмжээр ажил мэргэжлийн болон төрийн албаны дадлага туршлагагүй хүмүүсийг оронд нь томилох, төрийн албаны ажлын байрыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн, удирдах албан тушаалд мэргэжлийн бус хүмүүсийг сонгон шалгаруулалт, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилон ажиллуулах хууль бус үйлдэл хавтгайрах байдалтай болж байна.
Улс төрөөс ангид байж, зөвхөн мэргэшлийн үндсэн дээр төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх учиртай Онцгой байдлын ерөнхий газарт сүүлийн үед өрнөсөн үйл явц төрийн алба маань хэрхэн хямарч байгаагийн нэг тод жишээ бөгөөд энэ байдал бусад яам, агентлагуудад ч нэгэн адил их, бага хэмжээгээр давтагдсаар байгааг таслан зогсоох цаг болжээ.
Төрийн албаны тогтворгүй байдал нь зарим нэг ажил мэргэжлийн чадваргүй, ашигч завшигч, өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч биш хүмүүс хэн нэгний ивээлд багтан төрийн албанд толгой хоргодож, ажил үйлчилгээг цалгардуулах, авлига, чирэгдлийг бий болгох нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн, батлан мөрдүүлэх нь дээр дурдсан хууль бус үйлдэл гарахгүй байх явдлыг баталгаажуулж, төрийн албаны шинэтгэлийг тасралтгүй үргэлжлүүлэх эрх зүйн тааламжтай орчин, нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Гурав. “Номт төр” гэдэг нь орчин үеийн утгаараа эрх зүйт төр мөн.Эрх зүйт төрийн үндсэн шинж нь хуулийг дээдэлж, түүнийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэх явдал билээ. Гэтэл Монгол Улсад хууль биелүүлэх, хуулийг амьдралд хэрэгжүүлэх ажил тун ч хангалтгүй байгаа нь үгүйсгэхийн аргагүй үнэн бөгөөд энэ нь төр засаг гэж байна уу, үгүй юу гэж иргэд хоорондоо ярих хэмжээнд хүрсэн эмгэнэлт байдлаар илэрч байна.
Байгалийн баялгийг олборлох үйл ажиллагааг төрийн хяналт, хуулийн гадуур явуулсны уршгаар ноцтой үр дагаварт хүргээд байгаа Дархан-Уул аймгийн Хонгор сум болон бусад газар үүсээд буй нөхцөл байдал, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд удаа дараа гарсан үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол аваарууд, олон хүний амь эрсдсэн МИ-8-ийн хэрэг явдал, иргэд олны итгэл сэтгэл, амин зуулгыг салхинд хийсгэсэн хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Хадгаламж банкны хэрэг, ихээхэн газар орныг хамарсан ой хээрийн түймэр, байгаль орчны бохирдол, Улаанбаатарын утаа, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаагүй байдал зэрэг нь улс орон маань засаг захиргаа, хууль дүрэмтэй, эсэхэд эргэлзэж буй иргэдийн маань шүүмжлэлээс тодорхой.
Энэ бүгд шууд утгаараа хууль, тогтоомжийг сахиулах, дагаж мөрдөх сахилга сул байгаатай холбоотой. Уг нь жишээ болгож дурдсан эдгээр асуудлуудтай холбоотой нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм журам дутаагүй, энэ асуудлуудыг дагнан хариуцах чиг үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын тоо цөөдөөгүй нь ойлгомжтой.
Энэ мэтээр Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь олон нийтийн эрх зүйн ухамсар, соёл сул, хуулийг боловсруулах техник, үзэл баримтлал бодит амьдралаас зарим талаар зөрүүтэй байдаг, хуулийг үл ойшоох дур зорго газар авсан, хуулийг санаатайгаар хэрэгжүүлдэггүй, гуйвуулдаг зэргээс ихээхэн шалтгаалж байгааг мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид тэмдэглэн хэлж байна.
Энэхүү зүй бус байдлыг яаралтай засаж залруулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хууль сахиулах байгууллагууд болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнууд дорвитой санал санаачилга гаргаж, үр нөлөөтэй өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна.
Төрийн албадлагаас гадна иргэдэд өөрсдийнх нь эрх чөлөө, хариуцлагын хэмжүүр болсон хуулийг чанд сахин хэрэгжүүлдэг ухамсар суусан байх нь хууль дээдлэгдэх нийгмийн бодит шаардлага мөн. Гэхдээ дээрээ хууль сахих үлгэр үзүүлэхгүй бол хууль хэрэгжихгүй байх, барьцах чиг хандлага нийгэм даяар хавтгайрах хандлагатай болж байгааг ч УИХ, Засгийн газар, бүх шатны төр, засгийн байгууллага, албан тушаалтнууд соргогоор мэдэрч, дүгнэлт хийж ажиллах хэрэгтэй байна.
Дөрөв. Төрийн хэрэгт олон түмний оролцоог чухалчилж, эрдэмт мэргэдийнхээ ухаанд түшиглэж ажиллах нь ардчилсан төрийн нэг шинж билээ. “Номт төр” гэдэг нь агуулгаараа ардчилсан төр мөн. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт нь манай нийгмийн өнөөгийн хийгээд цаашдын ерөнхий дүр төрх ямагт ардчилсан шинжтэй байхыг тунхаглан чиглүүлж буй заалт билээ.
“Ардчилал бол ард түмний төлөө, ард түмний бий болгосон, ард түмний засаг мөн” гэсэн онч үгийн агуулгад улс орныхоо олон талт амьдрал, төр засгийн болон өөрийн удирдлагын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг зохицон нийцүүлэхийн тулд та бид анхаарч ажиллах учиртай.
Юуны урьд бодлого тодорхойлох, шийдвэр гаргах бүх шатны үйл ажиллагаандаа ард түмнийхээ дуу хоолойг байнга сонсон, оролцоог нь хангаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал чухал байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нээлттэй хаалганы өдөр бий болгож, зарлигт тусгагдсан чиглэлээр идэвхтэй ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосныг сануулъя.
Монголын ард түмний тусгаар тогтнох эрмэлзлэлийг баталгаажуулсан ард нийтийн санал асуулга явуулсны 62 жилийн ойн өдөр буюу энэ 10 дугаар сарын 20-нд тус зарлигийн дагуу манай улсад анх удаагаа зохиогдох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр ард иргэдийнхээ санал, хүсэлт, санаачилгыг яаж барагдуулж байгаа, бодлого шийдвэрт хэрхэн тусгаж, ямар үр дүн, үр ашигтай ажиллаж байгаа, хууль хэрэгжилт ямар байгаагаа Засгийн газар, орон нутгийн удирдлагууд ил тод мэдээлсэн бодитой арга хэмжээнүүдийг орон даяар зохион байгуулна байх гэсэн иргэд, олон түмний их хүлээлт байгааг энэ дашрамд анхааруулая.
Ялангуяа энэ өдөр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бүх шатны Засаг дарга нар өөр өөрсдийн ажиллаж амьдарч байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлаа хэрхэн бие дааж шийдвэрлэх, орон нутагтаа хүн ард нь тогтвортой, сайхан амьдрах нөхцөл бололцоог яаж бүрдүүлэх талаар иргэд, олон түмнийхээ үгийг сонсч, хамтын хүчээр тулгамдсан асуудлуудаа шийдвэл сайн.
Манай монголчууд “замаг сайтай усанд шувуу бүхэн цуглардаг, зан сайтай айлд хүн бүхэн цуглардаг” гэдэгчлэн “засаглал сайтай орон нутагт л хүн ам нь өсч өөдөлж байдаг, тийм учраас хүн амыг нь л тоолоод бай” гэсэн утгатай үгийг Францын их сэтгэгч Руссо нэгэнтээ хэлсэн нь бий.
Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудын ажлыг үнэлэх, тухайн орон нутагтаа сайн засаглал тогтоон ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хэмжихдээ орон нутгаас төв рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зогсоож, орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах иргэдийн тооны өсөлтийг хэр зэрэг хангаж байгааг нь харгалзан үздэг зарчмыг хаана хаанаа баримтлах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна. Ингэснээр хүн ам сум суурин, орон нутгийн хот, бүсийн болон тулгуур төвүүддээ жигд суурьшиж, зөвхөн Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсгэхгүй, түүнтэй холбогдож гардаг элдэв муу уршиг, үр дагаврыг гаргахгүй байх боломжтой болно. Харамсалтай нь, эдүгээ бид илүү тааламжтай гэхээсээ амьдралын наад захын хэрэгцээ, төрийн үйлчилгээний зах зухаас ч болов хүртэх юмсан гэсэн эрмэлзэлтэй хот руу чиглэсэн их нүүдлийн урсгалыг зогсоож чадахгүй байна.
Ардчилал, иргэдийн оролцоог хангаж ажиллахдаа түүний тод илэрхийлэл болсон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн бусад бүтцүүдийг хот, хөдөөгүй жигд дэмжин хөгжүүлж, иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх талаар багагүй ажил хийх шаардлагатай байна. Эдүгээ нэгэнт төлөвшиж тогтсон, сайн ажиллагаатай ТББ-ууд манайд цөөнгүй бий. ТББ-ууд бол төр, нийгмийн ачаанаас үүрэлцэх их хүч нөөц мөн гэдгийг анхаарч тэднийг дэмжин тусалж, бас ач тусыг нь хүртэж ажиллах нь чухал аа. Энэ онд багтаан Ерөнхийлөгчийн ивээл дор “Иргэний нийгэм ба иргэний боловсрол” сэдэвт чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буйг Та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Өнөөдөр ТББ-ууд манай нийгмийн амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү чуулганаар ТББ-уудын зүгээс нийгмийн харилцааг найрсалтай болгох, иргэдийнхээ идэвх санаачилгыг өрнүүлж, мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэх, төр, засгийн ажлыг хуулийн хүрээнд хянах талаар хийж буй болон хийх шаардлагатай ажлын тухай дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой санал гарна гэдэгт найдаж байна. Гарсан саналыг ажил хэрэг болгохын тулд хаана хаанаа анхаарцгаая.
Тав. “Номт төр”-ийн бодлого, үзэл баримтлал нь цаасан дээр бичигдээд зогсохгүй өдөр бүр бодит ажил хэрэг болон хувирч, хүн ардад ач тусаа өгч байх учиртай. Тэр ч үүднээс миний бие санаачилж, Засгийн газар дэмжиж 2007 оныг “Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил”-ээр зарлаж, 80 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн билээ.
Үлдэж буй хугацаанд Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ өмнөх жилүүдэд эхлэлийг нь тавьсан “Мянганы зам”, эрчим хүч, харилцаа холбооны байгууламжуудыг барьж байгуулах ажлаа эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ ажлын байр шинээр бий болгох асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Тайшир, Улаанбоомын усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгаж ашиглалтад оруулах, малчдыг нарны цахилгаан үүсгүүрээр хангах “Буман нарны гэрэл” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад Засгийн газар ажлаа шавдуулах ёстой.
Улс орны дэд бүтцийг хөгжүүлэх дээрх бодит бүтээн байгуулалтын зэрэгцээ стратегийн орд газруудыг ашиглалтад оруулах, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох бодитой алхмуудыг хийж эхлэхэд энэ намрын чуулган онцгой анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Ялангуяа стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулснаар “Эрдэнэсийн сан” байгуулж, иргэн бүртээ “Эх орны хишиг” хүртээх бодит боломжийг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ нь ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгоход маш чухал түлхэц болно. Одоо бидэнд ярьж, маргаж суух цаг биш, бодлого шийдвэрээ гаргаж, бодитой ажил хэрэгт ханцуй шамлан орох цаг болжээ.
Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг аль нэг нам, улс төрийн хүчин өөртөө үүрэх буюу өмчлөх, эсвэл энэ нь Засгийн эрх барьж буй тэр л намын ажил гэж зай барьж, зөнд нь орхихын аль аль нь явуургүй, бас хариуцлагагүй үйлдэл мөн бөгөөд улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс бүх л нам, хүчин санаа тавьж, ухаанаа уралдуулан нэгдсэн шийдэл гаргаж, нэгэн санаа, нэгдмэл хүчээр үйл хэргийг бүтээх нь чухал байна.
Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь юуны түрүүн ажлын байрыг бий болгох, хүн ардынхаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах гол арга зам мөн билээ. Мэдээжийн хэрэг энэ жилийн ажлыг дүгнэхдээ Засгийн газар төлөвлөсөн тооны дагуу ажлын байрыг бий болгосноо тайлагнана. Гэхдээ ингээд өнгөрөх нь чамлалттай. Харин өнөөдөр ажлын байр бий болгоход саад бэрхшээл учруулж буй асуудлуудыг нэгбүрчлэн судалж, дэс дараатай шийдвэрлэх нь иргэдээ ажилтай болгох нөхцлийг нэг жилээр хязгаарлаж биш, харин олон жилээр тэлж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Ийм учраас миний бие энэ ажлыг судалж, ажил олгогч, ажил хайгч нарыг оролцуулсан уулзалт, хурал зохион байгуулж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн боловсруулсан саналыг УИХ, Засгийн газар анхааралтай судалж, тодорхой шийдвэрүүдийг гаргана гэж итгэж байна.
Бүтээлч, хөдөлмөрч ард түмнээ бүтээн байгуулалт, их хөдөлмөрт уриалан хөтөлж, ажилтай болгож, бодлого шийдвэр, хууль эрх зүй, хөрөнгө санхүүгээр дэмжих нь “номт төр”-ийн нэгэн чухал үүрэг юм. “Номт төр” бол бүтээн байгуулагч төр мөн.
Зургаа. Төрийн нэн чухал үүрэг бол улс, үндэснийхээ аюулгүй байдлыг хангах явдал билээ. Үндэсний аюулгүй байдал олон талтай ч хүн амын анхдагч хэрэгцээ болсон хүнсний аюулгүй байдлын асуудал нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Төр, засаг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хүнсний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цэгцтэй зөв бодлого, оновчтой арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байгааг мэдэрч ажиллах хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг, мөн импортолдог аж ахуйн нэгж, байгууллагын тоо олшрохын хэрээр хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдсэн хэдий ч хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага тэр бүр хангагдахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэдээгээр оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хүнснээс гаралтай нянгийн хордлогын 329 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 247 тохиолдлоор илүү байна.
УМХГ-ын хяналт шалгалтаар худалдаанд байгаа импортын хүнсний бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь сорилт шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй, чанарын баталгаагүй, нэгдсэн лабораторийн шинжилгээгээр жимс, жимсний 55 хувь, хүнсний ногооны 39 хувь, импортын хүнсний 15 хувь нь хүнд металл, хор, нян судлалын үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь илэрчээ. Энэ нь манай улсад хүнсний аюулгүй байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн түвшинд байгааг нотолж байна.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний хангамж, хүрэлцээ, чанар, эрүүл ахуйн шаардлага, шим тэжээлт чанарыг илэрхийлсэн өргөн ойлголт учраас энэ асуудлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар нь авч үзэж, 2008 оныг хүнсний аюулгүй байдлыг хангах ажилд эргэлт гаргах жил болгон зарлаж, энэ ажилд холбогдох яамд, агентлаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн хөрөнгө хүч, үйл ажиллагааг чиглүүлж ажиллахыг Засгийн газарт санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд химийн хорт бодисын хэрэглээ хяналтаас гарч хүрээлэн буй орчин ихээр бохирдож буйгаас малын мах, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, ургамал жимсээр дамжин дам болон шууд хэлбэрээр хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулах боллоо. Илэрхий, тодорхой байгаа энэ аюулыг таслан зогсоох талаар мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагууд хамтран үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл зохино.
Хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд аюул нь эс мэдэгдэх угсаатны удмын сангийн болон соёл иргэншлийн, эдийн засгийн болон технологийн аюулгүй байдлын баталгаа ч анхаарал татаж, сэтгэл түгшихгүй байхын аргагүй байна. Иймд Улсын Их Хурал үндэсний аюулгүй байдлын төлөв байдлыг анхааралдаа авч, үзэл баримтлалыг дахин хэлэлцэж тодотгох шаардлагатай байгааг ҮАБЗ-ийн Тэргүүний хувьд санал болгож байна. Энэ асуудлыг боловсруулах ажлын хэсгийг Стратегийн судлалын хүрээлэнг тулгуурлан байгуулж, ажиллуулж байгааг энэ дашрамд мэдээлэе.
Улс үндэсний аюулгүй байдлын гол баталгаа нь эх оронч үзэл, ухамсартай иргэд хэмээн үзвэл иргэн бүрийн сонор сэрэмж, ухамсартай ухаалаг үйлдэл, хуулийг хүндэтгэх байдал ч бидний аюулгүй байдлын үндэс болохыг олон түмэндээ хандан онцлон анхааруулъя.
Долоо. Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхийг эрмэлзэх нь “номт төр”-ийн тэргүүнд тавих асуудлын нэг мөн. Энэ сэдвээр өргөн хүрээнд ярьж, холбогдох арга хэмжээ авсаар байгаа боловч харьцангуй бага анхаарагдаж байгаа хохирогчийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд иргэд нэгэн зэрэг олноороо гэмт хэргийн хохирогч болсон зарим баримтын талаар би өмнөх чуулганууд дээр ярьж, мөн тодорхой санал дэвшүүлж байсан. Энэ талаар УИХ, Засгийн газар зарим арга хэмжээ авсан боловч одоо хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй олон асуудлууд байсаар байна. Иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндээрээ хохирчихоод эцэст нь хохирсон эрхээ сэргээлгэж чадалгүй давхар хохирох явдал байж таарахгүй. Судалгаанаас үзэхэд гэмт хэргийн улмаас иргэнд учирсан хохирлын нөхөн төлүүлэлтийн хувь хэмжээ тун ч хангалтгүй байна. Өөрөөр хэлвэл хэдийгээр шүүх хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэхээр шийдвэртээ тусгадаг боловч нөхөн төлүүлэлт бодит байдал дээр хэрэгжихгүй удааширч, ихэнх тохиолдолд хохирогчийн эрх сэргээгдэхгүй үлдэх явдал байсаар байна. Монгол Улсын төр иргэдээ аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгуулагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг боловсронгуй болгох, шүүхийн шатанд хохирогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн актуудыг хэрэглэх явдлыг түгээмэлжүүлэх, хохирогч судлалыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх, хохирогчийн эрхийг сэргээхэд сэтгэл зүйн дэм туслалцаа үзүүлдэг бүтцийг буй болгох, түүнийг төрийн бодлогоор дэмжих, хохирогчдод үзүүлж буй эрх зүйн үйлчилгээ, туслалцааны чанарыг дээшлүүлэхэд анхаарах зэрэг иргэдээ хохироохоос урьдчилан сэргийлэх, нэгэнт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх зүй зохистой тогтолцоо, үр нөлөөтэй зохион байгуулалт, үйл ажиллагааны цогцыг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна. Миний бие энэ асуудалд анхаарал хандуулж, удахгүй Хүний эрхийн үндэсний хороотой хамтран хохирогчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар чуулган зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс гаргасан шийдвэр, зөвлөмжийг УИХ, Засгийн газар, төр, засгийн шат шатны байгууллагууд судалж, бодитой ажил хэрэг болгоно хэмээн найдаж байна.
Найм. Манай улс дэлхий дахинд болон бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд өөрийн боломж, чадлын хэрээр хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Энэ бол “номт төр”-ийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын гол цөм билээ. Төр, засгаас гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, олон тулгуурт, нээлттэй, прагматик гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсний үр дүнд манай улсын гадаад харилцааны цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэр хүнд өсч, байр суурь бэхжиж байна. Үүний нэг жишээ бол Ази, Европын 43 орныг эгнээндээ багтаасан АСЕМ-д Монгол Улс элсэн орсон явдал бөгөөд энэ нь манай улс Ази, Номхон далайн бүс нутгийн интеграци, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, гадаад бодлогын зорилтоо хэрэгжүүлэхэд илүү өргөн бололцоог олгож байна.
Цаашид ч бүс нутгийн болон дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, агуулга, ач холбогдол өндөртэй олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, соёрхон батлах ажлыг чухалчилах нь Монгол орны нэр хүндийг өсгөх, итгэлцэлийг бий болгох, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхижүүлэхэд зохих үр дүнгээ өгөх болно. Үүнд Монгол Улсын бүс нутгийн хүрээн дэх геополитикийн харьцангуй давуу тал ч түлхэц болох нь дамжиггүй.
Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлаархи 6 талт хэлэлцээний ажлын хэсгийн зарим хуралдааныг өөрийн оронд зохион байгуулах талаар дэвшүүлсэн манай саналын дагуу Япон, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох хэсгийн ээлжит хурал саяхан Улаанбаатарт болов. Цаашид ЗХА-д энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй оролцох нь гадаад бодлогын чухал зорилт хэвээр байх болно.
Улам бүр хүрээгээ тэлж буй даяаршлын үйл явц нь дэлхийн улс орнууд хамтдаа хөгжих үзэл санааг батжуулж, хөгжиж байгаа хийгээд сул хөгжилтэй орнууд хөгжингүй орнуудынхаа тус дэмээр хөгжлийн түвшингээ эрчимтэй ахиулах таатай боломжийг нээсээр буй. Монгол Улсын тухайд ч энэ боломж улам өргөжиж байна. Тухайлбал, саяхан Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улстай байгуулах Ерөнхий гэрээг дэмжин баталсан явдал нь манай улсын гадаад харилцаанд энэ жил тохиосон томоохон үйл явдлын нэг боллоо. 2003 оноос хойш хоёр улсын хооронд янз бүрийн түвшинд яригдаж, боловсрогдож ирсэн энэхүү тусламжийн асуудал зарчмын хувьд шийдэгдэж, удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын үеэр гэрээнд гарын үсэг зурснаар хэрэгжих болж байгаад монголчууд бүгд нэн баяртай байна.
Мөн Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих журмыг олон жилийн дараа сэргээх талаар оросын талтай ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрч байна. Миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа энэ асуудлыг хөндөж тавьсан бөгөөд асуудлыг хоёр тал нааштайгаар шийдвэрлэх боломж байна гэж тохиролцсон билээ.
Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд гарч буй ахиц дэвшил бүхэн улс орны маань хөгжил дэвшилд шинэ боломж бололцоонуудыг нээсээр байна. Гагцхүү тэрхүү боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах нь чухал юм.
Монгол Улсын төр, засгийн байгууллага, албан тушаалтнууд, энгийн ард иргэдийн аль нь ч гадаадын түншүүд, иргэдтэй харилцахдаа хуулийг чанд сахих, хууль зөрчигдөж байгаа бол зөрчлийг арилгахыг хичээх нь зөв. Гэхдээ гадаадын иргэдийн эрх чөлөө, өмч хөрөнгөнд нь хууль бусаар халдах, түншүүдтэй байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхгүй зөрчих нь нэг, хоёр хүн, эсхүл байгууллагын нэр хүндэд хортой гэхээсээ илүү нийт монголчууд, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг байнга ухаарч байх хэрэгтэй. “Нэр хугарснаас яс хугарсан нь дээр” гэж ярьдаг шүү дээ. “Номт төр” бол нэр хүндээ боддог төр гэж хэлж болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Улс орны өмнө тулгамдсан, иргэд олны хүлээлт шаардсан алс хэтийн болон цаг үеийн шинжтэй олон асуудал байгаа ч Төрийн тэргүүний хувьд би төрийг засахуй болон төрийн албыг шинэтгэх, төр үндсэн чиг үүргээ сахин биелүүлэхтэй холбогдсон дээрх хэдэн сэдвийг хөндөж тавилаа.
Улс орон сайн төртэй байж гэмээнэ нь эрчтэй хурдтай хөгжинө. Сайн төр байх, эсэх нь төрийн эрх баригчид, хууль тогтоогчид, гүйцэтгэн захирамжлагчид, төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ эрхэлж буй бүх хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаанаас хамаарах нь тодорхой. Өнөөдөр иргэд, сонгогчдын маань төр, засагтаа итгэх итгэл төдийлөн “сайн биш” байна гэдгийг та бид ухаарах хэрэгтэй. Сайн засаглал бүхий “номт төр”-ийг засан тохинуулахыг иргэд ч, үндэсний эрх ашиг ч шаардаж байна. Төр, засгийн нэр хүндийг хариуцлагагүй байдал, алдаа дутагдлаа хаацайлах явдал биш, харин үр дүнтэй ажил, шударга, зарчимч байр суурь дээшлүүлэх нь дамжиггүй.
Улсын Их Хурлын энэ чуулган цаг хугацаа зайлшгүй зарцуулах улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах зэрэг ихээхэн ачаалалтай байх нь дамжиггүй ч улс орны хөгжлийн цогц бодлого, төрийн албаны шинэтгэл, их бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох, ядуурлыг арилгах, хууль хэрэгжилтийг хангах зэрэг асуудлуудад ихээхэн анхаарал тавьж, нийтлэг эрх ашгийн үүднээс хандаж, нухацтай хэлэлцэж, нэгдмэл шийдвэр гаргаж ажиллахыг хүсч байна.
Олон намын төлөөлөл бүхий энэ удаагийн УИХ-д үндэсний хэмжээний асуудлуудаар зөвшилцөлд хүрч, түүхэн шийдвэр гаргах дүүрэн боломж буйг та бүхэн гүн гүнзгий ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Эдгээр асуудлыг та бүгд шийдэхгүй бол хэн шийдэх вэ, цаг хугацаа алдалгүй одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ гэдгийг анхааруулан сануулъя.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.