НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН
ХҮНИЙ ЭРХ, ЗАСАГЛАЛЫН
ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨР
ТӨРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ
САЙЖРУУЛАХ ТЭТГЭЛЭГ
Хүний эрх, засаглалын тэтгэлгийн хөтөлбөр (ХЭЗТХ) нь Төв болон Зүүн Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улс, мөн Монгол дахь төрийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр үндэсний болон олон улсын байгууллагуудад санхүүжилт олгодог юм. Төрийн үйл ажиллагаа, түүний дотор төрийн үйлчилгээ явуулахад үндэсний болон орон нутгийн түвшинд олон нийтийн зүгээс оролцох, хяналт тавих хүчин чармайлтыг хөтөлбөр дэмждэг.
Хөтөлбөрөөс төрийн байгууллагуудад хяналт тавих, төрийн эрх баригчдын авилгалын шинжтэй үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж буй үндэсний болоод олон улсын ТББ-уудад санхүүжилт олгодог. Шүүхэд хандан стратегийн өмгөөлөл хийх нь зохимжтой арга хэрэгсэл байх тохиолдолд, засгийн эрх баригчдын олон нийтэд тайлагнах хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гаргуулах зорилготой төслүүдэд тус хөтөлбөр илүү ач холбогдол өгнө.
Мэдээллийг нээлттэй байлгах: Төрийн хариуцлагатай байдлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудад байгаа мэдээлэл олон нийтэд нээлттэй байх ёстой. Мэдээллийн эрх чөлөө (МЭЧ)-ний тухай хуулиуд хэдийгээр анхны чухал алхам гэдэг нь мэдээж боловч зөвхөн хууль гаргаснаар мэдээллийг хангалттай нээлттэй болгохгүй. Харин ийм хуулиуд нь олон улсын стандартад нийцсэн байх, хуулийг хэрэгжүүлэх явдлыг хангах шаардлагатай байдаг. Иймээс энэхүү хөтөлбөр мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн чанарыг үнэлж дүгнэх, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг авч үзнэ. МЭЧ-ний тухай хуулийг практик дээр шалгах, түүний хэрэгжилтэд хяналт тавихад чиглэсэн төслүүдээс гадна хуулийг явцуу тайлбарлах, хуулийг үл биелүүлэх явдлыг залруулах зорилготой стратегийн өмгөөллийн төслүүдийг бид мөн хүлээж авна. Үүнтэй холбогдуулан, мэдээллийг нээлттэй байлгах явдал болон төрийн нууц, мэдээллийн нууцлалын заалтуудын хоорондын огтлолцоог тодорхойлох зорилготой төслүүдийг тус хөтөлбөр сонирхох болно.
Төсвийн ил тод байдал, улсын хөрөнгө нөөцийг урвуулан ашиглах: Төрийн бодлого, хөтөлбөрийн талаарх олон нийтийн аливаа хэлэлцүүлгийн нэг чухал элемент нь улсын хөрөнгийг хэрхэн хуваарилж, зарцуулж байгааг ойлгох явдал юм. ХЭЗТХ-өөс үндэсний болон орон нутгийн засаг захиргааны түвшний төсөв, зарлагын байдалд хяналт тавихад чиглэсэн ТББ-уудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Улсын төсөв, зарлагын тайланг олон нийтэд нээлттэй болгох, төрийн эрх баригчид, улс төрийн намуудын зүгээс улсын хөрөнгө нөөцийг буруу зориулалтаар ашигласныг илрүүлэх асуудалд анхаарсан төслүүдийг илүү дэмжинэ. Энэ чиглэлээр тавих хүчин чармайлт нь улсын хөрөнгө нөөцийн ашиглалт, төсвийн шийдвэрийн талаар олон нийтийн хэлэлцүүлэгт зориулсан мэдээлэл өгөх, дотоодын хууль тогтоомжид олон улсын стандартад нийцсэн нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажил зохиоход чиглэсэн байх ёстой.
Төрийн шийдвэр гаргах үйл явц дахь ил тод байдал: Хариуцлагатай шийдвэр гаргахад ил тод, урьдчилан мэдэгдэхүйц үйл явц шаардлагатай байдаг. Энэ нь хөндлөнгөөс оролцох, хэлэлцүүлэг явуулах боломжийг олон нийтэд олгодог. Ил тод байх соёлыг хөхиүлэн дэмжихийн тулд, төрийн байгууллагын хуралдаан, тэндээс шийдвэр гаргаж байгаа байдлыг олон нийтэд нээлттэй болгох, ялангуяа “шүгэл үлээгч”-ийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарал тавьсан төслүүдийг тус хөтөлбөрөөс дэмжинэ. Мөн нэр хүндэд халдсан зэрэг хэргийг эрүүгийн хэрэг болгосон хуулийн заалтуудыг хүчингүй болгох, нэр төрөө сэргээлгэх иргэний шүүхийн ажиллагааг олон нийтийн зүй ёсны хяналт шалгалтаас зайлсхийхэд ашиглахыг хязгаарлахад чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих болно.
Шүүх засаглалын хариуцлага: Хараат бус шүүх засаглал бол хариуцлагатай засаглалыг хангахад онцгой чухал. Харамсалтай нь олон оронд шүүх засаглал хараат бус биш, хариуцлагаа биелүүлэх үр дүнтэй механизмгүй байсаар байна. Энэ нь эрх зүйт төр болон төрийн бусад засаглалыг хариуцлагатай байлгах явдлыг сулруулж байгаа юм. Хараат бус байдлыг нь хамгаалахын хажуугаар шүүх засаглалын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн шинэ санаа бүхий саналуудыг тус хөтөлбөр сонирхож байна. Сахилгын механизмыг хараат бус, үр дүнтэй байлгахтай холбогдуулан, шүүхийн ёс зүйг сайжруулахыг зорьж буй төслүүдийг мөн хүлээж авна. Шүүх засаглалын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилгоор шүүх ажиллагааны практикт мониторинг хийх төслүүд, шүүгчдийн томилгоо, менежменттэй холбоотой процедурыг шинэчлэхэд чиглэсэн төслүүдийг бас авч үзнэ. Энэ чиглэлийн дэмжлэгийг үндэсний санаачилгуудад илүү чиглүүлнэ.
Тэтгэлэг хэрхэн хүсэх
Төслөө хэрхэн явуулахтухай мэдээллийг Хүний эрх, засаглалын тэтгэлгийн хөтөлбөрийн удирдамжаас харна уу.
Тэтгэлэг хүсэх үйл явц
Төслийн баримт бичгээ явуулахаасаа өмнө, санал болгож буй төсөл нь Хүний эрх, засаглалын тэтгэлгийн хөтөлбөрийн чиглэл, зааварт нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор 2-3 хуудсанд багтаасан төслийн товч танилцуулгаа ирүүлэх ёстой. Уг товч танилцуулгад:
- Төслийн товч танилцуулга, төлөвлөж буй ажлууд, аргачлал, зорилго
- Хүсэлт гаргаж буй байгууллагын тухай мэдээлэл
- Нийт төсвийн тооцоо, төслийг хэрэгжүүлэх график зэргийг тусгасан байх.
Тус хөтөлбөрөөс товч танилцуулгыг судалж хянасны дараа төслийн бүрэн баримт бичгээ ирүүлэхийг тэтгэлэг хүсэгчид мэдэгдэж болно. Төслийн баримт бичгийг электрон шуудангаар хүлээж авна. Төсөл нь 10-15 хуудаснаас хэтэрч болохгүй. Үүнд төсөв болон хавсралт материал хамаарахгүй. Холбогдох бусад мэдээллийг хавсралтаар өгч болно. Төслийн тусгай маягт байхгүй боловч тавьж буй саналууд дараахь мэдээллийг тусгасан байх шаардлагатай. Үүнд:
- Төслийн тойм танилцуулга: төсөл болон зорьж буй үр дүнгийн талаар дээд тал нь 1-2 хуудас тойм.
- Хүсэлт гаргагч байгууллагын тухай мэдээлэл: товч түүх, хүрсэн гол амжилтууд, хэрэгжүүлж ирсэн төслүүд. Энэ хэсэгт байгууллагын эрхэм зорилго, стратегийн талаар танилцуулбал зохино.
- Төслийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлын тухай мэдээлэл: холбогдох суурь орчны тухай мэдээлэл, тухайлбал байгууллагын ажлаа явуулах салбар дахь нөхцөл байдал, асуудлууд, хүндрэл бэрхшээл, боломж, гэх мэт.
- Төслийн зорилго,үндэслэл: өргөн хүрээний зорилгоо төдийгүй тусгайлсан шалгуур үзүүлэлтүүдийг тайлбарлсан байвал зохино.
- Үйл ажиллагааны тодорхойлолт: төлөвлөсөн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, хэн, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээлэл.
- Байгууллагын чадавхи: төсөл дээр ажиллах бүх хүмүүсийн нэрс, тэдний гүйцэтгэх үүрэг.
- Хамтран ажиллах түншүүд: хүсэлт гаргагч байгууллагын хамтран ажиллах бүх байгууллагын жагсаалт.
- Хүлээж буй үр дүн / тогтвортой байдал: Таны хэрэгжүүлэх гэж байгаа төслөөс хүлээгдэж буй үр дүнг тодорхойлно уу. Танай байгууллагаас өөрийн ололт амжилтыг хэмжихэд шаардлагатай тоон болон чанарын үзүүлэлтүүдийг оролцуулна уу. Тогтвортой байдлын хувьд төсөл ямар үр нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа, тэр үр нөлөө нь тогтвортой байх уу гэдэг талаар оруулна уу.
- Одоогийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх гэж буй төслийн жагсаалт: бүх төслийн нэрсийн жагсаалт, тэдний үргэлжлэх хугацаа, тэтгэлгийн хэмжээ, хандивлагч байгууллагууд.
Төсөв
Хүсэлт гаргагч нь төслийн хамт төсөв болон төсвийн үндэслэлийг гаргаж өгнө. Хавсралтад заасан дөрвөн тусдаа бүлэг бүхий Эксель программын хүснэгтээр төсвөө гаргахыг зөвлөж байна. Төсөв хийх зааварчилгаа бүхий хавсралт нь төсвийн хүснэгтийг бөглөхөд тусална. Proposal budget form [MS XLS]
Төсөвт дараахь мэдээлэл орсон байхад анхаарна уу. Үүнд:
- Төслийн үргэлжлэх хугацаа
- Хүсэлт гаргагч байгууллагын хуулийн этгээдийн нэр англиар
- Холбоо барих бүрэн мэдээлэл (хаяг, утас, факс, и-мэйл, вэбсайт)
- Банкны мэдээлэл (нэр, бүрэн хаяг, данс эзэмшигч, СВИФТ код, харилцагч банкны мэдээлэл, бусад)
- Байгууллагын нэрийн өмнөөс баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий хүний нэр, албан тушаал
Тэтгэлэг олгох шийдвэр гаргах үйл явц
Хүний эрх, засаглалын тэтгэлгийн хөтөлбөр нь төслийг жилийн турш тогтмол хүлээн авах бөгөөд тусгайлсан цаг хугацааны хязгаар байхгүй. Гэхдээ хүсэлт гаргагч төслөө явуулахад хамгийн тохиромжтой цаг хугацааны талаар хөтөлбөрт хандаж лавлах хэрэгтэй.
Тус хөтөлбөр нь санхүүжилтын дээд хязгаарыг тогтоодоггүй боловч хүсэлт гаргагч байгууллага нь бусад хандивлагчаас санхүүжилт авах (авсан)-аа мэдэгдэх ёстой. Нэг жилийн болон олон жилийн хугацаатай төслийн хүлээн авна.
Бүрэн төслийн баримт бичиг хүлээн авсны дараа судлан хянаж, шийдвэр гаргахад гурван сар орчим хугацаа шаардагддаг. Тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хууль, хүний эрхийн асуудал хариуцсан дэд удирдах зөвлөл гаргана.
Тэтгэлгийн мониторингийн үйл ажиллагаа
Тэтгэлгийн мониторингийн үйл ажиллагаа нь тэтгэлгийн хугацааны туршид явагддаг. Үүнд тэтгэлэг авагч төслийн явцын тухай тайлагнах, хөтөлбөрийн хариуцсан ажилтан үйл ажиллагааг нь газар дээр нь шалгах зорилгоор төсөл дээр очих зэрэг ажил орно. Тодорхой тохиолдолд тэтгэлэг авагч байгууллага дээр хөндлөнгийн үнэлгээ буюу аудит хийлгэх хүсэлтийг хөтөлбөрөөс гаргаж болно.
Төслөө илгээх болон лавлагаа авах хаяг
Human Rights and Governance Grants Program
Open Society Institute
Oktober 6. ut. 12
H-1051 Budapest
Hungary
Вэбсайт: http://www.soros.org/initiatives/hrggp/