Уул уурхайн компаниуд орлогоо нууж байгааг Татварын ерөнхий газрын дарга үгүйсгэхгүй байна (2005.12.05)

A- A A+
Уул уурхайн компаниуд орлогоо нууж байгааг Татварын ерөнхий газрын дарга  үгүйсгэхгүй байна (2005.12.05)

Уул уурхайн компаниуд орлогоо нууж байгааг Татварын ерөнхий газрын дарга  үгүйсгэхгүй байна (2005.12.05)

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Олборлох салбарын ил тод байдлын санаачилга” сэдэвт олон улсын бага хурлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулсан байна. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Саха Меяанатанй хэлснээр Английн Ерөнхий сайд Тони Блейр одоогоос гурван жилийн өмнө санаачилсан “Олборлох салбарын ил тод байдлын санаачилга”-д байгалийн баялгийн чамгүй нөөцтэйд тооцогддог 20 гаруй орон нэгдэж, ил тод байдлыг хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн намар олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг санаачилгад      нэгдсэнээр ашигт малтмалын салбарт нүүрлээд буй хямралыг зохицуулах боломжтой хэмээн үзэж байна. 

Энэ санаачилгад нэгдснээр байгалийн баялаг олборлож байгаа аж ахуйн нэгжүүд олсон орлого, төлсөн татвараа олон нийтэд ил тодоор мэдээлэх, нөгөөтэйгүүр Засгийн газар аж ахуйн нэгжүүдээс татвар болон бусад хэлбэрээр авсан мөнгөнийхөө хэмжээг нээлттэй мэдээлдэг болох юм. Хурлын хэлэлцүүлгээс үзэхэд ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ил тод байдлыг хангах, ялангуяа орлогоо нийтэд нээлттэй болгох асуудлыг хуулиар зохицуулах, тэднийг гадаад, дотоод, улсын, хувийн гэж ялгахгүйгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих төрийн бүтэц байх шаардлагатай ажээ. Ил тод байдал хүмүүсийн төрд итгэх итгэлийг сайжруулж, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах учиртай гэдгийг уулзалтад оролцогсод тэмдэглэжээ.

Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг энэ бага хурал дээр мэдэгдэхдээ, манай улсын ашигт малтмалын салбарт 200 гаруй томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2004 оны гүйцтэгэлээр дээрх компаниуд улсын болон орон нутгийн төсөвт 120 гаруй тэрбум төгрөг оруулжээ. Энэ нь нийт төсвийн 15 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дангаараа 81.1 тэрбум төгрөгийг төсөвт оруулжээ. Харин бусад аж ахуйн нэгж 36-хан тэрбум төгрөг оруулсан байгаа нь  ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлсөн татвар чамлалттай байгааг харуулж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр компаниуд татвараа нууж байгааг ч үгүйсгэхгүй гэж хэлсэн байна.