Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид чуулж байна (2005.09.15)
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Статистикийн мэдээллээс үзвэл 2004 онд тус салбар 773 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65.8 хувийг эзэлжээ. Уул уурхайн салбарын энэ амжилтад гадаадын хөрөнгө оруулагчид томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэд жил бүр хуран цуглаж, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэдэг уламжлалтай болоод байгаа юм. “Discover Mongolia” хэмээн нэрлэдэг энэ чуулга уулзалтын 2005 оны ээлжит хуралдаан өчигдөр үйл ажиллагаагаа эхэллээ. Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад гадаад, дотоодын 180 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, дэлхий дахины уул уурхайн салбарын чиг хандлага, ашигт малтмалын хайгуул, олборлолт, борлуулалтын талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, техник технологийн талаар ярилцаж байна. Чуулга уулзалтад Монголын Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлсний зэрэгцээ Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тэрчлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин, ҮТЕГ-ын дарга Л.Зориг болон Татварын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийнхэн, УИХ болон Засгийн газрын гишүүд хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцаж байна.
Эдүгээ Монголд гадаадын 117 аж ахуйн нэгж 36 сая гектар талбайд хайгуулын, 80 мянган гектар талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 2005 оны наймдугаар сард Төмөртийн цайрын молибден, Эрдэнэтийн зэсийн молибден боловсруулах болон "Эрдмин" компанийн катодын зэсээр цувимал утас үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүд ашиглалтад оруулжээ.