Хар алт шүтсэн Бакугийн тэмдэглэл
Сэтгүүлч Цогсүрэнгийн ГАНБОЛД
Улирагч дөрөвдүгээр сарын эхээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Азербайжанд томилолтоор явах болсноо дуулаад уулын энэ орны тухай юу мэдэх билээ хэмээн эргэцүүлэв. Хамгийн түрүүнд хүүхэд байхдаа олонтаа давтан үзсэн “Бакугийн 26 комиссар” хэмээх кино санаанд бууж байна. Энэ кинонд Зөвлөлт засаг, улаан хувьсгалчдын талд тэмцэгч 26 зоригт азар эрийг хувьсгалын эсэргүүчүүд зэрлэгээр тамлан хороож байгааг дүрслэн үзүүлдэгсэн. Бага байхад бусад монголчуулын адилаар эрэлхэг комиссаруудын талд баттай зогсдог байлаа. Хожим ЗХУ-д оюутан болоод цөөнгүй азар андтай болж амжсан, тэд голдуу нээлттэй, хошин, хөдөлгөөнтэй сэргэлэн эрс байдагсан.
Оюутан цагийн тэр өдрүүдээс 20 гаруй жилийн дараа Бакугийн олон улсын нисэх онгоцны буудалд буухад нов ногоон зүлэг, 20 хэмийн дулаан агаар угтсан нь дэлхийн тагтанд орших хүйтэн нийслэлээс ирсэн бидэнд олзуурхам сонин байлаа. Нисэх буудлаас хөдөлмөгц манайхны долоон буудал орчмын айлуудын навтгар байшинтай төстэй нэгэн хэвийн бүүдгэр саарал байшингууд бүчин авч байна. Эд чинь асар их нефтьтэй атал бидэнтэйгээ таарсан ард түмэн үү гэсэн хөгийн бодол зурсхийгээд төдөлгүй замхарч байна. Азербайжаны нийслэл-Бакугийн төв рүү ойртох тусам хар алтны ид шид нүдний өмнө тодрон үзэгдэж эхэллээ. Өндөр өндөр байшингууд хэдэн зуугаараа баригдаж байгаа өрнүүн бүтээн байгуулалтын дүр зураг энэ орны тухай эхний тоомжиргүй төсөөллийг эгнэгт таягдан хаясан билээ.
Каспийн тэнгисийн үзэсгэлэнт хөвөөг хаяалан аж төрөх Бакугийн иргэд төдийгүй бүхэлдээ Азербайжаны ард түмний амьдрал, хувь заяаг хар алт буюу нефтьгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэнгисийн эрэгт хэдэн арваараа эгнэх нефтийн цамхаг франц, британи, америк, япон, канад, турк, хятад, азербайжаны том компаниуд энд бэл бэнчингээрээ, мөнгөөрөө, туршлагаараа цаг наргүй өрсөлдөж байдгийн гэрч болон цойлон харагдах юм билээ. Бакугийн эхний таксинд гар өргөн суумагц л жолооч нь нефтийн тухай ярилаа. Социализмын үед манайхныг оросууд шулж байсан, одоо англи, америкийн баячууд мөлжиж байна. Хаа байна тэр нефть, дарга нарын, гадны баячуудын халаасыг түнтийлгэж байна, харин зон олон, мань мэтэд даанч наалдсан юм алга. Миний машиныг хар. Зөвлөлтийн үеэс 30 жил ээлжгүй унасан ямбий Волга л байгаа биз дээ. Тэгвэл тэр нефтийнхнийг хар, жирийн азар хүн мөрөөдөмгүй тасархай машин хөлөглөж байгаа биз дээ хэмээн ундууцаж байна.
Хаа газрын хүмүүсийн адил энд ч бас амьдралдаа сэтгэл хангалуун хэсэг байна, сэтгэл дундуур хүмүүс ч дутуугүй тааралдсан. Албан ёсны статистикаар ядуурал хүн амын 30 орчим хувийг эзэлдэг бололтой. Хүмүүсийн орлого харилцан адилгүй юм. Нефтийн компаний ажилчин сард 1000 гаруй ам. долларын цалинтай бол сайн сэтгүүлч үсрээд 300 доллар авдаг гэнэ. Алтан дундаж сэтгүүлчийнх бол 100 хүрэхгүй. Яг л манайхан шиг орлогын илт ялгаа харагдаж байгаа биз. Манайхаас ялгаатай нь хэдэн арваараа гудамжинд жагсаж төр засгаа эсэргүүцээд байгаа юм алга. Харин ч төрөө, түүний бэлгэдэл болгон Азербайжаны саяхны Ерөнхийлөгч, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн асан Гейдар Алиев агсныг бишрэн шүтдэг бололтой. Бакугийн гудамжинд нэг бус газар томоос том хөргийг нь залсан харагдана лээ.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеийн аятай дурсамжаа сэтгэлдээ тээсээр явдаг олон хүнтэй Бакуд уулзан хуучилсан. Тэдний дийлэнх оросоор гаргууд сайн ярьдаг хэвээрээ. Өнгөрснөө санагалзах сэтгэлгээ одоо хэр амь бөхтэй байгаа ч олонхи азар иргэд шинэ, капиталист Азербайжантай аль хэдийн эвлэрсэн байна лээ. Магадгүй шинэ үеийн залуус нь домогт 26 комиссараа ч ор тас мартсан байхаа.
Эндхийн таксинд километр хэмжигч спидометр алга. Таксиний цонхны нэгээхэн буланд “Үнэ тохиролцоно” гээд оросоор биччихсэн байна. Бидний буусан Бакугийн таван одтой “Европа” буудлаас хотын төв хүртэл 2 доллар орчмын хөлс төлөхөөр ойрхон аж. Эхлээд баримжаагүй байх үедээ бид 10$-аар тохиролцдог байсан, сүүлдээ 2 оос дээш хэлбэл шууд л толгой сэгсэрдэг болсон доо. Энэ жижиг жишээнээс азар хүн угаас шаггүй наймаачин байх гэж боддог байсан оюутны төсөөлөл батжина. Бакуд Туркийн болон өрнөдийн хөгжингүй орнуудын нөлөө шууд тусжээ. Барууны нэртэй фирмүүдийн шилмэл бараа өрөөстэй. Баруунаас ялгаатай нь фирмийн барааг сайн яривал үнэ буулгах бололцоотой юм.
Азар хүмүүсийн дийлэнх нь лалын шашин шүтдэг аж. Энэ шашин хүчтэй дэлгэрсэн зарим оронд жаяг ёс нь чанд хатуу, хорио цээр түгээмэл байдаг. Харин эдний лалууд нэлээд чөлөөтэй аж төрдөг бололтой. Бакуд баар, цэнгээний газар олон юм. Согтууруулах ундааг ч чөлөөтэй худалдаалж байна. Гэхдээ уугуул азарууд үнэхээр бага уудаг санагдсан. Алдарт азербайжан коньяк, усан үзмийн шилмэл дарс ус цас шиг элбэг байгаа ч нутгийнхан амтат идээндээ толгойгоо мэдүүлдэггүй дархлаатай болчихсон байна лээ.
Социализмын үед бусдын тэргүүн туршлагаас суралцахыг эрхэм чухалд тооцдог байсан. Яг тийм хэмжүүрээр авч үзвэл монголчуудад уулын азербайжанчуулаас давын өмнө сурах зүйл гэвэл бага, маш бага уудаг заншил нь, тийм атал мансуурч согтотлоо уусан мэт хөгжилтэй хөхүүн явдаг төрөлх араншин нь мөн байхаа.
Өөр бас нэгэн зүйлийн тэргүүн туршлагатай бидний дөрвөн монгол Бакуд танилцсан. Энэ нь дахиад л Каспи орчмын гол амин зуулга- хар алттай салшгүй холбоотой байсан билээ.
“ХАРААЛ ИДСЭН НЕФТЬ”
Ийм хачин хэллэгийг Бакуд нэг бус удаа сонслоо. Дэлхий даяараа хар алтны төлөө дайсагналцаж байхад тэрхүү ховор баялгийг бурхан нутагт нь таалсан Казахстан, Нигер, Азербайжаны иргэний нийгмийн төлөөлөгчид ийм билэггүй үг хэлцгээлээ. Хэргийн учир нь тэдгээр оронд чамлахааргүй нефтийн нөөц илэрч их хэмжээний олборлолт явуулж байгаа ч иргэдийнх нь амьдрал төдийлөн жигд дээшлэхгүй байгаа гэнэ. Харин нефтийн гэрээ хэлэлцээр байгуулах эрх мэдэл бүхий дарга, түшмэд хагартлаа баяжиж, авилга цэцэглэн хөгжиж, гадаадын хөрөнгө оруулагчид цулайж, баялгийн уугуул эзэд- ард түмэн нь энгийн даруу, дутуу гуцуу аж төрсөн хэвээр аж. Тэгэхдээ л нефтийн хаялга гэж байлгүй яахав. Каспийн тэнгисээс нефть олборлогч томоохон орон Казахстанд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2004 онд 2710 ам.доллар хүрсэн бол Азербайжанд 1041 доллар байжээ. Гэвч энэ нь жирийн казах болон азар хүн төдий хэмжээний орлоготой гэсэн үг хараахан биш.
Яг монголчууд өөрсдийгөө алт сандайлсан гуйлгачингууд гэж тодорхойлдог шиг их нефтьтэй орнуудад нефтийн хаялгаар үгүйрч хоосрогсод түм бумаар тоологддог байна. Хар алтны арвин нөөцтэй Нигерт гэхэд 40 жилийн турш нефтийн борлуулалтаас 340 тэрбум долларын орлого олсон атал нэг хүнд ногдох орлого нь 800 доллараас 300 доллар болтлоо буурчээ. Гэтэл 1990-ээд онд энэ орныг удирдаж байсан цэргийн дарангуйлагч, генерал Абача засгийн эрхэнд байсан 5 жилийн дотор хувьдаа 4 тэрбум доллар завшсан байна.
Энэ мэт гунигт жишээ хөгжингүй зарим орон, олон улсын байгууллагыг нэн чухал нэгэн санаачилгын үзэл санаанд нэгдэж хамтран ажиллахад түлхжээ. Ашигт малтмалын баялаг нөөцтэй атлаа сул хөгжилтэй орнуудыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) - д нэгдэхийг Их Британий Ерөнхий сайд Тони Блэйр анх уриалсан юм байна. 2003 онд түүний санаачилгад Азербайжан, Гана, Кыргыз, Нигер улс нэгдсэн бол төдөлгүй Казахстан, Норвег, Перу, Камерун, Конго зэрэг 20 гаруй орон дэмжин нэгдэцгээжээ. Санаачилгад анх нэгдсэн орнуудыг ОҮИТБС –ын туршилтын орнууд хэмээн нэрийддэг аж. Чухамхүү тэдгээрийн туршлагатай Бакуд болсон олон улсын бага хурлын төлөөлөгчид танилцлаа.
ОҮИТБС гэж юу вэ, түүнд нэгдсэн орнууд ямар үүрэг хүлээдэг вэ? Хамгийн товчхон хэлбэл уг санаачилгад нэгдсэн л бол олборлох буюу уул уурхайн компаниуд, үндэсний Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл харилцан тохирсны үндсэн дээр уул уурхайн компаниудаас татвар болон бусад хэлбэрээр улсад төлж байгаа бүх төлбөр, тэдгээрээс Засгийн газар авч байгаа бүх орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод мэдээлж, төлбөр, орлогыг бие даасан, итгэл бүхий аудитын байгууллагаар шалгуулах бөгөөд тэдгээрийн тайлангийн үнэн зөвд иргэний нийгмийнхэн хяналт тавьдаг байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 31, улсын төсвийн орлогын 47, нийт экспортын 62 хувийг нефтийн салбар дангаараа бүрдүүлдэг Азербайжаны хувьд энэ санаачилга сонирхлыг нь татсан нь ойлгомжтой юм. Харин түүнийг хэрэгжүүлэхэд эцэг ба хүү Алиевийн улс төрийн хүсэл зориг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Улсынх нь Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг энэ орны хувьд Алиевууд санаачилгыг дэмжсэн нь нефтийн компаниудыг бултах аргагүй болгожээ. 2004 он гэхэд Азербайжан ОҮИТБС-д албан ёсоор нэгджээ. Уулын энэ оронд нефть олборлодог алдарт Chevron зэрэг 22 том компани, иргэний нийгмийн 60 гаруй байгууллагын эвсэл санаачилгыг дэмжсэнээр өмнө нь хаалттай байсан нефтийн салбарын гол мэдээллүүд олон нийтэд тайлан хэлбэрээр хүрэх боллоо. Нефтийн бүх орлогоо улсын нефтийн санд төвлөрүүлдэг, түүний зарцуулалтыг Ерөнхийлөгч зэрэг маш цөөн хүн шийддэг энэ орны хувьд эхний тайлангуудаа ил тод хэвлүүлж, өрсөлдөөнт тендерээр олон улсын аудитын “Deloitte Touche” компанийг сонгон Засгийн газрын болон нефтийн компаниудын тайланг шалгуулж, зөрүүтэй мэдээллийг ил тод хэвлэсэн нь нефтийн салбарыг тунгалаг болгоход гараааны чухал алхам болжээ.
Санаачилгыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зүйл ч тохиолддог гэнэ. Азербайжаний хувьд бизнесийн компаний эрх ашгийн үүднээс зарим чухал мэдээллийг хаалттай байлгасаар байгааг Нью-Иоркт төвтэй Нээлттэй нийгэм хүрээлэнгийн төлөөлөгч, америкийн тэрбумтан Жорж Соросын хувийн зөвлөх, хатагтай Карин Лиссакерс ширүүн шүүмжилж байлаа.
Казахстанд төлбөрийн мэдээллээ ил болгохыг нефтийн компаниуд зөвшөөрч уул уурхайн компаниуд татгалзсан байна. Нигерт бүх компани дэмжсэн хэдий ч олон улсын аудитын компаний үйлчилгээний хөлсийг төлөх боломжгүй байгаа бол Кыргызэд мөн адил аудитын 1 сая $-ын төлбөрийг гаргаж чадахгүй байгаа ажээ.
Энэ мэтчилэн бэрхшээл байгаа ч санаачилга хэрэгжих хүрээ өргөжин тэлж байгааг янз бүрийн орны төлөөлөгчид хүлээн зөвшөөрч байлаа.
ОҮИТБС-ыг хөхүүлэн дэмжигч олон улсын байгууллагуудын сүлжээ ч нэгэнт бүрэлдэн бий болсон байна. Дэлхийн банк, ОУВС, Нээлттэй нийгэм хүрээлэн, Publish What You Pay, Global Witness зэрэг олон улсын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайлбал Дэлхийн банк энэ зорилгод 6 сая $ зарцуулаад байгаа бол Лондонд төвтэй Publish What You Pay буюу Төлснөө нийтэл хэмээх нэртэй олон улсын эвсэл 50 орны 300 гаруй төрийн бус байгууллагын хүчийг нэгтгэж амжжээ. Global Witness буюу Даян дэлхийн гэрч хэмээх байгууллага Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын тэнгисийн эргээр дотуур өмднөөс өөр хувцасгүй нүцгэн гүйж байгаа зургийг сэтгүүлд нийтлүүлээд, ноён ерөнхийлөгч та нефтийн мэдээллийг яг ийм ил тод болго гэсэн зүүлт дагуулжээ. Энэ зураг хэвлэлд нийтлэгдсэний дараа зургийг татсан англи сэтгүүлчийг Казахстанд дахин оруулахаас эрх баригчид нь татгалзсан байна.
Бакугийн олон улсын бага хурлын үеэр Конго Браззавилд олборлох салбарын ил тод байдлын төлөө тэмцэгч төрийн бус байгууллагын 2 идэвхтэнийг баривчилсан мэдээ ирсэн бөгөөд олон улсын шахалтаар төдөлгүй сулласан билээ.
Нефть болоод алт, зэс, уран мэт баялаг нь олборлогчдод асар их ашиг орлого авчирдаг учир түүнээс Засгийн газар, улсад төлсөнөө ил тод болгохыг хүсдэггүй байна. Гэвч ОҮИТБС хэрэгжсэнээр уул уурхайн хөрөнгө оруулагчид, эзэд олон нийтийн шахалт, хараа хяналтад нэгэнт оржээ.
ЭЛБЭГДОРЖООС ЭНХБОЛДОД ШИЛЖСЭН ӨВ
Нийгмийн баялаг, уул уурхайн салбарын орлогыг шударгаар, иргэн бүрт хүртээмжтэй хуваарилах тухай сэдэв өнөөгийн Монголын хамгийн моодны яриа хөөрөө болоод байна. Үүнийг мэдэх мэдэхгүй нь хамаагүй хүн бүр шахам сонирхох болж хөөрүү заримынх нь бүр амны уншлага болсоор удаж байна. Харамсалтай нь энэ идэвхжил, хөдөлгөөн дунд мэргэжлийн нухацтай яриа хөөрөө, хандлага, байр суурь илт үгүйлэгдсээр байгаа юм.
Нээлттэй нийгэм форум төрийн бус байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа, судалгааны үр дүнд голлон тулгуурлан Ц.Элбэгдоржийн Засгийн газар Монгол Улс ОҮИТБС –д нэгдэн орж байгааг зарлан мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ санаачилгыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл, ажлын хэсэг ч байгуулагдсан.
Ашигт малтмалын үлэмж баялагтай атлаа ядруу зутруухан, өлөн зэлмүүн аж төрдөг Монголын ард түмэнд ОҮИТБС ус агаар шиг хэрэгтэй. Монголчууд бид энэ чухал санаачилгыг амжилттай хэрэгжүүлж чадвал Бороо гоулд улсын төсөвт юм төлсөн эсэх, Айвенхоу Майнз хэдэн тэрбумын ашиг олсон, Таван толгойн нүүрс Хятад руу тонн нь хэдэн доллараар арилжаалагддаг болохыг мэддэг болно. Өнөөхөндөө монголын олон нийт Оюутолгой, Тавантолгой зэрэг цөөн зарим ордыг хараа хяналтандаа авчихаад байна. Гэтэл цаана нь өчнөөн ордын үр ашгийн тухай огт хөндөн ярилцахгүй байна. Тамсагт хэдэн жилийн турш нефть хайсан америкийн Соко компани Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эзэмшин авсан талбайгаа Хятадын цуутай компани Дачиньд зарчихаад гараад явчихлаа. Соко Монголын төсөвт хэдийг төлсөн бэ? Одоо Дачинь юу төлж байгаа бол. Гэрээний дагуу Монголын талд ногдох орлого хэд вэ? Хятадын хөрөнгө оруулалтаар ашиглаж буй Сүхбаатарын цайрын орд манай олон нийтэд ямар нэг өгөөж өгч байгаа юу?
Энэчлэн уул уурхайн салбарын бүрэн цогц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зайлшгүй шаардлага байна. Олон улсын туршлага ч бэлхнээ байна. Өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэр ч байна.
М.Энхболдын Засгийн газар өмнөх Засгийн газрын тогтоол шийдвэрт авах гээхийн ухаанаар хандаж байгаа биз. Харин гарцаагүй өвлөн авч шуурхай хэрэгжүүлэх ёстой нэн чухал ажил бол ОҮИТБС гэдгийг тэмдэглэлийнхээ эцэст сануулан хэлье.
Сэтгүүлч Цогсүрэнгийн ГАНБОЛД