Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан: Лицензийг хүчингүй болгох нэг боломж бий (2006.06.12)

A- A A+
Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан: Лицензийг хүчингүй болгох нэг боломж бий (2006.06.12)

Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан: Лицензийг хүчингүй болгох нэг боломж бий (2006.06.12)

УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж  Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхтэй  холбогдуулан 1990 он хүртэл улсын төсвөөр хийсэн ашигт малтмалын хайгуулын зардал, тогтоогдсон орд нөөц,түүний нөхөн төлбөрийн тухай болон аж ахуйн нэгж, байгууллагад олгосон ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрлийн талаар Засгийн газарт хандан асуулга тавьсан. Түүний асуулгад Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан,  тус яамны холбогдох хүмүүс өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаан дээр тайлбар өгсөн байна.

Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханы ярьснаас үзвэл  манай улсын нутаг дэвсгэр дээр 1990 оноос өмнө хийгдсэн геологи хайгуулын ажил нь ЗХУ болон Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн гишүүн орнуудын тусламжтайгаар буюу бүхэлдээ зээлийн хөрөнгөөр хийгджээ. Энэ үед жилд дундчаар 20-25 сая ам.долларын зардал гаргаж байжээ. 1990-ээд оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоох ажилд нийтдээ 49.4 сая ам. доллар зарцуулсан байна.  Улсын төсвийн хөрөнгөөр 741 орд, илэрцийг тогтоон, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ордын зэрэглэлд тооцож болох нийт 565 орд, илэрцийн нөөцийг нь тогтоох хайгуул хийн 334 ордын нөөцийг С2-оос дээш зэрэглэлд тооцжээ. Нөөц нь тогтоогдсон ордуудаас алтны 62, зэс молибдений нэг, цайрын нэг, гянт болдын нэг, чулуун давсны нэг, хүнсний давсны дөрөв, барилгын чулууны нэг, хайлуур жоншны зургаа, шохойн чулууны хоёр, хүрэн нүүрсны 25 болон барилгын материалын зэрэг нийтдээ 100 гаруй ордыг одоо ашиглаж байгаа аж.

Нөөцийг нь тогтоосон ордын тоо улсын хэмжээгээр олон байгаа ч эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах үр ашигтай орд цөөн байна гэж Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан мэдэгджээ. Манай улсад нөөц нь тогтоогдсон 44 төрлийн ашигт малтмалаас алт, зэс, молибдени, цайр, хайлуур жонш, элс, элс хайрганы хольц зэрэг 13-14 төрлийг ашиглаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн орд, илэрцэд одоо 514 ашиглалтын болон хайгуулын лиценз олгосон бөгөөд  төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн ордын нөхөн төлбөрийн гэрээг 1998 оноос хойш101 аж ахуйн нэгжтэй  байгуулжээ. Одоогоор төлбөрөө хугацаанд нь хийж дуусгасан 30, гэрээт хугацаандаа төлбөрөө хийж байгаа 11, хоцроож төлж эхэлсэн 33, төлбөрөө хийж эхлээгүй 17 аж ахуйн нэгж байгаа аж.  Гэрээний дагуу нийт ес гаруй сая ам.доллар улсын төсөвт орохоос 2005 оны байдлаар 4.9 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийгдээгүй бөгөөд зөвхөн хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна гэж тэрбээр ярьжээ. Зөвхөн геологийн зураглал, ерөнхий эрэл, сэдэвчилсэн судалгааны ажил л улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй юм байна.

1997 оноос хойш давхардсан тоогоор 580 удаа ашигт малтмал ашиглах лицензийг шилжүүлсэн байна.  2006 оны хоёрдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 6088 лиценз байгаагаас 205.9 мянган га талбайг хамарсан ашиглалтын,  992, 69.8 сая га талбайг хамарсан 5096 хайгуулын лиценз байгаа аж. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 44.2 хувийг эзэлж байна .

Хамгийн олон лиценз эзэмшиж байгаа аж ахуйн нэгжээс дурдвал, "Айвенхоу майнз" ХХК129, "Тефис майнинг" 128, "Бату майнинг Монгол" 129, "Кьф Жи Экс Монгол лимитэд" ХХК 141 лиценз эзэмшиж байгаа гэсэн тоо байна. Лиценз эзэмшигч 1023 аж ахуйн нэгж, 1020 иргэн байгаа аж. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн 188 этгээд 1431, гадаадын 26 аж ахуйн нэгж, иргэн 53, хамтарсан 130 аж ахуйн нэгж 571, дотоодын 1966 аж ахуйн нэгж, иргэд 4093 лиценз эзэмшиж байна.

Дэд сайд Содбаатарын мэдээлснээр бол ашигт малтмалын лицензийн төлбөрөөс16 тэрбум төгрөг орох ёстой аж. Хэрэв энэ төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлбэл хайгуулын талбай багасна гэж тэрбээр үзэж байна. Өнөөдөр 240-өөд компани ашиглалтын лиценз эзэмшиж байгаагаас 100 гаруй нь алтных байна.  Нийт ашиглалтын лицензийн талбай манай орны нутаг дэвсгэрийн 0.12 хувийг эзэлж байгаа бөгөөд үүний 0.03 хувьд нь уулын ажил явагдаж байна. Тэрбээр  мэдэгдэхдээ, улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийн харьяанд байх ёстой нөөц ихтэй талбайг бусдад өгсөн нь хариуцлагагүй явдал гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханы хэлснээр хуулийн дагуу олгосон лицензийг хүчингүй болгох нэг боломж байгаа аж. Хэрэв орон нутгийн удирдлага тухайн газрыг аймгийн нөөцийн хэрэгцээний газар гэж үзсэн шийдвэрийг гаргавал лицензийг буцаан авч хүчингүй болгож болно. Гэхдээ тэр газарт нь хайгуул хийж эхэлсэн бол тухайн компанийн гаргасан зардлыг нөхөн төлнө гэж тэрбээр ярьжээ.  Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ зэрэг цэвэр усны ундаргатай газарт уул, уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх, тэнд ногоон бүс байгуулах асуудлыг Үйлдвэр, худалдааны  яам удахгүй Засгийн газар, УИХ-д оруулж таницуулна гэж сайд Б.жаргалсайхан мэдэгджээ.