УИХ-ын намрын чуулган нээгдлээ (2006.10.02)

A- A A+
УИХ-ын намрын чуулган нээгдлээ (2006.10.02)

УИХ-ын намрын чуулган нээгдлээ (2006.10.02)

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга товч үг хэлсний дараа УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ө.Энхтүвшин тангараг өргөв.  Үүний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ерөнхийлөгч Н.Энхбаярын чуулганы нээлт дээр хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,

УИХ-ын энэ намрын чуулган нь монголын төр ёсны түүхт ойн жилийн чуулган, УИХын нэгэн бүрэн эрхийн хугацааны эхний хагас нь өнгөрч буйг илтгэж, сүүлчийн хагасыг нь эхлүүлж буй чуулган гэдгээрээ онцлогтой бөгөөд улс орон, сонгогч олон түмнийхээ өмнө онцгой хариуцлага хүлээж ажиллах чуулган гэдгийг цохон тэмдэглэе. Өнгөрсөн оны намрын чуулганы нээлт дээр миний бие “хүн хүнийхээ төлөө сэтгэл гаргаж монгол хүнээ хөгжүүлье, хөгжлийнхөө төлөө зүтгэл гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг даян дэлхийн улс түмэнтэй хамт тэмдэглэцгээе” хэмээн уриалж байсныг та бүхэн санаж байгаа буйзаа.

Тэр уриа дуудлага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эдүгээ хүртэл улс эх орны маань нийгэм оюун санааны амьдралын бүхий л хүрээнд өрнөсөн олон талт өргөн дэлгэр үйл явдал, их бүтээн байгуулалтад эрч хүч өгсөөр ирлээ. Бүтэн жилийн турш тэмдэглэх их ойн жилдээ манай ард түмэн олон сайхан санал санаачилга гаргаж, дор бүрдээ хийж бүтээхийг эрмэлзэж, түүх соёлоо сэргээн хөгжүүлж, бүтээн байгуулалт, оюун санааны болон урлаг спортын салбарт багагүй амжилт гаргаж байна.
УИХ, Засгийн газрын зүгээс ч их ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санаачилгатай ажиллахын зэрэгцээ ялангуяа нийгмийн салбарт хүн рүү хандсан тодорхой шийдвэрүүдийг гарган түүнийгээ хэрэгжүүлэх алхмыг хийж байгаа нь энэ ойн жилийн бас нэг өнгө төрх юм.
Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэсний зэрэгцээ ард иргэд орон нутагтаа наадан баярлаж, их ойн жилийн ажлын хүрээнд төлөвлөгдсөн олон улс, бүс нутгийн ба үндэсний хэмжээний их хурал, чуулга уулзалтын арга хэмжээнүүд олноор зохион байгуулагдлаа.
Дээрх арга хэмжээнүүдэд гадаад орны төр, засгийн тэргүүн, нэр хүнд бүхий улс төрчид, бизнесмэнүүд, соёл урлагийн зүтгэлтнүүд урьд өмнө хэзээ ч ирж байгаагүй олноороо хүрэлцэн ирж оролцсон билээ. Гэхдээ тэд зүгээр нэг бууж үдлээд, баясаж зугаацаад яваагүй, ажил хэрэгч яриа хэлцээ өрнүүлж, харилцан ойлголцож, тодорхой санал, төслүүд дэвшүүлж, бодитой хандив тусламж үзүүлж, харилцан ашигтай гэрээ хэлцэл олныг хийсэн нь манай улсын нэр хүндийг өсгөхөд болон цаашдын хөгжил дэвшилд багагүй эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой.
Монголчуудын төрт ёс, түүх соёлд дэлхийн хамтын нийгэмлэг хүндэтгэлтэй хандаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас “Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэх” тухай бидний санаачлагыг дэмжихийг гишүүн улс орон, байгууллагууддаа уриалсан тусгай тогтоол гаргасан нь Монгол Улсын түүх, соёл иргэншил, түүний өнөөгийн байдлыг дэлхий дахинд таниулах, олон улсын тавцанд манай улсын нэр хүнд өсөх болон дэлхийн улсууд, ард түмэнтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд чухал хувь нэмэр боллоо. Өнөөдөр дэлхийд Монгол Улс, монголчуудыг мэддэггүй хүн ихээхэн цөөрч, монголын түүхийг үнэн зөвөөр таньж мэдсэн хүний тоо үлэмж ихээр нэмэгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Их ойн хүрээнд өрнөсөн үйл явдал, арга хэмжээнүүд нь монголчууд бидний түүх соёлоороо бахархах бахархал, эх оронч, үндэсний үзэл эрмэлзэл, үндэсний ой санамжийн сэргэлт бэхжилтэд хөрөнгө мөнгөөр хэмжихийн аргагүй эерэг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэн хэлье.
Ийнхүү монголчууд бидний эх оронч үндэсний бахархал эрмэлзэл улам сэргэж, үндэстэнд эв нэгдэл, нэр төр, улс төрд соёлтой ардчилал, тогтвортой байдал, эдийн засагт байнгын өсөлт, баялгийн хуримтлал, шударга хуваарилалт, нийгэм оюун санааны амьдралд чанартай мэдлэг, өгөөжтэй боловсрол, өндөр ёс суртахуун, төрийн бодлогод алсын хараа, нэгдмэл удирдлага, зөв шийдэл, хэрэгжүүлэх чадвар, хүмүүс хоорондын болон нийт нийгмийн харилцаанд эмх цэгц, шудрага ёс, үүрэг хариуцлагын ухамсар чухал хэрэгтэй болохыг манай иргэд илүү мэдэрч, хүсч, шаардаж байгаа цаг үед төрийн эрх барих дээд байгууллагын ээлжит чуулган эхэлж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Намрын чуулганы өмнөхөн Хөвсгөл аймгийн 46 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болж УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй боллоо. УИХ-ын гишүүнээр сонгогдож, бүрэн эрхээ эхэлж байгаа Ө.Энхтүвшинд баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулах УИХ-ын намрын чуулганы гол зорилт нэг талаас, үндэстний нийгэм, сэтгэл зүйн эерэг мэдрэмжийн сэргэлт, ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжээд олсон ололтдоо урамшсан өөдрөг үзэл, нөгөө талаас, өнөөгийн нийгмийнхээ болж бүтэхгүй байгаа бүхэнд сэтгэл гонсгор байж, түүнийг засч залруулах юмсан гэж олон түмний зүгээс гаргаж буй санал шүүмжлэлийг тунгаан байж, улс орны хөгжлийн алс хэтийн хандлага, үндэсний хэмжээний нийтлэг асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж, оновчтой шийдэл, бодлого гаргах, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах явдал хэмээн үзэж байна.
Эдийн засаг, нийгмийн асуудлууд, тухайлбал төсөв санхүү, төрийн мөнгөний бодлого, цалин хөлс, нийгмийн халамж, хамгааллын асуудлаар миний бие 2007 оны төсөв хэлэлцэх үед УИХ-д үг хэлэх тул энэ удаа иргэд олон нийтийн зүгээс удаа дараа дэвшүүлэн тавьж, шахаж шаардаж буй зарим асуудлыг УИХ-ын анхааралд хүргэж, өөрийн байр суурийг илэрхийлье.
Харьцангуй олон намын төлөөлөлтэй, хүчний харьцаа ойролцоо бүрэлдэхүүн бүхий одоогийн УИХ цаашид үйл ажиллагаагаа хоёр чиглэлээр явуулж болох нь тодорхой харагдаж байна хэмээн хүмүүс ярьж, хэвлэл мэдээлэл бичиж байна. Нэг нь, хоорондоо талцан хуваагдаж, эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан үүсгэж, хийж бүтээсэн ч ажилгүй цаг хугацааг өнгөрөөх. Нөгөө чиглэл нь, УИХ-д суудалтай улс төрийн намууд улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг ул суурьтай, нээлттэй, илэн далангүй хэлэлцэж, зөвшилцсөний үндсэн дээр зөв шийдвэр гаргаж, ардчилал шинэчлэлийн гүнзгий өөрчлөлт хийсэн өнгөрсөн он жилүүдийн ололт, амжилтыг бататгах, сөрөг, дутагдалтай зүйлсийг нийгмийн амьдралаас нэн даруй шахан гаргах, Монгол Улсын хөгжил дэвшлийг түргэтгэх ховорхон боломжийг ашиглахад анхаарлаа хандуулах явдал юм.
Өнөөдөр нийгэмд шүүмжлэл, бухимдал байна. Угаасаа ардчилсан нийгэмд хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаггүй онцлогтой. Шүүмжлэлийг сонсохдоо бүх юм сайхан байна гэж эсэргүүцэх хэрэггүй ч бас бүх юм болохоо больчихлоо хэмээн туйлшран үгүйсгэх хэрэггүй. Нийгмийн дэвшлийг эрчимжүүлж, ард иргэдийнхээ амьдралын элбэг дэлбэг, сайн сайхан байдлыг хангахад учир дутагдал байна гэж үзвэл өнөөгийн төрийн албан хаагчийн хувийн хариуцлагаас аваад төрийн байгуулал, түүний бүрдэл хэсгүүд, тэдний хоорондын харилцан уялдаа, чиг үүргийн хуваарилалтын асуудлыг хүртэл хөндөж тавьж засч залруулах нь зүйтэй.
Шудрага сайн төрийг төлөвшүүлэхэд төрийг бүрдүүлэх механизм, түүнд оролцогч субъектуудын үйлдэл нь бас шудрага зөв байх ёстой. Энд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг роль нэн чухал. Төр тогтвортой байх, эсэх нь ихээхэн хэмжээгээр УИХ-д олонхийн суудал бүхий улс төрийн хүчний тогтвортой, зөрчилгүй байхаас шууд шалтгаална. Төр барилцахад, төрийг байгуулахад шууд оролцож байгаа улс төрийн намууд ч хариуцлагатай байх нь чухал.
Төр, нийгмийн эрх ашгийн төлөө бус намын нэрэн дор хувийн сонирхлоо илүүд тавьж, намчирхан талцаж бүлгэрхэх нь засаглалын бүх түвшинд төрийг хүчгүйдүүлэн сульдааж, төрийн нэгдмэл чанарыг сулруулж, төрийг иргэдээс холдуулан нэр хүндийг нь бууруулж байна. Төр дэх энэ намчирхлаас ангижрахын тулд төрийн жинхэнэ албыг намын гишүүнчлэлгүй болгож, тэнд ажиллах хүмүүсийг төрийн албаны зарчимч шалгуураар сонгож ажиллуулдаг журмыг хэвшүүлэх ёстой.
Үүнтэй холбогдоод төрийн тогтолцооны нэг хэсэг болсон төрийн албыг бэхжүүлэх, чадваржуулах, шудрага төрийн үндэс болсон чадварлаг, шудрага ажилтныг сонгон шалгаруулж ажиллуулахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг нэн чухал. Энэ талаар би хаврын чуулганы нээлт дээр нэлээд тодорхой асуудлыг дэвшүүлж, ажил хэрэгт санаа авахуйц зүйлийг хэлж анхааруулсан, нийгэм олон нийт ч нааштайгаар хүлээн авсан. Ерөнхийлөгч би хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг захирамж гарган томилон ажиллуулж байгаагаа та бүхэнд мэдэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна. Энэ зорилт Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгаа учир Засгийн газар ч энэ ажлыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Өнөөдөр төрийн албан хаагчдын албаны хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгох талаар хийж буй ажил, тавьж буй шаардлага хангалтгүй байгаагаас газар сайгүй төрийн захиргааны удирдлага цалгардаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдсон, авлига хээл хахууль газар авсан байдалтай байгааг иргэдээс ирж буй санал шүүмжлэл нотолсоор байна. Төрийн албаны зарчим, ёс зүй, арга барил алдагдан хувийн сектортэй хутгалдаж байна гэсэн шүүмжлэлт үг, нийтлэлүүд цөөнгүй гарч байгааг гүжирдлэг гүтгэлгээс нь ялган салгаж хаана, хаанаа анхаарч, засч залруулах хэрэгтэй.
Энэ яриа, нийтлэлүүд төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тендер, өмч хувьчлал, албан тушаалын томилгоо, газар олголт, ашигт малтмал, орд газрын лиценз тойрон ихэвчлэн гарч байна.
Газар шороогоо гэсэн иргэд олны дуу хоолой нэмэгдсээр байна. Энэ бол зүй ёсны хэрэг мөн. Газар бол улсын ул, төр ба иргэний оршихуйн үндэс билээ. Үүнийхээ төлөө ард олон дуугарах эрхтэй. Гагцхүү төр тэр дуу хоолойг анхааралтай сонсч, асуудлыг ухаалгаар шийдэх үүрэгтэй.
“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг ард иргэд, төрийн бус байгууллагууд сануулж буйг төр засаг анхааралдаа авах цаг болсон гэдгийг онцлон тэмдэглэе. Өнөө ба хойч үеийн хэн бүхэн үр шимийг нь тэгш хүртэх ёстой хэн нэгэн хүний үйл ажиллагааны үр дүнд биш, гагцхүү байгаль эхийн бий болгосон газар шороо, түүний баялаг эрдэнэсийг лиценз нэрээр хэдхэн хүн өмчирхөж, гадна дотныхонд наймаалцаж, ашиг хувь хүртэж байгаа нь яавч шудрага зүйл биш гэж хүмүүс шүүмжилж буй нь яах аргагүй бодууштай зүйл мөн.
Газар шороо, байгалийн баялагтаа эзэн байх нь иргэний ч, төрийн ч үүрэг мөн. Эцсийн эцэст Монгол Улс хөгжих эсэх нь, монголын ард түмний амьдрал сайжрах эсэх нь, төр засаг стратегийн шинж чанартай ашигт малтмалын орд газруудыг ухаалгаар ашиглах бодлого гаргаж, хэрэгжүүлж чадах, эсэхээс шууд хамаарч байна. Чухамхүү өнөөгийн төр засаг ийм бодлого гаргаж, ховорхон боломжийг ашиглан улс орныхоо ХХI зууны хөгжил цэцэглэлтийг баталгаатай болгох бололцоотой байна. Үүнтэй холбогдуулж улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий 30-40-өөд орд газрыг төр засаг санаачилга авч, нийт ард түмэнд ашигтай арга хэлбэрээр ашиглах бодлого гаргаж хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна.
Ард түмэн, улс орныхоо ашиг сонирхлыг урьтал болгодог шудрага төр нийтлэг эрх ашигт нийцсэн зарчмыг тогтоосон бодлогын шийдвэр гаргаж, түүнийг тууштай хэрэгжүүлэх ёстой учир энэхүү саналыг гаргаж байгаа юм. Та бүхэн энэ саналыг нааштай хүлээн авч, нухацтай бодож, зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт найдаж байна.
Газрын харилцааг боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх нь улс орны хөгжлийг улам хурдасгахад ач холбогдолтой.
Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын түүхэнд анх удаа газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж байхад зарим хүн үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай болгоомжлол илэрхийлж байсан. Өнгөрсөн хугацаанд газар өмчлөлөөс үүдэлтэйгээр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдсангүй, үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн ноцтой аюул занал учирсангүй тул цаашид газрыг өрхөд өмчилсөн эхний үе шатыг гүнзгийрүүлж, иргэн бүрт хувьчлах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр газар хэмээх өмчөөрөө дамжуулан иргэн бүр эдийн засгийн харилцаанд улам идэвхтэй оролцох, орлого нь нэмэгдэх бололцоотой болно.
Ард түмэнд ээлтэй, ардчилсан төр бол авлигагүй төр байх ёстой. Авлига хэмээх хорт үзэгдлийн тархалтыг таслан зогсоож, бүр уг үндэс, тогтолцоогоор нь устгах ажлыг хийх хэрэгтэй.
УИХ өнгөрсөн чуулганаараа Авлигын эсрэг хуулийг хэлэлцэн баталсан нь энэ сөрөг үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чухал алхам боллоо. Энэ хуулийг дагаж мөрдсөнөөр, авлигатай тэмцэх хараат бус байгууллага бий болгож ажиллуулснаар нийгмийн энэхүү хор уршигт үзэгдлийг хазаарлан зогсоож, нийгмийн шудрага ёс сэргэж төлөвшинө гэсэн итгэл найдварыг иргэд тавьж байна.
Авлига авсан нь тогтоогдсон бол хэнбугай ч байсан хуулийн дагуу шийтгэгдэх нь маргалдах зүйл огт биш. Гэхдээ авлига гарсны дараа хожимдож шуугилдах биш, харин түүнийг гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээ авч байхыг эрмэлзэх нь илүү амжилтанд хүргэдгийг бусад улс орны жишээ, туршлага харуулж байна.
Өөрөөр хэлбэл авлигатай тэмцэх ажлыг нэг байгууллагын нуруунд тохож орхилгүй, энэ тэмцэлд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, иргэний нийгмийн ба хууль хяналтын байгууллагууд, иргэд тус бүртээ үүрэг хүлээж оролцох учиртай бөгөөд авлигыг үл тэвчих үзлээр олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгвөл зохино. Төрийн албыг нам бус болгож чанаржуулах, улс төрийн намуудын санхүүжилтийн механизмыг оновчтой тогтоох, ил тод болгох, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай барагдуулах журам тогтоох, бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, элдэв лиценз зөвшөөрлийг цөөлөх, олгодог тогтолцоог нь ил тод хяналттай болгох зэрэг цогц арга хэмжээнүүдийг авч баймааж авлигатай хийх тэмцэл үр дүнтэй болно. Эцсийн зорилт нь нэг хууль гаргаад орхиход биш, харин энэ үзэгдлийг арилгахад оршино гэдгийг бүгд ойлгож байгаа бизээ. Тодорхой цаг хугацаа, сэтгэлийн зориг, тэнхээ шаардсан энэ ажлыг амжилтанд хүргэхийн тулд хамтран ажиллацгаая.
Нийгэмд буй олон сөрөг үзэгдэл хүн ардын ядуу зүдүү амьдрал, ажилгүйдлээс үүдэлтэй гэдэгтэй та бүхэн санал нэгдэх буйзаа. Ядуу зүдүү амьдралтай, ажилгүй хүнтэй ардчилал, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийн тухай, шилжилтийн үеийн зайлшгүй хүндрэл бэрхшээлийн тухай ярихад хэцүү. Ядуурал, ажилгүйдэл байгаа цагт нийгмийн харилцааг эрүүл саруул, тогтвортой байлгахад ч амаргүй.
Ажилгүйдэл нь ядуурлыг тэтгэх эх үндэс мөн. Ядуурлыг зөвхөн халамж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлснээр даван туулахгүй нь улам бүр тодорхой болж байна.
Ядуурлыг бууруулах, хүн амын орлогын тэгш бус байдлыг багасгахын тулд юуны түрүүн ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнд чиглэсэн хөгжлийн бодлогыг төрөөс хэрэгжүүлж ажиллах ёстой. Наад зах нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д улсын төсвөөс олгох ёстой хувийг хуульд заасан хэмжээнд хүргэх нь ажлын байр нэмэгдүүлэх, жижиг бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд тус дэм болох нь дамжиггүй.
Ядуу өрхүүдэд тусламж үзүүлж байгаа нийгмийн халамжийн өнөөгийн практикийг ч эргэж харах шаардлагатай байгаа талаар иргэдээс гарч байгаа саналыг анхааралдаа авбал зохино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тусгай хэрэгцээ шаардагдах хүмүүст олгож байгаа тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэх, харин хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүст зээл авах таатай нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах, зах зээлийн мэдээллээр хангах зэргээр тэдэнд орлого бий болгох чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг иргэд санал болгож байгааг холбогдох яам, агентлаг, албан тушаалтан онцгой анхаарч “чих зөөлөн, алга тэнүүн” хандаж ажилламаар байна.
Манай нийгэмд орлогын ялгаварлал хүчтэй явагдаж байгааг иргэд анхааруулан шүүмжилж байна. Нийгмийн баялгийг шударга, тэгш хуваарилах тухай ч их ярьж байна. Бусад улс оронд орлогын ялгаварлалыг давдаг гол арга бол боломж бололцоог ижил тэгш болгох явдал билээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгний өмч хөрөнгийг булааж авах маягаар орлогыг тэнцүүлэх хувьсгалт аргыг биш, харин хүн бүрт орлогоо нэмэгдүүлэх ижил тэгш бололцоо олгох явдлыг дэмжих аргаар энэхүү зөрчлийг шийдвэрлэдэг байна. Тухайлбал, ямар ч айлын хүүхэд өндөр, чанартай боловсролтой болох, тодорхой мэргэжил эзэмших, хүнд суртал, хээл хахуулийн хана мөргөлгүй, улс төрийн намуудын боловсон хүчний бодлогын золиос бололгүй төрд зүтгэх, эсхүл бизнес эрхлэх, товчлон хэлбэл ажилтай болох, өөрт буй нөөц, авьяас чадвар, эрдэм боловсролыг бүрэн дүүрэн нээх боломж бололцоогоор бусадтай ижил тэгш хангагдах нь хамгийн чухал юм. Чухамхүү ижил тэгш боломж бололцооны шударга тогтолцоог иж бүрнээр нь бүрдүүлэх нь төр засгийн хамгийн чухал ажил юм. Ер нь Засгийн газар, Засаг дарга нарын ажлыг цалин тэтгэвэр нэмснээр гэхээсээ илүү хэдэн ажлын байр бодитойгоор буй болгосноор, иргэн бүрт өөрийгөө хөгжүүлэх, нөөц бололцоогоо нээхэд нь ижил тэгш боломж бололцоогоор хэрхэн хангасан бэ гэдгээр шинэ хэмжүүр, шалгуураар дүгнэдэг байх цаг болжээ.

Иргэдийнхээ хүндлэлийг хүлээдэг эрх зүйт төрийн нэг гол шинж бол хууль дээдлэх явдал билээ. Гэтэл манай нийгэмд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болсон хууль дээдлэх ёс төдийлөн хэрэгжихгүй байгаагаас зарчимгүй, хууль зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл газар авч, улмаар түүндээ уусан дасах хандлага илрэх боллоо гэж улс орон, үндэстнийхээ төлөө өр зүрхээ өвтгөдөг хүмүүс учирлаж, сануулж, сэрэмжлүүлж байгааг онцгойлон анхааруулж байна. Төр, нийгэм, иргэдийн эрх ашгийг хохироосон аливаа үйлдэл хуулийн хариуцлага хүлээдэг, тэдэнд учирсан аливаа хохирол нөхөн төлөгддөг байх нь хууль зүйт ёсны жирийн хэм хэмжээ билээ. Сүүлийн үед иргэдийг олноор нь хохироогоод байгаа хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шат шатандаа шуурхай шалган шийдвэрлэхийг энэ талаар байгуулагдсан ажлын хэсэг, холбогдох байгууллагууд онцгой анхаарч, иргэдийг хохироохгүй байх үүргээ дутуу биелүүлсэн төрийн аль ч шатны байгууллагын албан тушаалтанд, иргэдийн мөнгөн хөрөнгийг зориуд зохион байгуулалттай хэлбэрээр луйвардаж зальдсан хүмүүс, тэдний далд эздийг илрүүлэн гэм буруутанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллахыг шаардаж байна.
УИХ, Засгийн газар хадгаламж, зээлийн хоршоодод хуруу хумсаа хугалах шахан байж олж цуглуулсан хэдэн төгрөгөө хадгалуулсан ард иргэд, ахмад буурлууд, гадаадад ажиллаж байсан буюу ажиллаж байгаа хүмүүс, тэдний гэр бүлийн олон мянган хүнд хохирлыг нь улсаас бүрэн нөхөн олгох тусгай шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ингэж шийдэхээс ч өөр аргагүй байгааг та бид ойлгох ёстой. Ийнхүү бид нийгэмд ижил тэгш боломж бололцоог буй болгоход чиглэсэн нэгэн чухал алхам хийх нь зүйтэй. Гэхдээ цаашид иргэн өөрөө эрсдлээ хариуцан эдийн засгийн аливаа үйл ажиллагаанд оролцдог байх тухай ойлголтыг хууль тогтоомжинд тод томруун тусгах, нийгмийн сэтгэл зүйд тайлбарлан таниулах, хуулийг чанд мөрдөн хэрэгжүүлдэг байх явдлыг хэвшүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед иргэний нийгмийн байгууллагууд идэвхжиж, үйл ажиллагаагаа нэгтгэж, авлига, хээл хахууль зэрэг нийгэмд буй зүй зохисгүй үйлдэл, төрийн үйл ажиллагааны дутагдал доголдлыг шүүмжлэн, төрд хандсан шахалт шаардлага нэмэгдэх боллоо. Эрх ашиг нь зөрчигдсөн, эд материалын хохирол амссан иргэд бас төрд хандаж байна. Энэ бүхнийг иргэд эрх ашгаа хамгаалж сурч байна, иргэний нийгмийн байгууллагууд суралцаж төлөвшиж байна гэдэг талаас нь авч үзэх нь зүй ёсны хэрэг бөгөөд төр цэвэршиж, ардчилал бэхжиж, улс орон хөгжихөд ач тустай явдал мөн. Гэтэл бас иргэдийн бухимдал, гомдол дээр дөрөөлж, аливаа асуудлыг хэт хөөргөдөн туйлшруулах, улс төржүүлэх байдлаар төрийн бодлого, үйл ажиллагааг гуйвуулж хүчгүйдүүлэх, түүгээр ч барахгүй олон түмнийг бослого тэмцэл, хувьсгалт мөргөлдөөнд уриалсан аястай үг, үйлдлийг зарим хүн хэлж, хийж буй нь ажил хэрэгт төдийлөн тус болохгүй. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булаан авах гэсэн аливаа оролдлого бүтэхгүй гэдгийг тэгэхийг уриалаад байгаа нэг хоёр хүн, турхираад байгаа нэг хоёр хэвлэл мэдээллийн байгууллагад монголын нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд анхааруулж хэлье. Үүнийг манай иргэд ч ойлгож байгаа бизээ. Ардчилсан нийгэмд ямар ч хурц асуудлыг бодол санаагаа харилцан ойлголцож, хамтран ажиллах замаар шийдэх боломжтой. Тэгээд ч иргэд олон түмнийхээ санал, шууд оролцоонд тулгуурлан ээдрээтэй нөхцөл байдал, тулгамдсан хурц асуудлуудыг зөв зүйтэй шийдэж байсан туршлага монголын төрд бий. Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын 60 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр миний бие энэ тухай дурдаж, бүх ард түмний санал асуулга явуулсан түүхэн тэр өдрийг, тэр үйл явдлыг дурсан мөнхжүүлэх үүднээс төдийгүй, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа бататгах, эх орон, бүс нутаг, хот тосгодоо хөгжүүлэх арга замын тухай нээлтэй хэлэлцүүлэг, бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх, иргэдийн саналыг засаглалын бүх түвшинд сонсох “нээлттэй хаалганы өдөр” болгох саналыг дэвшүүлсэн.
Үүнтэй холбогдуулж энэ сарын 20-нд төр засгийн бүх шатны байгууллагууд, орон нутгийн удирдлагууд өөр өөрсдийн шугамаар иргэдийнхээ дуу хоолойг өргөн дэлгэр сонсч, бодлого шийдвэртээ тусгах их ажил зохион байгуулахыг уриалж байна. Жил бүр нэг тодорхой сэдвийг сонгон авч нээлттэй хэлэлцэж, хамтран шийдвэрлэдэг журам тогтоож болно шүү дээ. Энэ нь төр, иргэдийн хооронд, төрийн болон төрийн бус байгууллагын хооронд аливаа алдаа дутагдлыг ярьж хэлэлцэн арилгадаг, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажилладаг арга барилыг тогтоож хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгийг дахин сануулая.
Сайн төр бол зөв бодлоготой байгаад зогсохгүй түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Өнөөдрийн хэрүүл маргаанд хэт автаж, ирээдүйн хөгжлийн бодлогоо орхигдуулж болохгүй. Манай төрийн бодлогын гол цөмд нь хөгжлийн стратеги, эдийн засгийн бодлого, түүнээс улбаалан монгол хүний амьдралын чанар, аюулгүй байдал байх учиртай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлого бол чухамдаа энэхүү үзэл санаанд тулгуурлаж боловсрогдож буй баримт бичиг хэмээн ойлгож байна.
Үндсэндээ 2021 он хүртэлх Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хөгжлийн талаарх сүүлийн үеийн үзэл баримтлал, ялангуяа дан ганц байгалийн баялагт тулгуурласан загварт дулдуйдхаас зайлсхийж, мэдлэг оюунд тулгуурласан загварыг илүүтэй анхаарч, түүн дотроо биотехнологи, мэдээллийн технологийг хөгжүүлэх зарчим баримталж, экспортод түлхүү чиглэсэн, хувийн хэвшилд тулгуурласан, гадаад орчны болон байгалийн таагүй нөлөөнд өртөмтгий бус, өндөр өсөлттэй, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн бүтэцтэй байхаар тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж буй нь сайшаалтай хэрэг юм. Дээр миний дэвшүүлсэн хэд хэдэн саналыг ажил хэрэг болговол Үндэсний хөгжлийн цогц бодлого эрчимтэй хэрэгжих таатай нөхцөл бололцоо бүрдэхэд тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.
Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулахын хажуугаар төр, засгаас урьд өмнө нь сэдэж эхлүүлсэн, баталж гаргасан, амьдралд хэрэгжиж олон түмний талархал дэмжлэг хүлээсэн, томоохон бодлого хөтөлбөрүүдээ өвлөн авч, тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг бас онцлон дурдъя. Тухайлбал, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг хөгжүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах, “Мянганы зам”-ыг болон орон нутгийн замын сүлжээг үргэлжлүүлэн барих, эрчим хүчний нэгдсэн системийг байгуулах, хүн амаа тууштай өсгөх гэх мэтчилэн нааштай эхэлсэн ажил үйлс зам зуураа замхарч орхигдох учиргүй. Залгуулан залгамжилж, үргэлжлүүлэн гүйцээж, үр дүнг нь үзвэл зохих үндэсний хэмжээний томоохон зорилтот ажлууд Засгийн газрын өмнө цөөнгүй байгааг хэлье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол төрийг эрх зүйт ёсны үүднээс засан төвхнүүлэх, төрийн тогтолцооны бүх бүрдэл хэсгүүдийн үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдгээрийн хоорондын нэгдмэл цул байдал, найрсал зохицлыг хангах замаар ардчилсан хөгжлийн ололт, иргэдийн аюулгүй байдал, улс үндэстний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалан ажиллах нь төрийн байгууллагын өнөө цаг үеийн нэн тулгамдсан зорилтын нэг болж байна.
Энэ үйлсийг Монгол Улсын Их Хурал өөрийн зүгээс хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан нэр төртэй хэрэгжүүлж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.