Эрдэс баялгийг ашиглах бодлогын зарим асуудал

A- A A+
Эрдэс баялгийг ашиглах бодлогын зарим асуудал


Р.Эрхэмбаяр 

УИХ-ын одоо эхлээд буй намрын чуулганаар эрдэс баялгийг ашиглах төрийн бодлогыг авч хэлэлцэх төлөвтэй байна. Энэ тухай УИХ-ын дарга Ц.Нямдорж “Өглөөний сонин”д  саяхан /2006-10-4/ ярилцлага өгөхдөө “Эрдсийн талаар төрөөс баримтлах бодлогын  асуудлыг хэлэлцэж,  цаашдаа 2,5 сая хүн амтай улс орныг авч явахын тулд одоогийн нөхцөлд газрын баялгийн хаанаас юуг нь ашиглах, ирээдүй хойчдоо юуг үлдээх асуудлыг нарийвчлан ярина” гэж мэдэгджээ.    Үүнтэй холбогдуулан манай порталд ирүүлсэн нэгэн нийтлэлийг толилуулж байна.

Хөгжиж буй орнуудын хувьд олон улсын хөдөлмөрийн хуваарьт үр өгөөжтэй оролцох бараг цорын ганц боломж нь байгалийн, түүний дотор эрдсийн баялгаа зүй зохистой ашиглах явдал байдаг. Байгалийн хязгаарлагдмал, эрдсийн хувьд бол нөхөн сэргэгдэшгүй гол чухал баялгаа өөрийн өмчид, өөрийн захиран зарцуулах эрх мэдэлд байлгах нь буурай хөгжилтэй улс үндэстний амин зуулга, сэхэл мөхөлтэй шууд холбоотой асуудал мөн. Дэлхийн ашигт малтмалын үйлдвэрлэлийн томоохон хэсэг төрийн өмч, мэдэлд байдаг нь (жишээ нь дэлхийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн 85 хувь төрийн хяналтад байдаг байна) үүнтэй холбоотой юм.

Үндсэн (зарчмын) асуудлаа эхлээд зөв шийдвэрлэж чадаагүй бол алхам тутамд тулгарах үй олон жижиг гэхээр асуудалд янз бүрээр (буруу,зөв) хандахад хүрч, явцын дунд тэдгээр олон өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэр, шийдэлдээ эргэж ороогдон эцэстээ учраа олохоо байж бүх асуудал, үйл явцыг гацаа мухардалд оруулан ноцтой алдаа, завхрал гаргадаг нь бараг л жам ёсны зүйл. Яг нэг ийм олиггүй байдал манай үндэсний эдийн засаг, түүний эрдэс баялгийн салбарыг тойрсонгүй, одоог хүртэл эрс шийдлээ хүлээн дуншсаар байна. Байдал ашигт малтмалын салбарын хэмжээнд ч, зарим тодорхой төслийн хүрээнд ч жирийн ард иргэдийн сэтгэл санааг түгшээх хүртлээ даамжирч хурцаджээ.

Чухал шаардлагатай салбар,чиглэлээр гадны хөрөнгө оруулагчдыг татаж өөрт нэн ашигтайгаар хамтран ажиллах нь аливаа улс орны хөгжлийн нэг хурдасгуур яах аргагүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ эдийн засгаа нээлттэй болгож байна гээд тухайн үед импортын татварыг тэглэн дотоодын зах зээлийг задгайруулан дампууруулах замд оруулж байсантай яг адилаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр эрдэс баялгаа гадныханд эх захгүй тараан түгээх, эцэст нь цөлмүүлэн мөлжүүлэх эрхзүй, эдийн засгийн нөхцлийг бий болгох нь үндэсний хөгжлийн эрмэлзэл, бодлогод яав ч таарахгүй.

Бүхнийг хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Бодит амьдрал хэт олон талт, баялаг байдаг. Тиймээс ч хуульд хориглоогүй бол зөвшөөрнө гэж өрөөсгөлөөр дүгнэж болдоггүйтэй адилаар улс орны эрх ашигт хохирол учруулах үйлдлийг хуулийн заалт алга байснаар хаацайлан зөвтгөх аргагүй юм.  Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хэдхэн жилийн дотор хайгуулын ба ашиглалтын лицензийг замбараагүй тараан олгож төрийн хараа хяналтаас гаргасан нь ажлын хариуцлагын бүү хэл, хуульзүйн хувьд ч хүлээн зөвшөөрөхөд бэрх, үндэсний ч, салбарын ч хөгжлийн бодлогын хувьд ноцтой үр дагавартай алдаа, завхрал болсон. Үүний горыг одоо монголчууд нийтээрээ мэдрэн амсч байна.

Ашигт малтмалын салбарын хөгжил дэвшлээрээ  дэлхийд үлгэр дууриал болохуйц орнуудад гол нөөц баялгаа төрийн мэдэлд үлдээж өөрийн хүчээр ашиглах, хүч чадвар аргагүй дутвал гадны хөрөнгө оруулагчдыг хооронд нь уралдуулан байж хамгийн тохиромжтойг нь “бага” түншээрээ сонгон авах, тэр ч байтугай орд илэрцийн хувьд хамгийн ирээдүйтэй гэх газар, талбайдаа гадны хөрөнгө оруулагчдаар хайгуул хийлгэхээс зайлсхийх  далд бодлого баримталдаг нь нууц биш юм.

Анхаарвал зохих өөр нэг асуудал бол үндэсний эдийн засагт ашигт малтмалын салбарын эзлэх байр суурийн зохистой хэмжээ, харьцаа юм. Экспортын 70 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 хувь уул уурхайн салбарт ногдох боллоо гэдэг нь нэг их сайрхан яриад байх зүйл огт биш бөгөөд угтаа манай улс орон бусдын түүхий эдийн хавсарга болох, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс улам ихээр хараат болох аюултай гольдрилд улам лав шигдэн орж нийт эдийн засгийн бүтэц, тэнцвэржилт, үйлдвэржилтийн үйл явцад ноцтой гажиг, доголдол үүсч байна гэсэн үг. Байдал ийм байхад уул уурхайн үйлдвэрлэлийг цагийн аясаар зөөнд нь тавих, эсвэл хавтгайд нь хөхиүлэн дэмжих нь буруу. Хайхарч үзэлгүйгээр урсгалаар нь явуулсны хамгийн наад захын үр дагавар бол олон мянгаараа тоологдох болсон “нинжа” нарын амьдрал,хувь заяаны асуудал юм. Гар аргаар алт олборлох тухай хууль гаргаад өөр дорвитой арга хэмжээ авалгүй орхивол байдлыг сайжруулах биш, харин ч улам ужигруулах магадлалтай болчихсон байна.

Бодлогогүй олгосон лицензүүдийн  хувьд цаашид гурван үндсэн зам бий:
а) лицензүүдийг хэвээр нь үлдээх.
б) зарим лицензийг цуцлах,
в) бүх лицензийг хүчингүй болгож шинэ бодлогоор олгох.

Эхний хувилбараар явбал улс орон одоо ба ирээдүйд асар их хохирол амсах тул ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Зарим лицензийг цуцлах нь хамгийн ноцтой гэгдэх алдааг засаж залруулах “дундаж” хувилбар юм. Үүнд улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордууд болон металлын агуулга, нөөцөөрөө сор болсон ордын лицензийг төрийн мэдэлд эгүүлэн авах, улс оронд тун хохиролтой нөхцөл,болзлоор хийгдсэн тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах  асуудал юуны өмнө орно.  Байдлыг үндсээр нь засч сайжруулъя гэвэл гуравдахь эрс шийдэмгий арга замыг сонгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулснаас дүгнэхэд одоогийн эрх баригчдад улс төрийн тийм хүсэл, зориг байгаа эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Ямар ч байсан бодлогогүй олгосон хайгуулын ба ялангуяа ашиглалтын лицензийн асуудлаа даруй цэгцлэхгүйгээр улс орон цааш нь хэвийн явж, хөгжиж чадахгүй байдал үүсчихээд байна.

“Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад стратегийн ач холбогдолтой орд газрын ашиглалтад төр оролцохоор заасан. Эдүгээ төрийн давамгай оролцоо гэдгийг  хэрхэн бодитойгоор тодорхойлох вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Үүний хариулт нь тухайн ордыг ашиглах компанийн зах зээлийн үнэ хэр өндөр байх, түүнийг хэрхэн бодитойгоор тодорхойлохоос хамаарна. Компанийн үнийг тодорхойлдог хэд хэдэн арга байдаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь ирээдүйн орлогыг үнэлэх арга (discounted-cash-flow-model) юм. Ирээдүйн орлого нь ашигт малтмалын нөөцийн хэмжээ, гарах бүтээгдэхүүний дэлхийн зах  зээлийн үнэ, өөрийн өртөг, үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны төвшин гэх мэт эдийн засгийн ерөнхий болон нарийвчилсан үзүүлэлтээс хамааралтай. Бас төслийг хэрхэн санхүүжүүлэх, үйлдвэрлэлийн техникийн ба нийгмийн ямар дэд бүтцийг байгуулахад хэн хэр хэмжээгээр оролцох, төслийн эрсдлийг хэрхэн үнэлэх  гэх зэрэг асуудал үүнд нөлөөлнө.

Олон хувьсагдахуунтай тэгшитгэл бодож байгаатай адил асуудал учраас зөв шийдлийг олоход нэлээд амаргүй, гэхдээ боломжтой. Онцгой чухал хувьсагдахуунд  бүтээгдэхүүний суурь үнэ (дэлхийн зах зээлийн дундаж үнэ) орно. Түүнийг бага зэрэг өөрчлөхөд л тооцооны дүнд том ялгаа гарна. Ихээхэн өөрчилвөл бүр тэнгэр,газар шиг зөрүү үүснэ.

Дэлхийн зах зээл дээр 2003 оноос эрчтэй эхэлсэн түүхий эдийн үнийн өсөлтийн үе нэлээд удаан хадгалагдах магадлал өндөр байна. Түүхэнд тэмдэглэгдсэн үнийн томоохон мөчлөгүүдээс үзвэл хамгийн богино нь 15 жил, хамгийн удаан нь 23 жил үргэлжилсэн байдаг тухай судалгаа бий. Ихэнх шинжээч энэ удаагийн өндөр үнийн үеийг удаан үргэлжлэх супер мөчлөг  (super cycle) хэмээн дүгнэж буй. Зэсийн хувьд өнгөрсөн зууны 70-аад оны эхэн үеэс 2002 он хүртэл үргэлжилсэн үнийн бууралт зогсч удаан хугацааны өсөлтөөр солигдлоо гэж жил тутам Чили улсад зохиогддог Дэлхийн зэсийн бага хуралд оролцогчид өнгөрсөн  дөрөвдүгээр сард дүгнэсэн байна. Цэвэр зэсийн дундаж үнэ нэг тоннд 5800 ам.доллараас арай доогуур байх болно хэмээн дээрх чуулганыг зохион байгуулдаг Лондонгийн CRU пүүсийн шинжээч таамаглажээ. Алтны хувьд ч дундаж үнэ нь ихээхэн өндөр  байх магадлалтай аж. Болгоомжтой дуугардаг шинжээчид хүртэл энэ оны эцэст нэг унцын үнэ 750-800 ам.доллар болж магадгүй гэж үзэж байгаа. Ойрын ирээдүйд үнэ 1000 ам.доллар хол даваад талийж өгнө гэх ч нэр хүндтэй мэргэжилтнүүд бий.

Нөгөөтэйгүүр ашгийн төвшинд чухал нөлөөтэй татвар, хураамжийн ачаалал ямар байх нь татварын хууль тогтоомжоос (ямар ч байсан эхний хэдэн жилдээ) шууд хамаарна. Компанийн үнэлгээг нэлээд бодитой хийсний дараа ирээдүйд хуваарилж болох ашгийн үнэмлэхүй хэмжээ, төвшинд тулгуурлан төрийн оролцооны хэмжээг тодорхойлж болно.
Ер нь нарийн судалгаа, тооцоогүйгээр гудамжинд наймаа хийж байгаа мэт ашиг, орлогоо тэнцүүхэн хуваая, 51:49-өөр тохиролцъё  гэх нь хэтэрхий болхи, үрэлгэн, хариуцлагагүй хэрэг болно.

Олон улсын бизнест луужин болдог бодитой нэг үзүүлэлт байдаг нь дэлхийн хөрөнгийн зах зээл болон тухайн салбарын үйлдвэрлэлийн ашгийн дундаж төвшин юм. Капиталын зах зээл дээр урт хугацаагаар (10-15 жилээр) доллар,еврогоор гаргасан төрийн ба компанийн бондын жилийн хүү хөгжингүй орнуудын хувьд 4-7 хувь, эрсдэл өндөртэй гэх орнуудын хувьд ихэнхдээ 6-9 хувиас хэтрэхгүй байна. Дэлхийн тэргүүлэх банкууд өөрийн хөрөнгөнд ногдох татварын дараах ашгийн хэмжээг зарим нэг жилд 20 хувиас дээш гаргавал гайхамшигтай өгөөжтэй ажилласанд тооцогдож байна. Ингэж чадаж байгаа нь тун цөөн.

Одоо дэлхий дээр биржээс гадуур хөрөнгө оруулалт хийдэг 550 орчим хувийн хөрөнгийн  сан (private-equity-fund) үйл ажиллагаа явуулж зөвхөн 2006 онд 270 тэрбум евротой тэнцэх хөрөнгө шинээр төвлөрүүлэх мэдээ байгаа бөгөөд эдгээр санг тун өндөр ашигтай  ажиллаж чаддаг гэж үздэг. Тэгвэл Европын орнуудад бүртгэгдсэн ийм төрлийн бүх  сангийн шилдэг 25 хувь нь 1980 оноос хойш жилд дунджаар 28,7 хувийн (татварын өмнөх) ашигтай ажилласан судалгаа байна. Дэлхийн хувьцааны зах зээлийн олон жилийн дундаж (татварын өмнөх) ашиг үүнээс хамаагүй доогуур буюу  10 хувь орчимд эргэлддэг мэдээ бий. Ихээхэн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд шилдэг менежерүүд ажилладаг Hedge funds хэмээх сангуудын ашгийн дундаж төвшин бүр хүнд хэлэхээс ч ичмээр бага байдаг гэдэг.

Дэлхийн уул уурхайн салбарын ашгийн олон жилийн дундаж төвшин ч 10 хувь орчимд эргэлддэг тухай мэдээ бий.  Эдгээрийг баримжаа болгодоггүй юм аа гэхэд дэлхийн зэс, алтны үйлдвэрлэлийн ашгийн дундаж төвшинг баримталж болно. ”Эрдэнэт” болон эх орны алтны уурхайнуудын ашгийн төвшинг ч харж болно. Дэлхий даяар өрсөлдөөн асар ихээр ширүүссэн өнөөгийн үед 20 хүрэх хувийн ашиг олно гэдэг аль ч салбарын томоохон үйлдвэрлэл, бизнест үнэхээр маш өндөр үзүүлэлт гэж дүгнэх бүрэн үндэстэй.

Тэгэхлээр ашгийн төвшний эдгээр бодит байдал, үзүүлэлтийг баримжаа, үндэслэл болгон авах замаар гадаадын хөрөнгө оруулагчийн оролцооны доод, дээд хэмжээг (эрсдлийн урамшууллыг нь харгалзан) барагцаалан тооцож, улмаар төрийн оролцооны дээд, доод  хувь хэмжээг тодорхойлж болно.Олон улсын практик ч ийм байгаа. 

Төрийн давамгай оролцоог хангах өөр нэг арга зам бол төсөл хэрэгжүүлэх эхний тодорхой хугацаанд, эсвэл биет бүтээгдэхүүний тодорхой хэмжээг үйлдвэрлэн гаргатал талуудын оролцоог тэнцүүвтэр байлгаад дараа нь төр дийлэнх хэсгийг мэдэлдээ шилжүүлэн авахаар анхнаасаа тохиролцох явдал юм. Түүхий эдийн баялгаа зүй зохистой ашиглах талаараа (энд мөн хөгжлийн сан байгуулж зарцуулах асуудал орно) дэлхийн жишиг болсон хөгжингүй Норвеги улсын туршлага үүнийг харуулна. Дашрамд хэлэхэд, тэнд 1972 онд парламентаас баталсан хуулийн дагуу төрийн өмчийн компани “Статойл” нь  газрын тосны ордыг ашиглахад доод тал нь 50 хувиар оролцдог байна.

Төрийн давамгай оролцоог хамтарсан үйлдвэр/компани  байгуулах үндсэн дээр баталгаажуулах нь зүйтэй. Энэ бол өмчийн ашиглалт, зарцуулалтыг эзнийх нь хяналтад байлгах, гадаадын техник-технологи, менежментийн шинэ “ноу-хау”-г шуурхай нэвтрүүлэн эзэмших, хариуцлага, эрсдэлийг хамтран хуваалцаж үүрэх, элдэв маргаан будлианаас сэрэмжлэх хамгийн шалгарсан арга хэлбэр мөн. Хамтарсан үйлдвэрийн хувьцааны тодорхой хэсгийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр гүйлгээнд оруулах нь нэмэлт хөрөнгө босгох бас нэг арга хэрэгсэл. Монголын эрдэс баялгийн компанийг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж үнэлүүлвэл  хөрөнгийн шинэ эх үүсвэрийг бодитойгоор нээж ашиглахаас гадна үндэсний үйлдвэрлэл, санхүүгийн зах зээлийн чадавхийг нэмэгдүүлэн  дэлхийн аж ахуйтай нягт холбоход том дэвшил болно. Хамтарсан үйлдвэр/компани байгуулах нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд ч урт удаан хугацаанд (эхлээд доод тал нь 10-15 жил) баталгаатай нөхцлөөр тогтвортой хамтран ажиллах нэн тааламжтай боломж олгодгийг онцлон дурдах хэрэгтэй.

Ер нь Монголын төр сор болсон ордууддаа түшиглэн үндэсний (хувьцаат) компаниуд байгуулж гадаадын мэргэжлийн байгууллага,шинжээчидтэй хамтран ажиллах үндсэн дээр дэлхийн зах зээлээс хөрөнгө татах, гадаадын хөрөнгийн бирж дээр гарах арга хэмжээг одооноос эхлүүлэх нь зүйтэй байгаа юм. Дэлхий дээр 10-20 хувийн ашиг эрэлхийлсэн сул капитал бүр зөндөө байна.

Байгаль орчинд огт хал балгүй уул уурхай, хүнд аж үйлдвэр байхгүйгээс хойш экологийн тэнцвэрийн хувьд ихээхэн эмзэг манай орны нөхцөлд уул уурхайн үйлдвэрлэлийг хэт өргөжүүлэлгүй, үр өгөөж дорвитой цөөн томоохон ордод хүч хөрөнгөө төвлөрүүлэн ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхлэх экологийн хязгаарлалт гэсэн ойлголт шинжлэх ухаанд бий. Энэ талаараа Монгол орон хөгжлийнх нь загвар,замыг дуурайх гэж ядаад байгаа барууны хөгжингүй орнуудаас ихээхэн онцлогтой. Энэ онцлогтоо нийцүүлж бид уул уурхайн  үйлдвэрлэлээ, цаашилбал үндэсний эдийн засгийн системээ хөгжүүлвэл амжилтад хүрэх юм.