Оросын тал

A- A A+
Оросын тал

Оросын тал "Эрдэнэт"-ийг 50:50 хувийн оролцоотой болгох санал тавьжээ (2006.11.21)

Yйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Ц.Даваадоржтой  Ардын эрх сонины сэтгүүлч  226 /504/ Ж.Нямсүрэнгийн хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна. Энэ ярилцлагад  "Эрдэнэт",  Төмөртэйн орд газрын лицензийн маргаан, БНХАУ-аас Оюутолгой, Тавантолгой гэх мэт ордуудад хамтран ажиллахаар санал тавьж буй зэрэг өнөөдөр уул уурхайн салбарын олны анхаарал татсан асуудлуудаар ярилцжээ.
-"Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөлийн хурлаар ямар, ямар асуудал хэлэлцэв. Мэдээж энэ хурлын талаар олон нийт нэлээд сонирхож байгаа л даа. Уг нь зөвлөл жил тутам хуралдах ёстой. Гэтэл энэ жил хоёр дараалан хуралдлаа?

-Зөвлөл жил тутам хуралдах ёстой. Гэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөл сүүлийн хоёр жил бараг хуралдаагүй юм билээ. Тиймээс 35 дахь хурлыг энэ жилийн өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард хийсэн. Харин 36 дахь хурал нь саяхан болж өнгөрлөө. Энэ хурлаар "Эрдэнэт" үйлдвэр 2005 он болон 2006 оны эхний есдүгээр сард ямар ашигтай ажилласан талаар дүгнэж, 2007 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн 2015 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойллоо.
"Эрдэнэт" үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах томоохон хэмжээний үйлдвэр байгуулах шийдвэрийг зөвлөлийн хурлаас гаргасан. Ийм үйлдвэр байгуулснаар "Эрдэнэт"-ээс олох ашиг хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь олон талын ашигтай. Энэ үйлдвэрийг дагаад зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрүүд ч байгуулагдах нь ойлгомжтой. Эрдэнэт хотын эдийн засагт ч ашигтай байх болно.

-Энэ хурлаар ашгаа хуваарилсан гэсэн байхаа. Ер нь "Эрдэнэт " 2005 онд хэчнээн төгрөгийн ашигтай ажилласан байх юм бэ?

-Тийм ээ. "Эрдэнэт" үйлдвэр 2005 онд 478 тэрбум, 156 сая төгрөгийн ашигтай ажилласан байсан. Уг нь бол 51:49 хувийн харьцаагаар ашгаа хуваах ёстой л доо.
Гэхдээ энэ удаад ашгийн гуравны нэгийг нь "Эрдэнэт" үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхэд зарцуулахаар болсон. Тэгээд үлдсэн гуравны хоёрыг нь Орос, Монголын тал хувааж авахаар тохиролцсон байгаа. Мөн энэ ашгаасаа 10 гаруй сая ам.долларыг Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулахаар шийдвэрлэсэн.

-"Эрдэнэт" үйлдвэр дэх Монгол Оросын 49:51 гэсэн хувийн маргаан өрнөж магадгүй гэсэн "салхи" үе үе дэгддэг. Энэ удаад энэ талаар асуудал хөндөгдөв үү?

-"Эрдэнэт" үйлдвэрийн эрх зүйн байдлын талаар хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр 2003 онд хийгдсэн. Уг хэлэлцээрээр "Эрдэнэт" үйлдвэрээс олох ашгийг 51:49 хувийн харьцаатайгаар хуваарилж байна гэсэн манай талд ашигтай нөхцөлтэйгөөр тус үйлдвэрийг аж ахуйн нэгж байгууллагын хэлбэрт шилжүүлсэн байдаг юм.
Хоёр улсын зөвлөлийн 36 дахь хурлаар хэлэлцсэн. Дүрмийн асуудал нэлээд хурцадмал болсон. "Эрдэнэт" үйлдвэр 51:49 хувийн оролцоотой учраас Монголын тал ерөнхий захирлаа өөрсдөө томилох ёстой. Манайхаас томилогдсон захирал бүх ажлаа хариуцах болно. Компанийн үйл ажиллагаа ерөнхий захирлын шийдвэрээр явна. Эргээд хариуцлага тооцоход ч амар гэсэн байр сууриа манай тал илэрхийлсэн. Харин Оросын тал 50:50 хувийн оролцоотой хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг санал тавьсан юм.

-Монголчууд харин ч 51 хувиа ахиулах ёстой гэж иргэний хөдөлгөөнийхэн мэдэгддэг. Гэтэл асуу¬дал бүр өөрөөр эргэж байгаа юм биш биз?

-Мэдээж, бид өөрсдийн хувиа хадгалахын төлөө тууштай зогссон л доо. "Хамтын удирдлагын зарчмыг дүрэмдээ тусгахгүй бол бид өмнөх шийдвэрүүдээсээ буцна. Тэр ч бүү хэл өөрийнхөө мэдлийн 49 хувийг бусдад зарах болно" гэж Оросын талынхан хэлсэн. Монголын талын төлөөлөгчид хариуд нь "Эрдэнэт" бол Монголын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс"51:49-ийн харьцаа цаашид ч хэвээрээ байна. Хэрэв танайх хувьцаагаа зарвал манайх ч худалдаж авч болно. "Эрдэнэт"-ийг 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэр болгоход бид бэлэн байна" гэж байр сууриндаа хатуу зогссон. Тиймээс 51:49 хувийн зарчмаар Монголын талын гаргасан саналаар явах тохиролцоонд хүрсэн байгаа.

-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нэг хувиа Оросын талд бараг бэлэглэчих шахсан сураг сонсогдсон?

-Оросын тал "Эрдэнэт" үйлдвэрийг 50:50 хувийн харьцаатайгаар шийдвэрлэх саналаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт тавьсан юм билээ. Дүрмээ батлах явцад байдал хурцдаад ирэх үед Д.Сугар дарга "Оросын талын саналыг хүлээгээд авчихбал яасан юм бэ" гэж байсан л даа. Үйлдвэр худалдааны яамыг төлөөлж оролцож байсныхаа хувьд би "Энэ бол байж болохгүй зүйл" гэсэн хатуу байр сууриар хандсан.

-"Монросцветмет"-ийн талаар зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гарсан юм бэ. Ерөнхий захирал О.Эрдэнэ болон Оросын талаас томилогдсон нэгдүгээр орлогчийг ажлаас нь түдгэлзүүлсэн гээд байгаа шүү дээ. Энд бас Асгатын мөнгөний орд газрын лицензийн асуудал хөндөгдөж байгаа гэсэн?

-"Монросцветмет"-ийн удирдлагуудын хариуцлагагүйгээс болж Асгатын мөнгөний ордын лиценз хүчингүй болсон нь үнэн.
Тиймээс манай тал Асгатын мөн¬гөний ордын бодит байдлын талаар Оросын талд мэдэгдэл хийсэн юм. Асгатын мөнгөний ордны лицензийг цуцлагдах болсон шалтгаан нөхцөлийг тусад нь авч хэлэлцсэн л дээ.
"Монросцветмет"-ийн ерөнхий захирлаар О.Эрдэнээг томилсон асуудлыг дахин хянаж үзэх шийдвэрийг Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс гаргасан талаар Төрийн өмчийн хороо уг хуралдаан дээр мэдэгдэл хийсэн. Зөвлөлийн хуралдаан дээр Оросын тал "Монросцветмет"-ийн удирдлагын асуудалд хатуу шаардлага тавьсан байгаа. Асгатын мөнгөний ордны лицензийг цуцлуулсан хэрнээ "Монросцветмет"-ийн 2015 он хүртлэх хэтийн төлөвлөгөөг тус орд дээр тулгуурлаж хийснээ тэд Оросын талд танилцуулсан юм билээ. Оросууд үүнд их эмзэглэсэн л дээ. Тэд "биднийг дорд үзэж байна" гэж дүгнэж буйгаа нуугаагүй. Тэгээд зөвлөлийн хурлаас хоёр удирдлагыг хатуу донгодох шийдвэр гаргасан. Мөн тусгайлсан хяналтын комисс гаргаж газар дээр нь байдлыг судлуулаад цаашид "Монросцветмет"-ийн удирдлагуудад ямар арга хэмжээ авахыг шийдэхээр болсон юм.

-Төмөртэйн ордны лицензны маргааныг шийдвэрлэх шүүх хурал хойшлогдсон. Гэтэл тус ордны лицензийг эзэмшиж байсан Л.Туяа, Л.Баярцогт нар танай яамыг шүүхэд өгчихсөн тухай яригдах боллоо?

-Төмөртэй ордыг ашиглаж байсан "ЛТБ" компани Монгол Улсын хуулийг зөрчсөн учраас АМГТХЭГ-ын Кадастрын алба лицензийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ компанийн 30 хувийг нь Л.Баярцогт гэгч, үлдсэн 70 хувийг нь Хятадын иргэн эзэмшдэг юм билээ. "ЛТБ" компани Хятад руу 380 мянган тонн хүдэр гаргасан гэсэн баримт бий. Тэр ч бүү хэл 150 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хэрнээ татварт 140 мянган ам.доллар л тушаасан байсан. Энэ чинь Монгол Улсыг цөлмөж байгаа хэрэг шүү дээ. Тус компани маш олон ноцтой зөрчил гаргасан нь хэд хэдэн удаагийн шалгалтаар нотлогдсон байдаг. Тэсэлгээний ажлын зөвшөөрөлгүй хэрнээ тэсэлгээ хийж байсан.
Түүнчлэн зөвшөөрөгдсөн талбайнаас гадуур үйл ажиллагаа эрхлэж байгаад баригдсан. Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан гээд тоочвол тус компанийн лицензийг цуцлах маш олон шалтгаан байсан гэхэд болно.
Өнгөрсөн долоо хоногт манай сайд Хятадад айлчлах үеэрээ ч "ЛТБ" компани Монгол Улсын хуулийг зөрчсөн учраас лицензийг нь цуцалсан гэдгийг Хятадын хөгжил шинэчлэлийн хороонд мэдэгдсэн. Тэд ч бидний байр суурийг хүндэтгэж үзсэн.

-Б.Жаргалсайхан сайд Хятадад албан ёсны айлчлал хийх үеэрээ "Хятадын уул уурхай -2006" арга хэмжээнд оролцоод ирсэн. Энэ арга хэмжээнд оролцсон хүний тань хувьд асуухад явсан ажил бүтэмжтэй юү?

-Үйлдвэр, худалдааны сайд өнгөрсөн долоо хоногт Хятадад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Хятадын газар, баялгийн яам нь уул уурхай асуудлаа хариуцдаг юм. Энэ яамны сайдтай уулзаж, Монголын эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахаар болсон. Хятадын хөгжил шинэчлэлийн хороо гэж байдаг. Уг хороо нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт гэх мэт бүхий л асуудлыг шийддэг гэсэн. Тус хорооны удирдлагуудтай ч бид уулзсан.
Сайд "Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллахад бэлэн. Гэхдээ Монгол Улсын хуулийн дагуу, татвар хураамжийг цагт нь төлөөд, Монгол Улсад ашигтай нөхцөлөөр ажиллаж чадах томоохон компанитай хамтарч ажиллана" гэдгээ хэлсэн. Сүүлийн үед Хятадын жижиг компаниуд хууль дүрэм зөрчих явдал нэлээд гарах болсон учраас лицензийг цуцалж байгаа талаар ярьсан байгаа. Сайдын айлчлалын үеэр Бээжинд "China-Mining 2006" арга хэмжээ болсон юм. Энэ хуралд Монголын эрдэс баялгийн салбарын талаар сайд илтгэл тавьсан.
Мөн "Марубин", "Иточү", "Б Эйч Б", "Шинхуа" зэрэг дэлхийд алдартай томоохон компанийн удирдлагуудтай уулзсан. Хятадын "Шингхуа" групп Тавантолгойн төсөлд олон улсын корпорациудтай хамтарч ажиллах санал тавьж байсан. Бүх Хятадын хөнгөн цагааны корпораци Оюутолгойн төсөлд хамтарч ажиллах санал гаргаж байлаа. Энэ мэтчилэнгээр яривал сайдын энэ удаагийн айлчлалыг үр дүнтэй болсон гэж дүгнэж болно.