Хүн амын тооноос хамаарч тойргийн мандат харилцан адилгүй байна (2007.02.09)
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулгын “Зууны мэдээ” сонинд /2007-02-09/ ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.
-Улс төрийн намууд сонгуульд бэлдээд эхэлчихжээ. СЕХ 2008 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэлээ базааж эхэлсэн үү?
-УИХ-ын сонгуулийн хуулийг өнгөрсөн онд шинээр баталсан. Тийм болохоор 2008 онд болох УИХ-ын сонгуулийг шинэ хуулийн дагуу зохион байгуулах учиртай. СЕХ 2007 оныг ирэх онд болох сонгуулийн бэлтгэл ажлыг хангах жил болгон зарласан. Манайхан сонгууль гэхээр баяр наадам, шоу гэж ойлгоод байдаг. Нийгмийн бүх төвшинд ийм сэтгэлгээ байдгийг нуугаад хэрэггүй байх. 2008 оны УИХ-ын сонгуулийг шинээр томилогдсон СЕХ шинэ хуулийн хүрээнд, шинэ арга барилаар зохион байгуулж явуулна. Ингэхийн тулд бэлтгэл ажлыг маш сайн хийх шаардлага байгаа. Улс төрийн намууд өөрсдийн дүрэм журмын хүрээнд хэнээр ч хэлүүлэлгүй сонгуульдаа бэлдэх нь тодорхой. Гэхдээ сонгууль бол төрийн ажил. Тэр тусмаа онцгой хариуцлагатай ажил учраас хуулийг гажуудуулахгүйн үүднээс бэлтгэл ажил маш чухал.
-Олон нийт шинэ хуулийн талаар хангалттай мэдээлэл авч чадсан болов уу?
-Хуучин хууль хүчингүй болсон. УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийг олон нийтэд сурталчлахаас ажлаа эхэлж байна. Монголын үндэсний радио, телевизээр хоёр удаа шууд ярилцлага хийсэн. Цаашид ч хууль сурталчлах ажлыг шат дараатайгаар хийх болно.
-УИХ-аас сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэр гаргасан. Тухайлбал, томсгосон тойрог гэдгийг яаж ойлгох вэ?
-Шинэ хуулийн амин сүнс нь энэ байгаа юм. УИХ-ын тойргийг олон мандаттайгаар зохион байгуулахаар болсон. Таны хэлснээр томсгосон тойргуудад санал хураалт явуулна гэсэн үг. Томсгосон тойрог гэдгийг жишээн дээр тайлбарлавал хүмүүст илүү ойлгомжтой байх болов уу. Жишээлбэл, Хөвсгөл аймаг УИХ-ын дөрвөн тойрогтой. Энэ дөрвөн тойрогт намуудын нэр дэвшигчид өрсөлддөг байсан. Одоо шинэ хуулиар Хөвсгөл аймаг бүхэлдээ нэг тойрог болно гэсэн үг. Хүн амынхаа тооноос хамаараад тойргуудын мандат харилцан адилгүй байх нь тодорхой. Хүн амын тоог харгалзан тойрог байгуулах саналыг СЕХ боловсруулж УИХ-д өргөн барина. УИХ манай саналыг хэлэлцээд томсгосон 76 тойргийг батлах учиртай. Тойрог яаж ч томорсон тоо нь 76 хэвээрээ л байна. Яагаад гэвэл УИХ 76 гишүүнтэй байна гэсэн Yндсэн хуулийн заалт бий. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй арав гаруй улс төрийн нам байна. Ойролцоогоор арав гаруй нам ирэх сонгуульд оролцоно гэж таавал Хөвсгөлд 40-өөд хүн нэр дэвшиж таарна. Сонгуулийн эцсийн дүн гарахад сонгогчдоос хамгийн олон санал авсан дөрвөн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно.
-Сонгогч мандатын тоогоор санал дугуйлна гэсэн үг үү?
-Яг тийм. Тухайн тойрог хэдэн мандаттай байна, яг тэр тоогоор сонгогч саналаа дугуйлна. Намуудаас нэр дэвшсэн бүх хүний нэр бичигдэх учраас саналын хуудас нэлээн том болох шинжтэй. Бидний урьдчилан тооцсоноор А4 хэмжээтэй цаасан дээр багтахгүй байгаа. Хүн цөөтэй аймаг хоёр мандаттай ч байж болно. Тийм болохоор сонгогчид тойргийнхоо мандатын тоогоор санал дугуйлах юм.
-Сонгуулийг баяр ёслол гэж ойлгох хандлага байдгийг та хэллээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа хэтэрхий шоу хэлбэрээр явуулдгаас ийм байдалд хүрсэн. Шинэ хуулиар шоуг хориглосон байх аа?
-Товчхон хэлэхэд хуучин хуулиар бол болохгүй юм байгаагүй. Нэр дэвшигчид морь уралдуулж, бэлэг тараагаад л, эмнэлгийн үзлэг явуулж болдог байсан. Хуулиар хориглоогүй болохоор бүх юм чөлөөтэй байв. УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар энэ бүхнийг хориглож өгсөн. Нэр дэвшигчдийг өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулах үндсэн ажлаа хий гэж хуульчилсан. Элдэв найр наадам, шоу цэнгээн хийж болохгүй гээд хуулиар хориглосон.
-Нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацааг богиносгосноор ямар эерэг үр дүн гарч болох вэ?
-Нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа өмнөх хуулиар 75 хоног байсан. Шинэ хуульд зааснаар сурталчилгааг 45 хоногийн хугацаанд хийхээр болсон. Гэхдээ намууд нэр дэвшүүлэн, нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсны дараа сурталчилгаанд 20 гаруй хоног ногдож байгаа. Сонгуулийн ерөнхий кампани 45 хоногт багтах юм.
-УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд дараагийн хүн автоматаар УИХ-ын гишүүн болох уу. Эсвэл заавал нөхөн сонгууль зарлах уу?
-Гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль явуулахаар хуульчлагдсан. 1992 оны сонгуулийн хуульд дараагийнх нь (саналын хувиар) хүн автоматаар гишүүн болдог байсан.
-Тангараг өргөсөн төрийн албан хаагчид сонгуулийн үеэр маш их улстөрждөг. Тэгсэн атлаа ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрдөгт хүмүүс дургүй. Yүнийг таслан зогсоох ямар арга байна вэ?
-Төрийн албан хаагчдыг сонгуульд оролцох асуудлыг шинэ хуулиар нэлээн журамлаж өгсөн. Төрийн албан хаагч хэрнээ сонгуульд оролцмоор байвал ажлаасаа гар гэдэг шаардлага тавина. Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ажлаасаа гарах ёстой. Yүнээс гадна төрийн албан хаагчдыг сонгуулийн кампанит ажилд оролцохыг хуулиар хориглосон байдаг.
-Хориглосон л гэдэг. Гэтэл хууль зөрчсөн төрийн албан хаагчийн толгойг илээд л өнгөрдөг шүү дээ?
-Хэрэв хууль зөрчвөл ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Шинэ хуулийн үндсэн зарчим бол төрийн алба төрийнхөөрөө, улс төр нь улс төрөөрөө байя гэж байгаа.
-Авилгад өртсөн байдал, ёс суртахууны байдал гээд л сонгуульд нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуур тавихаар болсон санагдана?
-Шинэ хуульд 2-3 гол шалгуурыг хуульчилж өгсөн. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй байх ёстой. Хоёрдугаарт, татварын ямар нэг өр төлбөргүй байх. Гуравдугаарт, шүүхээс оноосон ялгүй байх шаардлагыг нэр дэвшигчдэд тавина. Гэхдээ өмнө нь ял шийтгэл аваад түүнийгээ эдэлж дууссан байвал сүүлчийн шаардлагад хамаарахгүй. Яг сонгуульд нэр дэвших үедээ ялгүй байх ёстой юм. Энэ бүхэнд СЕХ хяналт тавина. Yүнээс өөр олон шаардлага бий. Хэрэв тухайн нэр дэвшигч хуулиар заагдсан шалгуурыг хангаагүй тохиолдолд СЕХ бүртгэхгүй байх эрхтэй. Ийм шалгууруудыг давсан хүмүүс нэлээн хариуцлагатай хууль тогтоогч болно гэж найдаж байгаа.
-УИХ-ын нэг гишүүн хэчнээн сонгогчийг төлөөлөх вэ. Энэ талаар судалгаа хийв үү?
-Бид шинэ тойрог байгуулах төслөө боловсруулж байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг илгээж хүн амынх нь тоог нэгтгэж байгаа. Түүнчилэн Yндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс хүн амын тоог хамгийн сүүлийн үеийн байдлаар авч эхэлсэн. Энэ бүх тоог нэгтгээд Монгол Улсын хүн амын тоо яг хэд байгааг нарийвчлан гаргана. Ингээд бодитой тоогоо 76 тойрогтоо хуваах болов уу гэж бодож байна. Гэхдээ нийслэлийн болон хөдөөгийн тойрогт ногдох сонгогчийн тоог ялгаатай тогтоохоор хуульчилсан. Хүн амынхаа нягтарлыг харсан хэрэг. Энэ бүхэн тодорхой болсны дараа тойрог байгуулах саналаа эцэслэн боловсруулна.
-Сонгогчдын тоо өчнөөн янзаар гардаг ичмээр жишээ олон байгаа. Yүнээс болоод 2004 оны сонгуулийн үеэр бөөн хэрүүл дэгдсэн. Иргэнээ цэгцтэйхэн бүртгэж чаддаггүй нь хэний буруу юм бэ?
-Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүн ам, иргэнээ тоолох нь Засгийн газрын хийх ёстой ажил. Нарийвчилбал баг, хорооны өрх, хүн амын бүртгэлийг хийж байх ёстой юм. Засгийн газар хүнээ бүртгэх асуудалд онцгой анхаармаар байгааг би мөн ч олон хэлж байна даа. Монгол Улсад эд хөрөнгө, мал, ан амьтан гээд тоолохгүй юм алга. Ганцхан хүнээ тоолж чаддаггүй. Yүнийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хүнээ тодорхой гаргаж байж төрийн бодлогоо тодорхойлох учиртай. Хүн амын бүртгэлийн тогтолцоог эрс сайжруулах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад танилцуулсан. 2007 онд багтаагаад хүн амын тооллого, иргэний шинэчилсэн бүртгэл явуулъя гэдэг саналыг Ерөнхий сайдад тавьсан. Хуучин цагт хөдөлмөр паспортын үзлэг гэж болдог байлаа. Хууль хяналтын байгууллагынхан голдуу шөнөөр явж үзлэг хийдэг байсан юм. Yзлэгийн дараа ажилгүй, бүртгэлгүй хүмүүсийн тоо дурайтал гарчихна. Тэгээд үүний мөрөөр арга хэмжээ авдаг байсан. Энэ үзлэгийг одоо явуулахад болохгүй юм байхгүй. Гэтэл арван жил болоод хүнээ тоолно гээд суугаад байж таарахгүй.
-Гадаадад 200 гаруй мянган Монгол хүн байгаа гэсэн албан бус судалгааны дүн байдаг. Ер нь хилийн чанадад байгаа хүмүүс сонгох эрхээ хэзээ эдлэх вэ?
-УИХ-ын тухай шинэ хуульд орсон гол өөрчлөлтийн нэг нь энэ асуудал. Хуульд “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт орсон. Яаж сонгуульд оролцуулахыг СЕХ журам боловсруулж зохицуулах ёстой. Бид энэ асуудлыг онцгой анхаарч байгаа. Монголчууд олноор ажиллаж, амьдарч байгаа 10 улс байгаа юм. АНУ, Солонгос, Япон, Казахстан, Герман гэх мэт. Яг нарийн тоо гаргавал 200 мянга руу дөхөх юм шиг байна лээ. Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж байна. Монгол Улсыг төлөөлж гадаад оронд сууж байгаа Элчин сайд, консул, төлөөлөгчийн газруудаар дамжуулаад тухайн улсад хэчнээн хүн хууль ёсоор болон хууль бусаар амьдарч байгааг тогтоохоор ажиллаж байна. Olloo.mn вэб сайттай хамтран гадаадад байгаа хүмүүс сонгуульд яаж оролцвол зохимжтой вэ гэсэн санал асуулга явуулж эхэлсэн. Зарим нь сонгох эрхээ эдэлье гэж байхад нөгөө хэсэг нь санал өгөх гэж нэг өдрийнхөө цалинг алдахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Яг хуулийн дагуу санал авна гэхэд ихээхэн хүндрэл учрах нь ойлгомжтой. Сонгуулийн байгууллага хамгийн багаар бодоход нэг сонгогчтой гурван удаа уулздаг. Эхлээд бүртгэнэ, дараа нь сонгогчийн үнэмлэхийг нь өгнө, тэгээд саналыг нь авна. Гэтэл Америкт байгаа хүнийг яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Сонгуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулна гээд хуульд заачихсан байгаа. Тийм болохоор гадаад оронд байгаа Монгол Улсын ЭСЯ санал авах байр болж таарна. ЭСЯ-ны ажилтнууд хүч дутах болохоор эндээс хүмүүс явж таарна. Ерөнхийдөө маш их зардал гарах төлөвтэй. Ямартай ч бид хамгийн боломжтой хувилбарыг олохоор судалгаа хийж байна.
-Хараар байгаа хүмүүс санал өгөх гэсэн биш баривчлагдвал яана?
-Тийм явдал болохыг үгүйсгэхгүй. Хүмүүс олноор цугларсан газраас баривчилгаа хийсэн тохиолдол нэг бус удаа гарч байсан. Yүнийг тооцохгүй орхиж болохгүй. Энэ талаар тухайн орны эрх баригчидтай тохиролцоо хийсний дараа санал авах ажлыг зохион байгуулсан нь дээр байх. Юутай ч гадаадад байгаа иргэдэд сонгох эрхээ эдлэхэд нь СЕХ тусална. Энэ талаар тусгай журам гаргахаар ажиллаж байна.
-Сонгогчдын боловсролын тухай хүмүүс их ярьдаг болжээ. СЕХ энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Тун их анхаарч байгаа. 2008 оны сонгуулийг шударга явуулах нь бидний гол зорилго. Сонгууль шударга бол шударга төр бий болно. Ингэхийн тулд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн 17 жилд намууд ч, сонгогчид ч суралцаж л байна. Гэхдээ сонгогчид илүү өргөн мэдлэг, туршлагатай болох ёстой. СЕХ НYБ-тай хамтраад “Сонгогч иргэний боловсрол” гэсэн сэдвээр судалгаа явуулсан. Судалгааны дүнгээс харж байхад сонгогчдод сонгуулийн боловсрол хэрэгтэй, энэ тал дээр анхаарч ажиллах ёстой гэдэг нь мэдрэгдсэн. Тийм болохоор сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Сонгогчийн боловсрол гэдэг том утгаараа иргэдээ мэдлэгжүүлэх явдал юм. Дан ганц сонгогчийн гэхээсээ илүү иргэний боловсролыг дээшлүүлэхэд төр, хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд хамтарч ажиллах шаардлагатай байна. Мэдлэгтэй иргэн зөв сонголт хийснээр шударга төр бүрддэг.
-Будлиангүй сонгууль гэж бараг байдаггүй. Сонгуулийг СЕХ, нам хоёрын хэн нь будлиантуулдаг юм бэ?
-Шударга хэлэхэд СЕХ сонгуулийн дүнг будлиантуулах ямар ч боломж байхгүй. Бид гарсан дүнг л танилцуулдаг. Намууд “но”-той. Тэр нь, энэ нь гээд байх юмгүй бүгд адилхан. Сонгогчдын саналыг татах гэж, илүү санал авахын тулд худалдаж авах зэргээр түмэн заль хэрэглэдэг.
-Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн үнэ цэнэ юу вэ?
-СЕХ өмнө нь УИХ-ын дэргэдэх байгууллага байсан. 2006 онд УИХ Сонгуулийн төв байгууллагын тухай хууль баталснаар СЕХ бие даасан хараат бус байгууллага болсон. Манай байгууллага 15 жилийн түүхтэй. Шинэ Yндсэн хууль баталснаас хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн дөрвөн удаагийн сонгуулийг зохион байгуулсан туршлагатай, мэргэжлийн хамт олон байгаа юм, манайхан.
2008 оны сонгуулийг шударга явуулахаар хичээж байна. 100 хувь чаддаггүй юмаа гэхэд ямар ч байсан 2004 оных шиг болгохгүй. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намуудын дэмжлэг бидэнд чухал.