Английн улс төрч Эдмунд Берк сонгогчдынхоо өмнө хэлсэн нэг үгэндээ "өөрсдийн сонгогчид, сонгогдсон тойргийнхоо үзэл санаа, ашиг сонирхлыг илэрхийлэхээр өөрийн улс төрийн байр сууриндаа барьцаалагдсан зүгээр нэг төлөөлөгч төдий байх уу, эсвэл сонгуулийнхаа тойргийн эрх ашиг, хүсэл эрмэлзэлд харшилсан ч нийт улс орныхоо эрх ашгийн төлөө өөрийн боловсрол чадвар, туршлага гэгээрлээ зориулж чадах итгэмжлэгдсэн төлөөлөгч байх уу. Би хувьдаа хоёр дахь хувилбарыг сонгоно. Энэ бол миний өөрөө өөртөө үүрэг болгож авах ёстой ёс зүйн тэр шаардлага" гэж хэлсэн байдаг. Энэ үг магадгүй бидний хувьд Беркийн хэлсэн утгаас өөр сонсогдож байж болох. Учир нь бид энд дурдагдаж буй хоёр ашиг сонирхлыг хооронд нь тусгаарлан зааглах гэхээсээ илүүтэй эдгээр сонирхлыг хувь улс төрчийн (гишүүний) өөрийнх нь хувийн сонирхлоос хэрхэн яаж зааглах вэ гэх асуудлыг гол болгон харж байна. Энэ нь ч нийгмийн ёс зүй бүхэлдээ уначихсан манай нөхцөлд зөв бизээ.
Ер нь албаны болон мэргэжлийн ёс зүйн гэж бусдын нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийг хангах үйл ажиллагаа явуулахаар эрх (эрх мэдэл) олж авсан этгээд, эрх олгосон бүтцийн сонирхлыг өөрийн болон бусад хөндлөнгийн сонирхлоос дээгүүр тавьж, эл зан суртахууны нөхцлөө албаны (мэргэжлийн) үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг ойлгодог.
Энэ үүднээс УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг юу байх вэ гэвэл: УИХ-ын гишүүн ард түмнээс парламентад суух эрхийг олж, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа бол тэр хэмжээгээрээ хууль тогтоогчийн хувьд өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстой болж буй юм. Тиймээс чухамхүү улс төрчийн нэр хүнд, ард түмний итгэл гэдэг хамаарлаараа түүний хувьд өөрөө өөртөө хүсч, даган баримтлах ёстой болж буй энэ хэм хэмжээг ямар бүтэц агуулгатайгаар хуульчилж өгөх вэ гэдэг өнөөдрийн бидний ярианы гол сэдэв болж байна.
Ард түмний итгэл хүлээж, иргэд сонгогчдоос илт илүү эрх мэдлээр хангагдаж буй УИХ-ын гишүүн энэхүү эрх мэдлээ хэрхэн эдлэх, тэр тусмаа энэ эрх мэдлээрээ өөртөө давуу байдал үүсгэж, зүй бусаар ашиглахаас хамгаалж хянах нь гадаад талаасаа хууль ёсны асуудал болох ч дотоод талаасаа гишүүн үүнийг өөрөө хүсэж, түүнийгээ өөрийн итгэл үнэмшил болгон тогтоох нь ёс суртахууны асуудал болох юм. Дотоод болон гадаад гэсэн харилцан хүчин зүйл дээр оршин байх энэ хэм хэмжээ ихэнх улс оронд баримт бичиг талаасаа "ёс зүйн дүрэм" гэдэг нэрээр хэрэглэгддэг.
Нөгөөтэйгүүр ёс зүйн дүрэм нь үйлчилж буй субъектүүдээ зан суртахууны хувьд цэвэр байлган, гэгээрүүлэхээс гадна маргаан гарсан тохиолдолд эх сурвалжийн хувьд тасалж чадахаар тодорхой, баттай ноттой, хариуцлагын өндөр шаардлагатай байх ёстой.
Ерөнхийдөө ёс зүйн хэм хэмжээ гэдэг аливаа этгээд өөрийн бүрэн эрхийн үйл ажиллагаандаа ямар сэтгэлээр хандах ёстой вэ гэдэг асуудлыг илүүтэй агуулдаг. Энэ тухай өмнө болсон хэлэлцүүлгийн үед ахмад хуульч Б.Чимид дурдаад "ховдог шунахай", "шалиг завхай", "ихэмсэг дээрэнгүй", "аймхай хулчигар", "хуурамч худалч", "мангуу тэнэг", "хэрцгий догшин" гэх мэтээр Монголын эртний түшмэлийн засаг хуульд заагдсан 10 зүйлийг онцлон дурдаж, "Ховдог шунахай" гэдгийн ард "орлогоо нуухгүй, улсын хөрөнгө идэж хумсалж болохгүй, бэлэг дурсгалд шунаж болохгүй байх тухай зүйлс багтана" хэмээн хэлж байсныг энд би цохон хэлмээр санагдаж байна.
Иймд бид ёс зүйн тухай ярихдаа хуулийн зохицуулалт, ёс зүйн зохицуулалтын хүрээ хил хязгаар хаагуур зааглагдаж, яаж салах ёстой вэ гэдгийг сайн бодолцох ёстой бөгөөд бүрэн эрх, чиг үүргийн шинжтэй зохицуулалтууд хуулиар, түүнд хандах сэтгэл зүйн болоод бүрэн эрхийг урвуулах, хүчгүйдүүлэх үйлдэлтэй холбоотой асуудлыг ёс зүйн дүрмээр зрхицуулах нь зохистой болов уу.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм байх нь Монголын төрийн хөгжил, парламент доторхи улс төрийн эрүүл соёл, зөв хандлага тогтооход эерэг нөлөө үзүүлнэ хэмээн энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн үзэж дүрмийн ерөнхий бүтцийн хувьд дараах саналыг дэвшүүлсэн болно.
Парламентын буюу улс төрийн ёс зүй (УИХ-ын гишүүны ёс зүй)
Нэг: Ёс зүйн ерөнхий (нийтлэг) үндэслэл - хувийн болон бусад явцуу сонирхлоос зааглагдах үндэслэлүүд буюу бүрэн эрхээрээ давуу эрх олохгүй байх хязгаарлалт.
Хоёр: Сонгогдсон төлөөлөгчийн хувьд баримтлах ёс зүй. Парламентад хэнийг төлөөлж сууж байгаа түүний эрх ашигт үйлчлэхдээ холбогдсон ёс зүйн хэм хэмжээ (иргэдийг үнэн мэдээллээр хангах гэх мэт)
Гурав: Хууль тогтоогчийн хувьд үйл ажиллагаандаа баримтлах ёс зүй. Парламентын (хууль тогтоох) үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс гишүүнд тавих албаны ёс зүйн хэм хэмжээ (албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг)
Дөрөв: Авилга болон сонирхлын зөрчилдөөн, харшлах албан тушаалтай (хавсарч, сонгогдож болохгүй ажил, албан тушаал, бэлэг, шагнал, төрөөс санхүүжээгүй томилолтын асуудлууд) холбоотой ёс зүйн хэм хэмжээ
Тав: Иммунитеттэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ (шүүхээс хамгаалагдсан дархан эрхийг хэтрүүлэх болон зүй бусаар ашиглахгүй байхтай холбогдсон)
Зургаа: Индемнитеттэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ
? үг хэлэх эрхтэй холбогдсон (гүтгэх, доромжлох гэх мэт)
? гишүүний төсөв, урамшуулал бусад хангамжтай холбогдсон ёс зүйн үндэслэлүүд (унаа тэрэг, томилолт, утас холбоог хувийн зорилгод ашиглахгүй байхтай холбоотой)
Долоо: Биеэ авч явах үйл байдлын ёс зүйн үндэслэлүүд буюу нийгэм, улс төрийн ерөнхий соёл
Жич зарим санал илэрхийлвэл:
- Улс төрч хүний болон хууль тогтоогчийн хувьд байрь сууриа илэрхийлэх заагийг тогтоох, үйл байдлаа ялгаж салгахыг нөхцөлдүүлсэн байдлыг ёс зүйн дүрмээр зрхицуулах (Орчин үеийн ардчилсан парламентат ёсны үүднээс).
- Албан үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн болон бусад явцуу сонирхлын дагуу ашиглахгүй байх болон ард иргэдийг үнэн мэдээллээр хангах асуудлыг ёс зүйн шалгуур үндэстэй болгох.
- Сонгуулийн үйл явцтай холбоотой зүйл заалт, утга санааг сонгуулийн хуулинд оруулах нь зохистой юм.
- Парламентын ёс зүйн хяналт хаана байх талаар бодууштай. Парламентын засаглал бүхий зарим оронд (хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоотой улс оронд) энэ хяналт парламент дахь намын бүлэгт байдаг. Энэ нь гишүүдийн багаар ажилах нөхцлийг бүрдүүлэх, сонгуулийн хариуцлагаа нам нь хүлээх, тэр үүднээсээ гишүүдийнхээ оролцоог хянах, урамшуулах, хариуцлага тооцох, улс төрийн үйлчлэлийг нэмэгдүүлэх гэх мэт чиг зорилттой.
Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн талаарх санал
Төрийн албан хаагчийн ёс зүйг хэрхэн яаж зохицуулах асуудал нь тухайн улс орны үндэсний уламжлал, соёл, эрх зүйн бүл-тогтолцоо, улс төррд тогтсон үнэт зүйлс, үйл байдал зэрэг олон зүйлээс хамаардаг. Үүнээс өнөөдөр хамгийн ихээр нөлөө үзүүлж буй зүйл бол эрх зүйн бүлийн асуудал билээ. Жишээ нь Англи Саксоны буюу common Law бүхий улс орнуудын хувьд нийгмийн зүтгэлтний гэсэн ерөнхий зарчим, үзэл баримтлалаар ёс зүйн асуудлыг авч үздэг байхад Ром Германы (Civil Law) бүлд хамаарах улс орнууд нарийн салбарласан эрх зүйн бүтэцтэй, түүнтэй уялдсан чиг үүрэг бүхий зохион байгуулалт, үүнийг дагасан салбарын ёс зүйн хэм хэмжээнүүдтэй байдаг онцлогтой.
Манай улсын хувьд эрх зүйн системийн онцлог, эрх мэдэл хувиарлагдсан байдал зэргээ тооцон авч үзвэл эрх зүйн болоод нийгмийн байгууллын үндэс болгосон тэр онол, үзэл баримтлалынхаа дагуу тэдгээр ёс зүйн асуудлыг эрх мэдлийн салаа мөчир тус бүрээр мөн салбар тус бүрээр өөрийн онцлогийг нь харгалзан хуульчилсан нь оновчтой болов уу. Учир нь энд хэлэлцэгдэж байгаа Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм гэдэг өөрөө олон салбарын дээд хэсэгт хамаарах албан тушаал, мэргэжлийн бүтцыг хамж авч буй нь тийм тохиромжтой бус харагдаж байна. Жишээ нь Ерөнхийлөгчөөс авхуулаад Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор гэх мэтээр хамааруулсан нь эрх мэдэл хувиарлах онол талаасаа хэр оновчтой хийгээд, мөн нөгөөтэйгүүр манай улсын хувьд pouvoir neutre буюу төвийг сахиж, хуваарилагдсан эрх мэдлийг тэнцвэржүүлэгч болж буй ерөнхийлөгч, хараат бус бие даасан шүүн таслах үйл ажиллагааны оролцогч шүүх, прокурорын асуудлыг үнэн чанартай гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд авч үзэж ажил үүргийн онцлогоос шалтгаалан хуулиар өөр өөр эрх үүрэг хүлээсэн субъектүүдийн ёс зүйг нэг дүрмээр зохицуулах гэж оролдох нь зохимжгүй юм. Харин "Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм" гээд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний албан хаагчид, албан тушаалтны ёс зүйн дүрэм дотроо тусдаа нэг бүлэг болгон энэ асуудлын хүрээ заагийг оновчтой тогтоогоод арай өндөр шаардлага тавих нь зүйтэй юм.
Дүрмийн төсөлд хөндлөнгийн шүүмж хийсэн ажлын хэсэг