Тогтвортой байдлын гэрээнд есөн аж ахуйн нэгж хамрагджээ (2007.04.05)
Монгол улс уул уурхай, ашигт малтмал, газрын тос болон зарим нэгэн томоохон салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулах зорилгоор тогтвортой байдлын гэрээ гэгч зүйлийг байгуулах болсон цагаас түүнийг тойрсон маргаан, хээл хахууль газар авсаар өнөөг хүрсэн.
Гэвч хий ярихаас цаашгүй тогтвортой байдлын гэрээг тойрсон хэрүүл маргаан үргэлжилсээр л байна. Уул уурхай ашигт малтмалын салбар тэр дундаа Оюу толгой, Цайрт минерал, Бороо гоулдын маргаанаас л тогтвортой байдлын гэрээ гэж мэдэхээс манай улсын хэмжээнд өнөөг хүртэл ямар ямар компаниуд хэний үед хэрхэн тогтвортой байдлын гэрээнд яаж хамрагдсан талаар бид тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ удаад дээрх асуудлыг тодруулах үүднээс манайд тогтвортой байдлын гэрээгээр зохицуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын танилцуулгыг хүргэж байна. Тогтвортой байдлын гэрээ нь Монгол улсын Татварын ерөнхий хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдцаг бөгөөд татвараас чөлөөлдөг хөнгөлөлт үзүүлдэг гэрээ биш, гагцхүү хуулийн дагуу олгосон эрх үүргийг тогтворжуулдаг гэрээ юм.
Энэ гэрээний дагуу авто зам, замын байгууллагуудаас бусад аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортлож байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас эхний гурван жилд бүрэн чөлөөлж дараагийн гурван жилд 50 хувь хөнгөлнө гэсэн бол 2000 оны арваннэгдүгээр сард татварын хуулинд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр үнэт металлаас бусад эрдсийн түүхий эд нефть хатуу тулш олборлох, боловсруулах, металлург, хими төмөрлөг, машины үйлдвэр электроникийн салбарт таван жилийн хугацаанд чөлөөлж дараагийн таван жилд 50 хувь хөнгөлнө гэж заагджээ. Уул уурхайн салбарт тогтвортой байдлын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Бороо гоулд үйлдвэрлэсэн барааныхаа 50-иас дээш хувийг экспортлох тул тус бүр гурван жилийн хөнгөлөлт эдэлжээ. Харин Төмөртэйн овооны Цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний ордын тухайд дээр дурдсан заалтыг үндэслэн 10 жилээр орлогын албан татвараас чөлөөлжээ. Манай улсын хуввд одоогоор есөн аж ахуйн нэгж байгууллагатай тогтвортой байдлын гэрээ байгуулаад байгаа ба эдгээр компаниудын жагсаавал:
1.Хятадын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” ХХК. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Төмөртийн овоо”-ны Цайрын ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг. Монгол улсын Засгийн газартай байгуулж 1998 оны тавдугаар сарын 15-наас 2013 оны тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд нийт арван жил ашиглаж 21 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан. Уг гэрээг 1998 онд Сангийн сайд асан Б.Батбаяр байгуулж байжээ. Тус орд нь 7689.4 мянган тонн хүдэр, 885.3 мянган тонн металл цайрын нөөцтэй гэж тогтоогдсон ч эдугээ тус ордыг түүнээс ч их нөөцтэй, өдөр болгон 10 тоннын даацтай 20-30 машин Хятад руу өдөр шөнөгүй цайр зөөж байгаа гэдгийг нутгийн иргэд батална. Мөн түүнээс гадна уг ордыг “Цайрт минерал” ХХК-ын нэр дээр ашиглуулахын тулд Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Улаан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эдүгээ томоохон хувь эзэмшигчийн нэг нь гэсэн баримтууд хэвлэлээр гарч байсан.
2.Их Британи улсын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших 1560 га талбай бүхий Бороогийн алтны ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг 1998 оны долдугаар сарын 6-наас 2008 оны долдугаар сарын 6 хүртэл арван жилийн хугацаатай ашиглаж 15 сая ам долларын хөрөнгө оруулах гэрээг Монгол улсын Засгийн газрыг төлөөлж сангийн сайд асан Б.Батбаяр 1998 онд байгуулсан. Харин 2000 онд Сангийн сайд Я.Очирсүх гэрээний хугацааг сунгаж хөрөнгө оруулалтын хэмжээг 25 сая ам доллар болгон 2013 он хүртэл гэрээний хугацааг сунгасан байдаг. Тус ордыг Монгол, Германы хамтарсан хайгуулаар тухайн үед 12.970.000 шилжих рубль буюу 2.557.000 зарцуулж 43 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоосон. Тус орд нь алтны нөөцөөс гадна ихээхэн хэмжээний хүдрийн ордын нөөцтэй хэмээн тусгагдсан байдаг.
3. ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Востокнефтегаз” ХХК. Төв аймгийн Рашаант сум Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шатдаг хий үйлдвэрлэх, хийжүүлэх үйл ажиллагаа явуулахад татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг 2002 оны гуравдугаар сарын 26-наас 2017 оны гуравдугаар сарын 26 хүртэл 15 жилийн хугацаатай 50 сая ам долларын хөрөнгө оруулж ажиллах гэрээг Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан байгуулсан бөгөөд дараа нь тус гэрээг шинэчлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөний урд талд шингэрүүлсэн хий болон нефть бүтээгдэхүүн үйлдвэр, хий боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулж хөрөнгө оруулалтыг 300 сая ам доллар болгон нэмэгдүүлж, гэрээний хугацааг 2020 он хүртэл сунгасан байна.
4. Хятадын хөрөнгө оруулалттай “Зам интернэшнл” ХХК. Мянганы зам төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур бригадаас Завхан аймгийн ЗавханМандал сумын Алтангадас толгой хүртэлх 400 км замьн барилгын ажлыг гүйцэтгэхэд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг 2003 оны нэгдүгээр сарын 15-наас 2018 оны нэгдүгээр сарын 15 хүртэл 15 жилийн хугацаатай 48 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээг Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зурсан байдаг.
5. Хятадын “CEIT” компанийн хөрөнгө оруулалттай “Монголиамийд эйшия интернейшнл” ХХК. Мянганы зам төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумаас Архангай аймгийн Чулуут голын гүүр хүртлэх 350 км замын барилгын ажлыг гүйцэтгэх, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт орших Улаан-Овоогийн нүүрсний уурхайн орд газрыг ашиглах гэрээг 2003 оны нэгдүгээр сарын 17-ноос 2018 оны нэгдүгээр сарын 17 хүртэл 15 жилийн хугацаатай байгуулж 70 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Уг гэрээнд мөн Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зурсан байдаг.
6.Канадын хөрөнгө оруулалттай “Бумбат” ХХК. Төв аймгийн Заамар сумын Бумбатын алтны үндсэн ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээг 2003 оны нэгдүгээр сарын 17-ноос 2013 оны нэгдүгээр сарын 17 хүртэл 10 жилийн хугацаатай байгуулж 2.7 сая ам долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон гэрээнд сангийн сайд Ч .Улаан гарын үсэг зурсан.
7.Солонгосын хөрөнгө оруулалттай “Скайтел” ХХК. Үүрэн телефон пейжерийн үйлчилгээ, үүрэн телефоны төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах гэрээг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2014 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл буюу 10 жилийн хугацаатай байгуулж 19 сая ам долларын хөрөнгө оруулах гэрээнд Сангийн сайд Н. Алтанхуяг гарын үсэг зурсан.
8.Японы хөрөнгө оруулалттай “Эрин интернэшнл” ХХК. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах гэрээг 2005 оны нэгдүгээр сарын 17-ноос 2015 оны нэгдүгээр сарын 17 хүртэл 10 жилийн хугацаатай байгуулж дөрвөн сая ам долларын хөрөнгө оруулах гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Н.Алтанхуяг гарын үсэг зурсан. “Скайтел”, “Эрин интерншл” компанийн хувьд өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн байгаад Н.Алтанхуяг зөвхөн гарын үсэг л зурсан байдаг.
9.Хятадын хөрөнгө оруулалттай “Чин-Хуа-Мак-Нарийн сухайт” ХХК. Уул уурхайн салбарт сүүлийн үед мөн хамгийн их хэл аманд өртөж байгаа газар. Тус компанитай тогтвортой байдлын гэрээг байгуулах нөхцөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн Сухайтын нүүрсний уурхайг ашиглахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангахаар 2005 оны долдугаар сарын 4-нөөс 2015 оны долдугаар сарын 4 хүртэл 5.3 сая ам долларын хөрөнгө оруулж 10 жилийн хугацаатай байгуулах гэрээнд Сангийн сайд Н.Алтанхуяг гарын үсэг зурсан байдаг. Тус орд нь сайн чанарын нөөцтэй томоохон ордын нэг бөгөөд одоогоор тогтоогдсон нөөц нь 125.5 сая тонн нүүрстэй.Чинхуа Мак ХХК-ын хувьд 2003 онд ашиглалтанд орсноос хойш гурван сая орчим тонн нүүрсийг Хятад улсад экспортолсон хэмээн мэдүүлсэн байдаг. Тус уурхайн уулын ажил технологи горимын дагуу явагдахгүй, маркшейдерийн анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй гарч байгаа нь тэнд монгол ажилчин, инженер байхгүйтэй холбоотой гэнэ. Нарийн Сухайтын нүүрс олборлолтоос тухайн орчны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байгаа тул уурхайн үйл ажиллагаа, тогтвортой байдлын гэрээнд дахин үнэлэлт дүгнэлт өгч эргэн нэг харах нь зүйтэй гэсэн холбогдох газрын шийд гарсан байдаг.
Монгол улсын хэмжээнд тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд ердөө л дээр дурдсан есөн компани байдаг бөгөөд эдгээрээс хамгийн их асуудал үүсгэж байгаа нь уул уурхайн компани, тэр дундаа Бороогийн алтны уурхай, “Цайрт минерал”, Нарийн сухайтын нүүрсний уурхайн орд газрууд болно. Эдгээр ордуудтай холбоотой гэх асуудлуудыг хэвлэлээр удаа дараалан гаргаж байсан тул энэ удаа зөвхөн гэрээнд хамрагдсан компаниудын танилцуулгыг хүргэхээр зорьсон нь энэ. Гэхдээ Монгол улсын томоохон орд газар, гол гол салбаруудыг гартаа атгаж, тогтвортой байдлын гэрээнд хамрагдсан компаниуд одоогийн байдлаар гарын арван хуруунд багтаж байгаа ч уул уурхайн компаниудын хувьд гэрээнийхээ хугацаанд Монголыг хэдэн зуун жилээр тэжээх нөөцтэй гэгддэг газрын баялгийг маань тогтвортой байдлын гэрээг болиулна, болиулахгүй, шинэчилнэ, үгүй гэж өдөр шөнөгүй хэрэлдэж байх хооронд өдөр шөнөгүй ажиллаж байгаад аваад явчих боломж нэгэнт бүрдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.
Өглөөний сонин 68 /133/
И.Цэвэлмаа