Оюутолгойн ордод Монголын эзэмших хувь 34 байхаар тохиролцжээ (2007.04.11)
Монгол Улсын Сангийн болон Байгаль орчны сайдын тушаалаар байгуулагдсан "Айвенхоу Майнз Инк Монголиа" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг судалж боловсруулах ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ бол Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш хийх гэж байгаа хөрөнгө оруулалтын эхний том гэрээ юм. Гэрээний төслийг энэ оны нэгдүгээр сарын 8-наас хойш хоёр талын ажлын хэсэг гурван удаа хуралдаж хэлэлцсэний эцэст тодорхой шийдэлд хүрчээ. Гэрээний төсөл нь 15 зүйл, 157 заалтаас бүрдэж буй аж. Ажлын хэсгийг ахалсан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр "Айвенхоу Майнз" компани өнөөг хүртэл ордыг ашиглах барилга байгууламж, эрэл хайгуулын ажилд 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнд хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулах юм байна.
Оюутолгойн орд газар нь 1000 тн алтны нөөцтэй бөгөөд энэ нь манай улсын 50 жилд олборлох алттай тэнцэж байна. Цэвэр зэсэнд шилжүүлснээр 32 сая тонн зэсийн нөөцтэй нь тогтоогдоод байгаа нь Эрдэнэтээс дөрөв дахин их аж. Үүнийг ил болон далд аргаар олборлох бөгөөд ил уурхайг 12, гүний уурхайг 35 хүртэл жил ашиглах боломжтой гэж үзэж байна. Ажлын хэсгийн тооцоолж байгаагаар ил уурхайг 2010, далд уурхайг 2014 оноос ашиглаж эхлэх юм байна.
Ажлын хэсгийн танилцуулснаар юуны өмнө Монголын Засгийн газар Оюу-толгойн 34 хувийг үнэгүй эзэмшихээр болсон нь "Айвенхоу Майнз" хайгуул судалгааны ажлаа өөрийн хөрөнгөөр хийсэнтэй холбоотой ажээ. Ордыг ашиглахтай холбогдсон бүх барилга байгууламжийг "Айвенхоу Майнз"-ын хөрөнгөөр босгох бөгөөд Монгол Улсын эзэмшиж байгаа хувиас бага багаар суутгах замаар 6-10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөж авах аж. Мөн ил уурхаиг ашиглаж эхэлснээс хойш арван жилийн хугацаанд зэс хайлуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах юм байна. Үүний үр дүнд манай улсад нэмүү өртөг хуримтлуулах боломж бүрдэхээс гадна цаашдаа цэвэр зэс утас болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж байна.
Татварын хувьд ашигт малтмалын нөөцийн төлбөрийг борлуулалтын орлогоос таван хувиар бодож авах бөгөөд зарим хөнгөлөлт үзүүлэх аж. Тухайлбал, барилга байгууламжийг барьж дуустал барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх бол тухайн компани алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хоёр жилд нөхөн төлүүлж авах хуулийн заалтыг таван жил хүртэл сунгаж олгохоор тохиролцсон байна. Мөн Англи, Австрали, Канадад байрладаг толгой компаниуддаа ашгаа шилжүүлэхэд нь суутгал татварыг авахгүй юм байна. Нөгөө тал Оюутолгойгоос олборлох 1000 тн алтаа Монгол банкинд худалдах үүрэг хүлээх аж.
Монгол Улсын Засгийн газар зөвхөн олборлолт хийж эхлэх эхний орд төдийгүй бусад ордод 34 хувийн оролцоотой байхаар тохиролцож чадсан нь бас нэг давуу тал гэж ажлын хэсэг үзэж байна. Газар нутгийн хувьд нөхөн сэргээлтийн ажлыг "Айвенхоу Майнз" бүрэн хариуцах төдийгүй байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, энэ талын аливаа шаардлагыг биелүүлж ажиллахаар төсөлд тусгажээ.
Хятадын талаас цахилгаан эрчим хүчээр хангана гэсэн "Айвенхоу"-гийн санал дээр нэлээд зөрөлдөөнтэй байсан ч яриа хэлэлцээрийн явцад Монгол Улсаас эрчим хүчний эх үүсвэрээ авах, тухайн газар нутагт 150 квт-ийн цахилгаан станц барихаар тохиролцжээ. Энэ нь манай улсын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, нэгж үнэ буурах нөхцөлийг бүрдүүлж, хүчин чадлынхаа дөнгөж 60 хувийг ашигладаг ТЭЦ-4 бүрэн дүүрэн ажиллах боломжтой болох гэнэ.
Мөн олборлосон зэсээ тээвэрлэхийн тулд Хятадын хил хүртэл хатуу хучилттай зам тавих бөгөөд энэ замаар нүүрс зөөвөл замын хураамж авч, замын арчилгаа засварын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Нисэх онгоцны буудалтай ч болох бололтой.
Ажиллах хүчний хувьд ч талууд тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, олборлох үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхпэн нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилтан, ажилчид байх юм. Ажилчдыг сургах дадлагажуулах ажлыг төлөвлөгөөтэй явуулна. Хэрвээ монгол ажиллагсдын тоо 90 хувьд хүрэхгүй байх аваас дутуу нэг хүн тутамд сард 690 мянган төгрөгийг төлж санд төвлөрүүлэх бөгөөд монгол хүний орон тоон дээр ажиллаж байгаа гадаадын ажилчин тутмын тоогоор 140 мянган төгрөгийг бас төлөх аж.
Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой болж байна. Мөн Гашуун сухайтын хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газрын сайд гэрээ байгуулагч тал давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар гэрээгээ биелүүлээгүй бол зургаан сарын дараа гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байх юм байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг хугацаа нь дууссан болон Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн онцгой тохиолдол болон бусад нөхцөлөөр цуцлах юм байна. Гэрээ 30 жилийн хугацаатай байх бөгөөд Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эрхээ шилжүүлж болох аж.
Ажлын хэсгийн дүгнэлтээр бол гэрээг баталгаажуулснаар Засгийн газар орлогын 55 хувийг авахаас гадна зэс хайлуулах үйлдвэртэй болоод авна. Төсвийн орлого зарим жил буюу олборлолтын оргил үед нэг триллион төгрөгөөс давах тооцоо гарч байгаа нь өнөөдрийн манай жилийн төсвийн 80 хувьтай тэнцэх гом. Үүний үр дүнд ДНБ 40 хувиар өсөх магадлалтайн дээр ажлын байр 3000-4000-аар нэмэгдэнэ. Гашуун сухайтын хилийн боомт байнгын ажиллагаатай болж, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээнд эргэлт хийнэ гэж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар мэдэгджээ.
Түүний хэлснээс үзвэл монголчууд дээр дурдсан ашгийг зүгээр нэг хүртэхгүй юм. Юуны өмнө зэс хайлуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэл олборлох зэсийг нь үнийн гэнэтийн өсөлтийн 68 хувийн татвараас чөлөөлнө. Хэрэв тогтсон хугацаандаа буюу таван жилийн дотор хайлуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадахгүй бол зургаа дахь жилийн буюу 2016 оны эхний гурван сард багтаан хөнгөлөлтөд хуримтлагдсан гэнэтийн ашгийн татварыг шууд нөхөн хурааж авна аж. Алтны тухайд гэрээ хүчин төгөлдөр байх 30 жилийн хугацаанд гэнэтийн ашгийн албан татвар авахгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт арван хувьтай тэнцэх хөнгөлөлт үзүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компани ногдол ашгаа толгой компани руугаа шилжүүлэхэд төлдөг таван хувийн татварыг нь чөлөөлж, зэс хайлуулах үйлдвэрийг ашиглалтад орох хүртэл барилга болон үйлдвэрийн зориулалттай оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөхөөр төлөвлөжээ.
Энэхүү гэрээний төслийг ойрын хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний эцэст УИХ-д оруулна гэж ноён Ү.Хүрэлбаатар ярьжээ.