Шилэн дансны хуулийн хэрэгжилт 2015 оны эхний 2 сард
Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий “Шилэн дансны тухай хууль” болон түүнийг хэрэгжүүлэх “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэж байгаа билээ. Шилэн дансны хууль нь ил тод болгох мэдээллийн хамрах хүрээг тэлсэн, хариуцах албан тушаалтныг тодорхой заасан, иргэн хяналт тавих боломжийг олгосон, хууль зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан, мэдээллийг цахим хуудсанд эксел буюу компьютерээр боловсруулалт хийх боломжтой хэлбэрээр нийтлэхээр зааж мэдээллийг ашиглахад хялбар болгон төсвийн ил тод байдлыг илүүтэй хангах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Эдгээр хууль, журмын хэрэгжилтийг орон нутагт хэрхэн хангаж байгаад Нээлттэй нийгэм форумын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэ оны 1-р сараас эхлэн мониторинг хийж байна. Мониторингод Монгол улсын бүх аймаг, аймгийн төвийн сумд, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрууд хамрагдаж байгаа юм. Шилэн дансны хуулийн дагуу нийтэд ил тод байх ёстой нийт 28 төрлийн мэдээллээс 5 төрлийн буюу 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, орлого, зарлагын гүйлгээ, тэрчлэн өмч хөрөнгө, өр авлага үүсгэсэн, мөнгө зарцуулсан шийдвэр, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ болон 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтын талаарх мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж байна.
Эхний хоёр сарын хугацаанд 36 газрын мэдээллийн самбар болон цахим хуудсанд хийсэн мониторингийн дүнгээс харахад 1-р сард орон нутагт дээр дурдсан 5 чиглэлээр аливаа мэдээлэл олон нийтэд хүрээгүй байна. Энэ нь 1 дүгээр сард төсвийн тодотгол хийгдсэний улмаас цалингаас бусад гүйлгээ хийгдээгүйтэй холбоотой байж болох юм.
2-р сард 2015 оны төсвийн зарцуулалт эхэлсэн хэдий ч олон нийтэд мэдээлсэн гүйлгээний тоо цөөн хэвээр байна. Тухайлбал, гүйлгээ гарсанаас хойш 7 хоногийн дотор ил тод болгох шаардлагатай 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт 19 худалдан авалтыг Баянхонгор, Хөвсгөл аймаг зэрэг 7 газар, орлого, зарлагын нийт 100 гүйлгээг нийслэл, Орхон, Говьсүмбэр, Архангай зэрэг 19 газар, өмч хөрөнгө, өр авлага үүсгэсэн, мөнгө зарцуулсан нийт 13 шийдвэрийг Говьсүмбэр, Булган, Өмнөговь аймаг зэрэг 8 газар, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 30 газар, 10 сая төгрөгөөс дээш нийт 14 удаагийн худалдан авалтын талаарх мэдээллийг 2 газар буюу Орхон аймаг болон Завхан аймгийн Улиастай сум тус тус нийтэлсэн байна (Хүснэгт 1 болон Хавсралт 1, 2-оос үзнэ үү).
Хүснэгт 1. Төсвийн зарцуулалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ууд ил тод болгосон байдал
Мониторингод хамрагдсан ЗДТГ-ын тоо: 36
Ил тод болгосон дээрх цөөн гүйлгээний хувьд ихэнх тохиолдолд зохих шийдвэрийг хавсаргаагүй, мэдээллийг гарын үсгээр баталгаажуулаагүй, тодруулга өгөх албан тушаалтны мэдээллийг нийтлээгүй байна.
ЗДТГ-уудын Шилэн дансны цахим хуудас хуулийн шаардлагыг хангаж буй эсэхийг мөн хянаж үзэхэд Төв аймаг зөвхөн shilendans.gov.mn нэгдсэн цахим хуудсанд төсвийн гүйцэтгэлийн мэдээг нийтэлж, өөрийн цахим хуудсандаа “Шилэн данс” цэсийг үүсгээгүй, мэдээллээ өөрийн цахим хуудсандаа нийтлээгүй учир хуулийн 5.1-р зүйл дэх “байгууллага шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэнэ” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн цахим хуудасны “Шилэн данс” цэсэнд Архангай, Орхон аймгууд 5 дэд цэсийг үүсгээгүй байна.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай нь мониторингийн явцад харагдлаа. Үүний тулд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, санхүү, төсвийн ажилтнуудын уг хуулийн талаарх мэдлэгийг дорвитой дээшлүүлэх, хуулийн 8.1-р зүйлд заасны дагуу бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурал болон төрийн аудитын байгууллага шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх, хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зохих хариуцлагыг хүлээлгэх нь чухал байна.
Хавсралт 1. Төсвийн зарцуулалтыг аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ууд ил тод болгосон байдал
Хавсралт 2. Төсвийн зарцуулалтыг аймгийн төвийн сумдын ЗДТГ ил тод болгосон байдал
Нээлттэй нийгэм форум