Нээлттэй Нийгэм Форум Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг үнэлэх "Crinis Political Finance Transparency Methodology" хэмээх аргачлалын сургалтыг 2026 оны долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Транспэрэнси Интернэшнл байгууллагын Улс төрийн шударга байдлын бодлогын газрын захирал Хорхе Валдаресын удирдсан тус сургалтад улс төр судлал, сонгуулийн ажиглалт, улс төрийн болон сонгуулийн санхүүжилтийн хяналтын чиглэлээр ажилладаг судлаачид оролцов. Энэхүү сургалт нь Crinis аргачлалыг Монгол Улсад нутагшуулж, улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын анхны суурь үнэлгээг хийх чадавх бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Монгол Улс 2023 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль, Нээлттэй засгийн түншлэл (OGP)-ийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө болон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Талуудын бага хурлын 11 дүгээр чуулганаас баталсан Дохагийн тогтоолын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү шинэчлэлийг бодит үнэлгээ, нотолгоонд суурилсан судалгаагаар дэмжих зорилгоор Crinis аргачлалыг Монголын нөхцөлд нутагшуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Crinis нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг үнэлэх олон улсад хэрэглэгддэг аргачлал бөгөөд хууль эрх зүйн орчин, санхүүгийн тайлагнал ба мэдээллийн ил тод байдал, хяналт болон хариуцлагын тогтолцоог цогцоор нь үнэлдгээрээ онцлогтой. Монгол Улсад хэрэгжүүлэхдээ Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох журам, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудтай уялдуулан тохируулжээ.
Хоёр өдрийн сургалтын үеэр оролцогчид Crinis аргачлалын үнэлгээний бүтэц, шалгуур үзүүлэлт, нотлох баримт цуглуулах арга зүй, үнэлгээ хийх зарчим болон чанарын баталгаажуулалтын талаар суралцахын зэрэгцээ Монгол Улсын хууль эрх зүйн орчинд нийцүүлсэн үнэлгээний хүрээг хамтран боловсруулж, туршин хэрэгжүүлэхээр боллоо. Мөн улс төрийн намуудын санхүүгийн тайлан, мэдээллийг үнэлэх практик дасгалуудыг хийж, ирэх хоёр жилийн суурь үнэлгээний судалгааны төлөвлөгөөг боловсруулснаараа ач холбогдолтой болсныг оролцогчид онцолж байлаа.
Сургалтын дараа судлаачдын баг 2026 оны долоо, наймдугаар сард Монгол Улсын улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын анхны суурь үнэлгээг хийж, үр дүнг олон нийтэд зориулсан тайланд нэгтгэн танилцуулна. Судалгааны гол үр дүнг ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт" олон улсын дугуй ширээний уулзалтаар дотоод, гадаадын төлөөлөгчдөд танилцуулах юм. Үнэлгээг Европын холбооны дэмжлэгээр Нээлттэй засгийн түншлэл байгууллагаас хэрэгжүүлж буй Ардчилал, хариуцлагатай байдлын төлөөх түншлэл төслийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.


