Ерөнхий сайд М.Энхболд: Монголросцветмет нэгдэл саналаа Засгийн газарт танилцуулах учиртай
(Зууны мэдээ. 2005-05-15)
ОХУ-ын Холбооны Хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновын УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ.
Тэрээр Г.В.Плехановын нэрэмжит Ленинградын Уул, уурхайн дээд сургууль, Санкт-Петербургийн Техникийн их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны Академийг тус тус төгссөн геофизикч, хуульч мэргэжилтэй юм. 1986-1991 онд ЗХУ-ын Геологийн яамны томилолтоор Монголд ахлах геофизикчээр ажиллаж байсан аж. 2001 оны арванхоёрдугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын холбооны зөвлөлийн даргаар ажиллаж байна. Түүнийг дагалдан ОХУ-ын холбооны хурлын холбооны зөвлөлийн даргын ажлын албаны дарга холбооны зөвлөлийн Тамгын газрын Санхүү эдийн засгийн газрын дарга зэрэг албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байна.
Өчигдөр өглөө ноён С.М.Мироновыг Төрийн ордонд УИХ-ын дарга Ц.Нямдорж хүлээн авч уулзсан юм. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн Л.Гансүх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин нар байлцлаа. Уулзалт ярилцлагын дараа ноён С.М.Миронов, УИХ-ын дарга Ц.Нямдорж нар сэтгүүлчидтэй уулзсан юм.
Ноён С.М.Миронов Монгол оронд дахин ирж байгаадаа баяртай байна гээд манай хоёр орны харилцааг өргөжүүлэх талаар хамтран ажиллах, цаашид шийдвэрлэвэл зохих асуудал цөөнгүй байна гэж онцлон дурдав. Мөн Ази Номхон далайн парламент хоорондын 15 дугаар чуулган Москва хотод болох үеэр Монгол Улс ажиглагч гишүүнээр элсэх саналаа илэрхийлсэн. Yүнийг бид ажил хэрэг болгоход бүх талаар тусалж дэмжинэ гэлээ.
Түүний албан ёсны айлчлалын хөтөлбөрт Дундговь аймагт зочлох аялал тусгасаныг сэтгүүлчид уул, уурхайн асуудалтай холбоотой эсэхийг сонирхсон. Ноён С.М.Миронов энэ бол цэвэр хувийн сонирхлоор говь нутгийг үзэх, байгалийн гайхамшгийг харах аялал байх болно гэж хариулж байв.
Дараа нь ОХУ-ын Холбооны Хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдтой уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр орны харилцаа худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан гээд бүхий л түвшинд амжилттай хөгжиж, ахиц өөрчлөлтүүд гарч байна. Ялангуяа өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлал харилцааг чанарын илүү дээд шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой болж, харилцаа хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банк, санхүү, уул уурхайн салбарт хамтран ажиллах ихээхэн ирээдүй бий гэдгийг хоёр тал санал нэгтэй онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбар ихээхэн анхаарал татаж байгаа. УИХ 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн, Стратегийн ач холбогдолтой орд газруудын жагсаалтыг баталсан. Ашигт малтмалын орд газруудыг гаднынхантай хамтран ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд хал багатай шинэ, тэргүүний техник, технологи ашигладаг, оролцогч талуудад харилцан ашигтай, Монголын ард түмний ашиг сонирхолд нийцэхүйц байх явдал үндсэн зарчим байх болно.
ОХУ-ын Ерөнхий сайд байсан, “Росатом”-ын ерөнхийлөгч С.В.Кириенко манай улсад айлчилж, хил залгаа бүс нутагт ураны орд газрыг хамтран ашиглаж, олборлох, Монголд атомын цахилгаан станц байгуулах санал тавьсан. Энэ чиглэлээр судалгааны ажлын хэсэг ажиллуулж байна. Бид улс төрийн хүрээний харилцан ойлголцол, таатай нөхцөл байдлыг эдийн засгийн бодитой, үр ашигтай харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бүрэн дүүрэн ашиглах ёстой” гэж тэмдэглэв.
С.М.Миронов хоёр улсын парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байгааг онцлоод “Эрдэнэт” үйлдвэрийн талаархи хэлэлцээрийг Монгол, Оросын парламентууд баталсан. “Монголросцветмет”-ийн хэлэлцээрийг удахгүй батална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөж ярихдаа,
-ОХУ-ын “Реново”, “Базовый элемент”, “Северсталь” гэсэн гурван том компани хамтран Консорциум байгуулсан. Тэд Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт хамтран ажиллахыг сонирхож байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Асгатын мөнгөний орд газарт ОХУ-ын “Полиметалл” компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчингүй болчихоод байгаа. Асуудлыг гэрээнд гарын үсэг зурах үеийн нөхцөл байдалд буцаан оруулах талаар Монгол Улсын Засгийн газар анхаарал тавина гэдэгт итгэж байна гэлээ.
Монгол Улсад буй ОХУ-ын өмчийн долоон орон сууцыг Монголын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дуусах шатандаа ороод байгааг ноён С.М.Миронов мэдэгдээд хоёр талаас зорчих иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж, цаашдаа ч өсөх хандлагатай байгаа тул харилцан визгүй зорчих асуудлыг шийдэх ёстой гэж бид үзэж байгаа гэж тэмдэглэв.
Ерөнхий сайд М.Энхболд Монголын нутаг дэвсгэрт буй ОХУ-ын өмчит орон сууцнуудын асуудал нэг мөр болж байгаад бид талархаж байна. “Монголросцветмет”-ийн хэлэлцээрийг байгуулж, батлах асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ чиглэлээр Засгийн газраас Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гээд
-Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах гэрээ хүчингүй болсон тухайд товч тайлбар хэлье. Дээрх гэрээнд гарын үсэг зурах тухай асуудал манай Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хөтөлбөрт байгаагүй. Нөгөө талаар төрийн оролцоотой аж ахуйн нэгж хамтын ажиллагааны аливаа гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг авах ёстой гэсэн журам зөрчигдсөн зэрэг шалтгаанаар гэрээг цуцалсан. Монголын төрийн өмчийг төлөөлж буй “Монголросцветмет” компани цаашид уг ордыг бусад улс орнуудтай хамтран ашиглах талаархи саналаа Засгийн газарт танилцуулах ёстой гэв.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд М.Энхболд Ази, Европыг холбосон мэдээлэл харилцааны шилэн кабелийн шугамыг бид байгуулж байгаа. ОХУ-ын татвар нэлээд өндөр байгаа нь мэдээллийн технологийн ололтыг ашиглах, интернэт мэдээллийг өргөн ашиглах, хоёр талын мэдээллийн урсгалыг тогтмолжуулахад тодорхой бэрхшээл учруулж байгааг анхааралдаа авахыг хүсэв.
Ноён С.М.Миронов Асгатын орд газрыг ашиглах асуудлыг хууль, журамд нийцүүлэх ёстой гэсэн таны саналыг бид хүндэтгэн үзэж байна. Шилэн кабелийн талаарх асуудлыг анхаарч, тодорхой арга хэмжээ авна гэв.
Ноён С.М.Миронов тэргүүтэй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлтийн төлөөлөгчид Чингис хаан, Зайсан толгой дахь Зөвлөлийн дайчдын дурсгалын хөшөө болон Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлэв. Мөн Бурхан багшийн цогцолборыг үзэж сонирхлоо. Дараа нь ШУТИС-иар зочилж, тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, ШУТИС-ийн хүндэт доктор С.М.Миронов “Орос-Монголын эдийн засгийн харилцаа, хэтийн төлөв” сэдвээр үг хэлж, эрдэмтэн багш нартай харилцан ярилцсан юм. Энд ноён С.М.Миронов Ленинградын уул уурхайн дээд сургуулийн нэг ангийн анд ШУТИС-ийн Геофизикийн тэнхимийн багш Д.Лхагвадоржтой санамсаргүй таарч, ихэд бэлэгшээн уулзаж, элэгсэг дотноор ярилцаж байлаа