Олборлох салбарын ил тод байдлын төлөө
төрийн бус байгууллагуудын эвслийн зохицуулагч,
Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.ГАНБОЛД
Алс баруун хязгаар Увс аймгийн Өмнөговь сумын нутагт чулуун нүүрс олборлодог Хартарвагатай хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөл 2006 онд борлуулсан бүтээгдэхүүн, улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн хэмжээгээ өдөр тутмын “Зууны мэдээ” сониноор дамжуулан саяхан олон нийтэд ил тод тайлагнажээ. Тус компани өнгөрсөн онд 46 мянган тонн нүүрс олборлож, 255 сая төгрөгийн борлуулалт хийж, нэмүү өртөг, орлого, үл хөдлөх хөрөнгийн зэрэг татварууд, нөөцийн болон лицензийн төлбөрөөр төсөвт 57 сая 158 мянган төгрөгийн орлого оруулсан байна.
Хартарвагатай ХК ийнхүү Ашигт малтмалын тухай шинэ хуулийн 48 дугаар зүйлийн 10 дугаар заалтыг Монголын уул уурхайн компаниудаас анх түрүүн биелүүлж олон нийтэд хандсан нь нэг талаас хууль хэрэгжүүлж байгаа, нөгөө талаас хувьцаа эзэмшигчиддээ, иргэдэд нээлттэй байгаагаа тод томруун харуулсан хэрэг юм.
УИХ-аас 2006 оны 7 дугаар сард баталсан Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” хэмээн хуульчлан заасан.
Хуулийн энэ заалтын дагуу манай оронд уул уурхайн олборлолт явуулж байгаа наад зах нь 300 гаруй компани төсөвт төлсөн татвар хураамжийн тухай мэдээллээ энэ оны 3 дугаар сарын 31-нээс өмнө олон нийтэд ил болгох учиртай. 5 дугаар сар гарчихаад байхад гагцхүү Хартарвагатай л анхдагч хэвээр байна.
Манайд хууль хэрэгжүүлэх соёл тааруу. Тиймээс ч хуулийг гууль болгох нь олонтаа. Энэ удаад сурсан зангаараа Ашигт малтмалын хуулийн дээрх чухал заалтыг өлгийд нь өтлүүлмээргүй байна.
Энэ заалт юугаараа чухал вэ? Монголчууд өнөөг хүртэл уул уурхайн тухай хангалттай шуугиж маргалдлаа. Энэхүү маргаан мэтгэлцээн тус салбарын хөгжлийг зөв голдиролд нь оруулахад нэн тустай болсон. Гэхдээ маргаан мэтгэлцээн ихэнх тохиолдолд бодит тоо баримтаас ангид, сэтгэлийн хөдлөл, сураг таамгаар голдуу өрнөж байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.
Цаашдаа асуудлын гүнд орохын тулд бүх зүйлийг баримт, нотолгоотой авч үзэх шаардлагатай.
Монголд хоёр туйлшрал байдаг. Зарим нь уул уурхай шиг чухал салбар үгүй гэнэ. Нөгөө хэсэг нь уул уурхай бүхнийг баллаж сөрөг ул мөр үлдээж байна гэдэг. Аль алинд нь үнэний хувь бий. Үнэний дэнсийг олохын тулд наад зах нь уул уурхайгаас төсөвт юу ордог юм, түүнийг яаж зарцуулдаг тухай тодорхой мэдээлэлтэй болох зайлшгүй шаардлага урган гарч байна.
Хэдийгээр уул уурхайн компаниуд ашгийн төлөө бизнес эрхэлж байгаа ч Үндсэн хуулиар төрийн мэдэл, ард түмний хамгаалалтад байхаар хуульчлагдсан газрын хэвлийн баялгийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаагийнхаа хувьд хариуд нь улсдаа, орон нутагт, иргэддээ юу өгч байгаагаа ил болгох ёстой. Үүнийг л 48.10 дугаар заалтаар хуульчилсан.
Компаниуд ил тод байх өөр нэгэн шаардлага байна. Монгол Улсын Засгийн газар 2006 оны эхээр Английн Ерөнхий сайд Тони Блэйрийн санаачилсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон. Сая Ерөнхийлөгч Н.Энхбаяр Лондонд айлчлахдаа Тони Блэйрт өөрийнх нь санаачлагыг Монголд амжилттай хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн дуулдана лээ.
Ерөнхий сайд М.Энхболдын толгойлдог санаачлагыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл басчиг хийсэн зүйл, хэлэх үгтэй байгаа. Засгийн газар, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн гурван тал оролцдог тус зөвлөлөөс чиглэл болгосны дагуу өнгөрөгч сарын эхээр Үндэсний Статистикийн газрын дарга, Сангийн сайд хамтран 49/96 тоот тушаал гаргалаа. Энэ тушаалаар олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаний борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн тайлангийн маягт батлагдсан.
Нэгэнт Монголын Засгийн газар сайн дурын үндсэн дээр олон улсын санаачлагад нэгдэн орсон, нөгөөтэйгүүр хууль хэрэгжүүлэх үүднээс уул уурхайн компаниуд батлагдсан маягтын дагуу тайлангаа гаргаж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан яаралтай толилуулах хэрэгтэй байна. Хаа хол байгаа Увсын Хартарвагатай компани тайлангаа нийтлүүлж болоод байхад боломж сайтай, дийлэнх нь нийслэлд төвлөрдөг уул уурхайн томоохон компаниуд тайлангаа гаргахад ямар ч бэрхшээл байхгүй.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг амжилттай хэрэгжүүлж байгаа зарим орны компаниудын тайлангийн маягттай харьцуулахад манайхны хэрэглэх маягт илүү олон үзүүлэлттэйгээрээ давуу болжээ. Үүний дагуу компаниуд бүхий л татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, Засгийн газарт төлсөн төлбөрүүд, төрийн байгууллагуудад үзүүлсэн дэмжлэг, аймаг сумдад үзүүлсэн мөнгөн тусламжаа ил тод зарлах учиртай.
Ил тод болгох гээд байгаа нь бизнесийн компаниудын ашиг сонирхлыг хөндөх гээд байгаа хэрэг биш. Харин ч олборлох салбарын мэдээллийг ил болгосноор уул уурхайнхан, ард иргэдийн хооронд үүссэн үл ойлголцлыг арилгаж, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэхэд тус нэмэр болох юм.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сөдөтийн аманд алт олборлодог Гацуурт компани 2001-2006 онд орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааныхаа гэрээний дагуу тус суманд хандив тусламжаар 315 сая гаруй төгрөгийн тус дэм үзүүлсэн байна лээ. Боломжийн л тусламж. Харамсалтай нь энэ тухай сум, багийн иргэдээс өөр мэдэж байгаа хүн ховор. Иймэрхүү мэдээллүүдийг л бид ил болгохыг хүсч байгаа юм.
Дээр дурдсан тушаалын дагуу зөвхөн компаниуд тайлагнаад зогсохгүй Сангийн яам уул уурхайн компаниудаас авсан орлогоо нэгэн адил тайлагнах үүрэг хүлээж байна. Энэ тайлан оны эхний хагас жилд багтан нийтлэгдэх учиртай. Цаашлаад Сангийн яам зөвхөн орлогоо тайлагнаад зогсохгүй уул уурхайнхнаас авсан мөнгөө юунд зарцуулснаа ил тод зарлахыг Монголын иргэний нийгмийнхэн шахаж шаардах болно. Энэ нь олон түмний тусын тулд хийж байгаа ажил билээ.