Монголын уран гадаадынхны хорхойг гозгонуулав (Өнөөдөр. 2007.05.16)

A- A A+
Монголын уран гадаадынхны хорхойг гозгонуулав (Өнөөдөр. 2007.05.16)

Монголын уран гадаадынхны хорхойг гозгонуулав (Өнөөдөр. 2007.05.16)

Дэлхийн зах зээл дээр ураны хэрэглээ нэмэгдэж, үнэ нь тогтмол өссөнөөр Монголын уул уурхайн салбарыг сонирхогч гадны хөрөнгө оруулагчид нэмэгдэх болов. Монголд өнөөдрийн байдлаар нөөц нь тогтоогдсон ураны хүдрийн гол гурван орд бий.

Энэхүү баялгийн нөөцийн байршилд Мардайн гол, Дорнод, Гурван булаг орно. Эдгээрээс хамгийн том нь Дорнод. Нөөцийн хэмжээ нь 56800 тонн. Нөгөө хоёр орд газар нь нийлээд 26 орчим мянган тоннын нөөцтэй. Үүнээс гадна Францын хөрөнгө оруулалттай “Кожи говь” компани сүүлийн арав гаруй жил ураны хайгуул судалгааны ажлыг хийж, Дорноговь аймагт багагүй нөөцтэй орд илрүүлжээ.

 Мөн Канад, Австрали улс Мардайн гол, Дорнод, Гурван булагийн ордыг эзэмших лицензийн эрхийг нийт 450 сая ам.доллараар худалдан авах саналыг Монголын Засгийн газарт тавьсан байна. Түүнчлэн  Монгол Улс АНУ, ОХУ, Канад, Австрали, БНХАУ зэрэг орон бүртгэлтэй байдаг Дэлхийн цөмийн энергийг энх тайвны зорилгоор ашиглах хорооны гишүүн орнуудтай хамтран ажиллаж, улмаар ураны ордоос олборлолт хийлгэе  гэсэн байр суурьтай байгаа аж.

Oйрын жилүүдэд Монголд ураны хүдэр олборлож эхлэх бололтой. Одоогоор Канад, Австрали зэрэг улс дээрх баялгийг сонирхож буй дуулдсан. Ийм тохиолдолд манай урд, хойд хөрш амандаа байгаа шар тосыг  бусдад амар алдахыг хүсэхгүй. Ялангуяа ОХУ олборлосон ураны хүдрээ нутагтаа  баяжуулах бодолтой байгаагаа хэдийнэ уламжилжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд асан  “Росатом”   агентлагийн ерөнхийлөгч Сергей Кириенко саяхан  манай улсад айлчлах үеэрээ  хил залгаа бүс нутагт ураны орд газрыг хамтран ашиглаж, олборлох, Монголд атомын цахилгаан станц байгуулах саналыг тавьсан байна. Энэ тухай асуудал ноён С.М.Мироновын Монголд хийж буй айлчлалын үеэр сөхөгдөж байна. Одоо энэ чиглэлээр судалгааны ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
АНУ ч Монголд уран олборлох эрхийг аль улс авахыг  анхааралтай ажиж суугаа.  Сонголт, гэрээ  хэлцэл  цаашид хэрхэн өрнөхийг таашгүй.