Д.Сугар: Зөвшөөрөл өгч факс явуулсныхаа хариуцлагыг би хүлээх болно (Өдрийн сонин. 2007-05-21, ¹117)
Асгатын мөнгөний ордыг ОХУ-ын “Полиметалл” компанитай хамтран эзэмших гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын эрхийг нууцаар шилжүүлж эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт ТӨХ-ны дарга Д.Сугар, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхийлөгч О.Эрдэнээ нар холбогдоод байгаа. Харин нууцаар үйлдсэн тэрхүү гэрээг манай Засгийн газар цуцалж орхисон. Гэтэл ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов болон түүний араас ирсэн Думын гишүүдийн төлөөлөл бүгд гэрээгээ яагаад цуцалсныг “шүүхээр” ирэгсэд байлаа. Мөн өнөөдөр Монгол-Оросын хувь нийлүүлэгчдийн зөвлөлийн хурал Орхон-Уул аймагт эхэлж байна. Оросууд мөн л “Полиметалл”-ын эрх ашгийг хамгаалах болно. Мөн манай сонины дугаарт нийтлэгдсэн “Асгатын ордыг дээрэмдсэн хуйвалдааны өчигдөр, өнөөдөр, маргааш” нийтлэл ихээхэн дуулиан тарьсан билээ. Энэ бүхний мөрөөр ТӨХ-ны дарга Д.Сугартай уулзаж ярилцлаа.
-Бидний яриа шууд “Асгат”-аас эхэлсэн нь зүйтэй байх. “Монголросцветмет” -ын О.Эрдэнээ та хоёр Засгийн газрын эрхийг өөрсдөдөө шилжүүлж эрх мэдлээ хэтрүүлэн “Полиметалл”-тай гэрээ байгуулсан байна. Асгатын ордыг хууль бусаар оросуудад шилжүүлэх гэж улайран хөөцөлдөхийн учир юу вэ?
-Үйл явдлыг дэс дараалалтай ярья. Намайг ТӨХ-ны дарга болсноос хойш О.Эрдэнээг “Монголросцветмет” нэгдлийн ерөнхийлөгчөөр томилсон шүү дээ. О.Эрдэнээ тус нэгдлийн зарим салан задгай үйл ажиллагааны талаар нэлээд ярьдаг байлаа. Тэр явцдаа “Полиметалл”-ыг танилцуулж байсан юм. Асгатын мөнгөний орд бол их өндөр уулын бүсэд оршдог, олборлоход хэцүү, Монголын талаас очиход зам харгуй байхгүй. Бас тэгээд улсын хил гарч байж очдог тийм газар. Тэгэхээр ийм газрыг олборлодог технологитой компани бол үндсэндээ Орост л байдаг. Гэхдээ би бол мэргэжлийн хүн биш шүү дээ. Тэгээд О.Эрдэнээ “Полиметалл”-тай гэрээ хэлэлцээр байгуулах гэж байгаа талаараа танилцуулсан.
-ТӨХ-ны даргад албан ёсоор танилцуулж байгаа хэрэг үү?
-Албан ёсоор ч биш юмаа. Амаар л ярьж байсан хэрэг шүү дээ. Тэгээд би “За зүйтэй, зүйтэй. Ашиглаж чадахгүй 17 жил болж байгаа. Дэмий хэвтэж байхаар ашиглалтад оруулбал зүгээр юм” гэж хэлсэн. За тэгээд өдөр тутмын ажилдаа дарагдаад өнөөхөө ч мартчихаж. Цаг хугацаа яваад өгнө биз дээ. Нэг мэдэхэд л арванхоёрдугаар сар болчихож. Би ажлаар Япон яваад ирэхэд Ерөнхийлөгчийн ОХУ дахь айлчлал эхэлчихсэн байлаа. За тэгээд нэр бүхий сайд нар ОХУ-аас ярьсан юм.
-Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр үү?
-Одоо сайн санахгүй байна. Гэхдээ 7-ны орой байх аа. Тэгээд надад “Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд, айлчлалын ач холбогдлыг өндөржүүлэх талаар тодорхой үр дүнд хүрэхээр юм хиймээр байна. Түүний нэг бол Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтарч ашиглах аа. Энэ гэрээнд гарын үсэг зурмаар байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Асгатын төсөлтэй огт танилцаагүй ээ. Тэр гэрээг нь огт үзээгүй. Ер нь бол энэ талаар бодож байсан. Гэхдээ Засгийн газраар оруулах ёстой” гэлээ. Яг тэгээд би өрөөнөөсөө гараад Ерөнхий сайд дээр орсон. “Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд явж байгаа сайд нараас тийм юм яриад байна аа” гэж хэлсэн.
-Тэгээд Ерөнхий сайд юу ярьж байх юм бэ?
-Ерөнхий сайд “Надад энэ талаар юу ч танилцуулаагүй ээ” гэсэн. Тэгэхээр нь би ”Ерөнхийлөгч үүрэг өгөөд байна гээд байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч тань руу ярина биз дээ” гэж хэлчихээд гараад ирсэн. Тэгээд нэлээн ажилтай сууж байтал нөгөөдүүл дахиад яриад эхэлсэн дээ.
-Нөгөөдүүл гэж хэн бэ?
-Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Н.Энхболд, Элчин сайд Л.Хангай. Энэ гурав бол тухайн асуудлыг хариуцах бүрэн эрхтэй бас үүрэгтэй хүмүүс л дээ. Хоёр улсын харилцааны талаар Гадаад харилцааны сайд нь, Засгийн газар эдийн засгийн харилцааны дарга нь за тэгээд Элчин сайд нь. Тэгэхдээ бас би зөвшөөрөөгүй ээ.
-Та шуудхан л “Би зөвшөөрөхгүй байна аа” гээд хэлчихсэн үү?
-”Ерөнхий сайд надад хэлнэ ээ. Та нар Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдтай л яриулахгүй юу” гэсэн. Гэтэл тэд нар дахиж яриад “Ерөнхий сайд намын бүлгийн хуралд орчихож. Тэгээд ярьж болохгүй байна. Маргааш өглөө энэ гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хоёр улсын Ерөнхийлөгчийн хүрээнд эхлэх гээд байна. Чи битгий саад болоод бай” гэсэн. Хэдийгээр би тэр үед прагматик талаасаа хандсан ч үнэхээр улсад хэрэгтэй чухал асуудал юм бол гэж бодоод тэр шөнөдөө “Монголросцветмет” нэгдлийн Монголын хэсгийн зөвлөлийг хуралдуулсан.
-Ерөнхий сайд зүгээр л асуудлаас бултаад өнгөрсөн юм шүү дээ. Тэр өдөр ямар ч бүлгийн хурал болоогүй. Тэгээд Монголын хэсгийн зөвлөл зөвшөөрсөн хэрэг үү?
-Бүлгийн хурал болсон эсэх талаар би ердөө мэдэхгүй. Монголын хэсэг дэмжсэн шийдвэр гаргасан. Тэгээд ч хоёр хүн нь Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байсан. Буяндэлгэр Даваадорж хоёр.
-Даваадорж гэдэг нь одоогийн Үйлдвэр, худалдааны сайд мөн үү?
-Мөн. Тэгээд ч тэр үед сайд байсан Б.Жаргалсайхан ч бас айлчлалын бүрэлдэхүүнд байсан шүү дээ.
-Салбарын сайд нь яагаад дуугүй байгаад байсан юм бол оо?
-Б.Жаргалсайхантай ярьчихсан гэж тэд надад ойлгуулсан юм шүү дээ. Тэгээд тэр шөнөдөө шийдвэрээ Москва руу явуулсан. За ингээд “Полиметалл” гэдэг компанитай гэрээ байгуулахад миний хувьд эхний бөгөөд эцсийн оролцоо нь энэ байлаа. Тэрнээс хойш сонинд шүүмжлүүлэх тайлбар хийх ажил хийсээр өнөөг хүрсэн.
-Таны факс очиход Ерөнхийлөгч аль хэдийнэ Путинтай уулзчихсан байсан. Өөрөөр хэлбэл, өнөөх ажил удаж байж явуулсан факс тань ямар ч ач холбогдолгүй болчихож. Энэ үед харин О.Эрдэнээ нар жинхэнэ ёсоор ажиллаж “Полиметалл”-тай гэрээ байгуулж амжсан. Харин та гэрээг байгуулсны дараа яасан бэ. Өөрөөр хэлбэл, О.Эрдэнээ эрх мэдлээ хэтрүүлэн гэрээ байгуулжээ гэдгийг мэдсэн үү ?
- Гэрээ байгуулах ажил Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ороогүй юм билээ. Би сүүлд мэдсэн. Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг ашиглаж гэрээнд гарын үсэг зурсан байх. Тэрнээс Ерөнхий сайд бол огт мэдээгүй шүү дээ. Харин миний факс өмнө нь очсон уу, хойно нь очсон уу гэдгийг би мэдэхгүй.
-Ерөнхийлөгч өөрөө тань руу ямар нэгэн байдлаар ярьсан уу?
-Үгүй. Огт яриагүй. Харин над руу утсаар ярьсан хүмүүс бол “Ерөнхийлөгч чамаас шаардаж байна. Сугар яагаад ажлаа хийхгүй гадаад дотоодоор тэнэж явдаг юм бэ” гээд байна гэсэн. Тэгэхэд надад эвгүй сэтгэгдэл төрж л байсан. Тэгээд би зөвлөлийг хуралдуулж факс явуулсан юм.
-Москвагаас сайд нар утасдаад байхад О.Эрдэнээ тань руу ярьсан уу?
-Үгүй. Яриагүй.
-Тэгэхээр ийм гэрээ байгуулахад Монголын талын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэснээр гэрээ байгууллагддаг юм уу эсвэл заавал Монголын Засгийн газраар хэлэлцэж байж шийдвэр гарсны дараа гэрээ байгуулагдах ёстой юу?
-Тэр бол маргаантай асуудал. “Монголросцветмет” бол олон улсын гэрээ хэлэлцээрээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг ч Монгол-Оросын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрээр бас зохицуулагддаг юм. Хэрвээ тэр талаас нь маргалдвал бид нар өөрсдийгөө зөвтгөж болно. Харин үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээртэй зөрчилдвөл олон улсын гэрээг нь баримталдаг байхгүй юу.
-Засгийн газрын эрх мэдлийг өөртөө авч гэрээ байгуулсан нь хэдийгээр О.Эрдэнээгийн буруу ч тэр факсыг явуулснаараа та ч бас энэ хэрэгт холбогдож байгаа л даа.
-Үнэхээр Асгат бол олны анхаарал татсан, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдэг үндэслэлээр Засгийн газар хэлэлцэх ёстой байсан нь үнэн. Засгийн газар тийм заавар өгчихсөн байхад би оруулах л ёстой байсан. Угаасаа ч би Засгийн газарт оруулна гэж бодож байсан юм. Гэхдээ тэр цаг үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг ойлгооч ээ л гэж хэлэх байна. Тэрнээс өөрийгөө цагаатгаад байгаа юм надад байхгүй. Зөвшөөрөл өгч факс явуулсныхаа хариуцлагыг би хүлээх л болно.
-”Полиметалл”-тай байгуулах гэрээг цуцалсан Засгийн газрын хуралдаан дээр яг юу болсон юм бэ?
-Би тэр хуралдаанд суугаагүй. Гадагшаа томилолтоор явчихсан байсан юм. Ирэхэд цуцалсан байсан. Нэгэнт л Засгийн гзаар тийм шийдвэр гаргачихаад байхад би юу хэлэх билээ. Тэгээд Оросын Төрийн өмчийн хороо болон Оросын талын зөвлөлд Гадаад харилцааны яамаар дамжуулан нот бичиг илгээж “Полиметалл”-тай байгуулсан гэрээг Монголын Засгийн газар цуцаллаа гэж мэдэгдсэн. Оросын талаас бол олон хариу ирсэн. “Ерөнхийлөгчийн чинь айлчлалын хүрээнд хууль номын дагуу байгуулсан гэрээгээ цуцалмааргүй байна аа. Хэрвээ цуцлахдаа хүрвэл бид маргаан үүсгэж эрх ашгаа хамгаална” гэж мэдэгдсэн. Тэд ийм мэдэгдэл хийгээд зогсоогүй. Элчин сайдын яам болон Оросын Төрийн өмчийн хороо уулзалт болгон дээрээ энэ асуудлыг хөндөж байгаа. За тэгээд бүр Оросын төрийн өндөр албан тушаалтан Миронов гэж хүнийг бол бас л үүний хойноос ирсэн гэж би бодож байна.
-Тэгэхээр та одоо ямар байр суурь, үзэл бодол баримталж байна вэ. Асгатыг О.Эрдэнээгийн байгуулсан нууц гэрээгээр “Полиметалл”-д өгөх үү , болих уу?
-Одоогийн миний байдал бол нэгэнт Засгийн газрын хүчингүй болго гэсэн заавар чиглэл хүчинтэй байгаа учраас би тэр чиглэлээр л ажиллана. Энэ гэрээг хүчингүй болгомогцоо олон улсын нээлттэй тендер зарлах бичиг баримт манай хороон дээр бэлэн болчихсон байгаа. Яг ингээд явж байтал УИХ-аас Засгийн газар болон манай хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулчихсан байхгүй юу. Тэгэхээр нэг шийдвэр гаргаад л дараагийн удаа өөрчлөгдөж байх нь чухал биш шүү дээ. Тиймээс жаахан хүлээзнэхээс өөр аргагүй болсон. Бас оросууд гэрээгээ цуцалбал Лондонгийн шүүхэд заалдана гээд гэрээндээ заасан юм билээ. Тэгэхээр оросууд энэ боломжоо ашиглаж Лондонгийн шүүхэд очих аюул бий.
-Хууль бусаар, нууцаар байгуулсан гэрээ юм чинь Лондонгийн шүүх дээр очитлоо даамжирна гэж үү?
-Хууль бусаар байгуулсан гэж шууд хэлэх бололцоо бас байхгүй.
-Монгол Улсын Засгийн газар хуралдаад нөхөр О.Эрдэнээг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад хууль бусаар энэ гэрээг байгуулсан тул хүчингүй болголоо гэсэн шийдвэр хангалтгүй юу?
-Би түрүүнд хэлсэн дээ. “Монголросцветмет” нэгдлийн эрх зүйн байдал шал өөр гэж. Олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг юмаа. Хэрвээ дотоодын компани байсан бол таны наад яриад байгаа чинь маргаангүй зөв. Олон улсын гэрээгээр бол дахиад маргах юм байгаа байхгүй юу. За энэ яахав гэж бодоход гэрээг цуцалсны дараа олон улсын нээлттэй тендер зарлах боломж байна. Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл Оросын төрийн өмчийн хорооны даргатай уулзсан. Тэгээд би “Асгатын мөнгөний орд гэдэг газар бол Монгол Улсын хуулиар Стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад орчихсон. Тийм учраас манай хуулийн шаардлагаар Монголын хувийг 50-д хүргэ. Тэгээд “Асгат дахь Оросын төрийн эзэмшиж буй хувиа бууруул” гэсэн. Гэхдээ бид хэлэлцье гэсэн хариу өгсөн байгаа.
-”Полиметалл”-ын тэр гэрээнд өөрийнхөө эзэмших 50 хувийг Стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтаас авч үлдэнэ гэж байсан. Тэгэхээр зөвхөн манай эзэмшлээс л хувиа төлж таарч байгаа юм.
-”Полиметалл”-ын хувьд бол хэрвээ 50 хувиас доош бол эдийн засгийн ашиггүй болж байгаа юм гээд байгаа. Хөрөнгө оруулалтаа тэд гаргаж байгаа шүү дээ. Бас нэг хувилбар бол Засгийн газар “Монголросцветмет”-ээс Асгатын ордын лицензийг бүгдийг нь хурааж аваад төрийн өмчит компанидаа өгөх. Тэгвэл 50:50 хувиар хувааж эзэмшиж болох юмаа гэсэн.
-Засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоол дээр “Монголросцветмет” нэгдлийн ерөнхийлөгч О.Эрдэнээд арга хэмжээ авахыг танд үүрэг болгосон байх аа?
-Би дангаараа арга хэмжээ авдаггүй юм. Зөвлөлөөр хэлэлцэж байж авдаг.
-”Монголросцветмет” нэгдлийн даргыг томилох, арга хэмжээ авах эрх нь Монголын талын зөвлөлд байдаг гэж хоёр Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд заасан байдаг юм биш үү. Тэгэхээр та л арга хэмжээ авч таарах гээд байгаа юм?
-Үгүй. “Советь”-оос томилж “Советь”-оос арга хэмжээ авдаг юм.
-О.Эрдэнээг Асгатын лицензийг хураалгалаа гэж ёстой тэр “советь”-оос чинь шагналт цалинг нь бууруулж арга хэмжээ авсан протокол надад байдаг юм. Харин манай Засгийн газрын үүрэг болгосноор та ямар арга хэмжээ авсан бэ?
-Түүнийг албан тушаалаас нь өөрчилж халах шийдвэр гаргаж Оросын талд тавьсан. Харин оросууд зөвшөөрөөгүй. “О.Эрдэнээ бол хууль зөрчөөгүй. Гэрээг сайн байгуулсан” гэсэн хариу ирсэн.
-Даваа гаригаас Монгол Оросын хувь нийлүүлэгчдийн зөвлөлийн хурал эхэлнэ. Энэ үеэр О.Эрдэнээ болон “Полиметалл”-ын асуудал хөндөгдөх үү?
-Мэдээж, хөндөгдөнө. О.Эрдэнээг халах саналаа дахиад тавина даа. Ер нь Асгаттай холбоотой энэ бүх зүйлийг Эрдэнээгээр өөрөөр нь илтгэл тавиулна. Оросууд өөрсдөдөө ашигтай талаа барьж ярих байх. Харин би Засгийн газрын шийдвэрээ өмнөө барьж ярилцана.
-Засгийн газрын шийдвэр гарсны дараа О.Эрдэнээ ямар нэгэн байдлаар танд хандаж байв уу. “Миний хийсэн зүйл зөв шүү дээ. Гэрээг битгий цуцлуулаач” гэх мэтээр ярьсан уу?
-Бараг өдөр болгон. Одоо ч ярьсаар л байгаа.
-Ерөнхийлөгч ер нь тантай уулзсан уу. “Полиметалл”-ын гэрээг цуцлуулахад тэр бас үүрэг гүйцэтгэсэн байх аа?
-Ерөнхийлөгчтэй бол бид бараг өдөр болгон уулздаг шүү дээ. Энэ сэдвээр нэг л удаа уулзсан. Тэгэхдээ “Энэ гэрээг цуцлаад олон улсын нээлттэй тендер зарлая” гэж хэлсэн.
-Тэгэхээр та асуудаггүй юм уу. Москвагаас болохоор сайд нараар шахуулаад л одоохон зөвшөөрсөн гэсэн бичиг факсд гээд байсан байж одоо болохоор цуцалъя гэдэг нь ямар учиртай юм бэ гээд.
-Асуусан. Ярьсан.
-Тэгэхээр юу гэх юм бэ?
-”Ийм юм танилцуулж л байсан. Албан ёсны хөтөлбөрт ороогүй байсан шүү дээ” гэж байна билээ. Тэгэхээр дундаас нь л хүмүүс янз бүрээр яриад энэ явдал болчихсон юм шиг байгаа юм.
-Ерөнхийлөгч болохоор шахаж шаардаагүй л гэх юм уу?
-Тэгсэн.
-Тэгээд хэн нь дундуур нь гүйгээд төр, засгийн тэргүүнүүдийг хутгаж байгаад ийм гэрээ байгуулчихав гэдгийг та хуульч хүнийхээ хувьд судлаагүй, сонирхоогүй гэж үү?
- Би хуульч л даа. Гэхдээ миний үүрэг биш. Хэрвээ би мөрдөн байцаагч байсан бол энэ талаар ажиллах л байсан байх.
-”Полиметалл”-тай байгуулсан энэ гэрээ их өрийг тэглэсэн асуудалтай холбоо байна уу. Сангийн дэд сайд Ч.Ганзориг бол “Монголросцветмет”-ийг их өртэй холбоотой гэсэн байна билээ.
-Намайг их өртэй холбоотой мундаг мэдээлэл олоод Ерөнхийлөгчийг сүрдүүлж байгаа гэж бичсэн байсан.
-С.Керимов та хоёрыг гэж бичсэн шүү дээ?
-Надад тийм юм ерөөсөө байхгүй ээ. Би энэ яваа насандаа тэр оросыг хараа ч үгүй, таних ч үгүй. Тэгээд ч ер нь Ерөнхийлөгч нэг агентлагийн даргын сүрдүүлгэнд ороод байхааргүйгээр улс төрийн их туршлага хуримтлуулсан хүн. Хэрвээ үнэхээр тийм баримт сэлт байдаг бол хоёр улсын Ерөнхийлөгч хоёулхнаа зогсч байгаад гэрээ хэлцэл хийдэггүй. Хажууд заавал зохих түвшний албан тушаалтан хүмүүс байдаг л даа. Тийм байтал тэр нууц очиж очиж би мэдээд надаас задарна гэж байхгүй л дээ.
-Тэр нууцыг үнэхээр олон хүн мэддэг юм билээ. Асгатын асуудлыг ингээд дуусгая. Харин одоо Солонгос явах гэж Төв цэнгэлдэхэд гурав хонож үйлээ барж байгаа хүмүүсийн тухай ярилцъя. Зүв зүгээр ажил нь явагдаад болж байсан “Зуучлах товчоо” хэмээх хувийн байгууллагыг төрийнх болгосны үр дагавар энэ мөн үү?
-Нэгдүгээрт, энэ компанийн хувийг эзэмшээд ашиг олох гэсэн юм ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт, Засгийн газар шийдвэр гаргахдаа ийм төрлийн ажил эрхэлдэг өөрөөр хэлбэл ажиллах хүчин гадагшаа гаргадаг хувийн компаниудтай хамтарч төрийн өмчит компани байгуул гэсэн тогтоол гаргасан. Тогтоолоо авангуутаа энэ компаниудад би захиа бичсэн. Төрийн өмч давамгайлсан компани байгуулж төр 51 хувийг эзэмших нь тодорхой боллоо. Үлдсэн хувьд нь эзэмших хувиа тохиръё гэсэн захидал бичсэн. “Монгол ньюс” тэр дороо “манайд 14 хувь байхад л хангалттай” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр “Зуучлах товчоо”-нд цаана нь 35 хувь үлдэхгүй юү. Гэтэл “Зуучлах товчоо” “Зөвшөөрөхгүй ээ. Манайх 51 юмуу бүр цаашилбал 75 хувийг эзэмших ёстой” гэсэн. Ингээд өмчийн маргаан үүсч байгаа юм. Дуудлаа, ирдэггүй ээ. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл гуай намайг “дарамталдаг” юм. Дарамталдаг гэдэг үгийг би наргиа болгон хэрэглэж байгаа юм шүү. Яасан гэсэн “Солонгосын бирж дээр квот хуваарилж байна. Тэнд манайхаас гадна Бангладеш, Филиппин гэх мэт улсууд бас ажиллах хүч нийлүүлдэг аж. Тэгээд түргэлэхгүй бол манайхаас нэг ч хүн явж чадахаа байлаа” гэж. Би үнэхээр санаа зовсон. Явж амьдралаа дээшлүүлэх нь явж чадахгүй нь гэж. Хэрвээ өмчийн маргаанаа эхэлж шийдвэрлээд компаниа байгуулаад дараа нь квотоо авна гэвэл энэ жил нэг ч хүн явж чадахгүй байсан. Тийм учраас Төрийн өмчит компанийг би зуун хувиар байгуулсан нь үнэн. Гэхдээ дүрмэнд нь 49 хувьд нь хувийн компаниуд орж болно гэж байгаа. Би компаниа байгуулаад дахиад захиа бичсэн. Дахиад зөвшөөрөөгүй. Харин зуучлагч товчооноос нэг ч хадаас бид аваагүй. Хувийн компанийн юунд ч хүрээгүй. Бид компаниа байгуулчихаад харин манай тал өмчийг та нар аваач ээ л гэсэн. Гэхдээ “Зуучлах товчоо” 75 хувийг нь эзэмшинэ гэсэн үндэслэлээр ТӨХ-ны эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн байгаа.
-Шүүх шийдвэр гаргаагүй байгаа юу?
-Гаргаагүй. Шүүх ТӨХ-ны тогтоолыг түдгэлзүүлчихсэн байгаа. Яг энэ үеэр БНСУ-ын хөдөлмөрийн яамны газрын дарга, орлогч гээд хамаг юмаа мэддэг хүмүүс айлчилж ирсэн шүү дээ. Тэгэхээр нь БНСУ-д гаргах хүмүүсийг бүртгэх, шалгалт авах ажлыг шүүхийн энэ шийдвэрт нөлөөлөхгүйгээр хууль зөрчихгүйгээр зохион байгуулж чадсан. Харин яаж ийж байгаад эдгээр хүмүүсийг Солонгос руу заавал явуулна.
-Дахиад асууя. Цэнгэлдэх хүрээлэнд хонон өнжин цагдаа нарт бороохойдуулж доромжлуулан байж бүртгүүлсэн энэ хүмүүс БНСУ руу баталгаатай явах уу. Та баталж байна уу?
-Заавал явуулна. Баталж байна.
-Танд амжилт хүсье.
Ярилцлага хийсэн эл өдөр тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байлаа.