Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцрох үндэслэлтэй гэж үзэв (Өдрийн сонин 2007.05.24)
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр боллоо. Цэцэд Баянгол дүүргийн XIII хорооны иргэн Д.Ламжав, Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Р.Бурмаа нар “Авлигын тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа тэдгээрт их хэмжээний засвар хийж хууль зөрчсөн.
Үүнийг Цэц хүлээн зөвшөөрч О3 тоот дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ-аар хэлэлцэхгүй Үндсэн хууль зөрчсөн даргынхаа хууль бус үйл ажиллагааг залруулах ямарч алхам хийхгүй байна.
Түүний оронд Цэцийн бүрэн эрхэнд халдах оролдлогууд хийж байгаа нь нууц биш. Цэцийн 03 тоот дүгнэлтээр Үндсэн хуулийн 1.2, 20, 25.1.1 заалтыг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон УИХ-ын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа болон Цэцийн их суудлын хуралдааны энэхүү шийдвэрийг эсэргүүцсээр байгаа нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах үндэслэл мөн гэдгийг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэсэн өргөдөл гаргасан билээ.
Мөн иргэн Б.Лхагважав “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг эцсийн найруулга хийсэн хойно засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай тогтоож өгнө үү хэмээн Үндсэн хуулийн Цэцэд мэдэгдэл гаргасныг авч хэлэлцэв. Цэцийн хуралдаан өглөө есөн цаг гучин минутад эхэллээ.
Хуралдаанд Цэцийн бүх гишүүд иржээ. Хуралдаан эхлээд нэлээд удаж байгаад УИХ-ын дарга Ц.Нямдорж орж ирсэн. УИХ-ын даргыг дагаж УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар байлцав. Маргааныг шалгасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяа мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдахдаа Иргэн Б.Лхагважав УИХ-ын дарга Ц.Нямдорж эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж хууль засварласан. АА-н нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хуулиудыг эцсийн найруулга хийсний дараа түүнд засвар хийсэн. Энэ нь УИХ-ын дэгийн засвар хийхдээ агуулга, утгыг нь алдагдуулахгүй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийг ёсчлохдоо ажлын гурван өдрийн дотор хуулийг ёсчлох гэсэн заалтыг ч мөн зөрчсөн. Энэ бүхэн нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчжээ гэсэн. Мөн Үндсэн хууль зөрчсөн нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар өргөдөл өгсөн иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын өргөдөл гаргах болсон үндэслэлийг танилцуулав. Дараа нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийн тайлбарыг уншив. Уг тайлбарт 2006 оны долдугаар сарын 20-ны УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүд надад хууль засварлах эрх олгосон. Харин агуулга, утга санааг өөрчлөхгүйгээр хууль засварлаж болно гэсэн зөвшөөрлийн дагуу би хууль зассан. Түүнээс дур мэдэн хууль засаагүй. Засвар хийхдээ хуулийн утга санааг өөрчлөөгүй хэмээн бичжээ. Үүний дараа Цэцийн гишүүд маргаанд оролцогч талуудаас асуулт асуув. Цэцийн гишүүн П.Очирбат хариуцагч Ц.Нямдоржоос “Тэр долдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар чухам юу хэлэлцсэн юм бэ. Хуулиудын эцсийн найруулга хэлэлцсэн л гэх юм. Хуулийг ёсчилсон л гэх юм. Нэг үйлдлийг яагаад дөрвөн янзаар хэлээд байгаа юм” гэж асуулаа. УИХ-ын дарга Ц.Нямдорж “Тэр өдөр таван гол хуулийн эцсийн найруулгыг хийсэн. Үүнийг танилцуулахдаа би хуулиудыг сайн үзэж чадаагүй шүү. Цаашид засвар хиймээр байвал хийх болно. Агуулга, утга санааг өөрчлөхгүйгээр засвар хийнэ гэсэн зарчмыг тохирсон. Хэрэв ихээхэн зөрчилтэй байвал намрын чуулган хүргэнэ шүү” гэж гишүүдээс зөвшөөрөл авсан” гэв. Цэцийн гишүүн П.Очирбат “Та хууль засварлахдаа агуулгыг өөрчлөхгүй зарчимтай гээд байсан. Тэгвэл энэ Нэмүү өртгийн орлогын албан татварын хуульд байсан Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гэдгийг “гадаад улс” гээд өөрчилчихсөн байна. Энэ хуулийн заалтаар чинь бол Тайваньд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг гадаад улс хэмээн ойлгохоор байна. Бид чинь албан ёсоор Тайванийг гадаад улс гэж ойлгодоггүй шүү. Мөн хуульд байсан гучин хувь хүртэл гэснийг, гучин хувь хэтрүүлэлгүй гэж өөрчилжээ. Гуч хүртэл гэдэг чинь гучаас доош тоог хэлдэг. Бас гадаадын дипломат албаны хэрэгцээнд гэснийг НҮБ байгууллага, түүний төрөл байгууллагууд хэмээн өөрчилсөн байна. Энэ бүгдийг утга агуулгыг нь өөрчлөөгүй засвар гэдэг байр суурь чинь хэвээрээ юу” гэж асуув. Ц.Нямдорж дарга “Би зөвхөн гадаад улс гэдэг үгийг л өөрчилсөн. Монгол Улсаас гадна гэхээр болж өгөхгүй байгаа. Гуч хүртэл, гучаас хэтрэхгүй гэдэг хоёр адил утгатай үг. Олон улсын байгууллагаар НҮБ-ыг л хэлдэг. Түүний төрөл байгууллагууд л татвараас чөлөөлөгддөг” гэлээ. Цэцийн дарга Ж.Бямбадорж “Санал хурааж шийдэх байсан асуудлуудыг дураараа засаж байсан нь нотлогдож байна. Энэ бүх засваруудыг санал хураалтаар засах байсан гэдэгтэй та санал нийлж байгаа юу. Батлагдсан хуульд байгаагүй Ариутгах татуурга гэдэг байгууллагын нэр сүүлд ороод ирсэн байна. Мөн зарим заалтууд алга болжээ. Энэ бүгдийг та хянаж байх ёстой юу” гэв. УИХ-ын дарга Ц.Нямдорж “Тэр Ариутгах татуурга гэдэг үг миний зассан хуульд л лав алга” гэлээ. Ж.Бямбадорж дарга “Энэ алга болсон заалт, нэмэгдсэн заалтуудыг та хариуцах уу” гэж шалгаав. Ц.Нямдорж дарга “Энэ олон хуульд ямар заалт хаашаа алга болчихсоныг би яаж мэдэх вэ” гэв. Ж.Бямбадорж дарга “Та ёсчлохдоо өөрийн чинь хэлэлцсэн хууль мөн үү, биш үү гэдгийг танихын тулд уншиж үзэх ёстой юм биш үү” гэв. Ц.Нямдорж дарга “Хариуцлагын асуудал байлгүй яахав. Гэхдээ тэр бүгдийг би яаж мэдэх билээ. Гэхдээ энэ асуудал миний Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй ямар хамаатай болохыг би мэдэхгүй байна” гэлээ. П.Очирбат “Та Үндсэн хуулийн Цэцийн О3 тоот дүгнэлтийг зөвшөөрч байна уу. Та чуулганы нээлт дээр хууль зөрчөөгүй гэдгээ үг, үсэг, цэг, таслалаар нь нотолно гэсэн. Мөн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг огцруулах гэснээс хойш л намайг оролдоод Цэц ийм шийдвэр гаргав гээд байсан. Энэ бүгдээ нотолчихсон уу” гэж асууж байв. “Би тэр О.Чулуунбатын талаар энд юм хэлэхгүй. Үндсэн хуулийн О3 тоот дүгнэлтийн талаар УИХ-аас ажлын хэсэг гарсан. Одоогоор тэр ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна. Үг, үсэг, цэг, таслалаар нь хариуцна гэдэг хэвээрээ байгаа. Би байнгын хороон дээр тайлбар өгсөн” гэв. Цэцийн гишүүн Н.Жанцан “Нэхэмжлэгч тал мэдээлэлдээ хууль засварласан нь агуулга зарчмын өөрчлөлт хийсэн гэсэн. Үүнийгээ нотолж чадах уу” гэв. Нэхэмжлэгч Б.Лхагважав “Татвар төлөгч нар орлогоо мэдүүлнэ гэдгийг “үнэн зөв” мэдүүлнэ гэсэн заалт оруулсан. Энэ нь ямар нэг будлиан үүсвэл үнэн зөв мэдүүлсэнгүй хэмээн ялд унах нөхцөл болж агуулга өөрчлөгдсөн. Мөн татвараас хөнгөлөх заалтууд дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойших үйл ажиллагааны зардлаас 50 хувь хөнгөлнө гэснийг “үндсэн үйл ажиллагаагаа эхэлснээс” гэж засварласан нь тамга тэмдгээ авснаас хойш хөнгөлөлтөд орох болж хувирсан” гэв. Гишүүн Н.Жанцан “Саяын хэлсэн дээр УИХ-ын дарга юу хэлэх вэ” гэв. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж гишүүн “Үндсэн үйлдвэрлэл, үйлдвэрлэл хоёр ялгаагүй зүйл” гэлээ. Цэцийн дарга Ж.Бямбадорж “Ялгаагүй юм бол яагаад сольж бичсэн юм” гэхэд Л.Пүрэвдорж гишүүн “Харин ч яльгүй сайжруулсан зүйл” хэмээн хэлж байв. Н.Жанцан гишүүн “Наад үгийг чинь өөрчилснөөс болоод энд гурван хүн гурван өөр янзаар яриад байна. Тэгэхлээр санал хураалгасан нь зөв байсан юм биш үү” гэцгээн мэтгэлцэв. Хуралдааны явцад татварын хуулийн заалтад гурван заалт ор тас алга болчихсон нь мэдэгдэв. Түүнийг техникийн алдаа байсан хэмээн УИХ-ынхан тас гүрийгээд өнгөрөв. Цэцийн гишүүн Ж.Амарсанаа “Ц.Нямдорж дарга та сонингуудад ярилцлага өгөхдөө Үндсэн хуулийн Цэцийг буруутгасан ярилцлага өгсөн. Энэ талаар та тайлбар хийхгүй юу” хэмээн асуухад Ц.Нямдорж дарга “Би байр сууриа илэрхийлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийг солино гэснээс хойш л намайг хууль засварлаж, Үндсэн хууль зөрчсөн гэж дайрах болсон. Энэ удахгүй батлагдана. Мөн үүний зэрэгцээ парламент засаглалыг дайрсан зүйлс сонин хэвлэлээр их гардаг болсон. УИХ-ын гишүүд зөвшөөрөөд байхад ганц намайг ноцоод байгааг би гайхаад байна” гэв. Үдээс хойш оролцогч талууд мэтгэлцэв.
Нэхэмжлэгч Б.Лхагважав “АА-н нэгж татварын тайлан гаргадаг. Нягтлангууд тайлангаа гаргаад ерөнхий захирлаар гарын үсэг зуруулдаг. Тэр захирал буруу, зөв гаргасан гэх зэргийг бол мэдэхгүй шүү дээ. Ямар тоо хаана явааг. Хэрэв тайлан буруу байвал татвар нуусан хэргээр гарын үсэг зурснаараа ерөнхий захирал л шоронд явдаг. Энэ нь хүндрүүлсэн нөхцөлд найман жил хүртэл хоригдох хуультай. Яг үүн шиг та гарын үсэг зурснаараа хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн үү” хэмээн Ц.Нямдорж даргаас асуусан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж “Би таны юу яриад байгааг мэдэхгүй байна. Би хууль засварласнаараа буруу юм хийгээгүй. Таныг хэдэн хууль дээр ажиллаж хуулийн талаар ямар мэдлэгтэй гэх зэргийг чинь би сайн мэдэхгүй. Харин цэцэрхэх, ажил хийх хоёр ихээхэн ялгаатай байдаг юм” гэж хэллээ. Дараа нь оролцогч талууд бие биенээсээ асуулт асуув. Ц.Нямдорж “Үндсэн хууль зөрчихөөс өөр асуудлыг Цэц хэлэлцдэггүй гэдгийг та юу гэж үзэж байна вэ” гэж нэхэмжлэгч Д.Ламжаваас асуув. Иргэн Д.Ламжав “Аливаа хууль зөрчих нь цаагуураа Үндсэн хуультай холбогдохгүй өөр юутай холбогдох юм бэ” гэж хариулав. Ингээд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан зөвлөлдөх тасалгаанд үргэлжлэх болов. Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн нь батлагдсан тул огцрох нь зөв хэмээн үзлээ. Цэцийн шийдвэр өчигдөр оройн 22 цагийн үед гарсан юм.