Ц.Нямдоржийг огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
(Өнөөдөр 2007.05.24)
Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалтад УИХ-ын дарга Ц.Нямдорж засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан, энэ үйлдэл нь огцруулах хангалттай үндэслэл болно хэмээн иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Б.Лхагважав нар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм.
Дээрх иргэдийн өргөдлөөр маргаан үүсгэж хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаанаас Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн 03 тоот дүгнэлтийг гаргасан юм. УИХ-ын дарга үүнтэй санал нийлээгүй. Улмаар Цэцийн гишүүний маргаан хянан хэлэлцэх ажиллагаа үүсгэх тухай 37 тоот тогтоол, Өргөдөл, мэдээллийг нэгтгэх тухай тухай 39 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч, дахин хянуулахаар гомдол гаргаад байсан юм. Тийм учраас Цэцийн гишүүний тогтоол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх Бага суудлын хуралдааны магадлал гарах хүртэл энэ сарын 7-нд болох Цэцийн их суудлын хуралдааныг түр хугацаагаар хойшуулаад байсан билээ. Их суудлын хуралдаан өчигдөр 9.30 цагаас эхэллээ.
Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Б.Лхагважав, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын дарга Ц.Нямдорж, гишүүн Л.Пүрэвдорж, Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцов. Цэцийн танилцуулгыг гишүүн Ц.Сарантуяа цаг гаруйн хугацаанд уншсаны дараа асуулт хариулт үргэлжлэв.
Ц.Нямдорж/УИХ-ын дарга. Ц.Н/: Намайг буруутгасан нотлох баримтуудаа гаргаж өгсөн үү?
Ж.Сарантуяа /Цэцийн гишүүн/: УИХ-ын Тамгын газрын архивын төсөл, хуулийн хувийн хэрэг, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Ц.Нямдоржийн сонин, телевизэд өгсөн ярилцлагуудыг нотлох баримт болгож авсан.
П.Очирбат /Цэцийн гишүүн. П.О/: 2006 оны долдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар яг ямар асуудал хэлэлцсэн юм бэ. Тэмдэглэлээс үзэхэд хуулийн эцсийн найруулгуудыг хэлэлцсэн байна. Зургадугаар сарын 29-нд батлагдсан хууль яахаараа долдугаар сарын 20-нд төсөл гэсэн нэрээр байгаад байсан юм бэ?
Ц.Н: Одоо маргаад байгаа таван хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зургадугаар сарын 29-нд, Авлигын эсрэг хууль зургадугаар сарын 6-нд, Ашигт малтмалын тухай хууль зургадугаар сарын 8-нд батлагдсан. Би хуульд заасан эрхийнхээ дагуу ажиллаад долдугаар сарын 20-нд эцсийн найруулгыг танилцуулсан. Танилцуулга хийхэд 57 гишүүн байсан. Энэ таван хуульд хийгдэх ёстой засварууд хийгдээгүй шүү, засвар хийнэ, гэхдээ агуулгын өөрчлөлт орохгүй гэдгийг хэлсэн. Байнгын хороо болон Тамгын газрын түвшинд хийсэн засвар над дээр ирдэг. Тэр л дагуу үйл ажиллагаа явагдсан.
Хууль хоорондын болон дотоод зөрчил байхгүй бол засвараа хийгээд цаашаа явуулна шүү л гэсэн. Цаашаа явуулна гэдэг нь ёсчилно гэсэн үг. Зөрчил гарвал цааш нь явуулахгүй шүү, намрын чуулган хүргэнэ. Хэрвээ эцсийн засварыг хянах үед зөрчил гарвал танилцуулна гэж хэлсэн юм.
Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууль батлагдсаны дараа гурав хоногийн дотор ёсчилно гэсэн зүйл байдаг нь үнэн. Дэгийн энэ заалттай холбоотой маргаан байнга гардаг юм. Цаг шахуу байсан учраас 2007 оны долдугаар сарын 1-нээс хожуу хэрэглэгдэх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн болон Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг хийлгүй авч үлдсэн. Эцсийн найруулгыг хийгээд гишүүдэд таницуулдаг, гишүүд зөвшөөрвөл баталдаг жишигтэй. УИХ-ын өөрийнх нь эрхийн асуудал шүү дээ. Цаг хугацаанд шахагдсан бодитой шалтгаан байсан. Дэгийн хуульд өөрчлөлт оруулчихвал өнөөдрийнх шиг маргаан үүсэхгүй гэж би үздэг.
П.О: Агуулгыг нь огт өөрчлөхгүй гэж УИХ-д та хэлсэн юм байна. Гэтэл зургадугаар сарын 29-нд батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн 11.1.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн татвараас чөлөөлсөн үйлчилгээ” гэсэн заалт байсан байна. Та үүнийг “Гадаад улсад үзүүлсэн үйлчилгээ” гэж засаад 12.1.3 болгосон. “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна”, “Гадаад улс” гэдэг агуулга, зарчмын ялгаа биш үү. Тайваньд ийм үйлчилгээ үзүүлчихвэл улс гэж хүлээн зөвшөөрсөн болно шүү дээ.
Яриад байвал өөр олон зүйл байна. Агуулгын өөрчлөлт оруулсныг арилгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Гэтэл Та Цэцийн 03 тоот дүгнэлтийг хүлээж авахгүй байгаа юм. Байр суурь тань өөрчлөгдсөн үү, хэвээрээ байна уу?
Ц.Н: ”Монгол Улсын гадна” гэдгийг “Гадаад улс” гэж өөрчилсөн юм. Үг л зассан. Гадна гэхээр хилийн цаана болчих гээд байсан юм. Засвар хийхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газрын хүмүүстэй хоёр удаа санал солилцсон. Тэгээд ийм засвар оруулсан.
Ж.Бямбадорж /Цэцийн дарга. Ж.Б/: Санал хураагаад шийдчихсэн бол хэчнээн буруу байсан ч дараа нь мөн олонхийн саналаар засч болох байсан биш үү. Энэ зарчмыг зөрчсөн гэдэгтэй Та санал нийлэх үү. Та зарим зүйлийг би засаагүй гэдэг. НӨАТ-ын хууль батлагдахдаа “ариутгах төхөөрөмжийн татвар” гэсэн заалт байгаагүй. Гэтэл эцсийн засварын дараа ариутгах төхөөрөмжөөс татвар авна гээд ороод ирсэн. 7.2.4, 7.3.8, 7.3.10 гэсэн заалт байж байгаад хэн хассан юм, бүү мэд алга болчихож. Бид нар бүгдийг нь шүүгээд олдоггүй. Таны гараар ороогүй ч гэсэн ёсчлохын өмнө та хянах үүрэгтэй байсан?
Ц.Н: Үг, хэллэгийн засварыг гишүүд эсэргүүцэхгүй бол санал хураахгүйгээр цаашаа явдаг жишиг тогтчихсон байдаг юм. Гарын үсэг зурах хүртэл үг, хэллэг, найруулгын засвар ороод явдаг. Хууль хоорондын зөрчил байсаар байгааг мэдсээр байж явуулчихвал УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно. Миний хэлээд байгаа засварууд үг, хэллэг, найруулгын засвар гэж би ойлгодог.
Ж.Б: Тамгын газар буруутай гэдгийг өмнө нь хэлж байсан. Та нар хуулийн төслийг үзээд энэ хуулийн ийм заалт тийм хуулийг зөрчиж байна гээд Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцүүлээд засаад явж болоогүй юм уу. Тэгсэн бол УИХ-ын даргыг ийм байдалд оруулахгүй байсан юм биш үү?
Ж.Нарантуяа /УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга. Ж.Н/: Эцсийн найруулгын шатанд үг, үсэг, найруулгын алдаа Ажлын хэсгийн болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад одоо ч гардаг. Алдаа байсан бол эцсийн найруулгын шатанд засдаг. Өмнөх Дэгээр засварыг санал хураалтаар засч болдог байсан.
Ц.Н: НӨАТ-ын хуульд “ариутгах төхөөрөмжийн татвар” гэж орсныг би засаагүй юм байна шүү. Энд миний асуудал яригдаж байгаа учраас өөр хүмүүсийн зассан зүйлийг сайн ялгахгүй бол болохгүй юм байна. Хэзээ яагаад алга болсныг би мэдэхгүй. Би хуулийг дор хаяж дөрвөн удаа үзэж байж гаргадаг. Намайг үзэж байхад ийм үг байгаагүй. Миний хийгээгүй олон засвар байж мэднэ шүү.
Ж.Б: Та эцсийн найруулгыг хянах үүрэгтэй. Таны оролцоогүйгээр алга болсон, нэмэгдсэн засварыг Та хариуцахгүй гээд байна уу?
Ц.Н: Би хийгээгүй юм чинь юу гэж хариуцах юм.
Ж.Б: Ёсчиллоо гээд гарын үсэг зурсан гэдэг чинь энэ хуулийг УИХ баталсан гэрч биз дээ.
Ц.Н: Нямдорж гэдэг хүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал яригдаж байгаа үед би зөвхөн өөрийнхөө зассан гэж байгаа зүйлийг л хариуцъя. Энэ олон үгийн дотор аль нь алга болоод, нэмээд ороод ирснийг би яаж мэдэх вэ дээ.
Ж.Б: Тэгэхээр хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Та батлагдсан хууль чинь дүрээрээ мөн үү, биш үү гэдгийг хянах үүрэгтэй биз дээ. Та ёсчлох ёстой. Танд огт хамаагүй гэж үзэж байна уу. Дүгнэлт гаргахад хамаатай учраас би тодруулж асуугаад байна.
Ц.Н: Хариуцлагын асуудал байж болно. Хэн хийв гэдэг дээр гол нь асуудал яригдаж байгаа биз дээ. Зарим засвар минийх биш.
Ж.Б: Та хянах үүрэгтэй биз дээ.
Ц.Н: Би яаж мэдэх юм бэ. Тэр болгоныг яаж манах юм. Миний засвараас гадна юм орсон бол Тамгын газар, Байнгын хорооны түвшинд ярьж болохыг би үгүйсгэхгүй.
П.О: Та Цэцийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу. Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбатыг огцруулсны өшөө авалт болгож Цэц дүгнэлт гаргасан гэсэн мэдэгдлээ нотолж чадах уу?
Ц.Н: А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс эхлээд энэ Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудал яригдаж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ асуултад би хариулахгүй. 03 тоот дүгнэлттэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ цэг, таслал бүрээр нь би нотлох болно гэсэн байр суурь маань хэвээрээ.
Үндсэн хуулиа сахиулах үүднээс л би хууль засдаг. Засахгүй явчихвал бас Үндсэн хууль зөрчлөө гээд Цэцэд хандах л байсан. Хуулиар хориглоогүй л бол болно гэсэн зарчим байдаг биз дээ.
Н.Жанцан/Цэцийн орлогч дарга. Н.Ж/: Агуулга зарчмын өөрчлөлт хийсэн гэдгийг та нар яаж нотолж байгаа вэ?
Б.Лхагважав /Өргөдөл гаргагч. Б.Л/: Дэгээр бол 2006 оны долдугаар сарын 20-нд засвар хийгдсэн бол 23-ны дотор ёсчлох ёстой байсан. Үүгээрээ Дэг болон УИХ-ын онцгой бүрэн эрхийг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулиас лицензтэй холбоотой татварын заалт алга болсон. Ингэснээр лицензийн хууль бус наймаа хөгжих бололцоотой болж байгаа. Хуулиас алга болсон заалт бизнес эрхлэгчдэд ашигтай байсан.
Ц.Н: Миний хийсэн засвар биш шүү. /Пүрэвдорж гишүүн ч мэдэхгүй гэв. Асуулт хариултын явцад хуульд хийсэн зарим алдаа хэнийх ч биш болж таардаг бололтой. Эзэн нь олдохгүй алдааг техникийн буюу компьютерийнх гэх аж. УИХ-ын даргын хийсэн засварууд ч заримдаа алга болчихдогийг тэрбээр хэлэв./
Ж.Н: Ёсчилсны дараа техникийн болон Тамгын газрын ажилтнуудын хариуцлагагүйгээс болж алдаа гардаг. Алдаа гарсан бол үүнийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлээр залруулдаг.
Н.Ж: Арай дэндэж байгаа юм биш үү. Үндсэн хууль зөрчсөн асуудал босоод ирэхээр техник рүү буруугаа чихээд. Өмнө нь Тамгын газрын хариуцлагын тухай ярьж л байсан. Ийм юм хаа байсан юм.
Ц.Н: Би сүүлийн үед нэг юмыг ойлгохоо болилоо. Миний хийсэн засвар компьютерт алга болчихдог болсон.
Ж.Амарсанаа/Цэцийн гишүүн/: Таны сонинд өгсөн ярилцлагууд байна. Цэцийг улстөржсөн шийдвэр гаргадаг. О.Чулуунбатыг огцруулсны төлөө Цэц улс төрийн захиалгат дүгнэлт гаргасан гэж. Бид эрх зүйн шийдвэр гаргадаг. Та бид нарыг ингэж хэлэх ямар шалтгаан байна вэ?
Ц.Н: Энд өөр асуудал ярьж байна. Би энэ төрд ажиллах үедээ олон юм үзэж байгаа шүү. Өмнө нь намайг Үндсэн хууль зөрчлөө гэдэггүй байсан. Өрнөөд байгаа улс төрийн үйл явдалтай холбоотойгоор би ийм дүгнэлтэд хүрсэн. Яваандаа энэ бүхэн нотлогдох биз дээ. 76 гишүүний асуудлыг нэг хүнтэй холбоод байгааг улс төрийн хувьд нь ойлгохгүй байгаа юм.
Үндсэн хуулийг сайжруулах замаар асуудлыг шийдэхгүй бол “Би тэгж үзэж байна” гэсний зоргоор явчих гээд байна. Тийм учраас 1992 оны Цэцийн хууль, 1997 оны Маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг эргэж хармаар байна. Тэгэхгүй бол хууль болгоноор маргаан хянан шийдвэрлээд байвал буруу жишиг тогтох гээд байгаа юм.
Б.Л: Баталсан хууль болгоны ард Ц.Нямдорж гэсэн гарын үсэг байна. Гэтэл Та эцсийн найруулга хийж батлагдсан хуульд миний мэдэхгүй, хийгээгүй засвар байна гэдэг чинь сонирхол төрүүлээд байна. Гарын үсгийн хариуцлагыг хэн хүлээх вэ?
Ц.Н: Тамгын газрын түвшинд үг, үсэг, найруулгын алдаа гардаг явдлыг нухацтай судалж үзье. Миний хийсэн засварт асуудал байна уу гэдгийг л сайн хараарай.
Би хуулийг 4-5 удаа уншиж байж гарын үсгээ зурдаг. Дотроос нь үг, үсэг алга болохын хувьд түүнийг нийлээд сууж байдаг хүн нь би биш.
Д.Ламжав /Өргөдөл гаргагч/: Таныг хуульд ямар агуулгатай засвар хийх гэж байгааг гишүүд мэддэг байсан уу?
Ц.Н: Мэддэг байсан. Ингэж засна гэдгээ, хууль хоорондын зөрчил гарвал цааш нь явуулахгүй гэдгийг хэлдэг.
П.О: Та зөвшөөрөл авсан гэх юм. Ямар хэлбэрээр авдаг юм бэ. Тэмдэглэлээс харахад гишүүд зөвшөөрлөө гэсэн зүйл огт харагдахгүй юм?
Ц.Н: Өөр санал байна у угэхээр гишүүд дуугардаггүй юм. Тэгж ингэж зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт байхгүй.
Орон нутгийн сонгуулийн хуулийн эцсийн найруулгыг танилцуулах гэхэд АН-ын зөвлөл завсарлага авсан байсан. М.Энхсайхан гишүүн “Наадах чинь их маргаантай хууль. Танилцуулсан нь дээр байх гэсэн. Тэгээд танилцуулсан. Оруулсан засвараа үзүүлсэн. С.Ламбаа гишүүн “Болох юм аа” гэсэн. Тэгээд цааш явсан.
Цэцийн хуралдаан асуулт хариулт, мэтгэлцээн, Цэцийн дүгнэлт гарахын өмнө төгсгөлийн үгээ хэлэх гэсэн дарааллаар журамтай. Эхлээд өргөдөл гаргагч талуудыг үгээ хэлэхийг хүсэхэд тэд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хаврын чуулганы нээлтэд үг хэлээд, хурал даргалах эрхээ дэд дарга Д.Лүндээжанцанд шилжүүлэх үеийн бичлэгийг сонсгосон юм.
УИХ-ын дарга Ц.Нямдорж ”Би буруугүй гэдгээ Цэцэд гурван удаа бичгээр тайлбарласан. Тэр байр суурь маань хэвээрээ. Би хоосон үг, баримтгүй зүйлийг газар хаядаггүй. Миний зөв байх болно. Улс төрд олон үйл явдал өрнөнө. УИХ-ын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох шаардлага бий.
Цэцийн үйл ажиллагаанд би саад болоогүй. Үндсэн хуулиа хүндэтгэнэ. Миний бие парламентын онцгой бүрэн эрхэд халдаагүй. Аливаа хуулийг явцын дунд сайжруулдаг юм. Миний зассан гээд байгаа хуулиуд УИХ-ын гишүүдийн хамтын шийдвэр байсан юм. Татварын хувь хэмжээ буурсан, ашигт малтмалын салбарт гараад байсан замбараагүй явдал цэгцэрсэн” хэмээн үгээ хэлсний дараа УИХ-ын даргыг огцруулах, эсэх асуудлаар дүгнэлт гаргах Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 17 цагийн үед өндөрлөж гишүүд зөвлөлдөж эхлэв.
Тэд 22.00 цаг өнгөртөл зөвлөлдсөний эцэст “УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, Хоринтавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах” нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.
Ц.Нямдорж УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” гэсэн дүгнэлтийг гаргалаа.